Хэвлийн архаг ба дахилтат өвдөлт – Chronic/episodic abdominal pain

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Хэвлийн архаг өвдөлт нь түгээмэл тохиолдох, зөв оношилгоо хийхэд ихээхэн сорилго болдог хам шинж юм. Залуу хүмүүст үйл ажиллагааны эмгэгүүд тохиолдох нь элбэг байдаг ч чиглэсэн зөв үзлэгийг нямбай хийх нь зөв.

lower-abdominal-pain-on-left-and-right-sides-186

Зураг 1. Хэвлийн архаг өвдөлт үүсгэдэг эрхтэн тогтолцоо.

Ходоод – 12 хуруу гэдэсний эмгэг

Ходоодны шархлаа өвчин /Peptic ulcer disease/ нь хэвлийн дээд хэсгээр өвдөх архаг өвдөлтийн түгээмэл тохиолдох шалтгаан. 12 гэдэсний бараг ихэнх шархлаа болон ходоодны шархны 70% нь H.pylori халдвартай холбоотой байдаг. Сонгомол шинж нь халуу асгах, дотороосоо мэрүүлж байгаа мэт эвгүй мэдрэмж байн байн илэрч, хоолтой холбоотой биж хам шинжүүд илэрнэ.

Гастрит: Илэрхий шархлаагүй гастритын үед дээрхтэй адилхан шинжүүд илэрнэ.

Ходоодны хорт хавдар: 55 – аас дээш насанд тохиолдох нь элбэг. Залгихад хүндрэлтэй байх, хурдан цадах, турах, бөөлжих гэх мэт шинжүүд илрэх нь олон. Дээрх эмгэгүүдийг ялган оношилох үндсэн багажийн шинжилгээний арга нь ходоод – гэдэсний дурангийн шинжилгээ юм.

Цөсний чулуу

Цөсний чулуутай ихэнх хүмүүс шинж тэмдэггүй байдаг.

Цөсний колик: Цөсний чулуу цөсний цоргыг бөглөж цөсний хүүдий тэлэгдсэнээр үүснэ. Энэ өвдөлт нь хоол идсэнээс хойш 1 – 6 цагийн дараа үүсэх ба байнгын, битүү, хэвлийн баруун дээд хэсэг, аюулхай орчимд өвдөж ууц, далруу дамжина. Зур 4,3. Өвдөлт хэдхэн минутын дотор оргил үедээ хүрч намжихаасаа өмнө хэдэн цаг үргэлжилж болно. Шарлалт үүсэхгүй. Хэт авиан шинжилгээгээр цөсний хүүдийн чулууг илрүүлэх буюу эмгэг өөрчлөлтийг ялгах боломжтой.

Холедохолитиаз /Цөсний ерөнхий цорго чулуугаар бөглөрөх/: нь цөс зогсонгшилын шарлалттай хавсарсан хэвлийн дээд хэсгийн дахилтат өвчний шалтгаан болох нь түгээмэл.

Нойр булчирхайн өвдөлт

Архаг панкреатит: нь аюулхайд байрласан, бүсэлж ороох маягаар дамжих хүчтэй өвдөлтийн шалтгаан болдог. Зарим өвчтнүүдэд, энэ өвдөлт нь тогтвортой, тасралтгүй өвддөг бол зарим өвчтөнд энэ өвдөлт нь хоолтой холбоотой үүсдэг. Турах, анорекси, чихрийн шижин, өвчний хүнд шатанд стеаторреа буюу тосон суулга үүсдэг. Нойр булчирхайн архаг үрэвслийн тохиолдлын ихэнх нь архины хэрэглээтэй холбоотой үүсдэг. Оношийг ихэнхдээ КТ – ийн шинжилгээгээр баталдаг. Цочмог панкреатитээс ялгаатай нь ийлдсийн амилаза оношилгооны чухал ач холбогдолгүй байдаг. Харин өтгөнд эластаза фермент өндөр байх нь гадаад шүүрлийн үйл ажиллагаа дутмагшилтай байгааг илэрхийлнэ.

Нойр буличирхайн хорт хавдар: нь хүнд явцтай, амь насанд шууд заналхийлсэн хэвлийн дээд хэсгийг өвдөлт үүсгэнэ. Ихэнхдээ нурууруу дамжиж өвдөх ба кахекси /яс – арьс болтлоо турах/ цөс зогсонгшилын шарлалттай хавсарна.

Чацархайн ишеми

Чацархайн ишеми нь хэвлийн архаг өвдөлтийн нэлээд ховор тохиолдох шалтгаан бөгөөд тархмал атеросклероз бүхий өвчтнүүдэд тохиолдох магадлалтай. Хоол идсэнээс хойш 30 минут орчмын дараа аюулхай, хүйсний эргэн тойронд битүү өвдөлт үүсдэг ба “хэвлийн өвдөлт – abdomial angina” гэж нэрлэнэ. Энэ нь хооллох айдаст хүргэдэг учир биеийн жин буурах үзэгдэл түгээмэл. Оношилгоог чацархайн ангиографийн шинжилгээгээр оношилно.

Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин

Кроны өвчин, бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн улмаас үүсэх колит нь хэвлийн доод хэсгийн өвдөлтийн шалтгаан болох бөгөөд ихэнх тохиолдолд цусан суулгалттай хавсардаг. Кроны өвчний үед үүсэх нарийн гэдэсний үрэвслийн үед хүйсний эргэн тойронд, хэвлийн баруун доод хэсгийн өвдөлт үүсгэж, суулгалт /цусгүй/ илрэх буюу илрэхгүй байдлаар илэрнэ.

Бүдүүн гэдэсний хорт хавдар

Бүдүүн гэдэсний хорт хавдар нь хүн амд түгээмэл тохиолдох хавдрын ба хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх шалтгаан болдог. Эмнэлзүйн бусад шинжүүдэд турах, бүдүүн гэдэсний үйл ажиллагаа алдагдах, шулуун гэдсээр цус алдах, төмөр дутагдлын цус багадалт зэрэг багтана. Оношилгоог колоноскопийн шинжилгээгээр батлана.

Үйл ажиллагааны эмгэг

Залуу насны хүмүүст түгээмэл тохиолдох эмгэг. Ямар нэг эмнэлзүйн өвөрмөц шинжүүд илэрсэн ч органик өвчний шинж илрэхгүй байх нь энэ оношийг тавих үндэс болно.

Шархлаат бус диспепси: нь ходоодны шархтай ялгагдахгүй эмнэлзүйн шинжүүд өгнө. Ходоод – гэдэсний дурангийн шинжилгээ, биопсид эмгэг өөрчлөлтгүй байна.

Бүдүүн гэдэсний цочирлын хам шинж: нь өтгөн гадагшлуулах үед буюу бүдүүн гэдэсний үйл хямрахтай холбоотой хэьлийн өвдөлт үүсгэж илэрнэ.

Бөөрний замын эмгэг

Тодорхой давтамжгүй, ууцны шулуун булчингаас цавируу дамжсан, гематури /илэрсэн болон илрээгүй/ хавсарсан өвдөлт үүсэх нь бөөрний чулуутай байж болзошгүйн шинж. Удаан хугацаанд битүү өвдөж, нухах шинжтэй байвал бөөрний хорт хавдар, насанд хүрэгчидийн бөөрний полицистийн эмгэг, архаг бөглөрөлтөт пиелонефрит зэргийг сэжиглэж болох юм.

Эмэгтэйчүүдийн эмгэг

Өндгөвчний хорт хавдар эсвэл уйланхай үед хэвлийн доод хэсгээр өвөрмөц бус өвдөлт үүсч, үзлэгээр хавдарлаг зүйл тэмтрэгдэж болно.

Эндометрозын /эндометрийн эд булчинт давхрагаруу нэвчиж ургах/ эсвэл аарцгийн үрэвсэлт өвчнүүд нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн хэвлийн доод хэсгийн архаг өвдөлтийн түгээмэл шалтгаан билээ. Мөн сарын тэмдэг ирэхтэй холбоотой хэвлийн доод хэсгээр өвдөлт үүсдэг бөгөөд биений юм ирэхийн өмнөх хам шинж гэсэн тусгай эмгэгийн талаар бодож хэрэгтэй.

Бусад шалтгаанууд:

  • Түгжрэл
  • Гиперкальцеми
  • Нарийн гэдэсний шархлаа/Хавдар
  • Цилиакын өвчин
  • Хэвлийн сүрьеэ гэх мэт олон өвчнүүд хэвлийн архаг өвдөлтийн шалтгаан болдог.

Эх сурвалж: Macleod’s Clinical Diagnosis