Үтрээний цус алдалтын яаралтай тусламж

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush
Spread the love

Эмэгтэйчүүдийн практикт үтрээний цус алдалт түгээмэл тохиолддог. Юуны өмнө жирэмслэлтийн байдлыг тодорхойлсноор ялган оношлогоо, тохирох шинжилгээг хийж, яаралтай арга хэмжээ авах нь маш чухал.

Эмнэлзүйн илрэл:

Өсвөр насныхан болон насанд хүрэгчдээс алдсан цусны хэмжээ, хэр удаан алдаж байгаа, нөхөн үржихүйн асуумж, бэлгийн амьдрал, БЗХӨ-ий асуумж, гэмтэл авсан эсэх, эмийн хэрэглээ, гадны биет орсон эсэх, цус алдамтгай өвчнүүд (хөхрөлт, хамраас цус гарах, эмгэг цус алдалт), дотоод шүүрлийн өвчнүүд, элэгний өвчин болон шээс бэлгийн замын шинж тэмдэг байгаа эсэхийг нарийн асууж тодруулна.

Хэвлийн болон эмэгтэйчүүдийн үзлэгийг хийхдээ толь тавин шалгаж, бимануал үзлэг хийж бүтцийн эмгэг болоод гэмтэл байгааг тодруулна. Арьс, салст цайсан, амин үзүүлэлт өөрчлөлттэй байх нь хүнд зэргийн цус багадалтыг илтгэнэ.

Оношлогоо ба ялган оношлогоо

Бэлгийн бойжлын өмнөх насны хүүхдүүдийн хувьд бэлэг эрхтний гэмтэл эсвэл бэлгийн хүчирхийллийн шалтгаантай байдаг. Мөн вульвовагинит ховор тохиолдолддог боловч энэ насны охидод их тохиолддог ба өвдөлт ихтэй байна. Шалтгаан тодорхой бус вульвовагинит их тохиолдох ч мөөгөнцөр, Стрептококк, Эшерихи коли, Шигелла, вирус, хялгасан хорхойгоор үүсгэгддэг. Цус алдалтын хажуугаар ялгадастай бол биед гадны биет орсон байж болзошгүй гэж сэжиглэнэ.

Түгээмэл бус шалтгаанд эрт бэлгийн бойжилт, менархе, төрөлхийн гажиг, шээсний сувгийн пролапс, саван, тос зэрэг химийн бодист эд хэт мэдрэгших зэрэг багтана.

Нөхөн үржихүйн болон цэвэршилт орчмын насны эмэгтэйчүүдийн хувьд умай болон умайн хүзүүнээс цус илүү алдах ба ановуляци, жирэмслэлт, экзогений дааврын хэрэглээ, коагулопати, умайн лейомиома, умайн хүзүү, эндометрийн ургацаг, аарцгийн халдвар, бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал зэрэг шалтгаан зонхилно.

Цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд: экзогений эстроген, хатингирт үтрээний үрэвсэл, эндометрийн эмгэг үүсгэвэр: хавдар гэх мэт. Өсвөр насныхны цус алдалтын 20% нь Вильбрандын өвчин, миелопролифератив эмгэг, дархлааны тромбоцитопени зэрэг цус бүлэгнэлтийн анхдагч эмгэгийн шалтгаантай. Петехи зэрэг арьсны шинжүүд илрэхгүй байж болно.

Цус алдалтын бүтцийн болон системийн шалтгааныг үгүйсгэсний дараа умайн үйл ажиллагааны алдагдлын цус алдалт гэж оношлоно. Энэ нь овуляцийн болон овуляцийн бус байж болно. Перименархийн болон перименопаузын умайн цус алдалт нь овуляцийн бус байна. Овуляцийн бус мөчлөгтэй өвчтнүүдэд биений юм удаан үргэлжлэх, мөчлөг тогтворгүй байх, мөчлөгийн бус цус алдалт зэрэг илрэнэ. Цус алдалт нь ихэвчлэн өвдөлтгүй, бага хэмжээтэй байдаг боловч их хэмжээний цус алдалтын улмаас цус багадалт, төмрийн дутагдалд орж болно.

Цус алдалтын шалтгааныг олохын тулд жирэмсэн эсэхийг зайлшгүй тогтооно. Асуумж, бодит үзлэгт тулгуурлан лабораторын шинжилгээ хийнэ. ЦЕШ-ээр хэр их цус алдсан, цус багадалт хэр зэрэг байгааг тогтооно. Цус бүлэгнэлтийн шинжилгээгээр PT, INR-г шалгаж коагулопати байгааг тодорхойлно. Бамбайн үйл ажиллагааны сорил хийж үйл ажиллагааг нь шалгана. Хэт авиан шинжилгээгээр умайн хэмжээ, эндометрийн шинж байдал, бүтцийн өөрчлөлт байгаа эсэхийг тогтооно.

Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасагт хийгдэх тусламж

Үтрээний цус алдалттай ихэнхи өвчтнүүдийн гемодинамикийн байдал тогтвортой байдаг тул нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагагүй. Харин биеийн байдал тогтворгүй, тасралтгүй цус алдаж байгаа өвчтнүүдэд амилуулах тусламж үзүүлнэ. Үүнд: дуслаар кристаллойд, цусан бүтээгдэхүүн хийх, эмэгтэйчүүдийн эмчийн зөлөгөө авна.

  1. Хүнд зэргийн цус алдалттай өвчтнүүдэд эстроген хийнэ. Уухаар болон судсаар хэрэглэхэд үр дүн ижил. Холбоот эстроген (жишээ нь Premarin) 25 мг судсаар, 2-6 цагийн зайтай цус алдалт удааширтал, эсвэл 2.5мг амаар өдөрт 4 цагийн зайтай эхэлж болно. Медроксипрогестерон (жишээ нь Provera) 10мг өдөр бүр, цус алдалт багастал хийнэ. Дээрхи 2 эмийг 7-10 хоногийн турш хэрэглэнэ.
  2. Умайн үйл ажиллагааны эмгэг цус алдалттай гэж оношлогдсон, биеийн байдал тогтвортой байгаа өвчтнүүдэд богино хугацааны дааврын эмчилгээ хийнэ. Дараахаас сонгоно.
    • Жирэмслэлтээс хамгаалах эм уух дэглэм: этинил эстрадиол 35мкг болон норэтиндрон 1мг (жишээ нь: Ortho-Novum 1/35) өдөрт 4 удаа 7 хоног хэрэглэнэ. Эсвэл 4 шахмалыг 2 хоногт, 3 шахмалыг 2 хоногт, 2 шахмалыг 2 хоногт 1 шахмалыг 3 хоногт гэж аажим бууруулж ууж болно.
    • Медроксипрогестерон 10 мг өдөр бүр 10 хоног ууна.
    • Транексамикийн хүчил, ( жишээ нь: Lysteda), антифибринолитик бэлдмэл. 600-1300 мг 8 цагийн зайтай 3 хоног хэрэглэх. Дааврын эмчилгээг зогсоосны дараа 3-10 хоног үлдэгдэл цус алдалт илэрч болно.
  3. Хэрэв хорт хавдар сэжиглэж байгаа бол дааврын эмчилгээ хамгийн тохиромжтой бөгөөд эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, биопсийн шинжилгээгээр батлана.
  4. Стеройдын бус өвчин намдаах эмүүд, напроксен 500мг өдөрт 2 удаа уухаар эсвэл ибупрофен 400мг 6 цагийн зайтай уухаар хэрэглэж болно.
  5. Өвчтний биеийн байдал тогтвортой бол гэртээ харьж болохыг хэлэх ба эмэгтэйчүүдийн давтан үзлэгт орохыг зөвлөнө.

Эх сурвалж:


  • Tintinalli’s Emergency Medicine Manual 7th edition, 2012