Хүүхдийн анафилакси  

Маралмаа
Spread the love

Маш ноцтой харшлын урвалыг анафилакси хэмээн тодорхойлдог бөгөөд богино хугацаанд илэрч амь насанд аюул учруулдаг эмгэг юм. Хүүхдүүдэд ялангуяа нярай нялх хүүхдүүдэд анафилакси олонтаа тохиолддог. Шигүү мөхлөгт эсүүд болон базофил эсүүдээс чөлөөлөгдсөн биологийн өндөр идэвхитэй медиаторууд анафилаксийг нөхцөлдүүлдэг. Арьсны талаас (уртикария, судаслаг хаван, улайлт ), амьсгалын замаас (бронхоспазм, төвөнхийн хавагнашил ), зүрх судасны талаас (гипотензи, дисритм, миокардийн ишеми) , хоол боловсруулах замаас (огиулж, бөөлжих, хэвлийн колик өвдөлт, суулгах) зэрэг шинж тэмдэг илэрнэ.

 Этиологи

 Хүүхдүүдэд тохиолддог анафилаксийн хамгийн элбэг тохиолддог шалтгаан нь эмнэлгийн нөхцөлд эсвэл эмнэлгийн бус нөхцөлд гэдгээсээ хамаараад өөр өөр байна. Эмнэлгийн нөхцөлд ихэвчлэн эмийн харшлын урвалаас үүдэлтэй байдаг бол хоол хүнсний харшил бол эмнэлгийн бус нөхцөлд хамгийн элбэг тохиолддог шалтгаан бөгөөд АНУ, Итали, өмнөд Австрали зэрэг газруудад хийсэн судалгаагаар нийт анафилаксийн тал орчим хувь нь хоол хүнсний анафилакси гэсэн тооцоолол гарчээ. (Хүснэгт №1) Газрын самарны харшил нь хамгийн элбэг тохиолддог төдийгүй  амь насанд халтай хүнс хамааралт анафилаксийн чухал шалтгаан юм. Харин эмнэлгийн нөхцөлд нугасны ивэрхий болон шээс бэлгийн замын эмгэг зэрэг мэс засалд орж буй хүүхдүүдэд латекс (сүүн шүүс) голлох шалтгаан болдог бөгөөд тийм ч учраас олон эмнэлгүүд латексгүй бүтээгдэхүүнүүдийг эмчилгээндээ нэвтрүүлсэн. Латексийн харшилтай өвчтөнүүд мөн банана, киви, авокадо, туулайн бөөр болон жимс жимсгэнэ гэх мэт гомолог уураг бүхий хүнсний бүтээгдэхүүнүүдээс мөн харшламтгай байдаг.

Хүснэгт №1

Хүснэгт №1

Эпидемологи

 АНУ-д анафилаксийн тохиолдлын тоо жил бүр 100,000 хүн ам тутамд 50 шинэ тохиолдлоор нэмэгддэг ба нийтдээ 150,000 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг гэсэн үг юм. Австралийн эцэг эхчүүдийн дунд хийсэн судалгаагаар 3-17 настай хүүхдүүдийн 0.59% нь хамгийн багадаа нэг удаа анафилаксид орж байсан нь тогтоогджээ.

 Патогенези

Үхэлд хүргэдэг анафилаксийн үндсэн патологийн шинж тэмдэгүүдэд уушгины  цочмог хаван,  алвеолар доторхи цус алдалт, төвөнхийн хаван, уртикария болон судаслаг хаван багтдаг. Вазомоторны өргөсөлт болон зүрхний дисритмтэй холбоотойгоор цочмог гипотензи илэрнэ. Анафилаксийн ихэнхи тохиолдлууд нь  аллергин өвөрмөц  IgE молекулууд холбогддог эсүүд болох  шигүү мөхлөгт эс болон базофил эсүүдийн идэвхижилийн үр дүн юм. Тийм учраас аллерген өвөрмөц эсрэг биеүүдийг бий болгохын тулд эхлээд өвчтөнүүдэд тухайн аллергин хүчин зүйл илчлэгдсэн байдаг. Ихэнхи тохиолдлуудад хүүхдүүд болон тэдний эцэг эх нь эхний илрэлийг анхаарахгүй өнгөрөөдөг. Харин хүүхдэд мэдрэгшсэн аллергин нь дахин илчлэгдэхэд шигүү мөхлөгт эс, базофил болон бусад макрофаг зэрэг эсүүд бай эрхтэнүүдэд харшлын шинж тэмдэгийг үүсгэх чадвар бүхий гистамин, триптаза гэх мэт медиаторууд болон цитокинуудыг ялгаруулдаг. Эмнэлгийн анафилакси нь IgE хамааралт бус бусад механизмын шалтгаантай үүсэх нь хааяа тохиолддог ба шигүү мөхлөгт эсээс медиаторууд шууд чөлөөлөгдөхөд нөлөөлдөг  эм болон физик хүчин зүйлүүд (морфин, хүйтэн температур),  лейкотриений метаболизмийн хэвийн бус байдлыг өдөөгчид (аспирин, үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэл), дархан бүрдэл, нэмэлт идэвхижүүлэгчид (цусан бүтээгдэхүүн) зэргээр нөхцөлдөх буюу заримдаа үүнийг анафилактойд хариу урвал гэж нэрлэдэг.

 Эмнэлзүйн шинж тэмдэг болон оношилгоо

 Шинж тэмдгүүдийн илрэл нь шалтгаанаас хамаараад янз бүр байж болно. Ууж хэрэглэсэн аллергинүүдийн (хоол хүнс, эмийн бодис) хариу урвал тарьж буюу шууд цусанд орж буй аллергенүүдтэй (шавьж хатгах, тарилга ) харьцуулахад эхлэл нь хэсэг хугацааны дараа (хэдэн минутаас хоёр цаг хүртэл) илэрдэг ба ихэвчлэн ходоод гэдэсний шинж тэмдгүүдээр илрэх хандлагатай байдаг. Эхний шинж тэмдгүүд нь этиологиосоо шалтгаалаад өөр өөр байх ба ам нүүр орчмоор загатнах, халуу дүүгэх мэдрэмж төрөх, сульдах, айж сандрах, улайлт, уртикария, судаслаг хаван, амьсгал бачуурах, хуурай тасалдсан ханиалга, хоолой нь сөөх, нүдний эргэн тойронд загатнах, хамар битүүрэх, найтаах, диспноэ, ханиалгах, цээж нь хэржигнэх,шуугих,  дотор муухайрч, бөөлжих, хэвлийн өвдөлт илрэх зэрэг шинж тэмдгүүд ихэвчлэн залгиж, ууж хэрэглэсэн аллергенүүдийн үед илрэнэ. Хүнд тохиолдлуудад умайн агшилт (нурууны доод хэсгээр өвдөлтийн шинж өгч илэрнэ, элбэг бус), ухаан алдах шинж тэмдгүүд илрэх нь бий. Арьсны шинж тэмдгүүд нийт тохиолдлын 20% – д нь илрэхгүй байж болдог. Үүнээс гадна өмнө нь хүнд хэлбэрийн бронхоспазм өгч байсан  багтраатай хүмүүс анафилаксийн оношилгоонд хамрагдах хэрэгтэй байдаг. Арьсны шинж тэмдгүүд илрээгүй тохиолдолд гэнэт ухаан алдан муужирч унасан бол вазовагал коллапс, миокардийн шигдээс, аспираци, уушгины эмболизм, уналт таталтын өвчнүүдийг сэжиглэж шалгах хэрэгтэй.

 Лаборатори

 Лабораторийн  шинжилгээгээр IgE эсрэг биеүүд илэрч болох хэдий ч энэ нь эцсийн шийдвэр гаргахад хангалтгүй юм. Сийвэнгийн гистамин богино хугацаанд ихэсдэг ч тогтворгүй байдгаас гадна клиник нөхцөлд хэмжээг нь тодорхойлоход хүндрэлтэй байдаг. Сийвэнгийн β- триптаза нь хамгийн тогтвортой, ихэссэн хэмжээ нь хэдэн цагийн турш хадгалагддаг, ялангуяа хоол хүнсний шалтгаант анафилаксийн урвалд ач холбогдол өндөртэй үзүүлэлт юм.

 Оношилгоо

Үндэсний эрүүл мэндийн институтаас гаргасан анафилаксийн оношилгооны зөвлөмжийг хүснэгт №2 – оос харна уу. Ялган оношилгоог шокын бусад хэлбэрүүд (цус алдалт, кардиогенний, үжлийн), карцинойд гэх мэт улайлтын хам шинж бүхий вазопрессор хариу урвалууд, илүүдэл гистаминий хам шинж (системийн мастоцитоз), мононатрит глутаматын хэрэглээ, scombroidosis, удамшлын ангиоедэма зэрэг өвчнүүдтэй хийнэ. Эдгээрээс гадна мөн хэт их цочирдох, дууны хөвчийн үйл ажиллагааны алдагдал, феохромацитома, улаан хам шинж (ванкомициний шалтгаант) зэргийг бодолцож оношлох хэрэгтэй.

Хүснэгт №2

Хүснэгт №2

Эмчилгээ

 Анафилакси нь идэвхитэй менежмент шаарддаг эмгэг бөгөөд булчинд эсвэл венийн судсанд эфинеприн , Н1,Н2 антигистамин антагонистууд тарьж хэрэглэх, хүчилтөрөгч, шингэн сэлбэх, β агонист амьсгалуулах болон кортикостеройд эмчилгээнүүд хийгддэг. Хүснэгт№3

Хүснэгт №3

Хүснэгт №3

 

Эх сурвалж:: Nelson Text book of pediatrics, 19th edition