Ходоодны анатомийн харьцаа, морфологи

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Ходоод нь хэвлийн хөндийн дээд хэсэгт  асимметрик байрлалтай орших, лийр – хэлбэртэй хоол боловсруулах замын эрхтэн юм.

ходоодны гадна бүтэц

Зураг 1. Ходоодны ерөнхий бүтэц

Ходоодны улаан хоолойтой холбогдсон хэсгийг карди  гэнэ. Ходоодны карди хэсгийн проксималь хэсэгт ходоод – улаан хоолойн холбоос байх бөгөөд физиологийн хувьд улаан хоолойн доод хуниас булчингийн үйл ажиллагаанд оролцдог. Дисталь төгсгөлдөө, ходоодны нугалуур хэсгийн хуниас 12 – хуруу гэдэсний эхлэлтэй холбогдоно. Эдгээр холбоос бүхий хэсгүүдэд ходоодны хөдөлгөөн харьцангуй хоригдсон байдаг боловч ходоодны их бие хэсгээр хөдөлгөөнтэй байна.

Ходоодны дээд хэсгийг ёроол гэх ба дээд хэсгээрээ өрц, хажуу талаараа дэлүүтэй харьцана. Ходоод – улаан хоолойн холбоосын зүүн тал ходоодны ёроолтой холбогдох хэсгийг Гисийн өнцөг гэж нэрлэнэ. Ходоодны их биед париеталь эсийн ихэнх нь орших бөгөөд цөөн тоогоор ходоодны карди, ходоодны ёроол хэсэгт агуулагддаг. Баруун тийш махийсан арай бага дугуйрсан хэсгийг бага махиа гэх ба нугалуурын эхлэл хэсэг болж ходоодны доод хэсгийн 25% – 30% – ийг бүрдүүлдэг бол  зүүн тийш хэлбийсэн махийлтыг ходоодны их махиа гэнэ.

Ходоодтой хил залгаа орших эрхтнүүдэд элэг, бүдүүн гэдэс, дэлүү, нойр булчирхай, зарим тохиолдолд бөөр багтана.

хэвлий нээх

Зураг 2. Ходоодтой харьцдаг эрхтнүүд

Элэгний зүүн талын дэлбэн ходоодны урд хэсгийн ихээхэн хэсгийг бүрхдэг. Ходоод доод талаасаа хөндлөн гэдэстэй гастроколик сэмжээр татагдаж холбогдсон байна. Ходоодны бага махиа элгэнд гепатогастрик холбоогоор холбогдсон байхаас гадна, бага сэмжээр ч давхар холбогдсон байж болно. Ходоод хойд хэсэгээрээ бага сэмжний зай, нойр булчирхайтай харьцана.

Артер, венийн цусан хангамж

Хоол боловсруулах алиментар гуурсын хамгийн их судасны сүлжээтэй эрхтэн бол ходоод билээ. Ходоодонд очих цусан хангамж болон интрамураль судсан сүлжээ нь туйлын баялаг байдаг юм. Хэвлийн аортоос салаалах а.coeliac болон бусад 4 судасны салаагаар артерийн цусан хангамж нь бүрдэнэ.

цусан хангамж

Зураг 3. Ходоодны цусан хангамж

Ходоодны бага махианы дагуу ходоодны баруун ба зүүн артерууд явах бол, ходоодны их махиагаар баруун ба зүүн гастроэпиплойк артерууд /a. gastroepiploica/ явна. Ходоодыг тэжээдэг хамгийн том артер бол ходоодны артерын зүүн салаа бөгөөд уг судас а.coeliac – аас шууд салаалж ходоодны бага махианы дагуу өгсөх болон уруудах гэсэн хоёр салааг үүсгэнэ. Ойролцоогоор 15% тохиолдолд, ходоодны зүүн артерийн богино салаа ходоод – элэгний холбоосоор дамжин элэгний зүүн тал хүртэл үргэлжилдэг. Ховор тохиолдолд, энэ судас элэгний зүүн талыг тэжээдэг цорын ганц судас болох нь бий. Тийм учраас элэгний ишеми гэх мэт элэгний өвчний үед эмнэлзүйн чухал ач холбогдолтой.

Ходоодыг тэжээдэг хоёр дахь том артер бол баруун гастроэпиплойк артер бөгөөд 12 – хуруу гэдэсний эхний хэсгийн ар талаас, ходоод – 12 хуруу гэдэсний артераас салаална. Зүүн талын гастроэпиплойк артер дэлүүний артераас салаалж, баруун артерын хамт ходоодны их махианы дагуу судасны сүлжээ үүсгэнэ. Ходоодны баруун артер  ихэвчлэн нугалуур болон элэг – 12 хуруу гэдэсний холбоос орчмоос элэгний артераас салаалж, ходоодны нугалуурыг чиглэж гарна. Ходоодны их махиа, ёроол хэсгийн дагууд дэлүүний артер, венээс салбарласан ходоодны артер, венийн богино судаснууд байна. Ходоодны дээд хэсэгт өрц болон дэлүүний эргэлтийн нэмэлт сүлжээ байж болохыг үгүйсгэхгүй.

Ходоодны венүүд нь артерийн дагуу байрлана. Ходоодны баруун, зүүн венүүд ихэвчлэн үүдэн венрүү цутгана. Баруун талын гастроэпиплойк вен нойр булчирхайн толгойн төгсгөлийн доод хана орчим чацархайн дээд венд цутгадаг бол зүүн талын гастроэпиплойк вен дэлүүний венрүү цутгана.

Ходоодны цусан хангамжаар баялаг байдал, анастомозын үүсгэх эрчим өндөр байдаг нь эмнэлзүйн ихээхэн ач холбогдолтой. Ходоодны хорт хавдар эсвэл шархлаа өвчний үед амь насанд заналхийлсэн цус алдалт үүсэх аюултай. Учир нь, ходоодны өөрийн вений судасны баялаг сүлжээ, зүүн бөөр – дэлүүний хооронд үүсдэг дисталь сплено – ренал шунт зэрэг нь үүдэн венийн гипертензитэй өвчтөнд улаан – хоолойн цүлхэнд хүчтэй даралт үзүүлж, улмаар цус алдалтыг нөхцөлдүүлж, амь насанд заналхийлсэн эмнэлзүйн хүнд байдалд оруулдаг.

Тунгалагийн тогтолцоо

Тунгалагийн судас ч мөн адил цусны судсаа даган байрлана.

тунгалаг

Зураг 4. Ходоодны тунгалагийн тогтолцоо

Ходоодны карди хэсэг болон их биеийн тал хэсгийн тунгалагийн шингэн ходоодны зүүн судас, a.coeliacus дагуу байрлах зангилаанд цутгана. Ходоодны нугалуур хэсгийн бага махианы тунгалагийн шингэн ходоодны зүүн артерийн судас, ходоодны нугалуурыг  даган байрласан тунгалагийн зангилаанд цутгадаг байхад, их махианы дисталь хэсгийн тунгалагийн шингэн баруун гастроэпиплойк сүлжээний дагуу байрласан тунгалагийн зангилааруу цутгана. Их махианы проксималь хэсгийн тунгалаг зүүн гастроэпиплойк эсвэл дэлүүний үүдний хэсгээр орших тунгалагийн зангилаанд цутгана. Ходоодний их ба бага махианы тунгалагийн тогтолцоо нь хэвлийн аортын тунгалагийн зангилаанд цутгана. Ходоодны тунгалагийн тогтолцоо баялаг сүлжээтэй учир ходоодны дисталь хэсэгт байрласан хавдрын үед дэлүүний үүд хэсгийн тунгалагийн зангилаанд томрол өгдөг.

Ходоодны хорт хавдар өвчний мэс ажилбарын  үед томорсон тунгалагийн булчирхайд өргөтгөсөн лимфаденоэктоми хийхийг олон мэс засалчид  мэс ажилбарын чухал алхмуудын нэг гэж үздэг.


Эх сурвалж: Schwartz’s Principle of Surgery 10th edition