Цэвэршилт

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush
Spread the love

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор цэвэршилт гэдэг нь физиологийн дагуу өндгөвчний фолликулын идэвхи алдагдсанаас биений юм бүрмөсөн зогсож, аменорой 1 жилээс дээш хугацаагаар илрэхийг цэвэршилт гэжээ.

Энэ нь эмэгтэйн биений юмны сүүлийн мөчлөг бөгөөд нөхөн үржихүйн амьдралын төгсгөл юм.

Цэвэршилтийн урьдал: Цэвэршилтэнд аажим шилжих үе. Өндгөн эсгүй мөчлөгөөр илэрнэ.

Климаксийн үе: нөхөн үржихүйн ба нөхөн үржихүйн бус амьдралын завсрын хугацаа.

Эртэдсэн цэвэршилт (өндгөвчний эртэдсэн дутагдал): 40 наснаас өмнө эмэгтэйд цэвэршилт явагдах эмгэг үйл явц.

Тархалт

Их британи улсад цэвэршилт эхлэх дундаж нас 50.5 харин АНУ-д  51.4. Тамхи татдаг эмэгтэйчүүдэд татдаггүй эмэгтэйчүүдээс 1 жилийн өмнө явагддаг. Сүүлийн жилүүдэд менархе-ийн дундаж нас буурч байгаа ч цэвэршилт эхлэх дундаж нас өөрчлөгдөөгүй.

Өндгөвчний эртэдсэн дутагдал нийт эмэгтэйчүүдийн 1%-д тохиолддог. Энэ нь аутоиммуни өвчин, Дауны хамшинж, Тюрнерийн хамшинжтэй эмэгтэйчүүдэд илүү тохиолдоно.

Физиологи

Эмэгтэй хүний насан туршдаа боловсруулах бүх гаметууд төрөх үед тодорхой болсон байдаг.

Ургийн үед овоцитийн нийт тоо 6-8 сая байна. Харин төрөх үед буурч 1.5-2 сая болж, бэлгийн бойжлийн үед 300’000-600’000 нь овуляцад ороход бэлэн болдог. 30 насны сүүл үе хүртэл энэ тоо аажим буурч байгаад түүнээс хойш огцом хорогдож  яваандаа цэвэршилтэнд хүрнэ. Үүнтэй зэрэгцэн өндгөвчний эстроген (ялангуяа эстрадиол), прогестерон боловсруулах чадвар мөн буурна. Ингэснээр өнчин тархинаас фолликул идэвхижүүлэх даавар (ФИД) цохилтын тунгаар ялгарч, өндгөвчний эстроген үүсэлтийг сэдээнэ. Цаашлаад энэ нь эрхтний дутагдалд хүргэнэ.

Түүнчлэн эмнэлгийн шалтгаант /ятрогений/ цэвэршилт тохиолддог. Мэс засал (2 талын оофорэктоми), эмийн эмчилгээ (гонадотропин ялгаруулах дааврын аналогууд), хими эмчилгээ, туяа эмчилгээ зэргийн улмаас тохиолдоно. Эдгээрээс зөвхөн мэс заслын дараах цэвэршилт үл эргэх байна.

Эстрогений дутагдал болон фолликул идэвхижүүлэх даавар (ФИД) цохилтын тунгаар ялгарсны  улмаас шинж тэмдэг харьцангуйгаар илрэнэ. Цэвэршилтийн эхний 12 сарын дотор шинж тэмдэг түгээмэл илэрнэ. Энэ үе өнгөрөхөд дээрхи дааврын хэмжээ хэвийн хэмжээндээ орж өндгөвчний бус гаралтай эстроген давамгайлна.

Оношлогоо

50-с дээш настай, аменерой бүхий эмэгтэйн ФИД хэмжээ >30IU/dl байвал цэвэршилт гэж үзнэ. 50-с доош насны, хэдэн долоо хоногийн зайтай ФИД-г 2 удаа хэмжихэд >30IU/dl байвал мөн цэвэршилт гэнэ. Энэ насны бүлэгт нэг удаагийн хэмжилтээр ФИД хэмжээ өндөр байх ховор биш.

Эмнэлзүйн үнэлгээ

Асуумж

Вазомоторын тогтворгүй байдал

  • Нүүр халуун оргих
  • Шөнө хөлрөх

Фолликул идэвхижүүлэх даавар (ФИД) цохилтын тунгаар ялгарсны  улмаас дээрхи шинж тэмдэг илэрнэ. Эцэстээ энэ нь хэвийн байдалдаа орж, вазомоторын тогтворгүй байдал буурдаг.

Бэлэг эрхтний зовиурууд:

  • Бэлгийн үйлийн үед өвдөх /Dyspareunia/
  • Гадна бэлэг эрхтэн орчмоорЗагатнах
  • Унжилт

Дээрхи зовиурууд үтрээний хатингаршил, хуурайшилтын улмаас үүснэ.

Урологийн зовиурууд /нийт эмэгтэйчүүдийн 50%-д/:

  • Ойрхон шээх
  • Шээхэд өвдөх
  • Шээсний замын дахилтат халдвар
  • Шээсээ барьж чадахгүй болох /ховор/

Сэтгэлзүйн талаас:

Дараах зовиурууд нойрны алдагдлаас шалтгаалж илрэнэ.

  • Ядрах
  • Сэтгэлийн дарамтанд орох
  • Сэтгэл хөдлөл тогтворгүй болох
  • Либидо буурах
  • Нойргүйдэх
  • Богино хугацааны ой тогтоолт алдагдах

Үений өвдөлт

Дээрхи зовиуруудын онцлог, хүндийн зэрэг, илрэх хугацаа эмэгтэйчүүдэд харилцан адилгүй тохиолдоно.

Үзлэг

Цэвэршилт хэзээ эхэлснээс шалтгаалж эмэгтэйд илрэх эмнэлзүйн илрэл харилцан адилгүй байна. Гадна бэлэг эрхтэн, үтрээ, умайн хүзүү ихэвчлэн хатингаршдаг.

Шинжилгээ

Ийлдсэн дэх ЛД , ФИД түвшинг тодорхойлно. Цэвэршилтийн урьдал үед мөчлөгийн 3-5 дахь хоногт 3-10 IU/dl.

/STRAW ангилалын системээр ангилна./

Менежмент

Нийт эмэгтэйчүүдийн 10% нь эмнэлэгт ханддаг байна.

Гол зорилго бол шинж тэмдгийг арилгах. Эмийн эмчилгээ, альтернатив эмчилгээ, сэтгэл зүйг дэмжих, амьдралын хэв маягийг өөрчлөх зэрэг олон арга хэмжээг хавсран хэрэгжүүлнэ. Учир нь эмэгтэйчүүдийн амьдралд зайлшгүй тохиолдох энэ шатыг даван туулахад дан ганц төрлийн эмчилгээ хангалтгүй байдаг.

  • Даавар орлуулах эмчилгээ

Эстроген, прогестерон агуулсан эсвэл дан эстроген агуулсан дааврын бэлдмэл.

/Цэвэршилтийн үеийн даавар эмчилгээний талаархи дэлгэрэнгүй нийтлэл дараагийн дугаарт гарах болно./

  • Эстроген агуулсан үтрээний тосон түрхлэг

Энэ нь бэлэг эрхтний хатингаршилтай холбоотой үүссэн зовиуруудыг арилгана.

  • Венлафаксин

Серотонин, норадреналины эргэн шимэгдэлтийг саатуулагч. Вазомоторын гаралтай зовиуруудыг арилгахад үр дүнтэй. Гэсэн хэдий ч дотор муухай оргих гаж нөлөөтэй учир эмэгтэйчүүд хэрэглэх дургүй байдаг.

  • Клонидин

Клонидин нь альфа агонист юм. Эмчилгээний гол хэсэг бөгөөд вазомоторт хязгаарлагдмал нөлөө үзүүлнэ.

  • Эстрогений дахин шимэгдэлтийн сонгомол модулятор

 

  • Тиболон

Эстроген, прогестерон, андрогений сул идэвхитэй нийлэг стеройд. Нүүр халуун оргих, үтрээний хатингаршлын эсрэг эмчилгээнд үр дүн сайн. Хөхний хавдар зэрэг удаан хугацаанд хэрэглэснээс үүсэх гаж нөлөө одоогоор тодорхойгү байна.

Дасгал хөдөлгөөн

Усанд сэлэх, алхах, аеробикээр тогтмол хичээллэх нь цэвэршилтийн шинж тэмдгийг багасгахад тустай гэдэг нь нотлогдсон.

Хоол тэжээл

Антиоксидантаар баялаг хоол хүнс их хэрэглэн, каффейн, архи бага хэрэглэх нь вазомоторын гаралтай шинж тэмдэгт эерэг нөлөө үзүүлнэ.

Фитоэстрогенүүд

Эстроген төст байгалийн нэглүүд нүүр улайх шинж тэмдгийг маш ихээр багасгана. Түгээмэл хэрэглэгддэг нэгдэл бол шар буурцаг.

  • Улаан хошоонгор /Trifolium pratense/

Санамсаргүй туршилт судалгаанаас үзэхэд энэ ургамал вазомоторын шинж тэмдгийг багасгадаг гэдэг нь тогтоогдсон.

  • Saint John’s цэцэг /Hypericum perforatum/

Энэ ургамал нь серотонины дахин шимэгдэлтийн сонгомол саатуулагч /SSRI/ төст нөлөө үзүүлдэг тул цэвэршилтийн сэтгэлзүйн зовиуруудыг үлэмж багасгана. Харин вазомоторын гаралтай шинж тэмдгүүдийг арилгадаг нь нотлогдоогүй байгаа.

  • Зүү эмчилгээ

Зарим нэг жижиг санамсаргүй судалгаануудад үр дүнтэй байгаа боловч одоогоор бүрэн нотлогдоогүй байна.

  • Бусад ургамлын эмчилгээ

Гинко билоба, хүн орхоодой зэрэг ургамлууд эерэг үр нөлөөтэй байна.

Эх үүсвэр:

Training in obstetrics and gynaecology the essential curriculum, Oxford Specialty training. 2010