Давсганд катетер тавих ажилбар /эмэгтэй/
Шээсний сувгаар дамжин давсганд катетр тавих ажилбар эмнэлгийн ажилтны үндсэн чадваруудын нэг байдаг.
Заалт
Давсганд катетр тавих ажилбарыг оношлогоо, эмчилгээний зорилгоор хийдэг.
Энэ ажилбарыг архаг эсвэл цочмог шээс хаагдалттай өвчтөнд хийснээр давсгийг үр дүнтэйгээр сулладаг. Мөн давсганд эмийн бодис оруулж хэсгийн эмчилгээ хийх эсвэл давсган дахь цус, бүлэнг угааж цэвэрлэх зорилгоор хийдэг. Давсганд буй шээсийг шинжлэх, шээсний дараах үлдэгдэл шээсийг хэмжих, давсганд тодосгогч бодис шахаж зураг авах, хүнд өвчтнүүдэд шээсний гарцыг хянах зорилгоор хийнэ.
Эсрэг заалт
Шээсний сувгийн гэмтэл- Ховор тохиолдох хэдий ч аарцгийн хугарлын үед түгээмэл тохиолдоно. Шээсний сүвийн амсарт цус илэрвэл шээсний сувгийн эсвэл давсагны хүзүү хэсгийн гэмтлийг сэжиглэнэ. Хэрэв гэмтэл эргэлзээтэй байвал катетр тавихаасаа өмнө эмэгтэйчүүдийн болон шулуун гэдэсний үзлэг, өгсөх уретрографийн шинжилгээ хийж, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.
Давсганд катетр тавьсны улмаас халдвар, гэмтэл тохиолдож болох тул шээс задгайрлын үед зайлшгүй хийгддэг ажилбар биш бөгөөд инвазив аргууд үр дүнгүй байгаа үед л хийнэ.
Хэрэглэгдэх зүйлс
Урьдчилан бэлтгэсэн давсганд катетр тавих иж бүрдэл (кит). Үүнд: ус шингээгч дэвсгэр, цонхтой ариун бүтээлэг, ариун бээлий, хөвөнтэй мод (сваб), чимхүүр, тослох жельтэй 10-сс тариур, цэвэр устай 10-сс тариур, урьдчилан холбосон хаалттай Фолийгийн систем, шээсний сав.
Катетер
Катетрийг голдуу латексаар хийсэн байдаг. Гэвч хэт мэдрэгшил, анафилаксийн нөлөө үзүүлэх нь ихэсч байгаа тул силикон катетр хэрэглэхийг илүүд үзэж байна. Мөнгөний хольцтой, усан гелээр бүрсэн латекс катетр нянгийн колонижилт, өсөлтийг бууруулах тул дахилтат халдварын үед илүү тохиромжтой.
Катетерийн төрлүүд
Фолийгийн катетрийг эмэгтэйчүүдэд хамгийн ихээр хэрэглэдэг ба 2 сувагтай, шулуун үзүүртэй, төгсгөлдөө хийлдэг бөмбөлөгтэй катетер юм. Катетрийг давсганд байрлуулсны дараа тогтвортой байлгахын тулд бөмбөлгийг хийлнэ. Түүнчлэн 3 сувагтай катетр байх ба энэ нь давсгыг угаах зориулалттай бол 1 сувагтай катетр нь түр зуурын эсвэл шээсний шинжилгээ авах зорилгоор ашиглана.
Катетрийн хэмжээ
Хэмжээг Френчийн нэгжээр илэрхийлнэ (тойргийн урт-миллиметрээр). Хамгийн нарийн, зөөлөн гуурс илүү эвтэйхэн ба халдварын эрсдэл багатай тул үүнийг илүү зөвлөдөг. Сүвийн нарийсал, сорвижилттой өвчтнүүдэд илүү нарийн катетер хэрэглэх ба насанд хүрэгчдэд 14-16 Френчийн катетрийг голчлон хэрэглэнэ. 18-24 Френчийн том катетруудыг суваг бөглөрөх эрсдэлтэй (гематури, бүлэн) өвчтнүүдэд түлхүү ашиглана.
Бэлтгэл
Өвчтөнд ажилбарыг тайлбарлаж, гарч болох хүндрэлүүдийг ойлгуулна. Мөн лавлах асуулт байгааг тодруулна.
Үйлчлүүлэгчийн байрлал
Литотоми эсвэл мэлхий байрлалд дээш харуулан, тэгш орон дээр хэвтүүлнэ.
Анатоми
Гадна бэлэг эрхтэн орчимд үтрээний амсар, хэлүүний хооронд байрлах шээсний сүвийг олно. Эмэгтэйн шээсний суваг 3.5-4 см урттай, холбогч эд булчингаас тогтсон бүтэцтэй.
Ажилбар
Энэ ажилбарыг ариун нөхцөлд хийх ёстой. Хэрэглэгдэх ариун иж бүрдлийг хянаж, уутнаас нь гаргана. Ороосон даавууг дэлгэн ариун талбай үүсгэнэ. Бээлийг бохирдуулахгүй тулд угаасан гараараа шингээгч дэвсгэрийг өвчтний бөгсөн дор, гялгар хэсгийг доош харуулан тавина. Дараа нь бээлийгээ өмсөн, өвчтний хэвлий, умдагны дээд хэсгийг цонхтой бүтээлгээр бүтээнэ.
Ариун талбайд тавиурыг байрлуулна. Тавиурын 1 хэсэгт иштэй хөвөнгүүд (сваб) дээрээс антисептик уусмалыг хийнэ. Катетрийг хийхээсээ өмнө үзүүрийг нь тосолно. Антисептик уусмалтай хөвөнгөөр гадна бэлэг эрхтэнг тойрог үүсгэн арчиж, ариутгана. Дараа нь зүүн гараараа бэлгийн их бага уруулыг нээж, баруун гараараа катетраас барьж байгаад шээсний сүврүү катетрийн үзүүрийг эргүүлэх хөдөлгөөнөөр, зөөлөн түлхэж оруулна. Ингээд цааш оруулсаар давсганд хүрнэ. Ажилбарын явцад катетер бохирдвол, хаяад дахин шинэ катетер ашиглана. Эмэгтэйн шээсний сүв харьцангуй богино байх тул 3-5 см оруулбал давсганд хүрсэн гэж үзээд бөмбөлгийг хийлнэ. Катетер давсганд бүрэн ороход танд гадна сфинктер орчимд эсэргүүцэл мэдрэгдэнэ. Ажилбарын явцад өвчтнийг гүнзгий амьсгалж, тайван байхыг зөвлөнө. Шээсний суваг руу катетрийг оруулахдаа хүчилж огт болохгүй.
Катетер давсганд бүрэн орсон үед буюу шээс буцаж гарч ирэх үед бөмбөлгийг тэлнэ. Тэлэхдээ устай 10сс тариураар 5сс-г хийнэ. Усны оронд 0.9% NaCl уусмал хийвэл талсжилт үүсгэж, хавхлагын бүтцийг алдагдуулах тул хэрэглэхгүй. Мөн агаар ашиглахгүй. Учир нь агаарт бөмбөлөг давсганд хөвж, катетер мушгирах аюултай. Бөмбөлөг бүрэн хийлэгдсэн үед катетрийг гадагш зөөлөн татахад давсагны хананд тулж эсэргүүцэл мэдрэгдэнэ. Катетрийг гуяны дотор талд эсвэл катетрийн хамгаалах хэрэгсэлтэй холбож бэхлэнэ. Эцэст нь шээсний уутыг холбож, давсагнаас доош түвшинд байрлуулна.
Хүндрэл
Гарч болох хамгийн түгээмэл хүндрэл бол гэмтэл, халдвар юм. Шээсний сувгийн гэмтлийн улмаас нарийсал, сорвижил үүснэ.
Катетер тавьснаас эхний 48 цагийн дотор катетрийн талбайн 85%-ийг бактерийн колони эзэлснээр, бактерурид хүргэнэ. Тиймээс үүнээс сэргийлэх ганцхан арга бол катетрийг аль болох хэрэглэхгүй байх. Хэрэв үнэхээр шаардлагатай бол сайн бэлтгэж, онцгой анхааралтайгаар, зөв техникээр ажилбарыг хийх ба аль болох эртхэн катетрийг авах нь зүйтэй.
Төвөгтэй ажилбар
Зарим өвчтнүүдэд өмнө хийгдсэн хагалгаа, таргалалт, аарцгийн эрхтнүүдийн анатомийн олон янзын байдлын улмаас шээсний сувагт катетер тавих төвөгтэй байж болно. Хэрэв тийм бол аарцгийн эрхтнүүдийн унжилтаас болж шээсний суваг мушгирсан гэж үзнэ. Иймээс унжилтыг багасгахын тулд зөөлөн дарах ба унжсан эдийг үтрээ рүү чиглүүлж өгнө.
Хэрэв шээсний сүв харагдахгүй байвал зүүн гарын долоовор хурууг үтрээний амсарт байрлуулж, дээш зөөлөн түлхэнэ. Ингэснээр шээсний сувгийг шулуун болгож, катетрийг шээсний сүв лүү чиглүүлнэ. Зарим таргалалттай өвчтнүүдэд ажилбарыг хийхэд туслагч шаардлагатай болно. Хэрэв шээсний гарц удаан бөгөөд гарахгүй байвал катетер бөглөрсөн эсвэл буруу байрлуулсан эсвэл давсаг хоосон байгааг илтгэнэ. Ийм үед 0.9% NaCl уусмал катетр луу шахахад, шингэн эргээд гарч ирвэл катетер бүрэн зөв байрласныг илтгэнэ.
Эх үүсвэр:
Female Urethral Catheterization
Rafael Ortega, M.D., Linda Ng, M.D., Pavan Sekhar, B.S., and Michael Song, M.A.
Copyright © 2008 Massachusetts Medical Society.