Хөвчин биеийн бусад хоригууд /ташаа – хэвлий орчим/
Хөвчин биеийн бусад хоригууд сэдвийн дор: Ташаа цавины ба ташаа – аюулхайн мэдрэлийн хориг, Хэвлийн хөндлөн сүлжээнд хориг хийх сэдвүүдийг багтаасан. эдгээр аргууд нь мэс ажилбарын үед өвдөлтийн менежментэд чухал ач холбогдолтой юм.
Ташаа цавины ба ташаа – аюулхайн мэдрэлийн хориг /Ilioinguinal and Iliohypogastric nerve block/: Уг хоригийг хийх хамгийн түгээмэл тохиолдол бол цавины ивэрхийг засах нээлттэй хагалгааны арга бөгөөд ялангуяа хагалгааны дараа мэдээ алдуулахад ашигладаг.
Ажилбар: Өвчтнийг дээш харуулах хэвтүүлж, ташааны урд дээд сэртэнг хүйстэй холбосон шугамын дагууд гадна 1/3 – т хэт авиан датчикаа байрлуулна.
Ташаа – цавины ба ташаа – аюулхайн мэдрэл хэвлийн хөндлөн булчин ба дотор ташуу булчингийн завсарын хальсанд хэт авиан ойлттой (цагаан) харагдана. Зүүг арьсны дотор талаар датчиктай параллель хатган мэдрэлрүү чиглүүлэн явуулах ба гадна ташуу булчингийн хальсыг өнгөрөх буюу “нэвтрэх мэдрэмж” төрмөгц 10 – 20 мл хэсгийн мэдээгүйжүүлэх бодисыг (0.25 – 0.5% бупивакайн эсвэл 0,5 – 0,75% ропивакайн) тарина.
Хэвлийн хөндлөн сүлжээнд хориг хийх /Transversus abdominis plane (TAP) block/: Энэ хоригийн үед хэвлийн хөндлөн булчин болон дотор ташуу булчингийн завсараар, бүсэлхийн гурвалжин зайгаар дамжуулан /Петитийн гурвалжин/ хэвлийн хананы мэдрэл судасны сүлжээнд мэдээгүйжүүлэх бодисыг тарьдаг.
Цавины ивэрхий засах, бүдүүн гэдэс тайрах, хэвлийн уйланхайг бүхэлд нь авах, кесар хагалгаагаар төрөлт удирдах, умдагны араар түрүү булчирхайг авах /retropubic prostatectomy/ зэрэг хэвлийн хананд хийгддэг олон мэс ажилбарын үед мэс заслын дараа хэрэглэх опойдын хэрэгцээг бууруулах, өвдөлтийг намдаах үүднээс энэ хоригийг хийдэг.
Хэвлийн хөндлөн сүлжээнд хоригийг хэт авиан хяналтанд гүйцэтгэнэ. Ер нь анатомийн бүтцээ харж байгаад ажилбар гүйцэтгэх нь гарах хүндрэлийг бууруулаад зогсохгүй ажилбарыг амжилттай гүйцэтгэхэд сайн талтай билээ. Ялангуяа, тарган хүмүүст багажийн хяналтанд ажилбар хийх хэрэгтэй.
Ажилбар: Өвчтнийг нуруугаар нь хэвтүүлнэ. Хэт авиан датчикийг ташааны сэртэнгийн дагуу байрлуулна. Ингэхэд, гадна ташуу булчин, дотор ташуу булчин, хөндлөн булчин төдийгүй гялтангийн зай тод харагдана. Хальсны мэдрэлийн сүлжээ нь зэргэлдээ орших эхо ойлт багтай булчингуудаас эхо ойлт харьцангуй их үзүүлж ялгарч харагддаг.
Ингэж ялгаж харсны дараа мэдээгүйжүүлгийг Вешневскийн аргаар гүйцэтгэн, Питит гурвалжингаар зүүг хатган дотор ташуу булчин ба хэвлийн хөндлөн булчингийн завсраар явуулж зүүг хальсны сүлжээнд хүрэхийг хармагц хальсын сүлжээнд 20 мл удаан үйлчилгээтэй мэдээгүйжүүлэгч (0.25% бупивакайн) тарина. Нөгөө талд ажилбарыг адилхан хийнэ.
Хэвлийн дээд хэсэг, цээжний доод хэсгийн мэдээгүйжүүлгийг хавирганы доод мэдрэлд хориг хийх аргаар нэмэлд мэдээгүйжүүлэг хийж болно. Үйлдлийн техник дээр дурдсан хоригуудтай адилхан боловч мэдээгүйжүүлэгч бодисыг яг хавирганы доод ирмэгт, хэвлийн хананд хэт авиан хяналтаар тариад орхино.
Эх сурвалж: Uptodate: “Peripheral nerve block technique” | This topic last updated: Oct 14, 2014.