Чонон хөрвөс – Urticaria

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Чонон хөрвөс нь төвдөө цайвар, арьсны гадаргуугаас өргөгдсөн, ихээхэн загатналттай бэлцрүүн тууралтаар илэрдэг (зураг 1) бөгөөд маш нийтлэг тохиолддог эмгэг юм. Хүн амын ойролцоогоор 20%-д амьдралынх нь аль нэг хугацаанд чонон хөрвөст өртсөн байдаг.Арьсанд оршиж буй дархлааны эс болох шигүү мөхлөгт эсүүдийн идэвхжилийн дүнд явагдаж буй урвалаар чонон хөрвөс үүсдэг. Энэхүү шигүү мөхлөгт эсээс ялгарч арьсны гадаргууд чонон хөрвөсийн үеийн загатналт, улайлт, болон хавагналтыыг үүсгэдэг чухал химийн бодис бол гистамин юм. Ихэнх тохиолдолд чонон хөрвөс гэнэт илэрч, хэдхэн цагийн дотор арилдаг.

Чонон хөрвөс нь эмчилгээ сайн авдаг бөгөөд үндсэн эмчилгээнд: эмийн болон сэдээгч хүчин зүйлстэй хавьтахгүй байх багтана.

Чонон хөрвөсийн эмнэлзүй

Арьсны илрэл – Чонон нь хөрвөс нь арьсны гадаргуугаас өргөгдсөн, ихээхэн загатналттай, заримдаа цайвар төвтэй улайлт илэрдэг (зураг 1).

Зураг №1: Арьснаас өргөгдсөн, цайвар төвтэй бэлцрүү, эргэн тойрон улайсан

Зураг №1: Арьснаас өргөгдсөн, цайвар төвтэй бэлцрүү, эргэн тойрон улайсан

Зарим тохиолдолд том талбайг хамарч, тэдгээр нь хоорондоо нийлдэг (зураг 2).

Зураг №2: Олон бэлцрүү гарч томрон хоорондоо нийлж томорсон байдал

Зураг №2: Олон бэлцрүү гарч томрон хоорондоо нийлж томорсон байдал

Чонон хөрвөсийн эмнэлзүйгээс хамгийн бэрхшээлтэй зовиур нь загатналт бөгөөд унатахад төдийгүй ажиллахад бэрхлээштэй хэцүү байдал хангалттай үүсгэхүйц хүнд зэргийн байх боломжтой.

Хүнд зэргийн өвдөлт, цсархаг цэврүү төст толбо, болон арьсны хөхрөлт нь чонон хөрвөсийн хэв шинж биш юм. Мөн үений өвдөлт, халууралттай хамт чонон хөрвөс тохиолддоггүй. Эдгээр шинжүүд нь чонон хөрвөсийн судасны үрэвсэл (urticarial vasculitis) гэх эмгэгийн сэжүүр бөгөөд чонон хөрвөсөөр эмчилгээ нь ялгаатай байдаг.

Мөн шарлалтай өвчтөнд буюу цусан дах билирубины хэмжээ өндөр өвчтөнд шар өнгөтэй чонон хөрвөс тохиолдсон ажээ (Nejm “Yellow urticaria” image in clinical medicine зураг 3).

Зураг №3: Шар чонон хөрвөс, 43 настай эмэгтэй. Цусан дах шууд билирубин 128 ммоль/л, нийт билирубин 144 ммоль/л

Зураг №3: Шар чонон хөрвөс, 43 настай эмэгтэй. Цусан дах шууд билирубин 128 ммоль/л, нийт билирубин 144 ммоль/л

Судасны гаралтай хаван – Чонон хөрвөстэй хүмүүсийн тал хүртэл хувьд нь судасны гаралтай хаван гэдэг эмгэг үүсдэг. Судасны гаралтай хаван нь чонон хөрвөстэй ижил боловч арьсны гүн давхаргаас гаралтай юм.

Судасны гаралтай хавангийн эмнэлзүйд:

  • Нүүр, зовхи, чих, ам, хөл, болон бэлэг эрхтэн хавагнаж цэлхийх
  • Хавагналт биеийн нэг хэсэгт ихэнхдээ тохиолддог буюу бусад хэсгээс илүүтэй аль нэг нэг газар илүүтэй тохиоддог
  • Хавагнасан хэсэг бамбайсан эсвэл эвгүй мэдрэмж төрдөг
  • Арьс үл ялиг улайдаг хэдий ч арьсны өнгө хэвийн байх боломжтой

Чонон хөрвөс ноцтой харшлын урвал шиг илрэх – Чонон хөрвөс нь илүү ноцтой хашрлын урвал шиг тохиолдож болдог. Хэрвээ танд чонон хөрвөс эсвэл судасны хаван гэнэт үүсэхийн хамт дараах эмнэлзүй үүсвэл тул яаралтай эмчид хандах хэрэгтэй:

  • Амьсгалахад бэрхшээлтэй болох
  • Цээж давчдах
  • Дотор эвгүйрхэх, бөөлжих
  • Хэвлийгээр хүчтэй өвдөх
  • Муужирч унах

Чонон хөрвөсийн хэлбэрүүд

Чонон хөрвөсийг ямар байдлаар тохиолдож буйгаар нь ангилдаг. Үүнд:

  • Цочмог (бага хугацаанд)
  • Архаг (удаан хугацаанд)
  • Физикийн (физикийн сэдээгчээр үүсгэгдсэн тухайлбал хүйтэн, халццн, эсвэл нар)

Тиймээс танд анх удаа чонон хөрвөс гарч байгаа бол хэзээ дахин тохиолдохыг хэлж мэдэхгүй тул цочмог эсвэл архаг чонон хөрвөс гэдгийг ялгах боломжгүй юм.

Чонон хөрвөсийн бүх хэлбэрүүд адилхан харагддаг хэдий ч тэдгээр нь ихэнхдээ сэдээгчээрээ ялгаатай байдаг. Таны чонон хөрвөсийн сэдээгч юу вэ гэдгийг олж мэдсэнээр түүнээс зайлсхийхэд тус болно.

Цочмог чонон хөрвөс – Чонон хөрвөсийн ихэнх тохиолдол цочмог байдаг бөгөөд цочмог үед түүний дахилт цөөн өдрөөс нэг эсвэл хоёр долоо хоногоос цааш үргэлжилдэггүй. Цочмог чонон хөрвөсийн сэдээгч хүчин зүйлсэнд:

  • Халдвар – Зарим хүмүүст чонон хөрвөсийн шалтгаан нь халдвар байдаг. Бодит байдалд хүүхдэд цочмог чонон хөрвөсийн бүх тохиолдлын 80%-аас илүү хувьд вирусын халдвар шалтгаан нь болдог. Вирусын янз бүрийн төрлүүд чонон хөрвөсийг үүсгэж болно (ихэнхдээ хүйтний вирусууд). Энэ үед дархлаа тогтолцоо халдварыг зайлуулж эхлэхэд эсвэл нэг юмуу хэд хэдэн долоо хоногийн дараа чонон хөрвөс илэрдэг. Энэхүү чонон хөрвөс нэг эсвэл хоёр долоо хоног хадгалагдсаны дараа арилдаг.
  • Эм – Эмийн ихэнх төрлүүд чонон хөрвөс үүсгэдэг үүнд: антибиотик, стреройд бус үрэвслийн эсрэг эмүүд (аспирин, ибупрофен, напроксен). Өвчин намдаагччид (ж нь: кодейн, морфин г.м), анестезийн булчин сулруулагч, болон дүрс оношилгооны үед венийн судсаар хэрэглэдэг тодосгогч бодис багтдаг.
  • Шавьжинд хазуулах – Зарим шавьжинд халзуулахад (зөгий, хэдгэнэ, улаан шоргоолж) хазсан хэсэг газрыг тойрон чонон хөрвөс үүсдэг. Хэрвээ шавьжинд хазуулахад бүх биеэр чонон хөрвөс илэрвэл энэ нь илүү ноцтой анафилакс хэмээх харшлын урвалын шинж байж болзошгүй. Анафилакс байж болзошгүй бол цаг алдалгүй эмилгээ хийх, эмчид үзүүлэх хэрэгтэй.
  • Хоолны харшил – Хоолны харшил зарим хүмүүст цочмог чонон хөрвөсийг үүсгэдэг. Хоолтой холбоотой чонон хөрвөс нь ихэнхдээ хоол идсэнээс хойш 30 минутын дотор тохиолддог. Хүүхдэд чонон хөрвөс үүсгэж болзошгүй хамгийн их магадлалтай анхаарах хоол хүнсэнд: сүү, өндөг, газрын самар болон бусад самар, шар буурцаг, улаан буудай багтдаг бол насанд хүрэгчдэд чонон хөрвөс үүсгэх хамгийн их магадлалтай хоол хүнсэнд: загас, хясаа, газрын самар болон бусад самар ордог.
  • Хавьтлын – Чонон хөрвөс ямар нэг бодистой хүрэлцсэний дараа тохиолдох нь бий. Ж нь: нохойны харшилтай хүүхэд хэрвээ нохойнд долоолгуулбал, хүрч эрхлүүлбэл чонон хөрвөс тохиолдох магадлалтай. Чонон хөрвөс үүсгэдэг (хэрвээ та түүнд харшилтай бол) бусад хүчин зүйлд ургамал, түүхий жимс, ногоо, болон латекс (хийт уут, латексэн бээлий, бэлгэвч, болон бусад нийтлэг хэрэглээний бүтээгдэхүүнүүд) орно.

Архаг чонон хөрвөс – Зургаан сараас удаан хугацаанд өдөр бүр эсвэл бараг өдөр бүр чонон хөрвөс дахин дахин үүсэхийг архаг чонон хөрвөс гэдэг. Заримдаа бүтэн жилийн хугацаанд тохиолддог. Архаг чонон хөрвөсийн үед дахилт бүрийн загатналтын улмаас өвчтөнд унатахад, ажиллахад, сургуульдаа явахад бэрхшээлтэй болдог. Мөн хүмүүс хараад халдвартай юм биш байгаа гэсэн эмзэглэл төрөхвий гэж санаа зовдог.

Гэхдээ дараах зүйлсийг санах нь чухал:

  • Чонон хөрвөс нь хүний халдварт өвчин биш
  • Архаг чонон хөрвөс нь байнга үлдэх нь ховор, нийт архаг чонон хөрвөстэй хүмүүсийн бараг 50% -д нь нэг жилийн дотор энэхүү эмгэг үгүй болдог
  • Архаг чонон хөрвөс харшлаар үүсгэгдэх нь ховор тул аминд аюултай биш
  • Архаг чонон хөрвөсийн үндсэн зовиурыг ихэнх хүмүүст эмчлэх боломжтой

Архаг чонон хөрвөсийн ихэнх нь шалтгаан тодорхойгүй байдаг. Судлаачид дархлаа тогтолцоо чухал үүрэгтэй оролцдог гэж үзэж байна.

Чонон хөрвөс нь хэдэн хэдэн эмгэгүүд эсвэл дархлааны эмгэгүүдтэй хамт байдаг үүнд: бамбай, элэгний эмгэг, архаг халдвар, чонон яр багтана. Ихэнх хүмүүст чонон хөрвөсөөс гадна эдгээр эмгэгүүдийн аль нэгийн эмнэлзүй байдаг.

Физикийн чонон хөрвөс – Физикийн хүчин зүйлсээр сэдээгдсэн чонон хөрвөсийг хэлдэг.

  • Хүйтний чонон хөрвөс – Энэхүү чонон хөрвөс ихэнхдээ даарсны дараа эргэн халууцахад илэрдэг.
  • Биеийн хэм өөрчлөгдөхөд эсвэл хөлрөхөд үүсдэг чонон хөрвөс – Ихэнхдээ арьс улайж, олон жижиг бэлцрүү илэрдэг.
  • Чичиргээний – Машин жолоодосны дараа алга улайх, хавагнах, болон загатнах шинжээр илэр боломтжой.
  • Даралтын – Хол явсны эсвэл хүнд юм өргөсний дараа хөлийн ул, эсвэл алган дээр чонон хөрвөс гарах байдлаар тохиолддог. Алга болон улны арьс зузаан учраас чонон хөрвөс гэдэг нь тодорхой бишээр хавагнах, улайх байдлаар илэрч болно.
  • Дасгалын – Дасгал хийж байх үед чонон хөрвөс илрэх нь дасгалаар үүсгэгдсэн анафилакс хэмээх аюултай эмгэгийн шинж байх болно.
  • Нарны гэрэл эсвэл усаар үүсгэгдсэн чонон хөрвөс – Энэ нь ховор тохиолддог.

Эцэст нь дермографизм гэж нэрлэдэг нийтлэг эмгэг байдаг. Энэхүү эмгэгтэй хүмүүст улайлт илэрдэг ч арьсанд чанга цохисон эсвэл үрсэн шугам гарсан байдаг.

Физикийн хүчин зүйлээр чонон хөрвөс удаан орших хандлагатай байдаг тул архаг чонон хөрвөсийн хэлбэрүүд гэж үзсэн.

Чонон хөрвөсийн үед хийгдэх шинжилгээ

Чонон хөрвөстэй ихэнх хүмүүст ямар нэг шинжилгээ шаардлагагүй байдаг. Оношийг тэдний зовиур болон бодит үзлэгт суурьлан тавьдаг. Гэхдээ хэрвээ чонон хрвөс 6 долоо хоногийн дотор эргэн хэвийн болохгүй бол шинжилгээ зөвлөж болно.

Сорилууд – Хоол болон эмийн мэдрэг чанарын арьсны шинжилгээг зовиурын шалтгаан харшил гэж үзсэн хүнд зөвлөнө. Энэхүү шинжилгээг үргэлж цочмог чонон хөрвөстэй хүмүүст хийдэг. Архаг чонон хөрвөсийн шалтгаан харшил байх нь ховор. Цусны шинжилгээг хэрвээ чонон хөрвөс хэдэн долоо хоног үргэлжилсэн бол зарим тохиолдолд хийнэ. Хэрвээ давхар ямар нэг өвчний шинж илэрч байвал (тухайлбал элэгний эсвэл бамбайн эмгэг эсвэл аутоиммуний эмгэг) цусны шинжилгээг хийх нь зүйтэй.

Арьсны эдийн шинжилгээ – Арьсны эдийн шинжилгээ нь чонон хөрвөсийн ховор шалтгааныг тодорхойлоход тус болж болно. Тиймээс бусад эмнэлзүй хамт байгаа тухайлбал байнгын халууралт, өвдөлттэй чонон хөрвөс,  архаг чонон хөрвөс, эсвэл арьсны хөхрөлттэй хоблоотой чонон хөрвөс илэрсэн хүнд зөвлөх боломжтой.  Арьсны эдийн шинжилгээг бусад эмгэгтэй эсвэл цусны шинжилгээнд өөрчлөлттэй хүнд бас зөвлөх боломжтой.

Чонон хөрвөсийн эмчилгээ

Чонон хөрвөсийг сэдээгчтэй хавьтахгүй байх болон эмийн эмчилгээг хавсруулснаар эмчлэгддэг. Тиймээс сэдээгчийг олж тогтоох чухал юм.

Эмийн эмчилгээ

Гистамины эсрэг бэлдмэлүүд – Энэхүү бүлгийн эмүүд загатналтыг намжаадаг. Чонон хөрвөстэй ихэнх хүмүүст гистамины эсрэг эм үр дүнтэй.

Гистамины эсрэг эмүүдийг үндсэн 2 төрөлд хуваадаг. Тэдгээр нь гаж нөлөө, үнэ, нээгдсэн хугацаа болон жороор олгодог эсэхээр ялгаатай.

  • Гистамины эсрэг хуучин үеийн эмүүд буюу 1-р үеийн антигистаминууд – Үйлдэл нь хурдан эхэлж, зовиурыг сайн намжаадаг. Гэхдээ үйлдлийн хугацаа богино тул өдөрт 4-6 удаа уух болдог, ихэнх хүмүүст гаж нөлөө илэрдэг. Гаж нөлөөнд: нойрмоглох, ам хуурайших, хараа хоёрчлогдох эсвэл бүрэлзэх, мөн шээхэд бэрхшээлтэй болох зэрэг багтана. Эдгээр гаж нөлөөнөөс машин жолоодохыг хориглох болдог учир нь архи уусантай ижил нөлөө үзүүлдэг. Тиймээс эдгээр эмүүдийг жолоо барьж байгаа, онгоц эсвэл завиар явах, эсвэл хүнд машин механизм удирддаг, болон бусад гүйцэтгэл хийдэг хүмүүст зөвлөхгүй байх хэрэгтэй. Бага тунгаар хэрэглэж бага багаар тунг нэмснээр гаж нөлөөг бага байлгахад тусална.
  • Гистамины эсрэг шинэ үеийн бэлдмэлүүд – Дээрхээс гаж нөлөө цөөтэй болсон. Бас үйлдэл нь удаан болсон тул өдөрт нэгээс 2 удаа уудаг.
  • Гистамины эсрэг бусад бэлдмэлүүд – Гистамины эсрэг өөр төрлийн рецепторт үйлчилдэг бэлдмэлүүд. Үүнийг гээж гашуун оргиход хэрэглэдэг. Гэхдээ хэрвээ нэг эм үр дүнгүй байгаа тохиолдолд таны эмч зохистойгоор хавсарч хэрэглэхээр зааж өгсөн байх боломжтой.

Стеройд даавар эмчилгээ – Бусад эмчилгээг хийхийн өмнө гистамины эсрэг эмүүдийг өндөр тунгаар хэрэглэдэг. Гэхдээ амаар стеройд тухайлбал преднизон нь гистамины эсрэг бэлдмэлд сайн намжихгүй байгаа хүнд зэргийн цочмог чонон хөрвөсийг намжаахад тусалдаг. Чонон хөрвөсийн эмнэлзүй сайжирсан бол стеройдын тунг багаар бууруулсаар зогсооно.

Стеройд эмчилгээг архаг чонон хөрвөст түр зуур хэрэглэж болох ч удаан хугацаанд хэрэглэхгүй. Хэрвээ жилд 2 удаа эсвэл нэг сар буюу түүнээс удаан хэрэглэхээр болбол заавал мэргэжлийн арьс судлаач болон харшил судлаач эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

Бусад эмүүд – Хэрвээ дээрх эмчилгээнүүдэд байдал сайжрахгүй бол бусад эмчилгээг сонгох боломжтой. Жишээ нь: Монтелукаст эмийг гистамины эсрэг эмтэй хамт хэрэглэхэд загатналт болон чонон хөрвөсийг зарим хүмүүст сайн намжаадаг. Хэрвээ дээрх эмүүдэд үр дүнгүй бол мэргэжлийн арьс судлаач эсвэл харшил судлаач эмчид хандах нь зүйтэй.


Эх сурвалж


  • Basilio Narváez-Moreno, M.D., and José Juan Pereyra-Rodríguez, Ph.D. “Yellow Urticaria” N Engl J Med 2012; 367:e4July 12, 2012
  • Uptodate “Hives (urticarial)” Literature review current through: Jul 2015. | This topic last updated: Jun 16, 2014.
  1. Zuberbier T. Urticaria. Allergy 2003; 58:1224.
  2. Kaplan AP. Clinical practice. Chronic urticaria and angioedema. N Engl J Med 2002; 346:175.
  3. Kaplan AP. Chronic urticaria: pathogenesis and treatment. J Allergy Clin Immunol 2004; 114:465.
  4. Greaves MW. Chronic idiopathic urticaria. Curr Opin Allergy Clin Immunol 2003; 3:363.

2 Comments

  • Бт

    Transper factor geed ene emnuud uilchleh bolovuu shoshigo deer ni lupus geed bichsen bna

    07/03/2016 08:34

  • zul

    Хүү маань 9 сартай юмаа. Эм уугаад хэр удаж зүгээр болох вэ? Яг ийм тууралт гарсан ч эмч харшлийн эм бичиж өгсөн. 3 хоног ууж байна. Арилаал дахиж гараад байнаа. Бүх биеэр нь битүү туурах юм. Хариу өгч туслаач

    23/05/2016 10:41