Гепатит С буюу С вирусын шалтгаант элэгний үрэвсэл гэж юу вэ?

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Хүний дотор эрхтэнүүдийн хамгийн том нь элэг юм. Элэг нь таны идсэн хоол боловсрох, цөс үүсэх, энерги нөөцлөх, бие дотор үүсдэг хорт бодисуудыг хоргүйжүүлэх, биеэс зайлуулахад гол үүрэгтэй оролцдог эрхтэн билээ. Тэгвэл энэхүү чухал эрхтэн халдварын улмаас болон халдварт бус өвчний улмаас өвчилдөг. Халдварын замаар элгийг сонгомлоор өвчлүүлдэг элэгний А, В, С, D, E гэсэн 5 төрлийн вирус байдаг. Мөн элгэнд сонгомол бус вируст мононуклеоз болон цитомегаловирусын халдвар элэгний үрэвслийг үүсгэдэг. Харин халдварт бус элэгний үрэвслийн шалтгаанд архи хэтрүүлэн хэрэглээ, хордлого, дархлалын өвчин, эмийн буруу хэрэглээ багтдаг.

Элэгний үрэвслийг явцаар нь Элэгний цочмог үрэвсэл (богино хугацаанд) болон архаг үрэвсэл (6 сараас удаан хугацаанд үргэлжилсэн элэгний үрэвсэл) гэж  2 хэлбэрт ангилдаг. Ихэнх хүмүүст элэгний үрэвсэл цөөн өдрөөс цөөн долоо хоног үргэлжилж эдгэрдэг бол зарим хүмүүст эдгэрэлгүй 6 сараас удаан үргэлжилж архаг шатанд шилждэг буюу элэгний архаг үрэвсэл болдог.

Элэгний С вирусын шалтгаант элэгний үрэвсэл буюу гепатит С гэж юу вэ?

Элэгний С вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвслийг ийнхүү хэлдэг. Энэхүү вирус хүнээс хүнд цусаар дамжин халдварласнаар элгэнд үрэвсэл үүсгэдэг байна. Гэвч элэгний С вирусын халдвар авсан ихэнх хүмүүст хэдэн жилдээ ямар нэг зовиур, шинж тэмдэг илэрдэггүй. Гэхдээ энэ нь халдвар авсан бүх хүмүүст архаг үрэвсэл үүсдэг гэсэн үг биш юм. Элэгний С вирусын шалтгаант элэгнй архаг үрэвслийн улмаас цирроз (элэгний хатуурал) болон элэгний хавдар үүсдэг тул хэрвээ та элэгний С вирустэй нь тогтоогдсон бол эмчид заавал хандаж шинжилгээгээр үнэлүүлж, зөвлөгөө аваарай.

 Халдвар авч болзошгүй эрсдэлт нөхцлүүд

Та элэгний С вирусын халдвартай хүний цустай харьцсан тохиолдолд танд халдвар орсон байх магадлалтай. Халдвар авч болзошгүй нөхцлүүдэд дараах багтана.

  • Баталгаагүй зүүгээр булчин болон судас тариа хийлгэх
  • Элэгний С вирустэй хүнтэй тарилгын зүү дамжуулан хэрэглэх (ялангуяа хар тамхи тарьж хэрэглэдэг хүмүүст их тохиолддог)
  • Баталгаагүй багажаар шивээс хийлгэх
  • Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх (1992 оноос цус, цусан бүтээгдэхүүнд хийх шинжилгээ сайжирсантай холбоотой халдвар дамжилт буурсан)
  • Удаан хугацаанд диализ хийлгэсэн
  • Эрүүл мэндийн салбарт ажилладаг
  • Элэгний С вирусын халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох

m_jpg130069fa

Халдвар авсан тохиолдолд илэрдэг зовиур, шинж тэмдэг

Ойрын хугацаанд элэгний С вирусын халдвар авсан ихэнх хүмүүст зовиур болон шинж тэмдэг илэрдэггүй. Гэхдээ зарим хүмүүст нүд, болон арьс шарлах, эсвэл зөвхөн нүд багахан шарлаж тухайн хүнд онцын зовиур илрэлгүй байсаар шар арилж болно. Харин архагшсан тохиолдолд зовиур илэрдэг. Дараах зовиурууд болон шинж тэмдгүүд илрэх боломжтой:

  • Ядрах
  • Бие сульдах
  • Хэвлийн баруун дээд хэсэгт буюу элэгний харалдаа өвдөх
  • Хэвлийд шингэн хурах
  • Баас цайвар өнгөтэй гарах
  • Шээс хар цай шиг өнгөтэй гарах
  • Хөнгөн зэргээр халуурах
  • Арьс загатнах
  • Шарлах
  • Хоолонд дургүй болох
  • Дотор муухайрах, бөөлжих

Элэгний С вирусыг шинжилгээгээр илрүүлэх

Цусны шинжилгээгээр элэгний С вирусын эсрэг үүссэн эсрэгбиеийг илрүүлэх болон РНХ-ийн хэмжээг (вирусын ачаалал) тодорхойлсноор илрүүлдэг. Хэрвээ цусны шинжилгээнд тань элэгний С вирус илэрсэн бол эмчийн заавраар элэгний гэмтлийн зэргээ үнэлүүлэх бусад шинжилгээнүүдийг өгөх хэрэгтэй. Эдгээр шинжилгээнээс биопси (тусгай зүүгээр хатгалт хийн элэгнээс эсийн шинжилгээ авдаг) нь таныг хэрхэн эмчлэхийг шийдвэрлэхэд туслах болно.

Мөн генетик шинжилгээ хийлгэж элэгний С вирусын төрлийг тодорхойлуулах боломжтой бөгөд элэгний С вирусын 6 төрөл байдаг.

1945-1965 онд төрсөн хүн бүрт (“baby boom” үеийнхэн) элэгний С вирусын илрүүлэг шинжилгээг хийсэн байх хэрэгтэй. Учир нь эдгээр хүмүүст элэгний С вирусын халдвартай тохиолдол бусад үеийн залуу болон настай хүмүүсээс 5 дахин их байдаг.

Эмчилгээ

Шинжилгээнд үндэслэн эмчийн заавраар вирусын эсрэг эмүүдийг хавсруулан хэрэглэдэг. Хэрвээ хүндэрч элэгний циррозын улмаас элэгний дутагдал нүүрлээд байгаа, болон хавдар үүссэн бол элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай болдог.

Урьдчилан сэргийлэлт

Хувь хүн бүр өөрсдөө элэгний С вирусын халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд:

  • Эрүүл мэндийн салбарын ажилчид цустай хамгаалалтгүй ( бээлий, нүдний шил, халад гэх мэт) харьцахгүй байх
  • Зүү тариур дамжуулан хэрэглэхгүй байх
  • Тусгай зөвшөөрөлгүй газраар шивээс болон бусад биед гэмтэл үүсгэдэг ажилбар хийлгэхгүй байх
  • Шүдний сойз, сахлын хутга зэргээ хэн нэгэнтэй дамжуулан хэрэглэхгүй байх
  • Аюулгүй бэлгийн хавьталд орох

Хэрвээ та эсвэл таны бэлгийн хамтрагч элэгний С вирусын халдвартай бол хамтрагчдаа үнэнч байх (өөр хүнтэй бэлгийн хавьталд орохгүй байх).

Элэгний С вирус нь энгийн хавьтлаар дамжих чадваргүй тухайлбал: гар барих, үнсэлцэх, ханиалгах, найтах, хөхөө хөхүүлэх, аяга таваг болон цайны аягаар дамждаггүй.

Элэгний С вирусээс хамгаалах вакциныг өнөөг хүртэл гарган авч чадаагүй байна.


Эх сурвалж


    • Deborah Tolmach Sugerman, MSW “Hepatitis C” The Journal of the American Medical Association,  August 13, 2014