Улаанууд
Германы эмнэлзүйн эмч Де Берген болон Орлов нар 1950 онд анх удаа улаанууд өвчнийг тодорхойлсноор Германы ном хэвлэлүүдэд “Герман улаан бурхан” нэрээр анхаарал татсан юм. эхэндээ улаанууд өвчнийг улаан бурхан эсвэл улаан эсэргэнэ өвчинд хамааруулж байсан тул “3 өдрийн улаан бурхан” эсвэл “Хүүхдийн 3 өдрийн арьсны тууралтат өвчин” гэж нэрлэдэг байсан. 1866 онд Шотландын Веала эмнэлзүйн эмч нарын сүлжээ болон Английн Хааны Тэргүүн мэс засалчид Улаанууд гэж нэрлэх санал гаргасан.
Өнөөгийн оношилгоо
- Улаанууд өвчний үед лабораторын хариу ижил эмнэлзүйн илрэлтэй бусад өвчнүүдийг үгүйсгэхэд хэрэг болно
- Лабораторын шинжилгээгээр серологийн сорил, мөн урвуу-транскриптаз полимераз гинжин урвал гэх мэт молекул оношилгооны аргуудыг хэрэглэж болно.
Өнөөгийн эмчилгээ
- Цочмог улаанууд эсвэл төрөлхийн улаанууд хам шинжид өвөрмөц эмчилгээ байхгүй.
- Жирэмсэн эмэгтэйд улаанууд өвчний эрсдлийг үнэлснээр зөвлөгөө, оношилгоонд тус болно
- Төрөлхийн улаануудын хам шинжтэй өвчтөнд тэдгээрийн төрөлхийн гажгаас хамаарч нарийн мэргэжлийн эмч рүү илгээн.
- Улаанууд өвчин болон төрөлхийн улаануудын хам шинжээс хамгаалахад вакцин тус болно
Хесс 1914 онд цочмог улаануудын эмнэлзүйтэй хүүхдээс авсан цусыг сармагчинд халдварлуулсан туршлагадаа суурьлан улаанууд өвчний этиологи нь вирус гэж үзсэн байдаг. Энэ нь хожим 1938 онд Хиро, Тосака нар батласан юм.
Австралийн нүд судлаач Норман Мак Алистр Грегг жирэмсэн эх улаанууд тусах нь төрөлхийн катаракттай холбоотойг тодорхойлон бичснээр 1941 онд анх удаа улаанууд тератоген нөлөөтэй үр хөврөлд ажиглалт хийсэн юм. Дараагаар нь жирэмсний эрт үед улаануудын халдвар авах нь төрөлхийн олон гажиг үүсгэдэг нь харагдснаар “Төрөлхийн Улаанууд Хам шинж” гэдэг нэр дор бүх гажгийг багтаасан. Энэ нь амьд-сулруулсан вакцин бий болгоход хүргэсэн юм.
Улс орнууд өргөн хэмжээгээр дархлуужуулалтын аян явуулж, хүүхдийн дархлаажуулалтанд зөвлөснөөр улаануудын тохиолдол болон төрөлхийн улаануудын тохиолдлыг огцом бууруулсан. Гэвч улаануудын дархлаажуулалтын товлолгүй хөгжиж буй орнуудын төрөх насны эмэгтэйчүүдийн ихээхэн хувь нь халдварт өртөмхий байсаар байна.
Микробиологи
Улаанууд өвчний үүсгэгч нь Тогавирусын бүл бөгөөд үүнд жижиг бүрхүүлтэй РНХ агуулсан 2 зүйлийн вирус багтдаг үүнд: Альфавирус, Рубивирус орно. Рубелла вирус нь зөвхөн Рубивирусийн зүйлд багтдаг. Энэ нь геномын бүтэц, репликацийн процессоороо альфавирустай ижил. Альфавирус ялгаатай нь зөвхөн хүнд өвчин үүсгэдэг бол Рубилла вирус сээр нуруутан амьтанд өвчин үүсгэх боломжтой.
Рубелла вирусын эерэг-мэдрэг, дан утаслаг РНХ 3 бүтцийн уураг энкод агуулдаг: C, E1, болон E2. Эдгээр уургууд нь 24S дэд геном гэсэн нэг эх үүсвэрт энкодлогддог ч эсийн педтидазаар таслагддаг. Капсид уураг, С, вирионы РНХ-г хүрээлж, гликозжсон уураг E1, E2 вирусын үндсэн антигенлаг талбай болон мембраны спайкыг үүсгэдэг.
Вирус эсийн гадаргууд холбогдон эсийн тусгай рецепторт холбогдсноор эндосомийн тээвэрлэлтээр эс рүү ордог байх боломжтой. Рубелла вирус холбогддог эсийн рецептор өнөөг хүртэл тодорхойгүй байгаа ч мембраны фосфолипид, гликолипид чухал байх боломжтой гэж үздэг.
Вирусын репликаци эзэн эсийн цитоплзамд явагддаг. Вирус эсийн дотор мембран дээр угсрагддаг. Вирус эсээс гадагшлах механизм тодорхойгүй байгаа ч E1 цитоплазмын домайн шаардлагатай байдаг.
Рубелла вирус хүний, мичний аймаг, бусад сээр нуруутны эсийн эгнээнд үржсэн байх боломжтой. Эсийн эмгэгшлийн эн тэргүүний механизм нь апоптозыг өдөөснөөр илэрдэг. Харин эсийг эмгэгшүүлэх нөлөө нь ихэнхдээ жижиг, хувирамтгай тул дээрх эсүүдийн эгнээнд рубелла вирусыг өсгөх болон тодорхойлоход нийтлэг асуудал болдог. Иммунофлюуресценц болон полимераз гинжин урвал гэх мэт антиген болон молекул оношлогоог хавсарсан аргааар тодорхойлоход илүү найдвартай байдаг. Өөр вирусын репликацид рубелла вирусын мэдрэг эсийн эгнээг ашиглаж байгаа бол тухайн вирусын репликацийг нь саатуулж рубелла вирус өсгөвөрлөгдсөн байх боломжтой.
Тархвар зүй
Рубелла вакцин гарахаас өмнө рубеллагийн дэгдэлт цөөн жилийн давтамжтайгаар өвөл, хаврын улиралд хамгийн их байдаг тохиолддог байсан. Сургуулийн насны хүүхдүүд хамгийн өвчилдөг.
Эмгэг жам
Улаанууд өвчний нууц хугацаа дунджаар 14-18 хоног (хэлбэлзэл нь 12-23 хоног). Том дусалт аэрозолоор амьсгалын замаар халдварладаг, тиймээс халдварлагдсан хүнтэй ойр бөгөөд удаан хамт байх тусам халдвар авах боломж ихэснэ. Рубелла вирусын эхний репликаци нь хамар-залгиурын эсүүд болон тухайн хэсгийн тунгалгийн зангилаанудуд явагддаг. Нууц хугацааны дараах 5-7 хоногт виреми тохиолддог үүний дүнд бие даяар тархдаг. Вирус залгиур болон цусаар хязгаарлагдах боломжтой ч ховор тохиолдолд синовиал шингэн, шээс, бронх-цулцангийн шингэн, тархи нугасны шингэн гэх мэт газруудад тархсан байх нь бий.
Халдвар – хүмүүс халдварын эх уурхай болдог бөгөөд халдварын эмнэлзүй илрэхээс 1-2 долоо хоногийн өмнөөс хамгийн их халдвартай үе байдаг. Тиймээс халдварлагдсан вирус ялгаруулж, халдвар тарааж буйг мэдэх боломжгүй юм. Халдвар авсаас 14-17 хоногийг дараа арьсан дээр тууралт гарч эхлэх нь эсрэгбиеийн саармагжуулалт бий болж, вирусын ялгаралт буурахтай давхцдаг. Тууралт нь дархлаагаар зуучлагддаг.
Рубеллагийн халдварын дараа IgG үүсч дархлаа тогтдог ч дахин халдвар тохиолдох боломжтой.
Эмнэлзүйн илрэл
Постнаталь олдмол улаанууд өвчний эмнэлзүйн илрэл ерөнхийдөө хөнгөн, ихэнх тохиолдолд субклиникал эсвэл шинж тэмдэггүй явагддаг. Хүүхдэд насанд хүрэгчдээс хөнгөн, үндсэн эмнэлзүй илрэхээс өмнө зовиур илрэх, хүндрэл өгөх нь маш цөөн. Эмнэлзүй нь бага зэрэг системийн зовиур бүхий толбот-гүвдрүүт туралтаар цочмог эхлэдэг. Бага зэргийн халууралт, тунгалгийн зангилаа томрох нь туурлтын илрэхээс өмнөх 1-5 хоногт эсвэл хамт илэрч болно. Шилэн хүзүүний, чихний арын, дагзны лимфадинопати (тунгалгийн зангилаа томрох) илэрдэг онцлогтой.
Тууралт нь цэгчилсэн, ягаан толбон-гүвдрүүт тогтоцтой. Анхны тууралт нүүрэн дээр гарч, цаашид их бие, мөчдөөс биеийн доод хэсэг рүү дараалан тархаж, 24 цагийн дотор бүх биеэр туурдаг. Тууралт ихэнхдээ ойролцоогоор 3 өдөр болоод арилдаг ч 1 эсвэл 2 өдөр, эсвэл ховор тохиолдолд бүр удаан 8 хүртэл өдөр байж болно. Хөнгөн зэргийн нуухгүй коньюнктивит мөн зөөлөн тагнайн тууралт (Forchheimer spots), ховор тохиолдолд цочмог тиройдит үүсэх боломжтой.
Эхний халдвар өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд бага насны хүүхдээс илүү удаан үргэлжилдэг. Мөн эмнэлзүй идүү тод төдийгүй халууралт болон системийн зовиур хамт тууралтын өмнө илүүтэй илэрдэг. насанд хүрэгчдийн тууралт нь дээр дурьдсантай адил. Артралги, артрит өсвөр насны болон насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 70%-д тохиолддог. Гэвч эдгээр шинжүүдийг хүндрэл гэж үздэггүй бөгөөд эдгээр насны бүлгийн хүмүүст ерөнхийдөө нилээн тохиолддог зовиур юм. хүүхэд болон насанд хүрсэн эрэгтэйчүүдэд үений зовиур илрэх нь ховор.
Артралги болон артрит өвдөг, бугуй, хуруунд илүүтэй тохиолдож, тууралттай хамт илэрч, нэг сар түүнээс удаан хадгалагдах боломжтой. Харин рубелла архаг артрит ховор тохиолдолд үүсгэдэг ч рубеллагийн үүрэг нь тодорхойгүй. Мөн коньюнктивит, тесталги, орхит илрэх боломжтой.
Улаанууд хүндрэх нь ховор ч өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд хүүхдээс илүүтэй тохиолддог. Халдварын дараах энцефалит 6000 улаануудын тохиолдолд ойролцоогоор 1 байдаг бол тууралт гарснаас хойш 7 хоногийн дотор эсвэл тууралтгүй тохиолдох нь бий. Энцефалит дархлаагаар зуучлагддаг бөгөөд аминд аюултай байдал тохиолддог ч тавилан сайн. Геморрагийн хүндрэл 3000-д 1 давтамжтай, насанд хүрэгчдээс хүүхдэд илүүтэй тохиолддог.
Төрөлхийн улаанууд
Улаануудтай холбоотой ихэнхдээ тохиолддог гаж хөгжилд дүлийрэлт, оюуны хомсдол, зүрх судасны гажиг, нүдний гажиг багтдаг.(дэлгэрүүлэн унших бол “TORCH халдвар” сэдвийг уншина уу)
Оношилгоо
Улаануудын ялган оношилгоог халдварт болон арьсны өвчин, эмийн харшил гэх мэт халдварын бус өвчнүүдтэй хийнэ. Халдварт өвчнүүдээс улаан эсэргэнэ, парвовирусын халдварын тууралт ижил тул ялган оношилгоо эн тэргүүнд хийнэ. Насанд хүрэгчдийн парвовирусын халдвар нь артрит болон артралгитай холбоотой байдгаараа төстэй. Росеола (хүний херпес 6 ба 7), энтеровирусын халдвартай холбоотой тууралт, халдварт мононуклеоз, хөнгөн болон вакцин хамааралт улаан бурхан, токсопазмозын тууралт мөн төстэй байх боломжтой.
Өвөрмөц бус лабораторын шинжилгээ бусад өвчнүүдээс улаануудыг ялган оношлоход туслахгүй. Өвөрмөц лабораторын шинжилгээг дараах тохиолдолд хийвэл зохистой.
- Төрөлхийн улаануудын хам шинжийг сэжиглэсэн
- Артрит, цусархаг пурпура, төв мэдрэлийн тогтолцооны эмгэг гэх мэт улаануудын хүндрэл мөн эсэхийг тодохойлох
Улаануудын халдварыг рубелла-өвөрмөц IgM эсрэгбиеийг энзим холбоот дархлаа оношилгоогоор (EIA) илрүүлж онош батлах нь хамгийн нийтлэг арга юм. Шууд бус EIA нь парво вирус, Эпштейн Барр вирус, цитомегаловирус гэх мэт вирусын халдвар, ревматойд фактор илэрсэн байгаа тохиолдолд хуурамч эерэг гарч болзошгүй тул EIA –аас илүү өвөрмөц байдаг.
Өвөрмөц IgM эсрэгбие эрт буюу тууралт гарч эхлэсний дараах 4 өдрөөс илэрч, удаан хадгалагддаг буюу 6 – 8 долоо хоног хадгалагддаг.
Жирэмсэн эмэгтэйн хамар-залгиурын шүүрлээс вирусыг ялган улаануудын халдварыг батлах боломжтой. Төрөлхийн халдварыг хүйн цус, ихэс төдийгүй хамар залгиурын шүүрэл, шинэ нярайн шээснээс вирусыг өсгөвөрлөн оношийг батлаж болно. Энэхүү арга нь арга аргачлалын хувьд төвөгтэй, өндөр үнэтэй байдаг тул хэрэглэх нь ховор. Урвуу транскриптаз полимераз гинжин урвалын аргаар ургийн шингэн болон бусад хэсгээс авсан материалд рубелла РНХ-г илрүүлснээр умай умай доторх улаануудын халдварыг оношлож байна.
Эмчилгээ
Эмчилгээ нь үндсэндээ дэмжих тусламжаас тогтдог. Өвөрмөц эмчилгээ байхгүй.
Цочмог улаануудын тохиолдол болон төрөлхийн улаануудын хам шинж аль алинд нь өвөрмөц эмчилгээ үгүй тул урьдчилан сэргийлэх нь хамгийн оновчтой сонголт юм. Жирэмсэн үеийн улаануудын халдварын үед лабораторын оношилгоо, бүрэн эрсдлийн үнэлгээ, зөвлөлгөөг бүрэн хийсэн байх шаардлагатай. Гажигаас хамаарч төрөлхийн улаануудын хам шинжтэй хүүхдийг тухайн боломжит нарийн мэргэжлийн эмч рүү илгээнэ.
Урьдчилан сэргийлэлт
Улаануудын вакцины зорилго нь таралхийн олдмол улаануудаас сэргийлэх юм. Төрөлхийн улаануудын хам шинжийг бууруулахын тулд бага насны бүх хүүхдийг дархлаажуулах шаардлагатай. Амьд сулруулсан рубелла вакциныг насанд хүрсэн эмэгтэйчүүд болон бэлгийн бойжилтын өмнөх насны эмэгтэй хүүхдүүдэд улаануудаас сэргийлэхэд үр дүнтэй нь эн тэргүүнд харагдсан ч эдгээр насны бүлгийн эмэгтэйчүүдийг сонгомлоор вакцинжуулахад (Нэгдсэн Кингдом-д) төрөлхийн улаануудын хам шинжийн тохиолдлыг бууруулж чадаагүй юм.
Вакцинжуулалт
Өнөө үед хүний диплойд эсүүдэд ургуулсан RA/23 омгийг улаануудын вакцинаар хэрэглэх боломжтой. 12 сар, түүнээс дээш насны бүх хүн энэхүү сулруулсан амьд вакцины багадаа нэг тунг хийлгэхийг зөвлөдөг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас улаан бурхан, гахай хавдар, улаануудын вакцины эхний тунг 12-18 сартайд, хоёрдах тунг 36 сартайд хийхийг зөвлөдөг. Харин Нэгдсэн Улсад дээрх гурав дээр варицелла вакциныг нэмсэн дөрвөл вакциныг эхний тунг 12-15 сартайд, хоёрдах тунг 4-6 настайд сургуульд орох үед хийж байна.
Гаж нөлөө – Улаануудын вакцин ерөнхийдөө зохимж сайтай. Гурвал эсвэл дөрвөл вакцин тариулсан хүүхдүүдийн 5-22% нь вакцин хийлгүүлсний дараах 5-14 хоног халуурдаг. Халууралт бага зэргийн байдаг ч 12-24 сартай хүүхдэд халууралтын таталт үүсэхийг үгүйсгэхгүй. Халууралтын таталт гурвал вакцин хийлгэснээс дөрвөл хийлгэсэн хүүхдэд илүүтэй тохиолддог. Хүүхдүүдийн ойролцоогоор 5%-д хөнгөн зэргийн тууралт гарч, тунгалгийн зангилаа үл ялиг томрох боломжтой. Үений илрэл бага насны хүүхдэд ховор. Артралги хүүхдүүдийн ойролцоогоор 0,5%-д тохиолддог бөгөөд үргэлж захын үеүдэд илэрдэг.
Бэлгийн бойжилтын дараах насныханд ойролцоогоор 25%-д түр зуурын артралги, ойролцоогоор 10%-д артрит дархлаажуулалтын дараах 7-21 хоногт тохиолддог. Вакцинжуулалтын улмаас түр зуурын үений эмгэг илрэх нь байгалийн халдвар всны дараах үений эмгэгээс бага тархалттай байдаг. Цочмог захын неврит өмнө нь хэрэглэдэг байсан амьд сулруулсан рубелла вакцин хэрэглэхэд илэрдэг байсан бол өнөө үед хэрэглэж буй RA 27/3 вакцин хэрэглэсэн үед ховор юм.
Гурвал вакцин нь аутизм, архаг артрит, үений болон бусад архаг эмгэг, асептик менингит, бага тархины атакси, Кроны өвчин, эдгээр эмгэгүүдтэй хамааралгүй.
Эсрэг заалт – Үндсэндээ жирэмсэн болон дархлаа дарангуйлагдсан хүмүүст улаануудын вакицн тарих эсрэг заалттай. Учир нь вакцин ихсээр нчвтрэн вакцины омог урагт халдвар үүсгэдэг тодорхойлогдсон. Гэхдээ ургийн гажиг үүсгэдэг нь батлагдаагүй.
Хими эмчилгээ хийлгэж буй хавдартай өвчнүүд, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж буй эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүн, төрөлхийн дархлаа дутмагшилтай хүмүүс улаануудын вакцин хийлгэх нь зүйтэй. ДОХ-той хүмүүс улаануудын вакцин хийлгэх боломжтой ч хүнд зэргээр дархлаа дараунгуйлагдсан (ж нь CD4 <15%, эсвэл хэрвээ 5-аас дээш настай бол CD4 тоо <200 эс/микроЛ) бол улаануудын вакцин хийх эсрэг заалттай.
ТNF –альфа зэрэг биологийн дархлаа зохицуулагч эмчилгээнд шаардлагатай насанд хүрэгч болон хүүхдэд хэрвээ боломжтой бол эмчилгээ эхлэхийн өмнө улаануудын вакцин хийлгэсэн байх нь зүйтэй. Мөн кортикостеройд өндөр тунгаар (2 мг/кг, эсвэл өдрийн 20 мг-аас ихээр 14 буюу түүнээс дээш хоног хэрэглэх) хэрэглэсэн өвчтөнд дархлаажуулалтыг багадаа 1 сарын дараа түүнээс удаан хугацааны дараа хэрэглэх нь зүйтэй.
Харшлын урвал өгөх нь ховор ч, тохиолдох нь бий. Вакциныг тахины үр хөврөлийн эсийн өсгөвөрт ургуулдаг тул овальбумин агуулдаг ч хэмжээ нь ач холбогдолтой биш. Тиймээс вакцины найрлага дах желатин, неомицин, болон бусад бүрэлдэхүүнээс харшил үүсдэг болов уу. Анафилакс урвал ховор тохиолддог ч өвчтөнд өндөгний харшлын сорил тавих шаардлагагүй.
Дархлаа дарангуйлагдсан өвчтний гэр бүлийн гишүүдэд улаанууд өвчинд дархлаа тогтоогүй хүн байвал дархлаажуулах боломжтой.
Хяналт
Улаануудаар өвчилсөн хүүхдийг тууралт гарсан даруйд оношлон сургууль эсвэл өдөр өнжүүлэхээс 7 хоног чөлөөлөх нь зүйтэй.
Эх сурвалж:
- Uptodate “Rubella” | Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо: May 04, 2015
- Judith M. Hu¨bschen, PhD; and Claude P. Muller, MD “Rubella and congenital rubella” Conns Current Therapy 2015
Гэрэлээ
Сайн байна уу? Жирэмсэний эрт үед мэдэлгүй хийлгэсэн бол урагт нөлөөлөхгүй гэж найдаж болох уу? Анхны хүүхдээ төрүүлмээр л байдаг. Өрхийн эмч жирэмслэлтийг таслан зогсоох заалт байхгүй гэх юм. Сүүлд нь гарсаныхаа дараа ч юмуу том болоод ямар нэг өвчтэй болох вий гэж санаа зовоод байна. Хариу өгөөрэй 🙂
27/05/2016 15:11
Оргилболд
Та нарийн мэргэжлийн эх барих эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авч, жирэмсний явцаа хянуулахыг бодолцоорой.
31/05/2016 21:46
доогий
Сайн байна уу урагт зүрх тархи мэдрэл хараа сонсгол мэдрэлд нөлөөлж байгаа эсэхийг хоерол тест 3 л тестээр эсвэл эхогоор бүрэн тодорхойлох боломжтой юу
22/08/2016 00:08
зочин
Сайн байна уу. Манай эхнэр улаануудын халдвар аваад мэдэлгүй яваад хүүхдээ төрүүлсэн. Одоо тэгэхээр манай хүүхэд ТУХШтэй гэсэн үг үү. бүрэн эмчлэгдэх арга байгаа юу
06/09/2016 16:25