Шумууланд хазуулах үеийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Шумууланд хазуулсны дараа түүний шүлсэнд байдаг уургуудын эсрэг дархлааны хариу урвал өрнөнө. Шумууланд хазуулсан ихэнх хүмүүст дархлааны хариу урвал өрнөдөг ч цөөн тооны хүмүүст эмнэлзүйн ач холбогдол бүхий харшлын урвал өрнөдөг (хэсэг газрын ноцтой хариу урвал).

Энэ сэдвийн хүрээнд шумууланд хазуулсны улмаас гарч болох хариу урвалын талаар товч мэдээлэл хүргэнэ. Түүнчлэн хэсэг газрын ноцтой урвалын эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар өгүүлэх юм.

Шумууланд хазуулсны дараах хариу урвалын хэлбэрүүд

Ердийн хариу урвал — Шумууланд хазуулсан арьсны хэсэгт тэр дороо улаан хүрээтэй гүвдрүү үүсч 20 минутын дараа хамгийн том хэмжээнд хүрнэ. Улмаар 24 – 36 цагийн дараа загатнасан хатуу тогтоц бүхий гүвдрүү болоод дараагийн 7 – 10 хоногт эдгэрнэ.

Анх 1940 – өөд оны үед шумуулны шүлсэнд мэдрэг байх, мөн байгалийн десенсибилаци буюу мэдрэгшил нь буурдаг зэрэг эмнэлзүйн талаарх ойлголтууд гарч эхэлсэн. Гэвч энэ ойлголт нь бие хүний хувьд хэдэн сар эсвэл жилээр тооцогдоно.

Өмнө нь хэзээ ч шумууланд хазуулж байгаагүй хүмүүс анх удаа шумууланд хазуулахад онцгой хариу урвал илрэхгүй. Харин давтан хазуулахад арьсны хэсэг газрын хариу урвал илэрнэ. Давтан хазуулах бүрт хазуулсны дараах гүвдрүү богино хугацаанд үүснэ. Нэг нутагт удаан амьдарч тухайн бүсийн шумууланд байнга хазуулдаг хүмүүсийн хувьд эцэстээ хазуулсны дараах хариу урвал илрэхээ больдог. Шумууланд хазуулсны дараах ердийн хариу урвал төвөгтэй боловч аюулгүй.

1990 – ээд оны үед шумууланд хазуулсны дараах мэдрэгшил, байгалийн десенисибиляци зэргийн дархлааны үндэслэлтэй шинжлэх ухаанч тодорхойлолт гарсан. Хэсэг газрын хариу урвалд иммуноглобулин Е (IgE), иммуноглобулин G (IgG), лимфоцитууд оролцдог. Шумуулны шүлсний булчирхайн – өвөрмөц (IgG), (IgE) нь шумууланд хазуулсны дараах богино хугацааны хариу урвалд оролцдог бол хожуу үеийн дархлааны хариу урвалд лимфоцитууд оролцоно.

Шумууланд хазуулсны дараах хэсэг газрын ноцтой хариу урвал /Large local reactions to mosquito bites/ — Энэхүү хариу урвал нь харшлын ердийн хариу урвалаас илүү ноцтой хэлбэрээр өрнөнө.

  1. Хэсэг газрын ноцтой хариу урвал (зарим үед “Skeeter syndrome” гэж нэрлэдэг) – н үед загатнасан эсвэл өвдөлттэй, халуу асгах, хавдах, 2 – 10 см диаметрийн хэмжээтэй хатуу гүвдрүү бүхий улаан талбай үүснэ. Хазуулсны дараах хэдхэн цагийн дотор үүсч, 8 – 12 цагийн хооронд даамжиран, 3 – 10 өдрийн дотор намдана.
  2. Хэсэг газрын хариу урвал нь нүдний аяга эсвэл нүүр, мөчдийг бүхэлд нь хамарсан байж болох ба ялангуяа нярай бага насны хүүхдүүдэд илүү тод илэрнэ. Мөн харах, идэж уух, мөчдөө хөдөлгөхөд төвөг болохуйц хэмжээнд ч хүрнэ. Түүнчлэн, бага зэрэг халуурах, сульдах шинжүүд ч хавсарна.
  3. Бодит үзлэгээр шумууланд хазуулсан харшилын урвал болон нянгийн халдварын улмаас хоёрдогчоор үүссэн үрэвсэл (целлулит) хоёрыг хооронд нь ялгахад төвөгтэй. Тийм учраас өвчний түүхийг сайн цуглуулах хэрэгтэй. Шумууланд хазуулсан эсэх, шумуултай орчиноор зорчсон буюу тухайн зовиур хазуулсны дараах хэдий хугацаанд илэрсэн зэргийг тодруулах хэрэгтэй. Шумууланд хазуулсны дараах хэсэг газрын ноцтой хариу урвал хэдэн цагийн дотор илэрдэг бол бактерийн халдвар хэдэн өдрийн дараа эхэлсэн байдаг онцлогтой.
  4. Зарим үед, хэсэг газрын хариу урвал цус харвалттай, бэлцрүү, цэврүү үүссэн байдалтай байх нь ч бий.
  5. Харшилын ерөнхий урвал— Шумууланд хазуулсны дараах харшилын системийн хариу урвалын үед гүвдрүүт эсвэл бүх биеийг хамарсан цочмог загатнаат тууралт гарахын зэрэгцээ ховор тохиолдолд, анафилакси, лимфаденопати, элэг – дэлүү томрох, өндөр халуурах, шумууланд хазуулсан арьсны хэсэгт үхжил үүсэх зэрэг шинжүүд илэрч болно. Эдгээр харшилын хариу урвалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэ хэсэгт нийтлэхгүй.

ТАРХВАРЗҮЙ — Шумууланд хазуулаад харшилын урвал үүсэх эрсдэлтэй бүлгийн хүмүүст:

  1. Аялал зугааллага, судалгаа шинжилгээний ажилаар хөдөө орон нутгаар их явдаг бол
  2. Нярай эсвэл бага насны хүүхдүүдэд дархлааны хариу урвал бүрэн үүсч хөгжөөгүй үед шумууланд хазуулж мэдрэгшил үүссэн байгаа бол
  3. Тухайн бүс нутагт шинээр ирсэн хүмүүс өмнө нь тухайн бүс нутгийн шумуулын зүйлээр хазуулж байгаагүй бол
  4. Анхдагч эсвэл хоёрдогч дархлал хомсдолтой өвчтнүүдэд шумуулны шүлсний булчирхайн антигенийн эсрэг антибоди парадоксаль маягаар өндөр хэмжээтэй байх

ОНОШИЛГОО — Шумууланд хазуулсны дараах хэсэг газрын ноцтой хариу урвалыг өвчний түүх, бодит үзлэгт тулгуурлан оношилно. Лабораторийн сорилууд худалдааны зах зээлд элбэг биш байдаг.

Өвчний түүх, бодит үзлэг — Шумууланд хазуулсны дараа хэдий хугацаанд хариу урвал илэрсэн, бодит үзлэгээр шумууланд хазуулсан хэсэгт загантнасан, улайсан, халуу асгасан, хавдсан өөрчлөлтүүд байгаа эсэхийг тогтооно.

ЯЛГАН ОНОШИЛГОО — Шумууланд хазуулсны улмаас үүссэн хэсэг газрын ноцтой хариу урвалыг бактерийн целлулит, бусад шавьжаар хазуулсан буюу хатгуулсаны улмаас үүссэн хариу урвалуудаас ялган оношилно.

Бактерийн целлулит — Шумууланд хазуулсны улмаас үүсэх хэсэг газрын ноцтой хариу урвалыг целлулитээс ялгах үндэс нь шумууланд хазуулсны дараах хугацаа ба хазагдсан газарт загатнасан, улаан, хаван бүхий өөрчлөлт илрэх явдал юм. Энэхүү өөрчлөлт нь шумууланд хазуулсан үед хэдэн хормоос хэдхэн цагийн дотор үүсдэг бол целлулит болвол хэдэн өдрийн дараа эмнэлзүй илэрдэг.

Бусад шавьжаар хазуулсан буюу хатгуулсаны улмаас үүссэн хэсэг газрын хариу урвал — Шумууланд хазуулахад өвдөлтгүй байдаг, харин эсрэгээрээ балт зөгий, хэдгэнэ, шар зөгий, морин зөгий зэрэг нь өвдөлттэй хэсэг газрын хариу урвал үүсгэдэг.

Хэсэг газрын ноцтой хариу урвалыг эмчлэх, урьдчилан сэргийлэх — Шумуулнаас хол байх, Н1 антигистамин уух зэрэг нь урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ордог бол хэсэг газрын ноцтой хариу урвалын эмчилгээнд антигистамин, бүр ноцтой урвалын үед глюкокортикойд хэрэглэнэ. Харин манай Монголчуудын хувьд шумууланд ихээр хазуулсан бол хазагдсан гүвдрүүнд тараг, айраг, шархай зэргийг түрхэж арга хэмжээ авдаг нь хөдөөний айлуудын хувьд ихэд дэлгэрсэн арга билээ.

Шумуулнаас зайлсхийх — Гэр, сууцныхаа ойролцоох шумуулын популяцийг багасгахад чиглэсэн ахуйн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Санал болгох зарим зүйлсийн талаар товч өгүүлье.

  1. Шумууланд хазуулахаас сэргийлж өдөр тутмын үйл ажиллагаандаа зохицуулалт хийх хэрэгтэй. Үүр цайх болон үдшийн бүрийгээр гэртээ байж, ус чийгтэй газраар явахаас зайлсхийх хэрэгтэй.
  2. Гэр, хашааны ойролцоох тогтоол усыг /борооны ус гэх мэт/ үгүй болгох нь шумуулын үржлийг бууруулах ач холбогдолтой. Хаалга, цонхонд торон хаалт хийх нь салхи агаар нэвтрүүлэх үед гэрт шумуул орохоос сэргийлнэ.
  3. Шавж устгадаг permethrin гэх бодисыг гэр орны эд хогшилд, хувцас, унтлагын хөнжил зэрэгт цацах нь тохиромжтой бөгөөд хүний арьсанд шууд хүрэлцүүлж болохгүй. Permethrin – нэвчүүлсэн хувцас худалдаанд байдаг
  4. Шавжны эсрэг бодисууд янз бүрийн хэлбэр, концентрацитай зах зээлд худалдаалагддаг. Хамгийн үр дүнтэй шавжны эсрэг бодис бол DEET (N,N-диэтил-3-метилбензамид) болон пикаридин /picaridin/ юм.
    • Хүмүүс биеийн үнэр, арьсны температур, амьсгалаар гаргаж буй нүүрстөрөгчийн хийгээр өөрсөддөө шумуулыг татдаг. DEET – агуулсан бүтээгдэхүүнүүд шумууланд хазуулахаас сайн хамгаалдаг. DEET бодисын агууламж өндөр байх тусам хамгаалах хугацаа урт байна. DEET – н бодис 10% хүртэл агуулсан бүтээгдэхүүнийг 2 сараас дээш настай хүмүүст арьсан түрхэж хэрэглэхэд аюулгүй. DEET бодисыг өндөр концентрацитай агуулсан бодисыг гэмтсэн эсвэл наранд түлэгдсэн арьсанд түрхэх, санамсаргүй байдлаар амьсгалах буюу идсэн тохиолдолд мэдрэл хордуулах нөлөөтэй. DEET нь уусгах нөлөөтэй тул шумуулны тор, даавуу, шир, пластик нүдний шил, цагийг ч уусгах боломжтой.
    • Пикаридин нь хүний арьсанд наалдах шавжийн чадварыг саатуулдаг. Энэ бодис нь үнэргүй, арьсанд наалдадгүй, удаан хугацааны үйлчилгээтэй (8 – 10 цаг). DEET – тэй харьцуулахад пикаридин нь шумуулны эсрэг илүү үйлчилгээтэй, хордуулах нөлөө багатай. 2 сараас дээш настай хүмүүст пикаридиныг хэрэглэхэд аюулгүй.
    • Цитронелла /citronella/, лимон эукалиптус тос /lemon eucalyptus oil/ зэрэг бусад бодисууд үйлчлэл багатай, богино үйлчилгээтэй. Жишээлбэл, цитронелла ердөө 20 минут үйлчилдэг бол эукалиптус тос 2 цаг үйлчилдэг.
sawyer-picaridin-insect-repellent-spray-22

Зураг 2. Пикаридин

deet-repellent-featured

Зураг 3. DEET агуулсан шумуулны эсрэг бодис

which-is-better-insect-repellent-for-kids

Зураг 3. Пикаридин болон DEET хоёрын ялгаа. Пикаридин хүүхдэд илүү зохимжтой

Антигистамин —  Эмнэлзүйн тохиолдол – хяналт, туршилтын судалгаагаар шумууланд хазуулсан өвчтнүүдийг лабораторийн нөхцөлд урьдчилан сэргийлэх зорилгоор цетиризин, лоратадин, фексофенадин гэх мэт гаж нөлөө багатай Н1 антигистамин эмүүдийг ууж хэрэглэхэд харшилын урвалын эхэн үед загатнааг бууруулж, харшилын урвалын хожуу шатны хариу урвалыг (улайх, хавдах, хатуу гүвдрүү үүсэх) ч бууруулж байжээ.Тийм учраас бид шумууланд хазуулсан үед шинж тэмдгийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилгоор гаш нөлөөг бууруулсан гистамины эсрэг эмийн бодисуудыг хэрэглэхийг зөвлөж байна.

Глюкокортикойд — Хэсэг газрын ноцтой хариу урвалыг эмчлэхийн тулд глюкокортикойд хэрэглэдэг.

  1. Загатнах, улайх, хавдах, халуу асгах зэрэг шинжүүдийг намдаахад хэсэг газрын глюкокортикойдын /Mometasone1%/ тосон түрхлэгийг өдөрт 2 удаа 5 – 10 өдөр түрхэнэ.
  2. Хэрвээ эмнэлзүй хүндэрсэн, маш их зовиуртай хариу урвал өрнөвөл преднизоныг 1 мг/кг тунгаар, өдрийн дээд тун 50 мг, 5 – 7 өдөр ууна.

Шумууланд хазуулсан үед антибиотик эмчилгээ зөвлөдөггүй. Учир нь бактерийн халдвар ийм богино хугацаанд үүсдэггүй юм.


Эх сурвалж: Uptodate.com Literature review current through: May 2016. | This topic last updated: Nov 18, 2015.