Ураг орчмын шингэний физиологийн зохицуулга

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Ургийн ус нь тунгалаг, бага зэрэг шарангуй өнгөтэй шингэн юм. Ургийн усны хэмжээ жирэмсний тээлтийн 34 долоо хоногтойд хамгийн их буюу дунджаар 800 мл, харин төрөх үед дунджаар 600 мл орчим байдаг.

Ураг орчмын шингэний найрлага:

  • 98 – 99% – г ус,
  • 1 – 2% – г усанд уусдаг болон уусдаггүй бодисууд, тухайлбал уураг, электролит, липид, энзимүүд болон ургийн гуужсан арьс, шээс, амьсгал, ходоод – гэдэсний замын эсийн бүтээгдэхүүнүүд /EGF, ТGF, IGF, EPO, G-CSF/ бүрдүүлнэ.
  • Ургийн усны рН – 7,06 +- 0,01.
  • Хувийн жин 1,007 – 1,025 байна.

Үүрэг

  • Ургийг гадны нөлөөнөөс хамгаалах
  • Хөврөл чөлөөтэй хөдөлж, өсч хөгжих
  • Хүй хавчигдаж дарагдахаас хамгаалах
  • Бодисын солилцоонд оролцох
  • Төрөх үед умайн хүзүүний нээлтэнд нөлөөлөх
  • Ургийн уушгины хөгжилд оролцох
  • Ургийн арьсийг чийгшүүлэх
  • Ургийг халдвараас хамгаалах
  • Ургийн биеийн дулааныг зохицуулах

Ураг орчмын шингэний эх сурвалж

Ургийн шингэн үүсгэдэг хэд хэдэн эх сурвалж бий. Жирэмсний тээлтийн хугацаанаас хамаарч ургийн усны үүсэх газар өөрчлөгддөг.

Жирэмсний эрт үе – Жирэмсний эрт үед үр хөврөлийг шингэний хоёр хүүдий хүрээлж байдаг. Амнионы хүүдий /amniotic sac/ нь ураг орчмын шингэн, экзокоэломийн хөндий /exocoelomic cavity/ нь коэломийн шингэн (үр хөврөлийн гаднах коэломийн шингэн /extraembryonic coelomic fluid/) агуулна. Эдгээр хүүдий нь үр хөврөлийн хэмжээнээс харьцангуй их шингэн агуулна.

Коэломийн шингэн /Coelomic fluid/  — Коэломийн шингэн нь жирэмсний тээлтийн 7 дахь долоо хоногоос эхлэн хөгжиж буй хорион бүрхүүл болон амнионы мембран хооронд үзэгдэж эхэлнэ. Жирэмсний тээлтийн 10 дахь долоо хоногт хамгийн дээд эзлэхүүнд хүрч улмаар жирэмсний тээлтийн 12 – 14 долоо хоногт амнион болон хорион бүрхүүлийн мембранд шимэгдэн бүрэн арилна. Коэломийн шингэний зохицуулгын механизмын талаар тодорхой ойлголтонд хүрээгүй байгаа ч уг шингэний найрлага, физик чанарыг өргөн тодорхойлсон бөгөөд ялангуяа ургийн хөгжилд шаардлагатай биохимийн маркеруудад чухал нөлөө үзүүлдэг гэж үздэг.

Коэломийн шингэний найрлага нь эхийн сийвэнтэй адилхан харин ураг орчмын шингэнээс ялгаатай байгаа нь түүний эх сурвалж нь эхийн цусны сийвэн байж болохыг харуулж байгаа юм. Гэвч, эхийн цусны сийвэнгээс хэрхэн үүсч байгааг тодорхойлоогүй. Эндометрийн булчирхайн шүүрлийг бас нэгэн эх сурвалж нь байж болох юм гэж үздэг.

Коэломийн шингэн шимэгдэн алга болох үзэгдлийн шалтгаан ч тодорхойгүй. Экзокоэломийн хөндийн шингэн нь амнионы мембранаар дамжин ургийн шингэнрүү ордог нь коэломийн шингэнийг ураг орчмын шингэний эрт үеийн эх сурвалж гэж хэлж болохоор байна.

Aмнионы шингэн  — Ураг орчмын шингэний эзлэхүүн үр хөврөлөөс урагт шилжих үед (жирэмсний тээлтийн 10 дахь долоо хоног) нэмэгддэг. Жирэмсний эрт үед ураг орчмын шингэний үндсэн гурван эх булаг байдаг:

  • Ихсийн ураг талын гадаргуу
  • Амнион бүрхүүлээр дамжих шингэн
  • Үр хөврөлийн биеийн гадаргуугийн шүүрэл

Жирэмсний тээлтийн дунд үе  — Ургийн шээс амнион бүрхүүлд орохын зэрэгцээ үр хөврөлөөс урагт шилжих үеээс ураг ураг орчмын шингэнийг залгиж эхэлнэ. Гэвч, шингэний урсгалын эзлэхүүн харьцангуй бага байна. Мөн энэ үед ургийн уушги ураг орчмын шингэнрүү шүүрэл ялгаруулж эхэлнэ.

Жирэмсний тээлтийн сүүл үе — Хөгжиж буй ураг хангалттай өсч төрөх дөхсөн үед ураг орчмын шингэний эзлэхүүн, түүний урсгалыг үнэлэхэд хялбар болно.

Төрөх хугацаа дөхсөн үед ураг орчмын шингэнийг үүсгэх ба шимэгдүүлэх үндсэн хоёр эх сурвалж бий болдог:

  • Үүсэлт — ургийн шээс ба ургийн уушгины шингэн
  • Цэвэршүүлэлт — ургийн залгилт ба мембран хоорондын шимэгдэлтийн зам

Мембран хоорондын шимэгдэлтийн зам нь ус ба бусад бодисууд ургийн цус ба ураг орчмын шингэн шууд солилцоонд орох байдлыг илэрхийлж байгаа юм. Энэхүү тогтолцоо нь ихсийн ураг талын гадаргуугийн бичил цусны судас ба амнионы мембраны судасжилтийн гадаргуу хооронд явагдана. Хүйн хөвч, ургийн арьсаар шигэний шилжилт явагддаг ч жирэмсний тээлтийн 22 – 24 долоо хоногтойд арьсны эвэршилт явагддаг тул шингэний урсгал хязгаарлагддаг. Мөн хориоамнионы мембран ба ихсийн акуапорин (ус уургийн солилцоо хийдэг эсийн мембраны уураг) уураг нь мембран хоорондын шингэний солилцоонд чухал үүрэгтэй оролцдог байж болно.

Ураг орчмын шингэнийг үүсгэх ба шимэгдүүлэх үйл ажиллагааг хангадаг өчүүхэн эх сурвалж:

  • Үүсэлт  — ургийн ам – хамрын хөндийн шүүрэл
  • Цэвэршүүлэлт — мембраны шимэгдэлтийн зам

Мембраны шимэгдэлтийн зам нь ураг орчмын шингэн ба децидуаль болон миометрээр дамжих эхийн цус хоорондын солилцоог хэлнэ. Ургийн нэг хэсгээс нөгөө хэсэгт дамжуулдаг мембран хоорондын урсгалаас ялгаатай нь мембраны шимэгдэлтийн солилцоо нь эх ба ургийн хооронд явагддагт оршино.

Мембраны ба мембран хоорондын шимэгдэлтийн аль ч зам нь ус ба ууссан бодисуудыг эсрэг зүгт зөөвөрлөдөг бол бусад замууд зөвхөн ус ба ууссан бодисыг нэг чиглэлд л шилжүүлдэг.

Ураг орчмын шингэний ихэнх эзлэхүүн нь эхээс ихсээр дамжин урагт шилжинэ. Эхийн усжилтын байдал өөрчлөгдөх нь ураг орчмын шингэнд ч нөлөөлдөг ажээ.

Ургийн өдөр тутам ялгаруулах шээс ба ургийн залгих үйл ажиллагаа нь ураг орчмын шингэний үүсэлт, цэвэршүүлэлтийг тодорхойлдог хамгийн сайн судлагдсан үйл явц мөн. Төрөх хугацаа дөхсөн ургийн ураг орчмын шингэний өдөр тутмын эзлэхүүнийг үнэлвэл:

Ургийн шингэний үүсэлт:

  • Ургийн шээсний үүсэлт — 800 – аас 1200 мл/өдөр
  • Ургийн уушгины шингэний шүүрэл — 170 мл/өдөр
  • Ам – хамрын шүүрэл — 25 мл/өдөр

Ургийн шингэний цэвэрлэгээ:

  • Мемрбаны урсгал —10 мл/өдөр
  • Мембран хоорондын урсгал — 200- аас 400 мл/өдөр
  • Ургийн залгилт — 500 – аас 1000 мл/өдөр

Ургийн шингэн нь 3 цаг тутам бүрэн шинэчлэгдэнэ. Эдгээр тоог амьтны загвар ашигласан олон туршилтуудаас гаргаж авсан юм.

Схем. Ураг орчмын шингэний эргэлт

Ургийн шээс – Ургийн өдрийн шээсний хэмжээг ойролцоогоор ургийн биеийн жингийн 30% гэж үздэг. Нэг цагт ялгарах шээсний эзлэхүүн ургийн өсөлтийн явцад аажмаар нэмэгддэг ба жирэмсний тээлтийн 22 долоо хоногтойд 2 – 5 мл, 40 долоо хоногтойд 30 – 50 мл болж нэмэгдэнэ. Жирэмсэн эхийн цусан дахь натрийн хэмжээ багасах нь ургийн шээсний гарцыг нэмэгдүүлж, ихсээр дамжих усны осмос урсгалыг идэвхжүүлэн ураг орчмын шингэний зохицуулгад оролцоно. Эхийн байрлалаас хамаарч ургийн шээсний эзлэхүүний хэмжилт янз бүрийн үр дүнд хүргэж болно. Тухайлбал, эх тайван амарч зүүн талаараа хэвтэж байгаа үед ургийн шээсний гарц нэмэгддэг. Ургийн шээсний үүсэлтэнд нөлөөлдөг өөр нэгэн хүчин зүйл бол төрөхөөс өмнөх хугацаа юм. Төрөхөөс 14 хоногийн өмнө нэг цагт ялгарах ургийн шээсний гарц буурдаг. Хэдий тийм ч гэлээ, гурван хэмжээст ЭХО ашигласан нэгэн үзлэгээр ургийн давсагны эзлэхүүн төрөх үед 125 мл байсныг тэмдэглэжээ. Энэхүү үнэлгээ нь ургийн залгилтын хэмжээ, мембран хоорондын урсгалын эрчмээм хол зөрүүтэй байгаа учир баттай үнэлгээ шаардлагатай.

Ихсийн дутагдалд хүргэдэг эмгэг нөхцлүүд (жнь: манас таталтын урьдал, ургийн өсөлт баригдах гэх мэт) нь ургийн шээсний гарцыг бууруулдаг бол зүрхний дутагдалтай холбоотой эмгэг нөхцлүүдэд (жнь: ургийн цус багадалт, ховдлын дээрх тахикарди, ургаас урагт цус юүлэгдэх хам шинж /twin-twin transfusion syndrome/) шээсний гарц нэмэгддэг. Түүнчлэн, ургийн шээсний замд саад учирвал шээсний гарцанд сөргөөр нөлөөлдөг.

Ургийн уушгины ялгаруулалт  — Хөгжиж буй уушги өөрийнхөө өсөлтийг илүү их хангахын тулд маш их хэмжээний шингэн шүүрүүлэх шаардлагатай байдаг. Илүүдэл шингэн нь ураг амьсгалах үед цагаан мөгөөрсөн хоолойгоор гадагшилна. Энэхүү шингэний ойролцоогоор 50% нь (170 мл/өдөр) залгигдаж үлдсэн нь ураг орчмын шингэнд нэвчих тул ургийн уушги хөгжсөн эсэхийг үнэлэх үндэс болно. Уушгины шингэний шүүрэл ургийн бүтэлтийн үед багасдаг. Үүнээс гадна, төрөлгийн явцад ургийн уушгины шингэний шүүрлийн үүсэлт зогсож үлдэгдэл шингэн нь уушгины лимфрүү шимэгддэг. Харин эсрэгээрээ, ямар нөхцлүүдийн үед ургийн уушгины шингэний шүүрэл нэмэгддэг нь тодорхойгүй байна.

Ургийн залгилт  — Жирэмсний тээлтийн хугацаа нэмэгдэхтэй зэрэгцэн ургийн залгилт ихсэнэ. Жирэмсний тээлтийн эхний триместерт залгих – хэлбрийн хөдөлгөөнийг хэт авиан шинжилгээгээр тодорхойлж болдог ч, эдгээр хөдөлгөөнүүд нь гурав дахь триместер хүртэл төдийлөн нарийн ажиглагддаггүй. Шууд болон шууд бус хэмжээсүүдээр ургийн залгилтыг үнэлэхэд, ураг орчмын шингэний 20 – 25% – тай тэнцэх хэмжээний шингэнийг ураг залгидаг гэж тооцхоор байдаг. Биеийн жинтэй нь харьцуулж үзэхэд, энэ хэмжээ нь насанд хүрэгчдийн уух хэмжээнээс хавьгүй илүү байгаа юм. Жирэмсний тээлтийн эрт ба дунд үед ургийн залгилт ургийн шээсний гарцаас бага ажиглагддаг нь ураг орчмын шингэний эзлэхүүний аажим ихсэлттэй холбоотой. Эсрэгээрээ, төрөх хугацаа ойртсон үед ураг орчмын шингэний залгилт нэмэгддэг нь түүний үүсэл буурдагтай холбоотой байж болох юм.

Ураг орчмын шингэний эзлэхүүн нэмэгдэхтэй зэрэгцэн ургийн залгилт ихэсдэг. Гэтэл, зарим үед ургийн залгилт буурах нь анэнцефали гэх мэт мэдрэлийн тогтолцооны гажгийн үед тохиолддог. Мөн, ургийн шингэний залгилт ургийн улаан хоолой эсвэл 12 хуруу гэдэс битүү юмуу бөглөрөлттэй үед буурдаг.

Мембран хоорондын урсгал  — Мембран хоорондын урсгал нь ургийн сийвэн ба ураг орчмын шингэний хоорондын осмос даралтаар нөхцөлддөг. Мембран хоорондын урсгалын хэвийн хэмжээг зөвхөн хонины үр хөврөлд л тооцоолж үзсэн байх юм. Өдөрт 400 мл ус ураг орчмын шингэн ба ургийн цусны хооронд шилждэг болохыг туршилтаар тогтоожээ.

Ам – хамрын шүүрэл ба мембраанаар дамжих урсгал  — Шингэний солилцооны эдгээр замууд ураг орчмын шингэний солилцоонд өчүүхэн байр суурь эзлэх ба хэмжихэд төвөгтэй байдаг тул одоохондоо сайн судлаагүй байна.

Амнионы шингэний осмос, натри ба хлор 

Ураг орчмын шингэний найрлаганд ургийн уушгины шингэн, ургийн шээс оролцдог ба аль аль нь ургийн сийвэнгийн шинж чанараас ялгаатай. Ураг орчмын шингэний найрлага эх ба ургийн бусад шингэнүүдээс ч ялгаатай.

  • Осмос – Ураг ба эхийн цусны осмос шинж чанар нь жирэмсний тээлтийн бүхий л хугацаанд эквивалент байдаг. Ургийн эрт үед ураг орчмын шингэний осмос ургийн цуснаас ялимгүй бага байдаг ба жирэмсний хугацаа нэмэгдэхийн хирээр улам буурдаг. Ураг орчмын шингэний осмосын дундаж хэмжээ төрөх үед 260 mOsm/kg байдаг бол цусны осмос хэмжээ 280 mOsm/kg байдаг. Ургийн шээсний осмос хэмжээ ихэнхдээ ураг орчмын шингэний осмосын 50 – 60% – тай тэнцэх хэмжээний байдаг ч гэсэн төрөх хугацаа дөхсөн үед дааврын зохицуулгаар вазопрессин зэрэг ялгарч ургийн шээсний эзлэхүүн ба осмос чанарыг өөрчилдөг. Уушгины шингэний осмос ургийн сийвэнтэй адилхан байна.
  • Натри – Ураг орчмын шингэний натрийн агууламж ургийн цусны агууламжаас хамаагүй бага. Ургийн шээсэнд агуулагдах натрийн хэмжээ ч гэсэн бага буюу ураг орчмын шингэний агууламжийн 20 – 40% – тай тэнцэнэ. Харьцуулж үзвэл, ургийн уушгины шингэний натрийн агууламж цусны натрийн агууламжаас тодорхой хэмжээгээр бага, ураг орчмын шингэнийхээс харьцангуй их байдаг.
  • Хлор –  Уушгины шүүрэл нь ирээдүйн амьсгалын замруу нэвчих хлорын идэвхитэй шүүрлээр нөхцөлддөг тул уушгины шингэний хлорийн агууламж ураг орчмын шингэний хлорын агууламжаас бараг 2 дахин их байдаг. Ургийн шээсний хлорын агууламж туйлын бага, ураг орчмын шингэний хлорын агууламжийн 10 – 20% – тай л тэнцэхээр байдаг.

Перинаталь үед ургийн баастай эсвэл цустай ургийн шингэнийг залгих нь эрчимт эмчилгээ шаардах амь насанд заналхийлсэн физиолгийн бус нөхцөл болно. Түүнчлэн, бохирдоогүй ч гэсэн их хэмжээний тунгалаг ургийн шингэн залгих нь амьсгалын хүнд хямралд хүргэх нь бий.

Францийн судалгаагаар, ургийн шингэний бүтэлтийн шалтгаант амьсгалын хямрал 9% хүртэл тохиолдож нийт тохиолдлын 10% хүртэл ургийн эндэгдэлд хүргэдэг болохыг тогтоожээ.


Эх сурвалж: Uptodate.com “Physiology of amniotic fluid volume regulation”

This topic last updated: May 27, 2015.