Пиелонефрит ба Шээсний Замын Халдвар /Pyelonephritis and Urinary Tract Infection/

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Пиелонефрит нь бөөрний сувганцар, завсрын эд, бөөрний тэвшинцэрийг хамарсан хамгийн түгээмэл тохиолддог бөөрний өвчинүүдийн нэг юм. Үндсэн 2 хэлбэрээр тохиолдоно. Цочмог пиелонефрит /Acute pyelonephritis/  нь бактерийн халдварын шалтгаанаар үүсдэг бөгөөд бөөрний гэмтэл нь шээс дамжуулах замын халдвартай холбоотой байдаг. Архаг пиелонефрит /Chronic pyelonephritis/  нь илүү цогц эмгэгшил /complex disorder/ үүсгэдэг өвчин юм. Архаг пиелонефритийн үед бактерийн халдвар гол үүрэгтэй оролцох боловч бусад хүчин зүйлүүд (давсаг – шээлэйн сөргөө – /vesicoureteral reflux/, шээс дамжуулах замын бөглөрөл) уг өвчний эмгэг жамд чухал үүрэгтэй. Пиелонефрит нь шээс дамжуулах замын халдварын ноцтой хүндрэл бөгөөд давсагийг үрэвсүүлж цистит (cystitis), бөөр болон сувганцар, завсрын эдийг үрэвсүүлж (pyelonephritis) үүсгэдэг. Дээрх хүндрэлүүд нь дангаараа буюу хам илэрч болдог. Шээсний доод замын бактерийн халдвар бөөрөнд дамжихгүйгээр давсаг орчим байрлаж эмнэлзүйд шинж тэмдэггүй бактерури (asymptomatic bacteriuria) хэлбэрээр илэрч  болно. Гэхдээ, шээсний доод замын халдвар ямагт бөөр, түүний завсрын эдрүү тархах боложтой байдаг.

 Шалтгаан, эмгэг жам

Шээсний замын халдварын  шалтгааны 85% – аас дээш хувийг шээсний замд хэвийн оршин байдаг грам – сөрөг савханцар эзэлдэг. Хамгийн түгээмэл тохиолддог нь гэдэсний савханцар Escherichia coli бөгөөд Proteus, Klebsiella, Enterobacter, Streptococcus faecalis, төдийгүй бусад грам – эерэг бактер, мөөгөнцөрүүд  шээсний доод замын болон бөөрний халдвар үүсгэх эрсдэлтэй. Дархлаа дарангуйлагдсан хүмүүс, ялангуяа  эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүст цитомегаловирус, Polyomavirus, аденовирус гэх мэт үүсгэгчидээр  бөөрний халдвар  тохиолдох нь цөөнгүй.

Шээсний замын халдвартай ихэнх хүмүүст, халдварлуулагч организм нь өвчтөний өөрийнх нь өтгөн – мөрийн замаас халдварласан байна. Үүнийг дотоод шалтгаантай халдвар гэж нэрлэнэ. Халдварлуулагч бактер бөөрөнд хүрэх үндсэн 2 замтай.

  1. Цусны урсгалаар дамжих буюу гематогенийн халдвар (hematogenous infection)
  2. Шээсний доод замаас буюу өгсөх халдвар (ascending infection)
Пиелонефрит

Зураг 1. Пиелонефрит үүсгэх халдварын зам

Гематогенийн шалтгаант халдвар нь ховор тохиолдох ба халдварт эндокардит, септикеми гэх мэт алсын халдварын голомтоос бөөрөнд дамжиж үрэвсүүлдэг. Шээсний замын бөглөрөл, удаан хугацаанд өвдөж бие нь суларсан өвчтөн, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдэд гематоген шалтгаант бөөрний халдвар үүсдэг бөгөөд үүсгэгч нь гэдэсний бус организмууд буюу стафилококк, вирус, мөөгөнцөр байна.

Өгсөх халдвар эмнэлзүйн пиелонефритийн хамгийн түгээмэл тохиолдох шалтгаан билээ. Эрүүл хүний давсаг, давсаганд агуулагдах шээс ариун байдаг учир бөөрний халдвар үүсэхэд хэд хэдэн шатыг дамжих шаардлага гарна.

  1. Шээсний сүвээс давсаганд халдвар дамжих / From the urethra to the bladder/: Шээсний катетер болон бусад ажилбарын улмаас шээсний сүвийн хэсэг газар колони үүсгэсэн эмгэг төрөгчид  давсагруу халдварлагдана. Удаан хугацаанд катетертай байх нь халдвар дамжих өндөр эрсдэл дагуулна. Ямар нэгэн багажийн оролцоогүй байлаа ч эмэгтэй хүмүүст бэлэг эрхтний байрлал, шээсний сүвийн богинохон байдал, шээх үед шээсний сөргөө урсгал үүсдэг, антибактерийн үйлчлэлтэй түрүүн булчирхайн шүүрэлгүй, дааврын өөрчлөлт байнга тохиолдож байдаг нь эмгэг төрүүлэгчийн адгезийг нэмэгдүүлдэг, бэлгийн харьцаанд орох үед бичил гэмтэл үүсэх болон эдгээр хүчин зүйлүүд хавсарч өгсөх замаар халдвар тархах нөхцөлийг бүрдүүлдэг.
  2. Эмгэг төрүүлэгчийн колони үүсэх /colonization of the pathogen/ : Өгсөх халдварын эхний алхам нь эмгэг төрүүлэгч шээсний сувгийн амсар, үтрээний хөндийд /эмэгтэй хүмүүст/ бактерийн бүл /colonization/ үүсгэнэ. Энэ колони үүсэхэд шээс, бэлгийн замын салстын эпительд эмгэг төрөгчийн   адгези хийх чадвар чухал нөлөөтэй. Бактерийн энэхүү адгезийн үйл ажиллагаа нь түүний гадаргуун шилбүүр дээр илрэх адгезийн молекул (адгезин), уроэпителийн гадаргуун рецептортой харилцан үйлчэх чадвараар илэрнэ. Өвөрмөц адгезин молекулыг пиелонефрит – хамааралт шилбүүр ген (pyelonephritis-associated pili [pap] gene) кодолдог. Үүнээс гадна,  шилбүүр буюу сормуусын олон янзын байдал нь бөөрөнд эмгэг төрүүлэгч байрших боломж олгохоос гадна, байнгын халвартай байх нөхцөл бүрдүүлж үрэвслийн хариу урвалыг өдөөдөг.
  3. Шээсний замын бөглөрөл ба шээс зогсонгших /Urinary tract obstruction and stasis of urine/:  Хэвийн  үед давсагт дамжсан эмгэг төрүүлэгчид шээсний байнгын доошоо урсгал болон бие засах үйлийн нөлөө, бактерийн эсрэг механизмаар шээсний замаас байнга гадагшилж байдаг. Гэвч, шээсийг хэт удаан барих, давсагны үйл ажиллагаа хямрахтай холбоотой давсаг бүрэн сулрахгүй байснаас шээсний үлдэгдэл эзлэхүүн ихэсдэг. Шээсний зогсонгшил болсноос, давсагт дамжсан эмгэг төрүүлэгч үржих нөхцөл бүрдэнэ. Тийм ч учраас, шээсний замын халдвар нь түрүү булчирхайн томролтой, хавдартай, чулуутай, эсвэл чихрийн шижин болон нурууны гэмтлийн улмаас давсагны  мэдрэлийн  үйл ажиллагаа нь хямарсн  гэх мэт шээсний доод замын бөглөрөлттэй хүмүүст элбэг тохиолддог юм.
  4. Давсаг – шээлэйн сөргөө /Vesicoureteral reflux/: Шээс дамжуулах замын бөглөрөл нь өгсөх халдварын урьдал хүчин зүйл мөн боловч, давсаг – шээлэйн хавхлагын үйл ажиллагаа бүрэн бус байх нь эмгэг төрүүлэгч шээлэйд, улмаар бөөрний тэвшинд халдварлах нөхцөл болно. Шээлэй давсагт орох хэсэгт сөргөө урсгал үүсэхээс сэргийлсэн нэг чиглэлд бүрэн хаагддаг хавхлага байдаг бөгөөд ялангуяа шээх үед буюу давсагны дотоод даралт нэмэгдэхэд энэ хавхлага бүр сайн хаагддаг юм. Энэ хавхлагын үйл ажиллагаа хямрах нь давсаг – шээлэйн сөргөө (vesicoureteral reflux) үүсэх шалтгаан болно. Сөргөө үүсэх нь давсагт орох хэсэгт шээлэй төрөлхийн богино байх, эсвэл хавхлага огт байхгүй байх, шээх үед давсагны дотоод даралтанд шээлэй дарагдахгүй байх зэргээс шалтгаална. Үүнээс гадна, эмгэг төрүүлэгчийн хоруу чанар болон түүний эсрэг өрнөх үрэвслийн процессийн улмаас шээлэйн агших чадвар алдагддаг ч байх магадлалтай юм. Ялангуяа, хүүхдүүдэд шээлэй нарийссаны улмаас давсаг – шээлэйн сөргөө үүсдэг. Давсаг – шээлэйн сөргөө нь ховор тохиолддог эмгэг биш юм. Эрүүл  хүүхдүүд ч давсаг – шээлэйн сөргөө 1 – 2% илэрч байдаг.Насанд хүрэгчидэд нугасны гэмтлийн улмаас давсагт  байнгын  атони үүссэний үр дүнд давсаг – шээлэйн олдмол сөргөө (Acquired vesicoureteral reflux) бий болдог. Давсаг – шээлэйн сөргөө нь шээсний замын бөглөрөлтэй адилхан механизмаар халдварын бөөрлүү дамжуулдаг.
  5. Бөөрний доторх сөргөө буюу аяганцар – тэвшинцэрийн сөргөө /Intrarenal reflux/: Давсаг – шээлэйн сөргөөний улмаас бөөрөнд  дамсан халдвар бөөрний тэвш, улмаар аяганцарын нээлттэй хөхлөгөөр сөргөн  бөөрний паренхимд дамжихыг бөөрний доторх сөргөө гэнэ. Бөөрний доторх сөргөө нь бөөрний дээд ба доод туйльд түгээмэл тохиолддог. Учир нь энэ хэсэгт аяганцарууд илүү өргөн, хүнхэр байдаг бол бөөрний төв хэсгээр аяганцарын хөхлөг гүдгэр байдаг ажээ. Сөргөөг цистоуретрограммын шинжилгээгээр тодорхойлно. Давсагыг тодосгогч бодисоор дүүргэж, шээх үед зургийг нь авна. Шээсний замын халдвартай нярай болон хүүхдүүдийн 30% – д давсаг – шээлэйн сөргөө ажиглагддаг.
Давсаг - шээлэйн сөргөө

Зураг 2. Давсаг – шээлэйн сөргөөний уретроцистограмм

Хэрвээ, давсаг – шээлэйн сөргөө байхгүй бол эмгэг төрүүлэгчид давсагт байрлана. Ийм нөхцөлд давсагны үрэвсэл буюу цистит, шээсний доод замын үрэвсэл буюу уретрит пиелонефритээс илүү тохиолдоно.

Цочмог пиелонефрит

Гематогений болон давсаг – шээлэйн сөргөөтэй холбоотой бактерийн, зарим үед вирусын (polyomavirus) шалтгаанаар бөөрний цочмог идээт үрэвсэл болохыг цочмог пиелонефрит гэнэ.

Морфологи. Цочмог пиелонефритийн үед бөөр алаг цоог идээт үрэвсэлтэй, цоргоны дотор талаар нейтрофилийн агрегаци болсон, цоргонцорын некроз үүссэн байдаг. Идээт үрэвслийн процесс нь нэг талын бөөрний хэсэг газрыг хамарсан эсвэл 2 бөөрийг хоёуланг нь ч хамарч болдог ба шаантаг хэлбэртэй том талбайг эзэлсэн идээт үрэвсэл харагдана.

Цочмог пиелонефрит

Зураг 3. Цочмог пиелонефритийн бөөрний морфологи

Гэмтлийн тархалтын байршил нь тохиолдлын чанартай байдаг боловч сөргөө урсгалын шалтгаантай бол гэмтэл бөөрний дээд, доод туйлд тохиолдох нь элбэг байдаг.

Үрэвслийн эрт үед, нейтрофилийн нэвчдэс бөөрний завсрын эдээр хязгаарлагдана. Гэвч, богино хугацаанд цоргонцрыг хамарсан  буглаа үүсч цоргонцрыг бүхэлд нь эвдрэлд оруулна.

Нейтрофилийн нэвчдэс

Зураг 4. Цоргонцор дахь нейтрофилийн нэвчдэс

Цоргонцорын гэмтэл нь халдвар цаашид тархах гол зам болдог учир, цоргонцорын дотор цугларсан нейтрофилүүд нефрон, орох сувганцарт тархана. Гэхдээ, гломерул халдварт харьцангуй тэсвэртэй байдаг. Хэдий тийм боловч, том талбайг хамарсан хүнд явцтай некроз эсвэл мөөгөнцөрийн шалтгаант пиелонефрит (Candida гэх мэт үүсэгч гломерулд нөлөөлдөг)   эцэстээ гломерулыг сөнөрөлд оруулна.

Цочмог пиелонефритийн үндсэн 3 хүндрэл байдаг. Үүнд:

Бөөрний хөхлөгөнцөрийн үхжил:  нь ихэвчлэн диабиттай, шээс дамжуулах замын бөглөрөлттэй хүмүүст тохиолдоно. Ихэвчлэн 2 талыг хамарсан байдаг боловч, нэг талын бөөрийг хамарсан байх нь ч бий. Гэмтсэн бөөрний пирамидууд ыг хамарсан үхжил явагдана. Бөөрийг зүсч харвал, пирамидын орой эсвэл 2/3 нь цагаан – сааралаас шаргал өнгөтэй үхжилт өөрчлөлтөнд орсон байна.

Хөхлөгийн некроз

Зураг 5. Бөөрний хөхлөгийн некроз

Микроскопоор шинжилхэд, үхжил болсон эдүүдэд бүлэгнэсэн үхжил харагдах ба цоргонцорын ирмэгээр эрүүл эдүүд хадгалагдаж үлдсэн байна. Лейкоцитын хариу урвал эрүүл болон үхжилд орсон эдүүдийн холбоосоор хязгаарлагдсан байдаг.

Пионефроз /Pyonephrosis/ : Шээсний замыг бүхэлд нь хамарсан эсвэл ихэнхийг нь эзэлсэн идээт бөглөрөл үүснэ. Идээт эксудат гадагшилж чадахгүйн улмаас бөөрний тэвшинцэр, аяганцар шээлэйг хамарсан идээт өөрчлөлт гарна.

Бөөрний буглаа /Perinephric abscess/: Идээт үрэвсэл бөөрний хальсийг төдийгүй холтослогийн эдийг хамарсан байна.

Цочмог пиелонефритийн дараа эдгэрэл явагдана. Нейтрофилийн нэвчдэс макрофаг, сийвэнт эс, лимфоцитуудаар солигдоно. Үрэвслийн голомт зөв биш хэлбэртэй сорвижилоор солигдох бөгөөд энэ нь холтослогийн гадаргууд фиброз өөрчлөлттэй харагдана. Энэ сорвийг микроскопоор  шинжилхэд, цоргонцорын атропи, завсрын эдийн фиброз, лимфоцит эсийн нэвчилт зэргээс үүссэн товруутай, эрүүл хадгалагдаж үлдсэн паренхим харагдана. Пиелонефритийн сорви нь үрэвсэл, фиброз, тэвшинцэр ба аяганцарын хэлбэр алдагдал үүсгэдэг нь  пиелонефрит өвчний эмгэг жамд өгсөх халдвар болон давсаг – шээлэйн сөргөө оролцдогийн тусгал  болдог.

Эмнэлзүйн шинжүүд

Цочмог пиелонефрит нь өвчний урьдал үеийн зарим нөхцөлүүдтэй холбоотой байдаг бөгөөд заримыг нь дээр дурдсан. Үүнд:

  1. Төрөлхийн болон олдмол шалтгаант шээсний замын бөглөрөл
  2. Шээсний замд багажийн ажилбар хийх, хамгийн түгээмэл нь катетер тавих
  3. Жирэмслэлт: Жирэмсэн эмэгтэйчүүдийн 4 – 6% – д бактерури үүсдэг. Хэрвээ үүнийг эмчлэхгүй бол 20 – 40% – д шээс – бэлгийн замын халдвар тохиолддог.
  4. Нас ба хүйс: Төрөлхийн гажигтай бол амьдралын эхний жил, 40 эргэм нас, эрэгтэйчүүдэд түрүү булчирхай томордогтой холбоотой өтөл нас, эмэгтэй хүмүүст их тохиолдоно.
  5. Бөөрний архаг өвчин: нь бөөрний дотор сорвижилт үүсгэж, бөглөрлийн шалтгаан болно.
  6. Чихрийн шижин: өвчний үед халдварт өртөх эрсдэл нэмэгдэж, мэдрэлийн шалтгаант давсагны үйл ажиллагаа хямардаг.
  7. Дархлаа дарангуйлагдах, дархлаа дутагдалтай өвчтөн

Цочмог пиелонефрит эмнэлзүйд илрэхдээ ихэвчлэн гэнэтийн, хавирга – нурууны нугаламын өнцөгт эмзэглэлтэй, халуурсан, тайван биш зэрэг системийн халдварын нотолгоот шинжүүдтэй байна. Дизури /шээх үед эмзэглэх/ үе үе эсвэл маш хурцаар илрэх нь давсаг, шээсний сүвийн цочирлын  шинж болно. Үрэвслийн нэвчдэс үүссэний улмаас лейкоцит шээсээр хаягдаж пирури (pyuria) үүсдэг ч шээсний дээд болон доод замын үрэвслийг ялгах шинж биш. Нейтрофилийн хаялт их байх нь, бөөрний сувганцарын хучуур эд идээтэй гарах нь үрэвсэл бөөрөнд байгааг илэрхийлдэг. Оношийг шээсний ерөнхий шинжилгээний чанарын өөрчлөлтөөр батална.

Хүндрэлгүй цочмог пиелонефрит хоруу чанар бага байдаг бөгөөд, тохирсон антибиотик эмчилгээ хийхэд хэдхэн өдрийн дараа өвчний шинж тэмдэгүүд арилдаг. Гэвч, шээсэнд бактер илэрсээр байж болохоос гадна, E. Coli болон бусад организмын шинэ омогийн  халдвараар дахиж болно. Бактерури үгүй болох эсвэл байнга бүр сар, жилээр ч илэрч болно. Шээсний замын бөглөрлийг бүрэн эмчлээгүй, чихрийн шижинтэй, дарахлаа дутагдалтай бол цочмог пиелонефрит илүү хүнд явцтай өрнөж, үжил ч үүсгэх аюултай. Бөөрний хөхлөгийн некроз болвол бөөрний цочмог дутагдал үүсэх эрсдэлтэй.

Бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарын дараа polyomavirus – ийн шалтгаант пиелонефрит үүсдэг. Полиомавирусын далд халдвар нийт хүн амд түгээмэл байдаг. Гэвч, бөөр шилжүүлэн суулгасан өвчтөнд дархлаа дарангуйлах засал хийснээр латент хэлбэрт байсан вирус дахин идэвхжиж бөөр шилжүүлэн суулгасан нийт өвчтөнүүдийн 1 – 5% – д нефропати үүсгэдэг. Полиомавирусын шалтгаант нефропатийн үед вирусын халдвар цоргонцорын эпитель эсийн бөөмөнд халдварлаж, бөөмийг хөөлгөдөг ба гэрлийн микроскопоор бөөмийн доторх бөөгнөрөл харагдахыг вирусын эс эмгэгшүүлэх нөлөө (viral cytopathic effect) гэж нэрлэдэг. Бөөмөнд агуулагдах бөөгнөрөл нь талстаар хүрээлэгдсэн вирионуудаас тогтсон байдаг.

Полиомавирус

Зураг 6. А. Өргөссөн цорго, бөөмийн доторх бөөгнөрөл /сумаар заасан/ Б. Бөөмийн доторх вирусын бөөгнөрөлийг электрон микроскопоор харсан байдал

Бөөрний завсрын эдийн үрэвсэл ажиглагдахгүй. Эмчилгээнд вирусын эсрэг эмчилгээ хийж,  дархлаа дарангуйлах эмчилгээг багасгана.

Архаг пиелонефрит

Бөөрний цоргонцор, завсрын эдийн архаг үрэвсэл, бөөрний сорвижил нь аяганцар, тэвшинцэрийг эмгэг өөрчлөлттэй хавсарсан байхыг архаг пиелонефрит гэнэ.

бөөрний сорвижил

Зураг 7. Давсаг – шээлэйн сөргөөний шалтгаант Архаг Пиелонефрит

Архаг пиелонефрит нь бөөрний өвчлөлийн төгсгөлийн шатны шалтгаан /cause of end-stage kidney disease/ болдог. Архаг пиелонефрит өвчтэй хүмүүсийн 10 – 20% нь бөөр шилжүүлэн суулгах юм уу диализын аппратанд орох шаардлагатай байдаг. Энэ өвчний түгээмэл тохиолдох урьдал өөрчлөлт нь шээсний сөргөө урсгал юм. Шээсний доод замын хүнд гажигтай хүүхдүүдийн бөөрний сөнөрөл үүсэхэд архаг пиелонефрит чухал шалтгаан болно.

Архаг пиелонефритийг архаг сөргөө – хамааралт /chronic reflux-associated/ ба архаг бөглөрөлтөт /chronic obstructive/  гэж  2 хэлбэрт хуваана.

Сөргөөт нефропати.

Архаг пиелонефритийн сорвижилт өөрчлөлтийн хамгийн түгээмэл хэлбэр нь сөргөөт нефропати юм. Сөргөөт нефропати нь төрөлхийн давсаг – шээлэйн сөргөө эсвэл бөөрний доторх сөргөөтэй, шээсний замын халдварт өвчин хавсарсан бага насны хүүхдүүдэд  үүсдэг. Сөргөө нь 2 бөөрийг эсвэл аль нэгийг нь хамарсан байдаг бөгөөд эмнэлзүйд  бөөрөнд сорвижилт өөрчлөлт, атропи үүсгэж  бөөрний архаг дутагдалаар  илэрдэг. Давсаг – шээлэйн сөргөө халдвар хавсраагүй бол бөөрийг гэмтээх нь ховор. Учир нь сөргөж буй шээс нь ариун байдаг. Харин бөглөрөл үүссэн бол бөөрийг хүнд гэмтээдэг.

Архаг бөглөрөлтөт пиелонефрит.

Шээсний замд бөглөрөл үүсэх нь бөөрний халдварын урьдал хүчин зүйл болдог гэдгийг мэдэх билээ. Хэсэг газрын болон тархмал бөглөрөлийн шалтгаант гэмтэл  нь давтан халдварлагдаж бөөрний үрэвсэл, сорвижилт өөрчлөлт бий болсноор  архаг пиелонефрит үүсдэг.

Энэ эмгэгийн үед, бөглөрөлийн улмаас бөөрний паренхимийн атрофи болдог учир халдварын улмаас бөөрөнд өөрчлөлт гарч байна уу? эсвэл бөглөрөлт дангаараа бөөрөнд ийм өөрчлөлт үүсгэж байна уу? гэдгийг ялган оношлоход төвөгтэй. Хэрвээ хоёр бөөрийг нэгэн зэрэг хамарсан шээлэйн хавхлагын гажиг, эсвэл нэг талын бөөрний шээлэй чулуу эсвэл эмгэг өөрчлөлтөөр бөглөрсөн аль ч тохиолдолд  уг гажигийг бүрэн эмчлээгүйн улмаас бөөрний дутагдалд хүрэх аюултай.

Морфологи. Архаг пиелонефритий эмгэг өөрчлөлт нь хөндлөн зүслэгээр харагдана. Бөөр хэлбэр дүрсээ алдан сорвижсон байна. Хоёр талын бөөрийг хамарсан байсан ч өөр хоорондоо ялгаатайгаар сорвижилт үүсгэсэн байна. Энэ шинж нь архаг гломерулонефритээс ялгагадах үндсэн шинж юм. Архаг гломерулонефритийн үед хоёр бөөр нэгэн жигд, симметрик сорвижсон байдаг. Архаг пиелонефритийн үед бөөрөнд гардаг үндсэн эмгэг өөрчлөлт нь гадаргуу барзгар, тархилаг – холтослогт  сорвижил үүсч тэлэгдсэн, аяганцар шахагдсан эсвэл хэлбэр нь алдагдсан, хөхлөгүүд тэлэгдэж хавтгайрсан байдаг.

Эдгээр өөрчлөлтүүд тооны хувьд нэгээс хэд хэдэн газрыг хамарсан, нэг эсвэл хоёр бөөрийг эзэлсэн янз бүрийн илрэлтэй байна. Ихэнхдээ бөөрний дээд болон доод туйлыг хамарсан өөрчлөлтүүд ажиглагддаг ба энэ нь энэ хэсэгт шээлэйн сөргөө илүү их тохиолддогтой холбоотой.

Микро өөрчлөлт цоргонцор болон завсрын эдэд түлхүү харагдана. Цоргонцор зарим газар атропи болсон, зарим газар гипертрофи эсвэл тэлэгдсэн байна. Хавтгайрсан эпительтэй, тэлэгдсэн цоргонцоруудад  коллойд хуримтлал үүсдэг бөгөөд үүнийг (thyroidization)  бамбайших гэнэ.  Бөөрний холтослог, тархилагийг хамарсан завсрын эдийн архаг үрэвсэл, фиброзон өөрчлөлт янз бүрийн илрэлтэй байна. Хэрвээ завсрын эдэд идэвхитэй эмгэг төрүүлэгч байвал нейтрофилийн нэвчдэс, цоргонцорт идээ хуримтлагдсан байна. Сорвижилт өөрчлөлтөнд орсон хэсгийн нуман болон хэлтэн хоорондын судасны дотор хананд склероз болсон байхаас гадна, бөөрийг хамарсан гипертензи, гиалин атеросклероз ажиглагдна. Аяганцарын эпителийг хүрээлсэн сорвижил төдийгүй архаг үрэвслийн нэвчдэс байх нь цөөнгүй. Гипертензээс хамаарсан хоёрдогч өөрчлөлт, түүдгэнцэрийн өмнөх фиброз зэрэг өөрчлөлтүүд түүдгэнцэрт гарах боловч түүдгэнцэр ихэнхдээ хэвийн байдаг. Архаг пиелонефриттэй өвчтөний төгсгөлийн шатанд протейнури илэрдэг бөгөөд хоёрдогчоор гломерулосклероз болж байгаагийн илрэл болно.

Ксантогрануломатоз пиелонефрит – Xanthogranulomatous pyelonephritis : нь архаг пиелонефритийн харьцангуй ховор тохиолдох, өвөрмөц хэлбэр юм. Бөөрний завсрын эдэд макрофаг, сийвэнт эс, лимфоцит, олон бөөмт лейкоцитууд болон цөөн тооны аварга эсийн нэвчдэс болно. Хааяа, Proteus нянгийн халдвар, бөглөрөлтэй хавсрах нь бий. Бөөрний гэмтэл нь том хэмжээтэй, шаргал зангилаатай харагддаг учир бөөрний эсийн хорт хавдартай андуурагдах нь бий.

Эмнэлзүйн шинжүүд

Архаг пиелонефрит нь эмнэлзүйд далд явцтай эсвэл ууц нуруугаар чилж өвдөх, халуурах, идээгээр шээх, бактерури гарах зэрэг  цочмог, дахилтат хэлбэрээр илэрнэ. Сөргөөт шалтгаант пиелонефритийн эмнэлзүй илрэл аядуу байна. Тийм учраас өвчтөн нэлээд хожуу эмнэлэгт ханддаг. Энэ үед эмнэлзүйд бөөрний дутагдал аажимаар үүсч, даралт ихсэх, бактерури гарах зэрэг шинжүүд илэрнэ. Хүүхдэд даралт ихсэх нь сөргөөт непропатийн шинж болдог. Цоргонцорын үйл ажиллагаа хямарч – шээс өтгөрүүлэх чадвар нь алдарснаар их шээх /polyuria/, шөнө шээх /nocturia/ шинжүүд илэрнэ.  Тодосгогч бодистой рентген шинжилгээгээр асиммитрик хэлбэрээр бөөрний аяганцар – тэвшинцэрийн систем хэлбэрээ алдсан  байна. Бактерури илрэх нь түгээмэл ч өвчний сүүлийн шатанд энэ шинж илрэхгүй байх нь цөөнгүй.

Протейнури илрэх нь ихэнхдээ бага байдаг боловч хоёрдогчоор гломерулосклероз болсон өвчтөнд протейнури илэрдэг. Энэ нь бөөрөнд сорвижилт өөрчлөлт үүссэнээс хойш хэдэн жилийн дараа тохиолдох ба халдвар болон давсаг – шээлэйн сөргөөтэй хамааралгүй байх нь элбэг. Протейнури, гломерулосклероз илрэх нь тавилан сайнгүй байгааг илтгэнэ. Ийм шинжүүд илэрсэн бол бөөрний архаг дутагдлын төгсгөлийн шат гэж ойлгож болно. Гломерулосклероз үүсэх нь пиелонефритийн сорвижлоос шалтгаалж бөөрний жин буурсантай холбоотой дасан зохицох механизмаар хоёрдогчоор тохиолддог байж болзошгүй.

2 Comments

  • etana

    thanks

    11/11/2014 16:57

  • Handjav

    Uneheer setgel gargaj niitelsen n hargdaj baina. bayrllaa

    11/03/2016 03:57