Цус тогтоох эмчилгээнд Дицинон хэрэглэх нь

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Этамсилате /Ethamsylate/ буюу Дицинон (Dicynene/Dicynone) нь гемостазыг өдөөдөг эмийн зүйл юм. Уг эм нь капиллярийн эндотелийн эсэргүүцлийг нэмэгдүүлж, ялтас эсийн адгезийг дэмждэг. Түүнчлэн ялтас эсийн аггрегацийг бууруулдаг, судас өргөсгөдөг, капиллярийн нэвчилтийг нэмэгдүүлдэг простагландинуудын үйлдэл, биосинтезийг хориглох нөлөө үзүүлдэг.

Заалт

Жижиг судаснаас цус алдах, нярайн тархины ховдолд цус харвах, янз бүрийн шалтгаантай капиллярийн цус алдалт зэргийн үед цус тогтоох, цус алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлзүйд хэрэглэнэ. Үүнд:

  1. Органик шалтгаангүй мөчлөгтэй /menorrhagia/ ба мөчлөггүй цус алдалт /metrorrhagia/
  2. Шээлэйгээр дамжуулан түрүү булчирхайг тайрах мэс заслын дараа
  3. Цусаар бөөлжих – hematemesis
  4. Баас цустай гарах – melena
  5. Шээс цустай гарах – hematuria
  6. Хамраас цус гарах – epistaxis
  7. Тромбоцитопени болон тромбоцитопати эмгэгийн улмаас хоёрдогчоор цус алдах
  8. Гипокоагуляци
  9. Дутуу төрсөн нярайн тархины ховдолд цус харвах

 

Эсрэг заалт:

  1. Жирэмсэн
  2. Төрсний дараа сүү үүсэлт явагдаж байгаа үе
  3. Эмэнд хэт мэдрэгшилтэй
  4. Порфири

Тун

  1. Тарихаар: 250 мг/2мл
  2. Шахмалаар 250 мг савлагдсан байна.

Ууж хэрэглэх: Мөчлөгтэй цус алдалтын үед 500 мг – аар өдөрт удаа уух, мэс заслын дараах цус алдалтыг хянахад 250 – 500 мг – аар хэрэгцээний хирээр 4 – 6 цагийн зайтай уух ба булчин ба судсанд тарьж хэрэглэж болно.

Судсаар тарьж хэрэглэх: Бага жинтэй шинэ төрсөн нярайн ховдолд цус харвахаас сэргийлэх, түүнийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. 12,5 мг/кг – аар булчин болон судсанд 4 – 6 цагийн зайтай тарьж хэрэглэнэ.

Үйлдлийн механизм

Этамсилат буюу дицинон нь зөвхөн цус алдалтыг тогтоогоод зогсохгүй, мөн судас хамгаалах, цус бүлэгнэлтийг дэмжих нөлөөтэй. Тромбопоэзийг идэвхжүүлж ясны чөмөгнөөс чөлөөлөгдөхийг дэмжинэ. Жижиг судасны гэмтсэн хэсэгт тромбопластины үүсэлтийг идэвхжүүлж, Простациклин I2 – ын нийлэгжилтийг бууруулснаар цус тогтоох үйлдэл нь тайлбарлагдана. Түүнчлэн ялтас эсийн аггрегаци, адгезийг идэвхжүүлсэнээр цус алдалтыг зогсоодог гэж үзэж байна.

Этамсилатын үйлдлийг нарийн тайлбарласан механизм тодорхойгүй л байна. Шархнаас алдах цусны хэмжээ, цус гоожилтыг бууруулдаг болох нь тогтоогдсон. Энэ нь тромбоксан А2 эсвэл Простагландин Ф2а хамааралт механизмаар ялтас эсийн аггрегацийг нэмэгдүүлдэгтэй холбоотой. Үүнээс гадна, простациклины бодисын солилцооны тогтвортой бүтээгдэхүүн 6 – оксопростагландин Ф1а, концентрацийг бууруулдаг болох нь тогтоогджээ. Простациклин бол судасны хүчтэй тэлэгч бөгөөд цусны нэвчилтийг нэмэгдүүлдэг, ялтас эсийн аггрегацийг ихээхэн бууруулдаг биологийн идэвхит бодис юм.

Простагландинууд нь тархины цусан хангамжийг зохицуулдаг нарийн үүрэгтэй боловч, этамсилат нь тархины цусны урсгалд онцын нөлөө үзүүлдэггүй бололтой юм. Этамсилат нь гиалуроны хүчлийн полимеряцийг нэмэгдүүлэн капиллярийг тогтворжуулж, капиллярийн мембраныг бэхжүүлдэг.

Түүнчлэн, этамсилат нь ялтасын аггрегацийг нэмэгдүүлж, судсыг агшааснаар бичил эргэлтийн гемостазыг тогтворжуулдаг. Простагландин хамааралт судас өргөсөх, капиллярийн нэвчилтийг нэмэгдүүлэх үйлдлийг саатуулсанаар капиллярийн цус алдалтын улмаас хоёрдогчоор үүсэх хаванг бууруулна. Мөн этамсилат нь тархины ишемийн бүсэд дахин цус хурахыг багасагаж, тархи хоёрдогчоор гэмтэхээс урьдчилан сэргийлдэг байх боломжтой.

 

2 Comments

  • lxamsvren

    Sn bn u ih tom zuwlugu bna a

    11/05/2016 22:50

  • Zul

    Bi 3 sartai jiremsen.shinjilgeegeer trombotsit baga baidag tegeed baunga uuj heregledeg ene ni hvvhded muu yum bna tiimvv

    23/06/2016 09:17