ГИСТАМИН БА ГИСТАМИНЫ ҮЛ ТЭВЧИЛ
Гистамины хуримтлал, түүний задралын тэнцвэрт байдлын алдагдлын улмаас гистамины үл тэвчил үүсдэг.
Гистамин нь маш олон төрлийн хоол хүнсэнд янз бүрийн хэмжээгээр агуулагдаж байдаг биогений амин юм. Эрүүл хүнд хоол хүнсээр орсон гистамин нь диамин оксидаза (diamine oxidase-DAO) ферментийн тусламжтайгаар түргэн задарч амингүйждэг бол уг ферментийн дутагдалтай үед гистамины илүүдэлд орох эрсдэлтэй байдаг. Мөн гистамин нь histamine-N-methyltransferase (HNMT) гэх цитозолийн уургийн нөлөөгөөр эс дотор хувиралд орж идэвхгүйждэг. DAO нь зөвхөн биед орж ирсэн буюу эсийн гаднах орон зайд гистаминыг метаболизмд оруулдаг. DAO-н үйл ажиллагааны дутмагшлын улмаас гистамины задрал буурч, харшлын урвалтай төстэй шинж тэмдэг илэрдэг. Гистамин ихээр агуулсан бүтээгдэхүүн болон архи, эмийн бодис зэргийг хэрэглэхэд гистамин ихээр чөлөөлөгдөж мөн DAO-д хориг үүсгэснээр суулгах, толгой өвдөх, рино-коньютивитын шинж, астма, даралт унах, зүрхний хэм алдагдах, чонон хөрвөс, загатнаа үүсэх болоод гистамины үл тэвчлийн өөр бусад шинж тэмдгүүд илэрдэг. Уг шинж тэмдгүүд нь гистамин агуулаагүй хоол идэх болон антигистамин хэрэглэхэд буурдаг байна.
Ойролцоогоор нийт хүн амын 1% гистамины үл тэвчилтэй бөгөөд үүний 80% дунд насныхан байдаг гэж үздэг. Учир нь гистамины үл тэвчил нь олон талаар илэрдэг, тэдгээр өвчтөнүүдийг дутуу үнэлэх эсвэл зовиуруудаа буруу тайлбарлах зэрэгтэй холбоотойгоор дутуу оношлогдож байх боломжтой гэж үздэг. Хоол хүнсний харшил болон сульфитын, гистамины болон бусад биогений аминуудын үл тэвчил зэрэг ялгаатай өвчнүүдийн үед ижил шинж тэмдгүүд илэрдэг.
Гистамины метаболизм
Гистамин нь гистидин гэх амин хүчлээс Л-гистидин декарбоксилаза ферментийн тусламжтайгаар нийлэгждэг биогений амин юм. Энэ нь шигүү мөхлөгт эс, базофил эс, ялтас эс, гистаминэрг мэдрэлийн эс, энтерохромаффины эсүүдэд нийлэгждэг ба, эдгээр эсийн дотор мөхлөг хэлбэрээр оршиж байгаад сэдээгч хүчин зүйлийн нөлөөгөөр ялгардаг. Шигүү мөхлөгт эсийн гадаргуу дээрх FcƐRI рецептор нь өвөрмөц аллергентай холбогдсоноор гистамин чөлөөлөгддөг гэсэн үндсэн ойлголттой байдаг ч үүнээс гадна дархлааны бус олон үйл ажиллагаанд тухайлбал нейропептид, хавсаргын уураг (C3a болон C5a), цитокинууд, липопротейн, аденозин, супероксидаз, гиперосмосын, гипоксиийн гэх мэт урвалын үед идэвхжүүлэгч байдлаар оролцдог.
Гистамин нь янз бүрийн эд эрхтний бай эсийн гадаргуу дээрх 4 рецептортой (histamine 1 receptor (H1R), H2R, H3R, and and H4R) холбогдсоноор үйлдлээ үзүүлдэг. Улмаар гөлгөр булчингийн эсэд агшил, судас тэлэгдэл, судасны хананы нэвчимхий байдал болон салс ялгаралтыг нэмэгдүүлэх, тахикарди, цусны даралтыг өөрчлөх, хэм алдагдал болон ходоодны хүчиллэгийг идэвхжүүлэх болон ялгаралтыг ихэсгэх зэрэг нөлөөг үзүүлдэг (Зураг 1). Нэмэлтээр гистамин нь нейротрансмиттерийн болон дархлаа зохицуулах, цус төлжүүлэх, шарх эдгэрэлт болон шөнийн нойрны хэмнэл зэрэг өөр олон үйл ажиллагаанд нөлөөлж байдаг.
Гистамин нь 2 замаар метаболизмд ордог: DAO (histaminase)-н нөлөөгөөр амингүйжих исэлдэлт эсвэл HNMT тусламажтайгаар метилжих урвалд ордог. Гистамины эсийн дотор болон гаднах байрлалаасаа хамааран DAO эсвэл HNMT-ээр катаболизод ордог. DAO нь эпитель буюу хучуур эсэд нийлэгжин плазмын уурагтай холбогдон цэврүүнцэрт бүтцэд агуулагдаж, үүнээс ялгаран бие мах бодод тархдаг байна. Тиймээс DAO нь эсийн гаднах (гистаминаар баялаг хоол идсэний дараа) гистаминыг задладаг. Харин HNMT нь цитозолийн уураг бөгөөд зөвхөн эсийн доторх гистаминыг хувиргаж идэвхигүйжүүлдэг байна. DAO нь өвөрмөц эдүүдэд хязгаарлагдмал нийлэгждэг, тухайлбал нарийн гэдэс болон бүдүүн гэдэсний өгсөх хэсэг, ихэс болон бөөрөнд хамгийн их идэвхжилтэй байдаг ба гэдэсний үрэвсэлт өвчин болон хорт хавдартай, хавдрын үеийн химийн эмчилгээ хийлгэж байгаа хүнд ялгаралтын идэвхжил багассан байдаг байна. HNMT нь хүний биед тархмал буюу элэг, бөөрөнд хамгийн их түүнээс цаашлан дэлүү, бүдүүн гэдэс, түрүү булчирхай, өндгөвч, нугасны зангилааны эсүүд, бронх, цагаан мөгөөрсөн хоолой зэрэгт нийлэгждэг байна. HNMT нь бронхын эпительд гистаминыг задалж байдаг гол энзим юм. Зураг 2-д гистамины метаболизмыг тайлбарлав
ГИСТАМИНЫ ҮЛ ТЭВЧЛИЙН ПАТОГЕНЕЗ
Гистамины үл тэвчлийн ялгаатай хэд хэдэн механизм тайлбарлагдаж байгаа ч гол нь гистамины хэмжээ нэмэгдэх болон гистамины задралын хэмжээ багасассанаар үл тэвчил үүсдэг гэж үздэг. Дотоод шалтгаанаар гистамин ихсэх нь харшил, мастоцитоз, бактерийн халдвар, ходоод гэдэсний замын цус алдалт зэргийн үед үүсдэг бол гадаад шалтгаантай ихсэлт нь хоол болон архины нөлөөгөөр гистамин, гистидин ихсэлттэй холбоотой байдаг. Гэсэн хэдий ч гистамины тэвчил алдагдлын гол шалтгаан нь DAO эсвэл HNMT энзимүүдийн генетикийн болон олдмол дутагдлын улмаас үүсдэг. Хоол боловсруулах замын эмгэгүүдийн үед энтероцит эсийн үйл ажиллагааны алдагдлын улмаас DAO нийлэгжилт буурдаг нь шалтгаан болж байна (17, 33, 39). Мөн архи, эмийн бодис болон биогены аминууд нь DAO-н тусламжтайгаар гистамин задралын процессыг бууруулдаг. DAO дарангуйлагдсанаар экзоген /гаднаас орж ирсэн/ гистамины трансэпителийн шимэгдэлт буурснаар биед гистамины хэрэглээ ихсэж, сийвэнгийн гистамины хэмжээ ихсэж, улмаар дагалдах шинж тэмдгүүд илэрсээр байдаг. Гистамины метаболитууд ихэссэнээр HNMT-г дарангуйлдаг.
Эмнэлзүйн илрэл
Суурь гистамины сийвэнгийн түвшин 0.3-1.0 нг/мл хооронд байхад хэвийн гэж үздэг. Гистамины үл тэвчлийн эмнэлзүй нь цусан дахь концентрациасаа хамааралтайгаар илэрдэг. Хүснэгт 1-д эмнэлзүйг дурдав.
Хүснэгт 1. Гистамины сийвэн дэх концентрациас хамааран эмнэлзүйд илрэх өөрчлөлтүүд (нг/мл)
Гистамин | Эмнэлзүйн илрэл |
0-1 | Лавлах хэмжээ |
1-2 | Ходоодны хүчил нэмэгдэх Зүрхний цохилт нэмэгдэх |
3-5 | Тахикарди, толгой өвдөх, чонон хөрвөс, загатнах, арьс улайх |
6-8 | Артерийн даралт багасах |
7-12 | Бронхоспазм |
≈100 | Зүрх зогсох |
Гистамины хэт ихсэлтийн улмаас хурц, амь насанд аюултай хариу урвалууд илэрдэг, тухайлбал гипотензи, бронхоспазм болон шок болох эрсдэлтэй бадйаг(10, 43). Гипергистаминемитай өвчтөнүүдэд үе үе анафилаксийн урвал илэрдэг байна(56). DAO идэвхжил багассаны улмаас гистаминд мэдрэг өвчтөнүүдэд багахан хэмжээгээр гистамин ороход шинж тэмдгүүд илэрдэг. Гистамины рецептортой эрхтэн бүрт тухайлбал ходоод, гэдэс, уушиг, арьс, зүрх судасны эрхтэн систем, тархи гэх мэт эрхтнүүдэд гистамин нь нөлөөлснөөр янз бүрийн хариу урвал илэрдэг байна. Гистамины тэвчил алдагдлын гол шинж тэмдгүүдэд хоол боловсруулах эрхтэн системийг хамарсан өөрчлөлтүүд, найтаах, нус гоожих болон хамар битүүрэх, толгой өвдөх, дисминоррей, булчингийн тонус сулрал, хэм алдагдал, чонон хөрвөс, арьс улайх болон астма гэх мэт багтдаг. Зураг 1-ээс харна уу.
Гистамин ба толгойн өвдөлт
Толгойн өвдөлт нь эрүүл болон мигреньтэй хүмүүст цусан дахь хэмжээнээсээ хамаарч илрэл нь янз бүр байдаг ч мигрентэй өвчтөнүүдийн толгой өвдөлтийн хөдлөл болон намжмал байдлын аль аль үед нь гистамины хэмжээ их байдаг гэж үздэг. Гистамин хамааралт толгой өвдөлт нь нитрат моноксидын улмаас үүсэж буй судасны гаралтай толгойн өвдөлт байдаг. Гистамины нөлөөгөөр H1R рецептор идэвхжин эндотелийн нитрат моноксидын хэмжээ ихэсдэг, энэ нь гавлын доторх том артеруудад мөн адил нөлөө үзүүлсэнтэй холбоотойгоор үүсдэг. Ихэнх мигреньтэй өвчтөнүүдэд гистамины үл тэвчил DAO үйл ажиллагааны бууралт болон гистаминаар баялаг хоол хүнс (удаан хугацаагаар боловсруулсан бяслаг, вино) хэрэглэх аль алинтай нь холбоотойгоор илэрдэг ба гистамин агуулаагүй хоол хэрэглэх болон антигистамин хэрэглэхэд толгойн өвдөлт арилдаг байна.
Гистамин ба хоол боловсруулах эрхтэн систем
Хоол боловсруулах замын өвчнүүд тухайлбал ходоодны колик өвдөлт, гэдэс хийгээр дүүрэх, суулгалт зэрэг нь гистамины үл тэвчлийн шинж тэмдгүүдийг улам нэмэгдүүлдэг. Гэдэсний үрэвсэлт болон хорт хавдрын өвчлөл тухайлбал Кроны өвчин, шархлаат колит, харшлын энтеропати, хүнсний харшил болон бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын үед гистамины түвшин цусанд нэмэгдэх болон DAO-н үйл ажиллагааг бууруулдаг байна.
Хүнсний харшилтай өвчтөний гэдэсний салстад HNMT-н хэмжээ багасалт нь дагалдан илэрдэг ба улмаар нийт гистамины задрах чадамж буурдаг. Энэ тохиолдолд нэг энзимийн үйл ажиллагаа нөгөөгөө нөхөж тэгшитгэх боломжгүй болсон байдаг. Иймээс эдгээр өвчнүүдийн үед гистамины метаболизм алдагдах нь эмгэгжамынх нь явцад илэрдэг гол өөрчлөлт болдог.
Гистамин ба амьсгалын зам
Гистамины үл тэвчилтэй өвчтөнд гистаминаар баялаг хүнс болон архи хэрэглэх явцад болон хэрэглэсний дөнгөж дараахнаас нус гоожих эсвэл хамар битүүрэх зовиур илрэх ба хүнд тохиолдолд астма үүсдэг. Хүнсний харшилтай болон бронхиалны астматай өвчтөнд HNMT-н идэвхжил багассан байдаг.
Гистамин болон хоол хүнс
Гистамин болон бусад биогены аминууд нь маш олон төрлийн хоол хүнсэнд чөлөөт байдлаар агуулагдахаас гадна хоёрдогчоор нийлэгжих байдлаар хүний биед үүсч байдаг. Хоол хүнсэн дэх биогены аминууд нь амин хүчлүүдийн нийлэгжилтэнд шаардлагатай байдаг. Олон төрлийн бактер, мөөгөнцрүүд нь гистидин декарбоксилаза-н (HDC) идэвхжил өндөртэй байдаг тул гистаминыг нийлэгжүүлэх чадвартай байдаг. Тиймээс микроб ихтэй үед гистамины хэмжээ ихэссэн байдаг, тухайлбал хадгалалт ихтэй бяслаг, давсалсан байцаа, вино, боловсруулсан мах эсвэл муудсан хүнсэнд гистамины хэмжээ нэмэгдсэн байдаг. Иймд гистамин, тирамин, путресцин, кадаверин зэрэг нь эрүүл ахуйн нэгэн үзүүлэлт болж өгдөг. Тирамин болон путресцин нь гистаминтай хавсран тэвчил алдагдлыг нэмэгдүүлж байдаг. Энэ нь путресцины нөлөөгөөр салстаас гистамины чөлөөлөгдөлт нэмэгдэх мөн бусад аминуудын нөлөөгөөр DAO дарангуйлагддаг байдлаар тайлбарлагддаг /34/.
Тирамины тэвчил алдагдал нь моноамин оксидаза (MAO)– дарангуйлагч эм (сэтгэл гутралын эсрэг эмүүд) хэрэглэдэг өвчтөнүүдэд ихэвчлэн тохиолддог бөгөөд энэ үед судасны ханын агшилт нэмэгдсэнээр даралт ихсэлтийн криз өгөх болон толгой өвдөлт үүсэх байдлаар илэрдэг байна. Тираминыг 200-800 мг хүртэл тунгаар хэрэглэхэд систолын даралт 30 мм.муб нэмэгддэг байна. (MAO)– дарангуйлагч эм уудаг хүмүүст даралт ихсэлт нь уудаггүй хүмүүстэй харьцуулахад 7-56 дахин өндөр даралт ихсэлийн мэдрэгшилтэй байдаг байна. Мигреньтэй өвчтөнүүд тираминд мэдрэг байдаг.
Гистаминаар баялаг хүнс тухайлбал цитрусын төрлийн хүнснүүд нь гистаминыг агуулахаас гадна шигүү мөхлөгт эсээс шууд механизмаар гистаминыг ялгаруулах чадвартай байдаг /Хүснэгт 2/. Ин витро судалгаагаар хүнснээс хуурамч харшлын урвал илэрдэг өвчтөнүүдийг судлахад тэдгээр хүмүүст хяналтын бүлгийнхтэй харьцуулахад өлөн гэдсэн дэх шигүү мөхлөгт эсүүд нь их хэмжээгээр мөхлөгөө задлах чадамжтай байгаа нь илэрсэн байна /85/.
Гистамин ялгаруулах боломжтой хүнсний бүтээгдэхүүн
Ургамлын гаралтай:
- Цитрусын жимс
- Амтат Гуа (papay)
- Гүзээлзгэнэ
- Хан боргоцой
- Самар
- Газрын самар
- Улаан лооль
- Бууцай
- Шоколад
Амьтны гаралтай:
- Загас
- Хавч
- Гахайн мах
- Өндөгний цагаан
Бусад:
- Амт оруулагч
- Чихэр өвс
- Халуун ногоо
Архи, ялангуяа улаан вино нь гистаминаар баялаг байдаг ба DAO-г дарангуйлах идэвхит чадвартай байдаг. Вино хэрэглэснээр сийвэнгийн гистамины хэмжээ нэмэгдсэнээр найтаалгах, нүүр улайх, толгой өвдөх, астмын дайрлага болон анафилаксын урвалын шинжүүд илэрдэг ба антигистамин эмчилгээнд үр дүнтэй байсныг хэд хэдэн судалгаанд дурдсан байна (7, 8, 14, 65, 87, 88). Гэсэн хэдий ч винонд тирамин болон сульфит гэх мэт биогены аминууд агуулагддаг бөгөөд эдгээр нь “Виноны үл тэвчил” ,“Улаан виноны астма” гэх шинжүүдийг үүсгэхэд хамтран оролцдог байна. Давхар нууцлалтай, плацебо хяналттай өөр төрлийн судалгаануудад винонд агуулагдах гистамин эсвэл бусад аминууд нь улаан виноны гаралтай астматай хамааралгүй харин их хэмжээний сульфитын агууламж нь нөлөөлж байгаа мөн үүний нөлөөгөөр бронхын агчил үүсгэж байна гэж тайлбарлаж байна (89). Сульфит нь антиоксидант, хүнсний нөөшлөгч бодис, архи согтууруулах ундаа болон эмийн бодис зэрэг олон бүтээгдэхүүнүүдийн найрлаганд ордог. Сульфитын гаж нөлөөнд анафилаксын урвал, бронхоспазм, чонон хөрвөс, ангиоэдема, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, суулгах, цус харвах болон амь насны аюултай өөрчлөлтүүд зэрэг нь багтдаг. Архаг астматай өвчтөнүүдийн 5-10% сульфитын хэт мэдрэгшилтэй байдаг. Сульфитын нөлөөгөөр парасимпатик мэдрэлийг идэвхжүүлсэнтэй мөн сульфид оксидазагийн дутмагшил үүссэнтэй холбоотойгоор астмын хариу урвал илэрдэг гэж үздэг. Сульфит нь винонд агуулагддаг ч гистамин бага агуулдаг хүнснүүдэд мөн агуулагддаг, тухайлбал жүржийн жүүс, хөлдөөсөн ногоо болон ногоон сонгино гэх мэт. Тиймээс виноны үл тэвчил алдагдсан өвчтөнүүдээс өөр гистамин болон сульфит агуулсан хоолонд хариу урвал өгч байсан талаар анхааралтай ярилцах хэрэгтэй байдаг.
IgE– хамааралт хүнсний харшилтай тохиолдолд харшил төрүүлэх хоолноос багахан хэмжээтэй ороход л шинж тэмдэг илэрдэг бол эсрэгээр гистамины үл тэвчилтэй тохиолдолд гистамин нь хуримтлал үүсгэсэнээр илэрдэг байна. Үүнээс гадна бусад биогены аминууд агуулсан хүнс болон алкохол эсвэл DAO-д хориг үүсгэдэг эм хэрэглэхэд тэвчил алдагдал үүсэж болдог. Ерөнхийдөө, хүнсэн дэх гистамины дээд хэмжээг 100 мг гистамин/кг болон архи согтууруулах ундаанд 2 мг гистамин/л байхаар тогтоосон байдаг. Энэхүү босго нь хэт өндөр байх боломжтой, гистамины үл тэвчлийн түүхгүй 5-10 эмэгтэйд 75мг гистамин хэрэглэхэд шинж тэмдэг илэрсэн байна. IgE илрээгүй хирнээ, гистамин агуулсан хүнс, эм, архи согтууруулах ундаа болон бусад биогены амин, сульфит агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхэд гаж нөлөө илэрдэг өвчтөнүүд байдаг. Энэ тохиолдолд суурь эмгэгийн шалтгаан болсон хүчийн зүйл байгаа эсэхийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлж болон давхар нууцлалтай плацебо бүлэгтэй судалгаа (DBPC-double blinded, placebo controlled )хийж тодорхойлох шаардлагатай байдаг.
Гистамин ба эмийн бодис
Хүний болон амьтны ихсэд хийсэн туршилтаар DAO-д хориг үүсгэхээс гадна гистамины үл тэвчил бий болгодог эмүүдийг хэд хэдэн судалгаагаар илрүүлсэн байна. Дээрх үйлдлийг үзүүлдэг янз бүрийн эмүүд байдаг ба хүснэгт 3-д харуулав. Эдгээр эмүүдийг ялангуяа удаан хугацаагаар уухад гистамины үл тэвчлийн шинжүүд илэрч, DAO-н концентрацид өөрчлөлт оруулдаг байна.
Хүснэгт 3. Диаминоксидазад хориг үүсгэдэг, гистамины ялгарлыг идэвхжүүлдэг эмүүд.
Эмийн бүлэг | Гистамины солилцоонд нөлөөлдөг эмүүд |
Булчин суллагч | Панкурониум, Алкурониум, Д-тубокурарин |
Наркотик | Тиопентал |
Өвчин намдаах | Морфин, фетидин, стероидны бус өвчин намдаах эм, аспирин, метамизол |
Хэсгийн мэдээгүйжүүлэгч | Прилокайн |
Антигипотоник | Добутамин |
Даралт бууруулах | Верапамил, алпренолол, дигидралазин |
Хэм алдалтын эсрэг | Пропафенон |
Диуретик | Амилорид |
ХБЗ-н гүрвэлзэх хөдөлгөөн зохицуулагч | Метоклопрамид |
Антибиотик | Цефотаксим, цефотиам, изониазид, пентамидин, клавулоны хүчил, хлорокьюн |
Миколитик | АЦЦ, амброксол |
Бронхолитик | Аминофиллин |
Н-2 рецептор хориглогч | Циметидин |
Цитостатик | Циклофосфамид |
Сэтгэл гутралын эсрэг | Амитриптиллин |
Бусад хамааралт өвчнүүд
Элэгний хатуурлын улмаас дотоод хордлого үүссэн өвчтөнүүд болон вирусын гепатит эсвэл хоол боловсруулах бусад эрхтэн тогтолцооны эрхтний дутмагшил мөн бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд DAO-н ялгарал буурсан эсвэл идэвхжил нь багассан байдаг. Мөн архаг чонон хөрвөстэй өвчтөнүүдэд DAO-н идэвхжил буурсан байдаг ба гистамин агуулаагүй хүнс хэрэглэхэд чонон хөрвөсийн сэдрэл багасдаг байна.
Гистамин ба атопийн дерматит
Хүнд явцтай атопийн дерматитттай (АД) өвчтөнүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулахад янз бүрийн сэдээгч хүчин зүйл болон хүнсний нөлөөгөөр гистамины хэмжээ аяндаа ихэсч, сийвэн дэх гистамины концентраци өндөр түвшинд хүрдэг онцлогтой байсан нь ажиглагдсан. Мөн АД-тай өвчтөнүүдэд DAO-н идэвхжил бага байсан байна. Тиймээс эдгээр өвчтөнүүд нь хяналтын бүлэгтэй харьцуулахад архаг толгойн өвдөлт, биений юм өвдөлттэй ирэх, биеэр тууралт гарах, ходоод гэдэсний замын хямрал, архи болон хүнсний үл тэвчил илүү тохиолдож байсан. Сийвэн дэх DAO-н идэвхжил багатай атопийн дерматиттай өвчтөнүүдэд 2д.х-н турш гистамин агуулаагүй хүнс хэрэглэхэд гистамины үл тэвчлийн шинж тэмдэг болон АД-н хүндийн зэргийн SCORAD оноо зэрэг багассан байна.
Гистамин ба бэлгийн дааврууд
Эм бэлгийн эрхтнүүдэд, ялангуяа умай болон өндгөвчний эпитель эс болон эндотел эс, шигүү мөхлөгт эсүүдэд гистамин их хэмжээгээр нийлэгждэг. Гистамины үл тэвчилтэй эмэгтэйд сарын тэмдгийн цикл болон дисменоррейн байдлаас хамаарч толгой өвдөлт их тохиолддог. Гистамины багассан концентрациас бус гистамин болон дааврын харилцан үйлдлээс хамаарч уг шинж илэрдэг байх боломжтой гэж үзэж байна. Гистамин нь H1R-н тусламжтайгаар эстрадиолын нийлэгжлийг идэвхжүүлдэг бол прогестероны нийлэгжлийг бага хэмжээгээр идэвхжүүлдэг байна. Анхдагч дисминоррейн (БЮ өвдөлттэй ирэх) үеийн умайн булчингийн чангарлын улмаас үүсэх өвдөлт нь эстрадиолын нөлөөгөөр салстын простагландин F2 идэвхжсэнээс болдог харин прогестероны нөлөөгөөр багасдаг байна. Эсрэгээр эстроген нь гистамины идэвхид нөлөөлж байдаг. Гистаминтай хамааралтайгаар арьсны улайлт болон цэврүү үүсэж байдаг бөгөөд энэ нь овуляцийн үе болон эстрогены концентраци хамгийн өндөр үед илүү ажиглагдсан байна. Жирэмсэн үед ихсэд маш их хэмжээгээр DAO нийлэгждэг ба жирэмсэн бус үеийнхээс 500 дахин ихэсдэг байна. Хүнсний тэвчилтэй эмэгтэй жирэмсэн болсны дараагаар намжмал байдалд ордог нь үүгээр тайлбарлагддаг байна.
Практик үр нөлөө
Гистамин хамааралт зовиур нь гистамин агуулсан хүнс, гистамины солилцоонд нөлөөлдөг эм хэрэглэх, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны болон харшлын өвчинтэй хавсарсан гэх мэт янз бүрийн сэдээгч хүчин зүйл, суурь өвчлөлүүдтэй хамааран өргөн хүрээний шинж тэмдгээр илэрдэг тул гистамины үл тэвчлийг оношлох нь зайлшгүй хэрэгтэй юм (Зураг 3). Эмнэлзүйд, гистамин хамааралт зовиур нь суурь эмгэгжамтайгаа тэр бүрчлэн шууд хамааралтай явагдаад байдаггүй. Их хэмжээгээр гистамин агуулсан давсалсан загас идэхэд IgE-хамааралт харшлын шинжтэй яг адилхан илэрч болдог. Гистамины үйлдэл нь эсийн дотоод идэвхжил, гаднаас хүнсээр хэт их орох, гистамины задрал буурах, эсвэл эдгээр механизмуудын нэгдмэл байдлаар илэрч байдаг. Системийн мастоцитозийн үед сийвэнгийн триптазын хэмжээг үзэх шаардлагатай байдаг. Гистамины үл тэвчлийг оношлоход гистамин агуулаагүй хүнс хэрэглэх болон антигистамин эмчилгээ хийхэд сайжрал өгч байгаа нь 2 гол шинж тэмдэг нь болдог. Хүнсний харшлаас ялган оношлохын тулд хүнсний харшлын арьс-хатгах сорил болон өвөрмөц IgE илрүүлэх шинжилгээг ашигладаг. Гистамины тэвчил алдагдлын үед шинжилгээнд харшил илэрдэггүй тул хуурамч харшил гэж үздэг.
Гистамин агуулаагүй хүнс болон антигистамин хэрэглэхэд сайжрал өгч байгаа тохиолдолд сийвэнд DAO-г шалгах эсвэл эдийн биопси хийж болдог. Путресцингидрохлоридын тусламжтайгаар DAO энзимийн идэвхийг төрөл бүрийн радиоэкстракци шинжилгээг ашиглан тодорхойлох аргууд бий болсоор байна /124,125/. HNMT-н идэвхийг тодорхойлохдоо С-аденозил-Л метиониноор гистаминыг метилжүүлдэг.
Гистамины үл тэвчил ихтэй өвчтөнүүдэд DAO-н идэвхжил <3 U/mL, дундаж байдлаар илрэх үед <10 U/mL, үл тэвчлийн шинжгүй тохиолдолд ≥10 U/mL байдаг. Эсрэгээр гистамины үл тэвчлийн эмнэлзүй илэрч байгаа өвчтөнүүдэд DAO-н идэвхжил хэвийн байдаг, энэ тохиололд гистамины хэмжээг тодорхойлох шаардлагатай. Гистамин нь цус, шээсэнд хэмжигддэг. DAO-н кофактор болох витамин В6, зэс, витаминуудын дутагдал нь гистамиын задралд нөлөөлж байдаг. Давхар нууцлалтай, плацебо бүлэгт гистаминаар өдөөж, гистамин агуулаагүй хүнс 4 д.х-н турш хэрэглэхэд намжиж байсан нь оношлогооны алтан стандарт болж өгдөг. Гистамин гидрохлорид (0.75 and 1.5 mg/kg биеийн жин бүрт) өндөр тунгаар агуулсан капсул болон плацебо агуулсан капсулыг хэрэглэсэн. Цусны даралт ихсэлт болон зүрхний цохилт олшрох үед хянаж, эерэг хариу урвал илрэх (гипотони, тахикарди, чонон хөрвөс, анафилакси төст хариу урвал) үед яаралтай арга хэмжээ авч эмчилсний дараагаар бусад шинж тэмдгүүдийг нь онооны системийн дагуу үнэлж байсан. Эмчилгээ нь гистамин агуулаагүй хүнсэн дээр суурилсан. Алкохол болон удаан хугацаагаар боловсруулсан эсвэл ферментжүүлсэн хүнс, тухайлбал удаан хадгалалттай бяслаг, нөөшилсөн мах, болон мөөгөнцөртсөн бүтээгдэхүүн; гистамин ихээр агуулсан хүнс, тухайлбал бууцай, улаан лооль; гистамин чөлөөлөлөгч цитрусын төрлийн жимс; туслах чанартайгаар H1 болон H2 антагониустуудыг хэрэглэсэн. Ихэнх антигистаминууд DAO-д нөлөө үзүүлдэггүй хэдий ч DAO-д хориг үүсгэдэг циметидин болон дигидралазин нь дифенгидрамины үйлддийг нэмэгдүүлж байгаа нь ажиглагдсан (97). Ерөнхийдөө өвчтөнүүд гистамин агуулаагүй хүнс хэрэглэн, антигистамин нэмэлтээр авах шаардлага тийм ч их ажиглагдаагүй. Мигреньтэй өвчтөнүүдэд гистамин агуулаагүй хүнс хэрэглэхэд DAO-н идэвхжил нэмэгдсэн. Нэмэлтээр витамин С болон витамин В6 нэмэлтээр хэрэглэхэд DAO-н идэвхжлийг нэмэгдүүлэн, гистамины задрал идэвхжиж байсан. Ялангуяа хоол боловсруулах эрхтэн системийн зовуурьтай өвчтөнүүдэд шигүү мөхлөг эсийг тогтворжуулагч болон нойр булчирхайн энзим хэрэглэхэд эерэг нөлөө үзүүлж байсан. Саяхан DAO-н идэвхжил дутмагшлын улмаас гистамины үл тэвчил үүссэн өвчтөнүүдэдэ гахайн бөөрнөөс гаргаж авсан DAO агуулсан капсул хэрэглэсэн. Энэ капсул нь зөвхөн тогтворжуулагч – целлюлоз, сукроз, солан туберкулёз, полиакрилик ацид, целлюлоз, триетил цитрат, төмсний цардуул агуулсан байсан. Үл тэвчилтэй өвчтөнүүд гистамины метаболизмд нөлөөлдөг болон өөр янз бүрийн эмийг хэргэлэхээс зайлсхийх хэрэгтэй ба хамгийн түрүүнд антигистамин уухыг зөвлөх хэрэгтэй байна.
Дүгнэлт.
Гистамины үл тэвчилтэй өвчтөнүүдэд сэдээгч нөлөөтэй гистамин ихтэй хүнс, DAO-д хориг үүсгэдэг болон гистамин чөлөөлөгдөлтийг идэвхжүүлэг эм, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд рахшил болон дотор эрхтний бусад оношуудыг үгүйсгэн, гистамин үл тэвчлийг зайлшгүй ялган оношлож, сэжиглэж байх хэрэгтэй. Гистамин агуулаагүй хүнс болон антигистамин, DAO орлогчуудыг хэрэглэснээр зовиурууд багасдаг. Гэсэн хэдий ч цаашдаа судлаачид гистамин үл тэвчлийг давхар хяналттай, плацебо бүлэгтэйгээр нарийвчлан судлах шаардлагатай.
Эх сурвалж: Эх сурвалж: Maintz L, Novak N. Histamine and histamine intolerance. Am J Clin Nutr. 2007;85(5):1185-96.