Насанд хүрэгчдийн таргалалт өвчний менежментийн тойм

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush
Spread the love

 Оршил — Илүүдэл жин, таргалалттай холбоотой өвчлөл, нас баралт 2500 гаруй жилийн өмнөөс буюу Гиппократын үеэс анагаахын салбарт танигдсан. Биеийн жингийн индексийг тодорхойлсны үндсэн дээр хэрэв БЖИ 25-29.9 кг/м2  бол илүүдэл жинтэй, БЖИ ≥30 кг/м2  бол таргалалттай, БЖИ ≥40 кг/м2 (эсвэл ≥35 кг/м2  ба хавсарсан өвчтэй) бол хүнд хэлбэрийн таргалалттай гэж үзнэ.

Биеийн жинг бууруулахын ач холбогдол— Таргалалт нь нас барах эрсдлийг асар ихээр нэмэгдүүлдэг бөгөөд эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйл болох ЧШӨ 2 хэлбэр, артерийн даралт ихдэлт, дислипидеми, титэм судасны өвчний нь шалтгаан болдог нь биеийн жинг бууруулахын үндсэслэл болно. БЖИ өндөр байх нь өвчлөл, нас баралтын эрсдлийг ихээр нэмэгдүүлнэ.


obesitywords2

Биеийн жинг бууруулахын ашиг тус— Эрүүл мэндийн даатгалын мэдээллээс үзэхэд тэд тухайн хүнийг юун түрүүнд биеийн жингээ бууруулж, өвчлөл, нас баралтын эрсдлээ багасгахыг зөвлөдөг байна. Чихрийн шижингийн урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн (DPP) хүрээнд биеийн жинг бууруулж, идэвхитэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх амьдралын хэв маягийн интервенци хийхэд глюкозын тэсвэржилт алдагдалтай хүмүүст 3 жилийн хугацаанд ЧШӨ оношлогдох нь эрс буурсан байна.

Сүүлийн үеийн хяналтаас харахад мөн дарагийн 10 жил ЧШӨ тусахаас урьдчилан сэргийлж байгаагаас гадна зүрх судасны өвчний эрсдлийг илэрхий бууруулсан байна.  Бусад судалгаануудаас үзэхэд зүрх судасны эрсдэлт хүчин зүйлс тухайлбал артерийн даралтыг бууруулж, өндөр эрсдэлтэй өвчтнүүдийн липидийн хэмжээг бууруулжээ.  Жинг бууруулснаар зүрхний бус эрсдлүүд болох шээс задгайрах, нойрсох үеийн апноэ, сэтгэл гутралыг бууруулж, амьдралын чанар, биеийн үйл ажиллагаа, хөдөлгөөнт байдлыг сайжруулдаг.

AHEAD (Action for Health in Diabetes) судалгаанд ЧШӨ-тэй, БЖИ>25кг/м2  5145 хүн амьдралын хэв маягийн эрчимтэй интервенци, ЧШ-ийн стандарт сургалтад санамсаргүйгээр оролцжээ. Дунджаар 9.6 жилийн хяналтын дараах  эхний нэгдсэн үр дүнгээс (зүрх судасны шалтгаант нас баралт, аминд аюулгүй зүрхний шигдээс, аминд аюулгүй бус цус харвалт, зүрхний ишемийн шалтгаант эмнэлэгт хэвтэлт) харахад ижил тооны хүмүүс интервенцийн болон хяналтын бүлэгт байсан. 2 бүлэгт тооцоолж байснаас бага тооны зүрх судасны эмгэг тохиолдож, эмийн эмчилгээ зүрх судасны ерөнхий эрсдэлт хүчин зүйлийн эмчилгээ сайжирч, харьцангуй эрүүл хүн ам оролцсон.

Энэ үр дүн гарсан боломжит шалтгаанд: 2 бүлэгт зүрх судасны эмгэг тооцоолсноос бага тохиолдсон, зүрх судасны ерөнхий эрсдэлт хүчин зүйл эмийн эмчилгээгээр сайжирсан (даралт бууруулах эм, статинууд), харьцангуй эрүүл өвчтүүд оролцсон, хяналтын бүлэгт огцом жин бууралт гарснаар 2 бүлгийн жин бууралт судалгааны эцэст 2.5% байсан. Идэвхитэй интервенци ашигласан бүлэг хяналтын бүлэгтэй харьцуулахад үр дүндээ хүрэхдээ зүрх судасны эрсдэл бууруулах эмийг илэрхий бага хэрэглэсэн байсан.

Таргалалттай өвчтнүүдэд мэс засал эмчилгээ хийхэд амьдралын хэвмаяг мөн/эсвэл эмийн эмчилгээтэй харьцуулахад биеийн жинг их хэмжээгээр бууруулсан(1-2 жилийн дотор 20- 30%). Таргалалтын эмчилгээний богино хугацааны судалгаагаар бариатрик мэс заслыг эмийн эмчилгээтэй харьцуулахад биеийн жинг их хэмжээгээр бууруулж, ЧШӨ-ийг намжмал байдалд оруулжээ.  Мөн 2 бүлэгт цусны даралт буурч, липидийн хэмжээ ижил засарсан байна.

бариатрик мэс заслыг амьдралын хэв маяг/эмийн эмчилгээтэй харьцуулсан урт хугацааны судалгаагаар биеийн жин бууралтыг барих урт хугацааны амжилттай үр дүнг хянах, эмнэлзүйн чухал эцсийн цэгүүдэд тухайлбал, зүрх судасны өвчин, нас баралтын нөлөөллүүд зэрэгт урт хугацааны хяналт хийх шаардлагатай болсон. Swedish Obese Subjects (SOS) судалгаа нь проспектив, хяналтын интервенци судалгаа бөгөөд жингээ бууруулахын тулд ходоод бөгжлөх, вертикал banded гастропласти, ходоодны bypass, уламжлалт эмчилгээний аль нэгийг сонгосон таргалалттай өвчтнүүдэд хийгдсэн. 10-20 жилийн хяналтын дараа, бариатрик мэс засал хийлгэсэн бүлгийг түүвэрчилсэн бус хяналтын бүлэгтэй харьцуулахад таргалалттай холбоотой өвчлөл (ЧШӨ, АД ихдэлт, Дислипидемийн тохиолдол буурсан), нас баралт (hazard ratio [HR] 0.71, 95% CI 0.54-0.92) буурчээ.

Жин бууралтыг тогтворжуулах нь— Жин буурсны улмаас энерги зарцуулалт багасах тул жин бууралтад хүрэх, түүнийг барихад хэцүү болдог. Нэгэн судалгааг жишээ татахад илүүдэл жинтэй хүмүүсийг суурь  жингээс нь 10%-аар бага биеийн жинд байлгахын тулд энерги зарцуулалтыг 8 ккал/кг-аар багасгажээ.Рецидивизм буюу алдсан жингээ эргээд нэмэх нь таргалалтыг эмчлэхэд гардаг түгээмэл асуудал. Зарим мэдээллээс үзэхэд ямар нэгэн эмчилгээний хөтөлбөрийн явцад жингээ бууруулахад жин бууралтаа барьдаггүй гэжээ. Жин бууралтыг барихад туслах олон стратегиуд байдаг. Үүнд: өөрийнхөө жинг тогтмол үзэх ба бусад зуршлын интервенциуд, калори багатай хүнс хэрэглэх, дасгал хөдөлгөөн их хийх гэх мэт. Жин бууралт амжилттай байгааг илтгэх шинжүүдэд: 4 долоо хоногт 2кг дээш жин хаях, жин бууруулах хөтөлбөрт ойр ойрхон, тогтмол оролцох, тухайн хүн биеийн жингээ хянаж чадна гэсэн итгэл найдвартай байх.

Эмчилгээ — АНУ-ын насанд хүрэгчдийн 2/3 илүү хувь нь жингээ бууруулахыг эсвэл барихыг хичээж байдаг байна. Гэвч тэдний 20% нь илчлэг багатай хүнс хэрэглэж, чөлөөт цагаараа 7 хоногт хамгийн багадаа 150 минут дасгал хөдөлгөөн хийдэг. Тиймээс жин бууруулах шаардлага, тохирсон стратегийн талаар боловсрол олгоход эмч нар чухал үүрэгтэй байдаг. Дараах менежментүүд эмнэлзүйн судалгааны нотолгоонд суурилсан ба эмнэлзүйн мэргэжилтнүүд тэдгээр хэвлэгсдэн удирдамжуудыг хүлээн зөвшөөрсөн.

Эмчилгээнд оролцогчид— Эмчилгээний зорилго нь таргалалтын хүндрэлүүдээс сэргийлэх, ухраах, сайжруулах болно. Тиймээс өвчтнүүдийг эмчилгээнд сонгохдоо юун түрүүнд эрсдлийг үнэлнэ. Тухайн хүний эрсдлийн ерөнхий байдлын үнэлгээнд: илүүдэл жингийн зэргийг тодорхойлох (БЖИ),  хэвлийн таргалалт байгаа эсэх (бүсэлхийн тойрог), зүрх судасны эрсдэлт хүчин зүйл (жнь, АД ихдэлт, ЧШӨ, дислипидеми)  болон хавсарсан өвчин (жнь, нойрсох үеийн апноэ, архины бус шалтгаант элэг өөхлөлт) байгаа эсэхийг тодруулна. БЖИ, эрсдлийн хамаарал нь өвчтний биеийн жинг бууруулах зорилтот интервенцийг тодорхойлно. Тодорхой зорилтын талаар цөөхөн мэдээлэл байдаг ба дараах зөвлөмж нь эмнэлзүйн туршлагад үндэслэнсэн болно.

  • БЖИ 20- 25кг/м2, бүсэлхийн тойрог хэт их эсвэл 18 наснаасаа хойш 10кг-с  дээш жин нэмээгүй (зүрх-бодисын солилцооны эрсдэл нэмэгдэх үзүүлэлт) бол эрсдэл маш бага эсвэл байхгүй.
  • БЖИ 25- 29.9кг/м2 , зүрх судасны болон таргалалттай холбоотой хавсарсан өвчний эрсдэлт хүчин зүйлсгүй хүмүүс бага эрсдэлтэй. Жин нэмэхээс сэргийлэх зөвлөгөө авах хэрэгтэй. Үүнд хоолны дэглэм, хөдөлгөөний зөвлөгөө багтана.
  • БЖИ 25-29.9кг/м2 , зүрх судасны өвчний (ЧШӨ, АД ихдэлт, Дислипидеми) 1 ба түүнээс олон эрсдэлт хүчин зүйлстэй, эсвэл БЖИ 30-34.9кг/м2 бол дунд зэргийн эрсдэлтэй. Биеийн жингээ бууруулах интервенци хэрэгжүүлэх зөвлөгөө авна. (хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, зуршлаа өөрчлөх, мөн зарим өвчтнүүдэд эмийн эмчилгээ).
  • БЖИ 35-40кг/м2бол өндөр эрсдэлтэй, БЖИ 40 кг/м2-с их бол хэт өндөр эрсдлтэй. Хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүс эрчимтэй эмчилгээ хийлгэх хэрэгтэй. (амьдралын хэвмаягийн интервенци, эмийн эмчилгээ,  бариатрик мэс засал).

БЖИ-г тодорхойлохдоо:

 БЖИ  =   биеийн жин (кг)  ÷ биеийн өндөр (м2)

БЖИ нь биеийн өөхний хэмжээтэй хамааралтай.

Бүсэлхийн тойргийг хэмжихдээ тухайн хүнийг зогсоо байрлалд, ташаа ясны дээд ирмэгийн түвшинд, хэвлийтэй параллелаар туузан метрээр хэмжинэ. Эрэгтэйчүүдэд ≥102 см, эмэгтэйчүүдэд ≥88 см-с ихсэх нь зүрх, бодисын солилцооны эрсдлийг нэмэгдэх үзүүлэлт болно. БЖИ 25-35 кг/м2, бүсэлхийн тойрог нэмэгдсэн бол илүү эрчимт эмчилгээ хийх заалт болно. Бүсэлхийн тойргийг багасгах тоог эмнэлзүйн туршлага дээр үндэслэнэ. Улс үндэстэн бүрийн бүсэлхийн хэмжээ ихсэлтийн эрсдлийн хэмжээ харилцан адилгүй.

Waist_circumference_measure

Бүсэлхийн тойрог хэмжилт

Эмчилгээний зорилго— Өвчтөн бүрт тохирсон жин хасах хөтөлбөрийн талаар хэлэлцэж, тодорхой зорилго тавих нь чухал. Эмчийн зорилго бол тухайн өвчтний жин бууруулах бодит зорилгыг тодорхойлж, үнэлэх. Ихэнхи өвчтнүүдийг одоо байгаа жингийнхээ 30%-ийг хасах зорилго тавихыг зөвлөдөг нь бодит бус юм. Харин амьдралын хэвмаягийг өөрчлөх замаар эхний ээлжинд биеийн  жингийнхээ 5-7%-ийг хасах нь бодит зорилго болно. Эмийн эмчилгээг плацеботой харьцуулсан судалгаануудаас харахад эм ± амьдралын хэвмаягийн интервенцийг хослуулахад биеийн жинг 10-15%-аар бууруулсан үр дүнтэй байсан бөгөөд 15%-с дээш буурсныг маш сайн үр дүнтэй гэж тооцсон. Иймээс эмч, өвчтөн харилцан ойлголцсоны  үндсэн дээр жин бууруулах бодит алхмыг хийх хэрэгтэй.

Гараа эмчилгээ— Жин бууруулах эхний менежментэд амьдралын хэвмаягийн интервенци, хоол хөдөлгөөний дэглэм, зуршлаа өөрчлөх багтана. Эхний эмчилгээнд илчлэгийг хязгаарлаж, дасгал хөдөлгөөнийг ихэсгэх замаар энергийн хомсдолд оруулах хэрэгтэй. Энергийн хэрэглээг бууруулж жин бууруулах нь дасгал хөдөлгөөнийг ихэсгэснээс илүү үр дүнтэй. Бидний бүх энергээ хоол, уух зүйлээс авдаг тул тэдгээрийг 0 болтол (өлсөх) бид бууруулж болно. Эсрэгээрээ биеийн температур хадгалах, эдийг нөхөн төлжүүлэх, зүрх бусад эрхтний үйл ажиллагааг хадгалахад энерги зарцуулалт хамгийн бага байна. Хэвийн жинтэй, насанд хүрэгч орон дээр зүгээр л хэвтэхэд ойролцоогоор 0.8 ккал/мин (1150 ккал/хоногт) энерги зарцуулна. Дасгал хөдөлгөөнийг хамгийн ихээр хийхэд энерги зарцуулалтыг 4-8 дахин ихэсгэдэг.

Амьдралын хэвмаягийн цогц хөтөлбөр— Биеийн жингийн менежментийн хамгийн чухал стратеги бол амьдралын хэвмаягийн цогц хөтөлбөр (хоол, хөдөлгөөн, зуршил эмчилгээний нийлбэр) юм. Өдөр тутмын зуршилд: хоолны хэрэглээ, биеийн жин, дасгал хөдөлгөөн, биеийн жингээ өөрөө хянах орно. Амьдралын хэвмаягийн амжилттай нэгэн хөтөлбөр бол Diabetes Prevention Program (DPP). DPP-ийн үндсэн 2 зорилго бол хамгийн багадаа биеийн жингийн 7% хасах, 7 хоногт хамгийн багадаа 150 минут дасгал хийх (жнь хурдан алхах) юм. Энэхүү зорилгод хүрэхэд өөрийн менежмент сургуулилалт, хувийн кейс менежер, бүлгийн мөн/эсвэл ганцаарчилсан цуглаан, ганцаарчилсан стратеги, сургуулилалт-эргэх холбоо- эмнэлзүйн дэмжлэгийн сүлжээ зэрэг тусална. Эдгээр аргыг ашиглан ЧШӨ-с сэргийлэхэд эмийн эмчилгээ (метформин) илүү үр дүнтэй байжээ.

Амьдралын хэвмаягийн одоогийн интервенци хөтөлбөрөөр биеийн жингийн 10% хүртэл бууруулах боломжтой боловч зуршлаа өөрчлөн жингээ бууруулсан 22 хүнд мета-анализ судалгаа хийхэд жингийн 4%-ийг хассан бол хяналтын бүлэг 1%-ийг хассан ба эмчилгээ эхлээд эхний 6 сарын дотор хамгийн дээд нөлөөг үзүүлсэн. Харамсалтай нь таргалалтын бусад эмчилгээнүүдтэй харьцуулахад эхний жин бууралтаа барих нь хэцүү байна.

Дадал зуршлыг өөрчлөх— Дадал зуршлыг эмчилгээ нь таргалалтын эмчилгээний тулгын чулуу юм. Энэ эмчилгээний зорилго нь хоолны хэрэглээг хянаж, дасгал хөдөлгөөнийг сайжруулж, идэхийг өдөөдөг орчны дохио, өдөөлтийг хянах замаар тэдний идэх зуршилд урт хугацаанд өөрчлөлт оруулахад туслах болно. Үүнийг биелүүлэхэд сэтгэл зүйч болон бусад бэлтгэгдсэн персоналууд, өөртөө туслах бүлгүүүд тусална.

Хоол эмчилгээ— Олон төрлийн хоолны дэглэмүүд тодорхой хэмжээгээр жинг бууруулна. Тэнцвэржүүлсэн илчлэг багатай, өөх тос болон илчлэг багатай, дунд хэмжээний өөх тостой болон илчлэг багатай, нүүрс ус багатай, Газар дундын тэнгис орчмын хоолны дэглэм зэрэг олон сонголтууд байдаг. Хоолны дэглэм баримтлах нь хоолны дэглэмийн төрлөөс үл хамааран жин буурахад чухал үзүүлэлт болдог. Иймээс бид хоол хүнсэн дэх макро тэжээлийн бүрэлдэхүүнд анхаарлаа хандуулахаас илүү зарцуулсан энергээс бага хэмжээний энергитэй хоолны дэглэм зохиохыг зөвлөдөг. Хоолны зөвлөгөө ялангуяа эхний жилд жин бууралтыг хөнгөвчилж өгдөг.

Биеийн жингээ барихын тулд хоногт 1000 ккал-с бага илчлэг шаардлагатай байсан насанд хүрэгч байхгүй. Тийм учраас “бодисын солилцооны тэсвэртэй” / metabolically resistant / гэх хүмүүс хүртэл жингээ бууруулахдаа хамгийн багадаа хоногт 800-1200 ккал-той хоол хүнс авах хэрэгтэй. Хоногт 1200 ккал-с бага хоол хэрэглэж байгаа хүн жингээ хасахгүй байна гэвэл тухайн хүн хэрэглээгээ алдаатай тэмдэглэж байгаа гэсэн үг ба тухайн идэж буй нийт хүнсний тал хувь хүртэл нь бууруулахыг зөвлөдөг. Маш бага илчлэгийн хэрэгцээ жин бууралтыг хурдан өдөөх боловч илчлэг хоногт 400 эсвэл 800 ккал байснаар жил бууралтад илт ялгаа байгаагүй байна. Иймээс хоногт >800 ккал илчлэг хэрэглэхийг зөвлөдөг.

Эмчилгээний зөвлөгөөний хамт тухайн өвчтнийг юу хүлээж буйг үнэлнэ. 6 сарын дотор жингийн 5% болон илүүг хасах нь бодит бөгөөд практикт их ажиглагддаг. Биеийн жин бууралтыг барихын хажуугаар эрсдэлт хүчин зүйлс багасч байвал өнөөдрийн эмчилгээний хөтөлбөр амжилттай боллоо гэж үзнэ. Харин 6 сарын дотор жингийн 5%-с бага хувийг хасвал өөр арга хэмжээ авах хэрэгтэй.

Тодорхой калоритой хөлдөөсөн хоол, шейк зэрэг хоолоор хянаж болно.

Дасгал хөдөлгөөн — Биеийн жингээ бууруулсны дараа дасгал хөдөлгөөн хийж энерги зарцуулалтаа ихэсгэснээр тэрхүү жингээ удаан барих ач тустай.

Нэмэлт эмчилгээ— Амьдралын хэвмаягийн интервенци дангаар ашиглан биеийн жингээ бууруулж чадахгүй байгаа  хүмүүст  нэмэлт эмчилгээг сонгодог.

  • БЖИ ≥30кг/м2эсвэл БЖИ 27-29.9 кг/м2 ба хавсарсан өвчтэй, хоол, хөдөлгөөн эмчилгээ дангаар хийгээд жингээ бууруулж чадахгүй байгаа хүмүүст  эмийн эмчилгээ нэмнэ.
  • БЖИ≥40кг/м2, хоол, дасгал хөдөлгөөн, эмийн эмчилгээ хийлгээд жингээ бууруулж чадахгүй байгаа хүмүүст бариатрик мэс заслыг зөвлөнө.

БЖИ>35 кг/м2 , таргалалттай холбоотой хавсарсан өвчтэй (АД ихдэлт, глюкозын тэсвэржилт алдагдсан, ЧШӨ, дислипидеми, нойрсох үеийн апноэ) хүмүүс хоол, хөдөлгөөн, эмийн эмчилгээ хийгээд үр дүнгүй байгаа бол бариатрик мэс засалын давуу тал, эрсдэл, гаж нөлөөний талаар хэлэлцээд хийлгэх эсэхийг шийднэ.

Эмийн эмчилгээ— Таргалалттай хүмүүст эмийн эмчилгээ нь эмчилгээний туслах бүрэлдэхүүн болно. БЖИ > 30кг/м2 эсвэл БЖИ  27- 29.9 кг/м2 бөгөөд хавсарсан өвчтэй бол эмийн эмчилгээ хийнэ.

Мэс засал —  Дараах хүмүүст мэс засал хийнэ. /National Institutes of Health Consensus Development Panel 1991/:

  • Мэдээлэл сайн авсан, урам зоригтой
  • БЖИ ≥40кг/м2
  • Мэс засалд ороход зөвшөөрөхүйц эрсдэлтэй
  • Жин бууруулах мэс заслын бус аргууд үр дүнгүй байгаа үед

Түүнчлэн БЖИ ≥35 кг/м2, хүнд хавсарсан өвчтэй /хүнд ЧШӨ, нойрсох үеийн апноэ, үений өвчин гэх мэтэ / бол кандидат болно.

Судалгаануудаас үзэхэд бариатрик мэс заслыг мэс заслын бус эмчилгээнүүдтэй харьцуулахад жин ихээр буурсан (дундаж ялгаа -26 кг) ба 2 хэлбэрийн ЧШӨ-ий намжилт маш өндөр байжээ. Бариатрик мэс заслын хамгийн түгээмэл гаж нөлөө нв төмөр дутлын анеми бөгөөд дахин хагалгаа хийх шаардлага гардаг.

Өөх соруулах /Liposuction/ — Физиологийн уусмал тарьсны дараа аспирацаар өөх соруулах ажилбарыг арьсан доорх өөхийг авах, хэлбэржүүлэхэд хэрэглэсээр ирсэн. Ажилбарын дараа өөхний масс, жин ихээр багасах хэдий ч инсулинд мэдрэг чанарыг сайжруулдаггүй ба зүрхний титэм судасны өвчний эрсдлийг бууруулдаггүй. Таргалалттай 15 эмэгтэйд (8- глюкозын тэсвэржилт хэвийн, 7- 2 хэлбэрийн ЧШӨ-тэй) хийгдсэн судалгаанаас үзэхэд хэвлийн их хэмээний өөх соруулах ажилбарт орохын өмнө болон орсны дараах 10-12 долоо дахь хоногт бодисын солилцооны үнэлгээ хийхэд дараах үр дүн гарчээ.:

  • Өөх соруулалтаар хэвлийн арьсан доорхи өөхөн эдийн хэмжээ глюкозын тэсвэржилт хэвийн эмэгтэйчүүдэд- 44% (9 кг) –аар, ЧШӨ-тэй эмэгтэйчүүдэд 28% (10.5 кг)-аар буурсан.
  • Бүсэлхийн тойрог, сийвэнгийн лептиний концентраци илэрхий буурсан ч аль ч бүлэгт булчин,элэг, өөхөн эдийн инсулинд мэдрэг чанар сайжраагүй. (эугликемийн гиперинсулинемийн кламп болон изотоп-тресор инфузи ашиглан глюкоз хувиарилалтын стимуляци, глюкозын үүсэлтийн супресс, липолизийн супрессээр үнэлсэн).
  • Өөх соруулалт нь С урвалжит уураг, интерлейкин-6, TNFα, адипонектины сийвэнгийн концентрацийг өөрчлөөгүй ба цусны даралт, сийвэнгийн глюкоз, липид,инсулины концентраци зэрэг зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлсийг илэрхий бууруулаагүй.

Иймээс судалгаагаар дүгнэхэд таргалалттай эсвэл ЧШӨ-тэй эмэгтэйчүүдэд хэвлийн арьсан доорхи их хэмжээний өөх соруулж авахад инсулинд мэдрэг чанар нэмэгдээгүй ба зүрх судасны өвчний эрсдэл буураагүй тул хоолны хэрэглээгээ бууруулж мөн/эсвэл висцераль өөхийг арилган сөрөг энэргийн баланст оруулснаар жин бууралтын бодисын солилцооны эерэг байдалд хүрнэ.

Вагусын блокад— Вагусын блокад эмчилгээг бариатрик мэс засалтай харьцуулсан үр дүнтэй, аюулгүй мэдээлэл болон урт хугацааны судалгаа хомс тул жин бууруулах менежментээр зөвлөхгүй.

VBLOC-Therapy

Тэнэгч мэдрэлийн блокад

Хэвлийн тэнэгч мэдрэл нь ходоодны хоосролтыг хянаж, тархины цадалтын төвд дохио дамжуулдаг. Мэс заслаар суулгасан, хэвлийн тэнэгч мэдрэлд цахилгаан импульс дамжуулдаг төхөөрөмжийг таргалалтын боломжит эмчилгээнд ашиглахаар судлагдаж байгаа. Төхөөрөмжөөс гарах цахилгаан өдөөлт тархи, ходоодны хоорондох тэнэгч мэдрэлийн дамжуулалтыг хориглосноор өлсөлтийг бууруулдаг байна. Гэвч жин бууруулах нарийн механизм нь тодорхой бус. Төхөөрөмжийг лапароскопигоор суулгахдаа 1 холболтыг тэнэгч мэдрэлийн урд их биед, нөгөөг хэвлийн доторхи арын их биед байрлуулна. Зайгаар ажилладаг дахин цэнэглэдэг нейрорегулаторыг арьсан дор суулгадаг. Зайг өдөр бүр дунджаар 30 минут цэнэглэх шаардлагатай ба төхөөрөмж хоногт ойролцоогоор 12-15 цаг идэвхижинэ.

Нэмэлт эмчилгээ (Комплементар)— Таргалалтын эмчилгээнд нэмэлт эмчилгээг зөвлөдөггүй. Эфедра болон бусад нэмэлт бүтээгдэхүүнийг жин бууруулах зорилгоор их хэрэглэдэг.

Таргалалтын үед зүү эмчилгээний нөлөө судлагдсаар байгаа. Голдуу хяналтгүй эмнэлзүйн судалгаанууд байгаа ба жин бууруулахад тодорхой бус үр нөлөөтэй байна.

Эмчилгээний эрсдлүүд— Таргалалтын эмчилгээг гаж нөлөөний эрсдлээр нь хуваадаг. Сүүлийн үед ихэнхи эмүүд гаж нөлөө багатай боловч богино хугацаанд бага жин хасах хүсэлтэй хүмүүст цөөн тооны хүнд зэргийн гаж нөлөө илэрсэн.

Жин буурснаар цөсний сувгаар холестролын ялгаралт ихэсдэг учир цөсний чулуу үүсэх нь ихэсч болно. Дунд зэргийн хэмжээ хоол цөсний агчлыг өдөөх тул эрсдлийг бууруулж болно. Мөн жингээ богино хугацаанд хасч буй хүмүүст цөсний хүчлийн бэлдмэлүүдийг (жнь: урсодезоксихолийн хүчил) хэрэглэхийг зөвлөдөг. (>1-1.5 кг/7 хоногт).

Эмнэлзүйн удирдамжууд — Таргалалтын үнэлгээ, эмчилгээний дараах удирдамжуудыг уншихыг санал болгож байна.

  • American College of Physicians (ACP)
  • The National Heart, Lung, and Blood Institute (NHLBI) and the North American Association for the Study of Obesity (NAASO)
  • The American Heart Association(AHA)/AmericanCollege of Cardiology (ACC)/The Obesity Society (TOS) Guidelines for the Management of Overweight and Obesity in Adults
  • National Institute for Health and Care Excellence (NICE)
  • The Endocrine Society

Эх сурвалж: uptodate

Сүүлд шинэчлэгдсэн огноо:  2014.06.04