Ходоодны даавар Гастрин
Гастрин нь ходоодны хүчлийн шүүрлийг идэвхжүүлдэг үндсэн даавар юм. Үүнээс гадна, гастрин ходоодны салстын төлжлийг идэвхжүүлдэг ба энэ үйлдэл нь зарим хорт хавдарт эерэгээр нөлөөлдөг байж болзошгүй. Хүний гастрин нь 17 – р хромосомд байрлалтай нэг генийн бүтээгдэхүүн юм. Идэвхитэй даавар нь препрогастрин гэдэг урьдал пептидээс нийлэгждэг. Уг препрогастрин 101 амин хүчлийн дарааллаас тогтох ба дохио дамжуулах 21 амин хүчил, орон зайн 37 амин хүчил, гастрины бүрдлийн 34 амин хүчил, карбоксилийн үлдэгдэл бүхий 9 амин хүчлээр төгсдөг. Препрогастрины ферментэт боловсруулалтын дүнд физиологийн идэвхитэй гастрины хэлбэрүүд нийлэгждэг. Шат дараалсан ферментэт урвалын дүнд препрогастрин задарч прогастрин ба гастрин үүсгэх ба пептидийн тооны хувьд олон янзын хэмжээтэй байдаг. Гастрины үндсэн хоёр хэлбэр нь G34 (их), G17 (бага) боловч G14 (мини) пептид холбоо бүхий хэлбэр байдаг. Цусанд G34 (их) G17 (бага) – аас их байдаг нь түүний хагас задралын хугацаа G17 (бага) – аас 5 – 7 дахин бага байдагтай холбоотой байж болох юм. Бүх төрлийн гастрины үндсэн хэлбэр нь аминжсан тетрапедтид (Try-Met-Asp-Phe-NH2) карбоксил төгсгөлтэй ба энэ нь биологийн үүргээ бүрэн явуулах шинж чанарыг хангадаг. Тирозины үлдэгдэлдээ сульфатжин биологийн ижил идэвхитэй гастрины хувилбаруудыг үүсгэдэг. Харин, аминжаагүй гастриныг глицин – дараалалт гастрин гэдэг ба бүдүүн гэдэсний салстаас үүсдэг. Уг гастриныг амьтны загвар дээр туршиж үзэхэд бүдүүн гэдэсний салстын пролиферацийг идэвхжүүлж улмаар бүдүүн – шулуун гэдэсний хорт хавдрын үүслийг нэмэгдүүлдэг байна. Хэсэг газар үүсдэг энэ гастрин нь хүний бүдүүн гэдсэнд карциноген нөлөөтэй эсэхийг одоогоор судлаагүй байгаагаас гадна түүний рецепторыг ч тодорхойлоогүй байна.
Шүүрэл
Гастрины ихэнх нь ходоодны нугалуур орчмын дотоод шүүрлийн эсүүдээс үүсдэг ба маш бага хэмжээгээр хоол боловсруулах замын бусад эрхтнүүд болох ходоодны ёроол хэсэг, дээрхи гэдэс, өлөн ба цутгалан гэдэс, нойр булчирхайд үүсдэг. Цусны ийлдэст гастрины суурь түвшин 50 пг/мл орчим байдаг. Гастрин хоол боловсруулах замын эрхтнүүдээс гадна тархи, бөөрний дээд булчирхай, амьсгалын зам, нөхөн үржихүйн эрхтнүүдэд байдаг боловч одоогоор биологийн үүргийг нь сайтар тодорхойлоогүй байна. Гастрин болон холецистокинины (ХЦК) рецепторууд өөр хоорондоо хамааралтай төдийгүй бүтцийн адил хэлбэрт орших тул гастрин – холецистокинин рецедторын бүлэгт хамаардаг. ХЦК – 1, ХЦК – 2 (өмнө нь ХЦК – А, – Б гэж нэрлэж байсан) рецепторуудын хамжаа ДНХ – г тархи болон нойр булчирхайгаас колоны аргаар гарган авч судлахад ХЦК – 2 рецептор нь ходоодны гастрины рецептортой адилхан байжээ. ХЦК – 1 рецептор цөсний хүүдийд илэрдэг боловч ихэнх зүйлийн бодгалийн хувьд нойр булчирхайд тодорхойлогддог. ХЦК – 1 рецепторын гастринтай холбогдох авцаал чанар нь холецистокининээс 1000 дахин илүү юм. Гастрины ХЦК – 1, ХЦК – 2 рецептор нь өөр хоорондоо 50% – аас илүү хувь ижил гомолог дараалал агуулдаг ч гастринд өөр өөр авцаал чанараар харилцан үйлчлэлцдэг.
Гастриныг (G cells) гэж нэрлэдэг өвөрмөц дотоод шүүрлийн эсүүд хоолны сэдээлтээр цусруу шүүрүүлдэг. Гастрины ялгаралтыг сэдээдэг хоолны бүрэлдэхүүнд уураг, пептид, амин хүчлүүд ордог бөгөөд гастрины шүүрлийн гол нөлөөлөл нь ходоодны pH юм.
Гастрины шүүрэл нь тодорхой өдөөгчидөөр үүсдэг. Үүнд:
- Ходоодны нугалуурын хөндийн тэлэгдэл
- Вагус мэдрэлийн өдөөлт (нейрокрин бомбезин буюу гастрин чөлөөлөгч даавараар зуучилсан)
- Хоол тэжээлийн боловсорсон уураг, ялангуяа амин хүчил
- Гиперкальциеми
Гастрины шүүрэл хориглогдох нь:
- Ходоодны хүчиллэг байдал (анхдагчаар ялгарсан HCl буюу сөрөг эргэх холбоо)
- Соматостатин нь гастрины шүүрлийг секретин, гастрин хоригч пептид, VIP (vasoactive intestinal peptide), глюкагон, кальцитонины хамт хориглодог.
Үйл ажиллагаа
Гастрин ходоодны париетал эсийг идэвхжүүлж HCL/ходоодны хүчил шүүрүүлдэг. Энэ механизм нь париетал эсэд шууд нөлөөлж эсвэл шууд бусаар ходоодны энтерохромаффин – төст эсүүд дээрх ХЦК – 2/гастрины рецептортой холбогдож гистамины нийлэгжилийг өдөөн улмаар ялгарсан гистамин париетал эсэд паракрин замаар үйлчилж париетал эсийн оройн мембран дахь К+/Н+ АТФ – аза шахуургыг өдөөж H+/устөрөгчийн ионы шүүрлийг ходоодны хөндийрүү шүүрүүлдэг.
Дээр дурдсан ходоодны хүчил үүсгэх гол үүргээс гадна нэмэлт үүргүүд гүйцэтгэдэг. Үүнд:
- Париетал эсийн бие гүйцэлт ба ходоодны ёроолын өсөлтийг тэтгэх
- Гол эсээс пепсиноген ялгаруулах
- Ходоодны нугалуурын хөндийн булчингийн агшилтыг сайжруулж ходоодны агшилтыг дэмждэг
- Ходоодны нугалуур хэсэгрүү нугалуурын хөндийн (антраль) агшилтыг хүчжүүлж, нугалуурын хуниасыг агшааснаар ходоодны хоосрох явцыг удаашруулдаг.
- Цутгалан – мухар гэдэсний хавхлагын сулралтанд гол үүрэгтэй
- Нойр булчирхайн шүүрэл ба цөсний хүүдийн хоосролыг өдөөдөг
- Улаан хоолойн доод хуниасаны агшилтанд нөлөөлж түүнийг агшаадаг ажээ.
Зураг 1. Гастрин болон ходоодны даавруудын харилцан үйлчлэл
Зураг 2. Гастрины хавдарт нөлөөлөх механизм