ХОЛЕЦИСТОКИНИН

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Холецистокин  (ХЦК холе – цөс,  цисто – уут,  kinin – хөдөлгөх гэсэн утгатай грек үгээс гаралтай ба цөсний хүүдийг хөдөлгөх гэсэн утгатай)  нь уураг, өөх – тосны боловсролтонд чухал үүрэгтэй оролцдог хоол боловсруулах замын пептид даавар юм. Цусны сийвэн дэх хэвийн түвшин нь 5 – 800 нг/дл. Холецистокинин (өмнө нь панкреозимин гэдэг байв) нь нарийн гэдэсний салслаг эпителийн  I – эсүүдээс ялгаран цусанд шүүрч улмаар цусаар эргэлдэгч даавар цөсний хүүдий, нойр булчирхай, ходоодны гөлгөр булчин, захын мэдрэлд байх өвөрмөц ХЦК – 1 рецептортой холбогдож цөсний хүүдийн агшилт, нойр булчирхайн шүүрлийг идэвхжүүлж ходоодны хоосрох үйл, гэдэсний хөдөлгөөнийг зохицуулахаас гадна цадах мэдрэмжийг идэвхжүүлэх буюу өлсөлтийг дарангуйлдаг. Энэ үйлдэл нь өдөр тутмын шим тэжээлийн бодисын  хоол хүнсээр авах байдал, боловсруулалт, шимэлтийг зохицуулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар холецистокинин морфин, героин  гэх мэт опойдод  эмийн тэвчил үүсэлт буюу дотоод антогонистын идэвхитэй  байж магадгүй гэж таамаглаж байна.

Бүтэц

ХЦК нь прехолецистокинины трансляцийн дараах боловсруулалтаас хамаарч амин  хүчлийн тоогоороо олон төрлийн пептидээс бүтдэг. Холецистокининий үндсэн бүтэц нь 33 амин хүчлийн дараалал бүхий пептид юм. Гэвч CCK58, CCK33, CCK8  гэх мэт пептидийн олон янзын хэмжээтэй боловч эдгээрийн биологийн идэвхи адилхан. Үүнээс   CCK8  цусанд хамгийн их агуулагддаг. CCK58 нь хеликс – эргэлт – хеликс гэсэн өвөрмөц бүтэцтэй ба иймэрхүү байдлаар оршдогийг анх 1905 Английн физиологич Жое Симча Кохен (Joy Simcha Cohen) таамаглаж байжээ. ХЦК нь гастринтай туйлын адил бүтэцтэй. Тэдний  карбоксил бүлгийн төгсгөлийн 5 амин хүчил адилхан байдаг.

Үүрэг

Холецистокинин хоол боловсруулалт, цадалтыг багтаасан физиологийн олон үйл ажиллагааг гүйцэтгэдэг. ХЦК – ий чөлөөлөгдөлтийг  нойр булчирхайн ацинусын эсийн монитор пептид, ХЦК – чөлөөлөх уураг, ходоод гэдэсний салстын  энтероцит эсүүдээс  ялгардаг паракрины хүчин зүйл, түүнчлэн тэнэгч мэдрэлийн парасимпатик ширхэгийн ацетилхолины шүүрэл идэвхжүүлдэг. Ходоодноос дээд гэдэсрүү дамжиж буй хоол тэжээлийн бодис буюу химус доторх  тосны хүчил, амин хүчил ХЦК чөлөөлөгдөлтийг идэвхжүүлэх хамгийн гол  хүчин зүйл юм.  ХЦК ходоод хоосрох процесс, ходоодны хүчилийн шүүрлийг дарангуйлсанаар нарийн гэдсэн дэх хоол боловсролтыг сайжруулдаг. ХЦК нойр булчирхайн ацинус эсүүдийг идэвхжүүлэн улмаар  хоол боловсруулах ферментүүдийн шүүрлийг ихэсгэдэг учир түүнийг хуучинаар панкреозамин гэдэг байв.

ХЦК нь цөсний хүүдийн агшилтыг зохицуулдаг гол даавар. Элгэнд үүсэх цөсний үүслийг эрчимжүүлж, цөсний хүүдийн агшилтыг идэвхжүүлж, Оддын хуниас (Глиссоны сфинктер) – ыг сулруулж цөсийг дээд гэдсэнд чөлөөлөгдөх нөхцлийг бүрдүүлдэг.  Түүнчлэн хоол боловсруулахтай холбоотой нойр булчирхайн шүүрлийг идэвхжүүлдэг. Ихэнх зүйлийн бодгальд  ХЦК  нойр булчирхайн ацинус эс дээр байрлах рецепторыг шууд  цочроодог байхад хүний нойр булчирхайн ХЦК – 1 рецептор тооны хувьд төдий л их биш байдаг учир ХЦК нойр булчирхайн шүүрлийг шууд бус замаар өөр дээрээ ХЦК – 1 рецептор агуулдаг энтеропанкреат нейроноор  дамжуулан идэвхжүүлдэг. Зарим зүйлийн амьтанд ХЦК нойр булчирхайд тэжээлийн үүрэгтэй оролцдог бөгөөд хүний хойр булчирхайн хавдрын өөрчлөлтөнд нөлөөлдөг байж болзошгүй гэсэн онолын таамаглал байдаг. ХЦК ходоод  хоосрох үйлд нөлөөлдөг талаар дээр дурьдсан билээ. Энэ үйлдэл нь ходоодноос нарийн гэдэсрүү хоол тэжээлийн бодис дамжихад чухал зохицуулга болдог. ХЦК цадах мэдрэмж, хооллолтонд чухал үүрэгтэй оролцдог ба энэ нь ходоод, нарийн гэдсэнд хоол байгаа үед бүр ч илүүтэй ажиглагддаг. ХЦК ходоодны нугалуурын хөндий хэсгийн эсүүд ба оксинтик салстын соматостатин (D) эсийн ХЦК – 1 рецептортой холбогдон ходоодны хүчлийн шүүрлийг дарангуйлдаг. Соматостатин гастрин ялгаруулдаг зэргэлдээх G эсүүдийг хориглож хэсэг газрын үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ ходоодны париетал эсийн ходоодны хүчил ялгаруулах идэвхийг шууд дарангуйлдаг. Трипсин, нойр булчирхайн ацинус эсээс ялгарсан протеаза, ХЦК – чөлөөлөх пептид  болон монитор пептидийн гидролиз нь ХЦК – ий ялгаралтын дохиог зогсоодог.

Эмнэлзүйд, нойр булчирхайн үйлийг оношилохын тулд  ХЦК – г секретиний хамт нойр булчирхайн шүүрлийг идэвхжүүлэхэд хэрэглэж байжээ.  Түүнчлэн, цөсний хүүдийн агшилтыг үнэлэхийн тулд радиограф, сцинтиграфийн шинжилгээнүүдэд ашигладаг байв. ХЦК илүүдэл болдог  өвчин одоогоор мэдэгдээгүй байна. Харин нарийн гэдэсний салстын гадаргуун хэмжээ багассан цилиакийн өвчтэй хүмүүс, булимиа неврозтой (турахыг хүсэх мөртлөө хэт идэх эмгэг) өвчтөнүүдэд ХЦК багассан байдаг нь тэмдэглэгджээ. ХЦК – ий цусан дахь түвшин архаг панкреатитийн үед ихсэх нь тохиолддог ба энэ нь эл өвчний үед нойр булчирхайн шүүрэл багасч ХЦК – ий ялгаралтыг зохицуулах сөрөг эргэх холбооны зарчим алдагсантай холбоотой байж болох юм.

Нейробиологи

Пептид дааврын хувьд, ХЦК нь төв мэдрэлийн системд өргөн тархсан ХЦК – 2  рецепторт  нөлөөлж  цадах мэдрэмж үүсгэдэг. Хэдийгээр ХЦК цус – тархины хоригийг давж чадахгүй ч гипоталамус ба тархины багана хэсгийн зарим бүтэц энэ хоригоор хамгаалагдаагүй байдаг учир ХЦК тархинд нөлөөлж чаддаг байна. Холецистокинин цусанд их үүсэх нь  хүнд дотор муухайрах,  тавгүй байдал үүсгэх мэдрэмж төрүүлсэнээр хоолноос татгалзуулж цадах мэдрэмж  үүсгэдэг.  Хүмүүст ХЦК – 4 (TrpMetAspPhe-NH2) даавар дээрх эвгүй мэдрэмжийг төрүүлдэг гэх боловч ХЦК бүр янз бүрийн үр нөлөөг үзүүлдэг болох нь судлагдсан. Энэ өлсөлтийг дарангуйлах механизм нь ходоод хоосролтыг удаашруулах үйлдэлтэй холбоотой нь маргаангүй юм.

Ходоодны даавар

Загвар 1. Ходоодны даавруудын харилцан үйлчлэл

ХЦК хувь бодгаль бүрт янз бүрийн нөлөө үзүүлдэг байна. Харханд хийсэн туршилтаар ХЦК – г  залуу хархнуудад тарихад өлсөлт дарангуйлагдаж байсан ч хөгшин хархнуудад бага, ялангуяа эм хархнуудад маш өчүүхэн нөлөө үзүүлж байжээ. Тарган хархнуудад ХЦК – ий өлсөлт дарангуйлах нөлөө сул илэрсэн байна.

figure_20_25_labeled

Загвар 2. Холецистокинин ба секретин