Валентино хам шинж

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

18 настай эмэгтэй нэг өдрийн турш хэвлийн баруун доод хэсэгт өвдсөн өгүүлэмжтэй.  3 цагийн өмнөөс өвдөлт улам ихсэж , байнгын болсон. Өвдөлт нь маш хурц , 10/10 баллын хүчтэй, маш их хөлөрсөн, дотор муухайрч огиулна гэсэн зовиуртай. Ибупрофен 1 ширхэгийг уусан бөгөөд тухайн үедээ өвдөлт бага зэрэг намдсан. Дизури , сарын тэмдэгийн алдагдал, идэвхитэй бэлгийн амьдрал  асуумжаар үгүйсгэгдсэн.

Гастрит оношлогдож  Ранитидин 150мг-р өдөрт 2 удаа , ондансетрон 4мг-р өдөрт 2 удаа ууж байгаа. Бусад асуумж үгүйсгэгдсэн , мэс засалд орж байгаагүй. Тэрээр ахлах сургуульд сурдаг бөгөөд эцэг эх нь, архи , тамхи, мансууруулах бодис хэрэглэдэггүй.

Бодит үзлэгт: биеийн халуун 98.0°F(36.6°C), судасны лугшилтын тоо 85, цусны даралт 128/72 мм.муб, амьсгалын тоо 18, өрөөний агаараар амьсгалж байгаа үед сатураци 98%.  Хэвлийн өнгөц тэмтрэлтээр хэсэг газрын гялтан цочролын шинж  Мак-Брунейн цэгт тод илэрсэн .үтрээний үзлэгээр эмгэг ялгадасгүй , умайн хүзүү хэвийн хөдөлгөөнтэй, умайн дайвар тэмтрэгдэхгүй,эмзэглэлгүй.  Шулуун гэдэсний үзлэгт хэлбэржсэн хүрэн баастай далд цус илрүүлэх сорилд (Guaiac) сөрөг.

Лабораторийн шинжилгээнд: Шээсэнд Хорионы гонадотропин сөрөг.

Шээсний ерөнхий шинжилгээнд цагаан эс бага зэрэг ихэссэн, нитрит сөрөг, гематури, пиурийн  шинж үгүй.

Цусны ерөнхий шинжилгээнд: Цагаан эс – 6,200 mcl, цусны дүрс элементүүд, электролит болон креатинин хэвийн. Сийвэнгийн лактат 0.96 mEq/L. Элэгний үйл ажиллагааны сорилд  LDH – 519 U/L, АSAT , ALAT , билирубин хэвийн. Липаза- 87 U/L болж ихэссэн.

Хэвлийн болон бага аарцгийн тодосгогчтой комьпютерт томографид пневмоперитониум , бага аарцагт сул шингэнтэй (зураг 1, 2)


зураг 1: Хэвлийн дээд хэсэгт сул хий
Зураг 2: Хэвлийд сул хий болон шингэн

Эмч нарын зөвлөгөөнөөр хэлэлцэн лапароскопи хийж 12 хуруу гэдэсний эхлэл хэсэгт жижиг хэмжээний цоорсон шархлаа байгааг илрүүлж сэмжний хөл тавьж оёх аргаар ( Graham patch) цоорхойг битүүлсэн.

Зураг 3: Сэмжний хөл тавьж оёх арга( Graham patch)

 Цусанд  H. pylori эсрэг бие үзэхэд 2.8 U/ml болж ихэссэн , гастрины  түвшин хэвийн . H.Pylori.н гурвал эмчилгээ хийснээс 4 долоо хоногийн дараа эдийн шинжилгээнд  H.Pylori сөрөг гарсан.  

Валентино хам шинж

12 хуруу гэдэсний гялтангийн арын зайруу цоорсон шархлааны үед хэвлийн баруун доод хэсгээр өвдөх шинжээр илэрдэг хам шинж юм.

Энэ хам шинжийг  1920-д оны үеийн дуугүй киноны  од  Америкий нэрт жүжигчин Рудольф Валентиногийн нэрээр нэрлэжээ. 1926 онд Валентино  Нью-Йоркийн политехникийн эмнэлэгт хэвлийн баруун доод хэсгээр өвдөлттэй очиж яаралтай журмаар аппендэктомийн мэс засал хийлгэсэн бөгөөд хагалгааны дараахан тэрээр перитонит болж, олон эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа хямран хэдэн өдрийн дараа нас барсан байна. Хожим нь ходоод, 12 хуруу гэдэсний цоорсон шархтай байсныг мэдсэн байна.

Валентино хам шинжийн үед ходоод болон гэдэсний агуулагдахуун гялтангийн арын зайгаар дамжин өгсөх гэдэс, мухар гэдэсний орчим хуримтлагдан хэсэг газрын гялтангийн үрэвсэл үүсгэн хэвлийн доод хэсгээр өвдөх шинж тэмдэг үүсгэдэг. Иймээс  ихэвчлэн мухар олгойн үрэвсэлтэй андуурагддаг. Энэ үед өвчтөнд үл мэдэг хөдөлгөөнд өвдөлт маш их нэмэгдэх бөгөөд ургийн албадмал байдалд ордог. Мөн хэвлийн арын зайд гарсан ходоод гэдэсний агууламжийн найрлагаас хамаарч септик шокийн шинж тэмдэг ч илэрч болно.

Юун түрүүн асуумж сайн авах, бодит үзлэг, хэвлийн тойм рентген, хэвлийн эход харах шаардлагтай.

Үзлэгт хэсэг газрын булчингийн чангарал, эход баруун бөөр орчмын хий  “халхлагдсан бөөрний шинж” илрэнэ.

Зураг 4: Халхлагдсан бөөрний шинж

Компюьтер томографаар нарийвчилсан оношилгоо хийнэ. 

Нэгдсэн улсад ойролцоогоор жил бүр 6 сая орчим хүн пептик шархлааны улмаас эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэж байна. Үүний үндсэн шалтгаан нь H.pylori , стеройд бус үрэвслийн эсрэг эмийн хэрэглээ юм.

Дээрх 2 шалтгааны эсрэг үр дүнтэй арга хэмжээ авснаар мэс заслын эмчилгээг ойролцоогоор 11%-р , ходоодны цоорсон шархлааны улмаас нас барах эрсдлийг 15%-р бууруулдаг байна. 


Эх сурвалж:


1. Sandler RS, Everhart JE, Donowitz M, et al. The burden of selected digestive diseases in the United States. Gastroenterol. 2002;122(5):1500–11. [PubMed]

2. Wang YR, Richter JE, Dempsey DT. Trends and outcomes of hospitalizations for peptic ulcer disease in the United States, 1993 to 2006. Ann Surg. 2010;251(1):51–8. [PubMed]

3. Mahajan PS, Abdalla MF, Purayil NK. First Report of Preoperative Imaging Diagnosis of a Surgically Confirmed Case of Valentino’s Syndrome. J Clin Imaging Sci. 2014;4:28. [PMC free article] [PubMed]

4. Wijegoonewardene SI, Stein J, Cooke D, et al. Valentino’s syndrome a perforated peptic ulcer mimicking acute appendicitis. BMJ Case Rep. 2012;28:2012. [PMC free article] [PubMed]

5. Hsu CC, Liu YP, Lien WC, et al. A pregnant woman presenting to the ED with Valentino’s syndrome. Am J Emerg Med. 2005;23(2):217–8. [PubMed]

6. Wang HP, Su WC. Images in clinical medicine. Veiled right kidney sign in a patient with Valentino’s syndrome. N Engl J Med. 2006;354(10):e9. [PubMed]

7. Graham RR. The treatment of perforated duodenal ulcers. Surg Gynec Obstet. 1937;64:235–8.

8. Valentino loses battle with death: Greatest of screen lovers fought valiantly for life. The Plattsburgh Sentinel. 1926;1