Салхин цэцэг ( варицелла )
Хүнд өвчин үүсгэдэг 8 херпес вирусын нэг нь дэлхийд өргөн тархсан варицелла зостер вирус (VZV) юм. Варицелла зостер вирус нь эмнэлзүйн хувьд ялгаатай салхин цэцэг (chicken pox), могой яр (shingles) гэсэн 2 өвчнийг үүсгэдэг. VZV-н анхны халдвар нь цэврүүт тууралтаар илэрдэг салхин цэцэг өвчнийг үүсгэдэг бол, хүний мэдрэлийн тогтолцоонд далд хэлбэрт (латент) орсон вирус дахин идэвхжиж дотоод гаралтай арьсны халдвар үүсгэхийг варицелаа зостер буюу могой яр гэдэг.
Оношилгооны чиглэл
- Эмнэлзүйн онцлогт суурилсан оношилгоо “загатналт бүхий тууралт” –нд суурилдаг. Тууралт нь толгой, хуухь, их бие, мөчдөд тууралт арай цөөн байдлаар бүх биеээр туурна. Толбот-гүвдрүүт тууралт эхлэж гарснаар цаашид цэврүүнцэр, идээт цэврүүнцэр болж эцэст нь тавшиж эдгэрдэг. Тууралтын эдгээр үе шат нэг хугацаанд илэрдэг онцлогтой.
- Эмнэлзүйгээр онош тодорхойгүй тохиолдолд цэврүүний шингэн, тав, хоолойн арчдас, тархи нугасны шингэн, цус, шүлснээс дээж авч полимеразийн гинжин урвал (PCR) шинжилгээгээр варицелла зостер вирусыг илрүүлж онош батлах боломжтой.
Эмчилгээний чиглэл
- Нэг наснаас дээш, 12 –с бага насны эрүүл, хүндрэлгүй тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ үүнд: халууралтын эсрэг болон загатналтын эсрэг эмчилгээ багтана. Рэе-н хам шинжийн эрсдэлтэй учраас халууралтанд аспирин хэрэглэж болохгүй.
- Нярай, өсвөр насны, болон насанд хүрэгчид илүү хүнд зэргээр тусдаг. Тиймээс эдгээр насны бүлгийн хүмүүст вирусын эсрэг эмчилгээ зөвлөдөг.
- Ацикловирыг шингэн суспензээр ууж хэрэглэх боломжтой. Нярайд хэрэглэх тун нь 20 мг/кг (дээд тун 800 мг) –аар 6 цаг тутамд, 6-10 өдөр хэрэглэнэ.
- Өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд Валацикловир биохүрэхүй илүү сайн тул энэ насныханд хэрэглэдэг. Валацикловирыг 1000 мг-аар өдөрт 2 удаа ууна.
- Дархлаа дарангуйлагдсан (ДОХ г.м) өвчтөнд ацикловирыг венийн судсаар тарих заалттай. Тунг 10-15 мг/кг-аар тооцож 8 цаг тутамд тарина.
Тархвар зүй
Салхин цэцэг нь эрүүл хүнд хөнгөн явагдаж, өөрөө аяндаа эдгэрдэг, харин нярай, өсвөр насныхан, насанд хүрэгчид болон дархлаа дарангуйлагдсан хүмүүс илүү хүнд зэргээр өвчилж, мөн тэдний нас баралтын шалтгаан ч болох боломжтой. 1995 онд вакцинжуулалт хийгдэж эхлэхээс өмнө хүүхдэд маш их нийтлэг өвчин байсан бөгөөд өсвөр наснаасс өмнө хүмүүсийн 90 гаруй хувь нь халдвар авсан баайдаг. 2-5 жил тутамд мөчлөгтэй эпидеми, өвлийн сүүл үеэс хаврын эхэн үед салхин цэцгийн өвчлөл хамгийн их тохиолддог. Халуун уур амьсгалтай үед халдвараар ахимаг насныхан өвчилдөг боловч маш цөөн тохиолддог.
Эрсдэлт хүчин зүйл ба Сэргийлэлт
Вакцинжуулалтаас өмнө салхин цэцэг хүйс хамаарахгүй, цаг агаар харгалзахгүйгээр маш өргөн дэлгэр тохиолддог өвчин байсан. 1995 онд сулруулсан амьд варицелла вакциныг Нэгдсэн Улсад хэрэглэхийг зөвшөөрсөн. Үүнийг одоо ихэнх орнууд хэрэглэж байна. Эхлээд 0,5 мл тунгаар нэг тунг 12-оос бага насны хүүхдэд арьсан доор тарьдаг байсан. Гэвч эдгээр вакцинжуулалтын дунд дархлаа тогтохгүй байгаа нь ихэнх хүүхдэд тогтоогдсон. 2006 онд Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төвөөс 2 тун тарих зарчмыг зөвлөсөн. Энэ зөвлөмжинд эхний тунг 12-15 сартайд , хоёр дах тунг 4-6 настайд тарихыг тусгасан.
Хоёр тунгийн оновчтой хугацаа тодорхойгүй ч улаан бурхан-гахайн хавдар-улаанууд вакцины хугацаатай аль хэдийн тогтоосон бөгөөд энэхүү вакцинтэй хамт хийх дэглэмийг сонгон хэрэглэсэн. Вакциныг 12 –с бага насанд 3 сарын зайтай тарьсан байх хэрэгтэй. 12 –с дээш насны хүнд 2 тунг багадаа 4 долоо хоногийн зайтай тарихыг зөвлөсөн.
Вакцинжуулалтын ачаар анхдагч салхин цэцэг 85%-аар буурсан бол дундаас хүнд зэргийн тохиолдол 95%-аас багасчээ. Харин энэхүү вакцин варицелла зостер вирусээс хамгаалах боловч херпес зостер вирусээс хамгаалдаггүй.
Эмгэг үйл зүй (эмгэг физиологи)
Варицелла зостер вирус нь байгальд зөвхөн хүнд оршдог эзэн-өвөрмөц, херпесийн бүлийн вирус юм. Вирусын халдвар агаар дуслаар эсвэл варицелл буюу херпес зостерийн арьсыг гэмтээсэн хэсэгтэй (тууралттай) хүрэлцэхэд дамждаг. Үүний дүнд амьсгалын эсвэл нүдний салстын эсүүдэд нэвтэрч, тэндээсээ хэсэг газрын дархлааны эсүүд болон тунгалгийн зангилаанд халдварладаг. Эдгээр халдварлагдсан дархлааны эсүүд хучуур эсүүд рүү вирусыг зөөн очсноор вирус хучуур эсүүдэд үржин арьсны тууралт болон виреми үүсгэдэг.
Халдварын нууц хугацаа 10-21 хоног, өвчтөн арьсны тууралт илрэхээс 48 цагийн өмнөөс халдвартай болдог. Арьсны тууралт эхлээд жижиг, улаан гүвдрүү гарч 12-48 цагийн дараа цэврүү болж хөгждөг, энэхүү цэврүү “сарнайн дээрх шүүдэр” шиг харагддаг онцлогтой (зураг1). Эдгээр нь маш их загатнадаг бөгөөд ихэнхдээ эхлээд толгой, хуухь эсвэл их бие дээр илэрдэг. Вирус мөн салстыг гэмтээдэг тул ам-залгиур болон үтрээний салст шархална. Цэврүүний шингэн 48 цагийн дараагаас булингартаж, цаашид тавшдаг. 72-96 цагийн дараагаас шингэнд удалгүй вирус илрэхээ болино. Тиймээс хамгийн халдвартай нь цэврүүт үе бөгөөд бүх тууралт тавшисны дараа халдвартай үе дуусдаг гэж үздэг. Арьсан дээр шинэ тууралт гарах хугацаа дунджаар 3-5 хоног боловч 1-7 хоногоор хэлбэлзэж болно. Тиймээс тууралтыг харахад бүх үе шат нэг хугацаанд харагддаг. Өөрөөр хэлбэл өвчтөн анх удаа ирж үзүүлэхэд бие дээрх тууралтууд гүвдрүү, цэврүү, тав гэх мэт тууралтын үе шатын бүх хэлбэр байна гэсэн үг юм. Мөчдөд хамгийн сүүлд тууралт гарах хандлагатай. Тууралт өнгөц байдаг тул сорви тогтолгүй эдгэрдэг ч үсний зааг, хөмсгөнд тогтож болзошгүй. Варицелла зостер вирус нь мэдрэлийн арын язгуурын зангилаа, гавлын мэдрлийн язгуурын зангилаа, ургал мэдрэлийн зангилаанд далд хэлбэрээр үлддэг. Хэрвээ ахимаг насанд дахин идэвхижвэл херпес зостерийг буюу могой ярыг үүсгэдэг.
Эмнэлзүйн онцлог илрэл
Нууц хугацаа 10-21 хоногт хэлбэлздэг хэдий ч дунджаар 14-16 хоног, хэрвээ варицелла зостер иммуниглобулин тариулсан бол 21-28 хоног хүртэл уртсах боломжтой.
Ихэнхдээ халууралт, бие сульдалт, толгой өвдөлт, анорекси эхэлж илэрсний дараа онцлог тууралт нь гардаг. Тууралт нь загатнаатай, 24-48 цагийн дараа гэхэд гүвдрүү, цэврүүнцэр, идээт цэврүүнцэр, тав бүгд нэг хугацаанд бие дээр илэрдэг. Салст дээр тууралт гарсан байж болно. Мөн хөнгөн зэргийн хэвлийн өвдөлт тууралтын үед илэрч болно.
Оношилгоо
Эмэнлзүйн зовиур, халдвар авсан байх боломж, тууралтын онцлог зэрэг эмнэлзүйн онцлогт суурьлан оношилно. Гэхдээ вакцинжуулалтын өнөө үед салхин цэцгийн тохиолдол гайхалтай буурсан тул ихэнх шинэ эмч нарт салхин цэцгийг танихад төвөгтэй байх нь бий. Мөн дархлаа дараунгуйлагдсан өвчтөнд эмнэлзүй хэв шинжит бус байдлаар эсвэл хүнд зэргээр явагддаг тул оношлоход төвөгтэй болдог. Өнгөрсөн үед оношилгооны алтан стандарт нь биеийн эсвэл цэврүүний шингэнээс вирусын өсгөвөр бэлдэх байсан бөгөөд энэ нь хугаца их шаарддаг, үнэтэй арга юм. Харин өнөө үед цэврүүний шингэн, тав, арьс эсвэл хоолойн арчдас, цус, тархи нугасны шингэн, шүлс, болон эдийн биопсиноос вирусын ДНХ –г өсгөж, илрүүлэхэд хэрэглэж байна.
Ялган оношилгоо
Түүхэнд цагаан цэцэг өвчин хамгийн ноцтой нь байсан. Харин 1949 оноос хойш цагаан цэцгийн тохиолдол дахин бүртгэгдээгүй, тиймээс тохиолдох боломж маш бага ч магадгүй биотерроризмд ашиглахыг үгүйсгэхгүй. Цагийн цэцгийн үе шат нь салхин цэцэгтэй ижил ч үндсэн ялгаа нь том тууралт гардаг. Бусад салхин цэцэгтэй ижил эмгэгүүдэд түүхий (унших: Түүхий), херпес маягийн экзем, энгийн херпесийн халдвар (унших: Энгийн хепес вирусын халдвар), гар-хөл-амны өвчин (унших: Гар хөл амны өвчин), херпес зостер буюу могой яр, амьтанд хазуулах, эмийн урвал, мөн хэв шинжит бус улаан бурхан багтана. Коксакиевирус болон эховирус нь ижил вирусын экзантем үүсгэдэг. Цусархаг салхин цэцэг нь менингококцемитэй ижил илрэх боломжтой. Стевен-жонсны хам шинж, хордлогот шок хам шинж мөн ижил илэрч болно. Үндсэн ялгаа нь тууралтын онцлог, тууралтын олон үе шат, холбоотой зовиур, болон тархвар зүйн асуумж юм.
Эмчилгээ
Эмчилгээг өвчтний нас, тууралт гарснаас хойшхи эрүүл мэндийн байдлаас хамаарч шийднэ. Судалгаагаар ацикловирыг туурал гарснаас хойшхи 24 цагийн дотор хэрэглэж эхэлбэл халууралтын хугацаа богино, арьсны тууралт багахан буурдаг нь харагдсан. Мөн өвчний үргэлжлэх хугацаа 24 цагаар богиносох боломжтой. Хүүхдэд ихэнхдээ ацитаминофен болон загатналтын эсрэг дэмжих эмчилгээг шаардлагатай бол бүгдэд нь хийдэг.
Нярай, Өсвөр насныхан (12 –дээш нас), насанд хүрэгчдэд вирусын эм хэрэглэхийг зөвлөсөн. Судалгаагаар арьсны тууралт илэрснээс хойш 48 цаг, боломжтой бол түүнээс удаан вирусын эсрэг эмийг хэрэглэвэл үр дүнтэй нь харагдсан. Ацикловир, валацикловир алийг нь ч хэрэглэсэн болно. Валацикловирын биохүрэхүй илүү сайн учраас 12-с дээш насны хүмүүст 20 мг/кг-аар (дээд тун 1000 мг) тооцон хоногт 2 удаа, 7 хоног уулгана. Эсвэл Ацикловирыг насанд хүрэгчдэд 800 мг-аар хоногт 5 удаа 5 хоног өгнө. Харин хүүхэд болон нярайд ацикловрыг зөвхөн шингэн суспензээр уулгах шаардлагатай. Шингэн ацикловирыг 20 мг/кг-аар 6 цаг тутамд, 7-10 хоног уулгадаг.
Жирэмсэн эмэгтэйд ялангуяа уушгины хүндрэлээр хүндэрсэн, салхин цэцэгтэй ямар ч жирэмсэн уушгины эмгэгээр хүндэрсэн нь оношлогдсон (ханиалгалт, амьсгаадалт, цээжний Рентгенд өөрчлөлттэй) бол эмчилсэн байх ёстой.
Жирэмсний салхин цэцгийн эмчилгээнд зориулагдан зөвшөөрөгдөөгүй, мөн эх болон урагт хортой эсвэл хоргүй нь нотлогдоогүй байгаа ч ацикловир болон валацикловирыг аль алиныг нь жирэмсний энгийн херпесийн эмчилгээнд хэрэглэж байна.
Дархлаа дарангуйлагдсан хүмүүст тухайлбал ДОХ-той, хавдартай, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, дархлаа дарангуйлах эм ууж буй хүмүүст хүнд зэргээр хүндрэл өгдөг тул аль болох хурдан оношилж венийн судсаар эмчилгээг хийх нь зүйтэй. Венийн судсаар ацикловирыг 10-15 мг/кг –аар хоногт 2 удаа 7-10 хоног тарина. Эдгээр өвчтнүүдэд хамгийн багадаа сүүлийн 24 цагт шинэ тууралт гараагүй бол эмийг амаар уух хэлбэр рүү шилжүүлэх талаар хэлэлцэж болно. Хэрвээ ацикловир, валацикловир аль алиныг нь хэрэглэх боломжгүй бол венийн судсаар Foscarnet хэрэглэх боломжтой ч энэ нь гарааны эмчилгээ биш юм. Учир нь аюулгүй байдал бага, ихэнхдээ бөөр хордуулах, гипкальциеми, бусад электролитын алдагдал тэмдэглэгддэг. Хэрэглэх бол тунг 40 мг/кг –аар 8 цаг тутамд эсвэл 100 мг/кг –аар 12 цаг тутамд тарина. Тарихдаа гаж нөлөөнөөс сэргийлэхийн тулд багадаа 1 цагийн турш дуслаар хийсэн байх хэрэгтэй.
Хүндрэл
Эрүүл чийрэг хүүхдэд хамгийн нийтлэг тохиолддог хүндрэл бол тууралтаа маажиснаас бактерийн хоёрдагч халдвар орох юм. тиймээс хүүхдийн хумсыг авснаар энэхүү хүндрэл үүсэхээс сэргийлэхэд туслах боломжтой. Энэ тохиолдолд хамгийн нийтлэг халдвар үүсгэгч нь Стаф. аурус, Стреп. пиогенус юм. Хэрвээ бактерийн хоёрдогч халдварын хүндрэл үүсвэл шаардлагатай антибиотикыг хэрэглэнэ.
Ноцтой хүндрэл өсвөл насныхан, насанд хүрэгчид, болон дархлаа дарангуйлагдсан хүмүүст тохиолдох илүү хандлагатай байдаг. Хамгийн нийтлэг нь субклиникал гепатит дагалдсан уушгины хатгаа байдаг. Мөн 10,000 хүн амд 1-3 –д мэдрэлийн талаас хүндрэл гардаг үүнд: энцефалит, менингит, церебеллар атакси, трансверс миелит багтдаг. Харвалтын хам шинж, цусархаг тууралт, Guillain-Barre´ хам шинж, ховор тохиолдолд үүсэх боломжтой.
Жирэмсний эхний болон хоёрдах гурван сард халдвар авахад хүнд зэргийн төрөлхийн малформаци үүсэх боломжтой. Гуравдах гурван сард салхин цэцгийн халдвар авахад шинэ нярайд түгмэл хүнд зэргийн эмгэг үүсгэх боломжтой.
Варцелла зостер вирусын халдварын удаан хугацааны дараах нийтлэг үр дагавар нь херпес зостер буюу могой яр байдлаар ахимаг насанд дахин идэвхжих юм. Нэгдсэн улсад жил тутам 1 сая гаруй хүн зостероор (могой яраар) өвчилдгөөс ихэнх нь 60-аас дээш насныхан байдаг. Могой яр нь өвдөлт, парестези, дизестези дерматомийн дагуу илэрч продромал фазаар эхэлж, цөөн хоногийн дотор нэг талд, дарматомын дагуу толбо-гүвдрүүт тууралт гардаг. Тууралт нь цэврүүтэн цаашид 10 гаруй хоногоос тавшдаг. Тууралт, өвдөлт, дизестези эргэн бүрэн эдгэрэх хугацаа ерөнхийдөө 4-6 долоо хоног байдаг. Хэрвээ тууралт бүрэн эдгэрсэн ч өвдөлт байсаар байвал үүнийг херпесийн дараах мэдрэлийн өвдөлт (постхерпетик невралги) гэж нэрлэдэг. Херпесийн дараах мэдрэлийн өвдөлт хүнд, эмчлэхэд бэрх, мөн хэдэн сараас хэдэн жил үргэлжлэх боломжтой. 2006 онд FDA-с 60 дээш насны варицелла зостер вирус-ийлдэс эерэг хүмүүст зостер вакцин хэрэглэхийг зөвшөөрсөн.
Энэхүү вакцин жирэмсэн эмэгтэйчүүд, болон хүнд зэргээр дархлаа дарангуйлагдсан хүмүүст эсрэг заалттай.
Эх сурвалж
- Mary A Albrecht, MD “Clinical features of varicella-zoster virus infection: Chickenpox” This topic last updated: Jun 30, 2014
- Conn’s “Varicella (chickenpox)” Current Therapy 2015
- Bonanni P, Gershon A, Gershon M, et al. Primary versus secondary failure after
- varicella vaccination: Implications for interval between 2 doses. Pediatr Infect Dis J 2013;32:e305–e313.
- Gershon A, Gershon M. Pathogenesis and current approaches to control of varicellazoster virus infections. Clin Microbiol Rev 2013;26:728–43.
- Gnann J. Varicella-zoster virus: Atypical presentations and unusual complications. J Infect Dis 2002;186(Suppl. 1):S91–8.
- Gnann J. Antiviral therapy of varicella-zoster virus infections, In: Arvin A, Campadelli-Fiume G, Mocarski E, et al., editors Human Herpesviruses: Biology, Therapy, and Immunoprophylaxis. Cambridge: Cambridge University Press; 2007.
- Chapter 65. Available from, http://www.ncbi.nlm.nih.gov//books/NBK47401/? report.
- Izikson L, Lilly E. Primary varicella in an immunocompetent adult. J Clin Aesthet Dermatol 2009;2:36–8.
- Moffat J, Ku C, Zerboni L, et al. VZV: Pathogenesis and the disease consequences of primary infection. In: Arvin A, Campadelli-Fiume G, Mocarski E, et al., editors.
- Human Herpesviruses: Biology, Therapy, and Immunoprophylaxis. Cambridge: Cambridge University Press; 2007. Chapter 37. Available from, http://www.ncbi.nlm.nih.gov//books/NBK47382/?report.
- Mueller NH, Gilden DH, Cohrs RJ, et al. Varicella zoster virus infection: Clinical features, molecular pathogenesis of disease, and latency. Neurol Clin 2008; 26:675–97.
- Sanford M, Keating GM. Zoster vaccine: A review of its use in preventing herpes zoster and postherpetic neuralgia in older adults. Drugs & Aging 2010; 27:159–76.