Шинэ коронавирус 2019 (SARS-CoV-2 буюу COVID-19) шинэчлэлт:2020.02.15
БНХАУ-ын Үхань хотод 2019 оны 12 сарын 31-нд шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа илэрч, 2020 оны 1 сарын 7-д тухайн улсын эрдэмтэд шинэ төрлийн коронавирус (novel coronavirus буюу 2019-nCoV хэмээн нэрлэж байна) –ээр үүсгэгдсэн болохыг тодорхойлсон.
Насанд хүрэгчдийн ханиад шуухинаа, томуугийн 10-30% нь коронавирусын шалтгаантай байдаг. Хүүхэд, насанд хүрэгчдийн амьсгалын замын хүнд зэргийн халдварт коронавирус мөн голлох үүрэгтэй оролцоно. Коронавирус нярай, хүүхдийн суулгалт үүсгэх боломжтой.
Коронавирус гэж юу вэ?
Коронавирусын 4 (alpha, beta, delta, and gamma) төрөл байдгаас хоёр төрөл (alpha, beta)-д багтах 4 вирус (HCoV 229E, NL63, OC43, and HKU1) хүн төрөлхтөнд халдварлаж өвчин үүсгэж байна.
21-дүгээр зуунд 2 коронавирус амьтнаас хүнд халдварлаж томоохон тахал үүсгэсэн бол одоо 3дахь тахал хүчтэй тархаж байна. Гурван өөр арванд гурван өөр коронавирусын тахал:
- 2002-2003 онд “Амьсгалын халтай хам шинж буюу SARS” үүсгэгч SARS-коронавирус: 2002 онд БНХАУ-д анх муурын зүйлийн амьтнаас хүнд халдварлан амьсгалын зам, уушгины хүнд өвчин үүсгэсэн, мөн хүнээс хүнд халдварласан. Цаашид 2002-2003 онд нийтдээ 26 орны 8000 гаруй хүн энэ халдвараар өвчилсөн. Тухайн үед өвчилсөн хүмүүсийн 20-30%-д нь амьсгалын аппарат хэрэг болж, нийт өвчлөгсдийн 10% нь нас барсан. Өвөрмөц эмчилгээ үгүй. Урьдчилан сэргийлэх вакцин одоогоор судлагдаж байгаа.
- 2012 онд “Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж” үүсгэгч MERS-коронавирус: 2012 онд Саудын Араб –д анх тэмээнээс хүнд халдварлан өвчин үүсгэснээр тодорхойлогдсон. ДЭМБ-ийн 2019 оны мэдээгээр MERS-CoV-ийн халдвараар 2400 гаруй хүн өвчилснөөс 858 хүн насбарсан буюу насбаралт 35% орчим байсан. Хүнээс хүнд хялбар халдварладаггүй. Одоогоор өвөрмөц эмчилгээ, вакцин үгүй.
- 2019 оны 12 сараас тархаад буй шинэ коронавирус 2019 (novel coronavirus 2019: 2019-nCoV) : БНХАУ-ын Үхань хотын далайн хоол, амьтны захаас гаралтай хэмээн үзэж байсан ч сарьсан багваахайнаас халдварласан байх боломжтой. Анх амьтнаас хүнд халдварлаж байна гэж үзсэн ч хүнээс хүнд халдварлаж байгаа нь батлагдсан. Одоогоор өвөрмөц эмчилгээ, вакцин үгүй.
Шинэ коронавирус 2019-ын тухай
БНХАУ-ын Үхань хотод 2019 оны 12 сарын 31-нд шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа илэрч, 2020 оны 1 сарын 7-д тухайн улсын эрдэмтэд шинэ төрлийн коронавирус (novel coronavirus буюу 2019-nCoV хэмээн нэрлэж байна) –ээр үүсгэгдсэн болохыг тодорхойлсон.
БНХАУ болон бусад орнууд дахь тохиолдол, насбаралт, эмчлэгдэлт гэх тархварзүйн мэдээллийг вэбсайтын нүүрэнд харагдаж буй John Hopkins Wuhan Coronavirus Global cases map-аас харна уу.
Вирусын Таксономын Олон Улсын Хорооноос ( International Committee on Taxonomy of Viruses ) 2019 шинэ коронавирусыг Амьсгалын цочмог халтай хам шинж коронавирус-2 ( severe acute respiratory syndrome coronavirus 2 (SARS-CoV-2) ) хэмээн нэрлэсэн. Харин Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас CoVID-19 хэмээх богино нэрийг одоогоор хэрэглэж байна.
2019 шинэ коронавирусын геномын онцлог
2019-шинэ коронавирус нь ангиотензин хувиргагч эсгэг II –ийг ашиглан хүний эс рүү ордог хүний шинэ бетакоронавирус юм.
Lu нар БНХАУ-ын Үхань мужийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 9 хүнээс бронх-цулцангийн шингэн, залгиурын арчдас авч ext-generation sequencing аргыг ашиглан шалтгаан үүсгэгчийг тодорхойлсон. Тэдгээр өвчтөнүүдийн 8 нь далайн амьтны гаралтай бүтээгдэхүүний захтай холбоотой байсан бол 1 өвчтөн дэргэдэх буудалд үйлчлүүлсэн байсан. Судлаачид шинжилгээний дээжээс вирусын РНХ-г ялгаж, дараа нь хүний амьсгалын замын хучуур эсэд өсгөвөрлсөн. Мөн урвуу транскриптаз ашиглан ДНХ-г нь гарган авчээ.
Дүн шинжилгээгээр коронавирусын бүлийн бетакоронавирусын төрөлд багтдаг сарьсан багваахайн SARS төстэй коронавирустэй ойролцоо байсан.
Zhou нар 5 өвчтөнөөс 2019-nCoV-ийн онцлог, дарааллыг тодорхойлсон. 2019-nCoV өвчтөнөөс Sera вирусыг 1:40-1:80 шингэрүүлэлтээр саармагжуулжээ. Судлаачид 2 төрлийн эсийн эгнээнд ургуулсан. Адууны anti-SARS-Cov ийлдэс вирусыг мөн 1:80 шингэрүүлэлтээр саармагжуулжээ.
Халдварлалтын үнэлгээгээр SARS-CoV-тэй ижил ангиотензин эсгэг II –ыг ашиглах замаар 2019-nCoV хүний эсэд халдварлаж байжээ.
Эдгээр үр дүнд тулгуурлан вакцин, эмчилгээ эмнэлзүйд нэвтэрнэ хэмээн найдаж байна.
Эмнэлзүйн ойлголт
Үхань хотод CoV вирусын халдвар анх тархахдаа далайн гаралтай хоол, амьтны дэлгүүртэй холбоотой байсан тул амьтнаас хүнд халдварладаг хэмээн үзэж байв. Гэвч амьтны дэлгүүртэй холбоогүйгээр халдвар авсан хүний тоо эрс өсч, эрүүл мэндийн тусламж үзүүлэгч мөн халдвар авсан тохиолдол гарсан тул хүнээс хүнд халдварлаж буй нь БНХАУ болон бусад орны тохиолдлуудаар тодорхой болсон.
Шинэ коронавирус 2019 (2019-nCoV) халдварын нууц хугацаандаа (2-14 хоног), шинж тэмдэг илрээгүй үедээ хүнээс хүнд халдварлаж байгаа нь Азийн болон Германд гарсан тохиолдлуудаар харагдлаа.
Энэ хугацаанд вирус хүнээс хүнд хэрхэн халдварлаж буйг тодорхойлж чадаагүй байна.
2020 оны 1 сарын 22 өдөр хүртэл шинэ-коронавирусын халдварын онош батлагдсан 425 хүний судалгааны үр дүнгээр:
- Өвчтөнүүдийн дундаж нас 59
- Эрэгтэй хүйс 56%
- Хүнээс хүнд халдвар дамжилт Ro 2.2 (SARS 3 байсан)
- Өвчний нууц хугацаа 5,2 өдөр (2-14 хоног хүртэл байж болзошгүй)
- Тахал 2 дахин өссөн хугацаа 7.4 хоног
- Нас баралт 2.2%
2020 оны 1 сарын 2 хүртэлх 41 тохиолдлын үр дүнгээс харахад дундаж нас 49 байсан бол дээрх 425 хүний судалгаагаар 59 болсон байгаа нь ахимаг насны хүмүүс илүүтэй өртөж болзошгүйг харуулж байна.
2020 оны 1 сарын 2 хүртэлх 41 тохиолдлын үр дүнгээс харахад:
Эмнэлзүйн нийтлэг шинж тэмдэг:
- Халууралт (98%)
- Ханиалгалт (76%)
- Булчин сулралт, ядралт (44%)
Эмнэлзүйн нийтлэг бус шинж тэмдэг:
- Цэртэй ханиалгалт (28%)
- Толгой өвдөлт (8%)
- Цустай ханиалгалт (5%)
- Суулгалт (3%)
Мөн амьсгаадалт өвчтөнүүдийн 55%-д илэрсэн байна. КТГ-аар 41 өвчтөн бүгд уушгины хатгалгаа оношлогдсон.
Хүндрэлээр амьсгалын цочмог дистресс хам шинж (29%), зүрхний цочмог гэмтэл (12%), хоёрдогч халдвар (10%) тохиолджээ.
Эмнэлзүйн шинэ ойлголт, 138 тохиолдол
БНХАУ-ын Үхань-д COVID-19 шалтгаант хатгалгаатай эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдэд эмнэлэгт халдвар дамжсан тохиолдол нийтлэг байгаа ба өвчтөнүүдийн 26% нь эрчимт эмчилгээнд орж, нас баралт 4,3%-тай байна. Бээжинд тохиолдол цөөн, өвчлөл хөнгөн, нас баралт гараагүй.
Үханьд эмнэлэгт хэвтсэн 138 хүнийг хамруулсан Wang нарын судалгаагаар өвчтөнүүдийн дундаж нас 56 (хүрээ 22-92), 54,3% нь эрэгтэй, бараг хагас нь хавсарсан эмгэгтэй тухайлбал даралт ихдэлт, чихрийн шижин, зүрх судасны өвчин. Өвчин эхлэлийн хамгийн нийтлэг зовиур нь халууралт (98,6%), дараагаар нь ядарч сульдалт, хуурай ханиалгалт бараг хагаст нь, булчин шархирах болон амьсгаадалт гуравны нэгт нь илэрчээ. Ялангуяа халууралтаас 1-2 хоногийн өмнө суулгалт, дотор муухайралт өвчтөнүүдийн 10% илэрсэн. Эмнэлгийн халдвар тохиолдлын 41,3%-ийг эзлэж байна гэж үзсэн ба 17 өвчтөн өөр шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдвар авсан бол эмнэлгийн 40 ажилтан халдвар авчээ.
Лабораторын шинжилгээнд лимфопени, протромбины хугацаа уртсалт, лактат дегидрогеназ ихсэлт давамгай илэрсэн.
Цээжний КТГ шинжилгээгээр (patchy shadows ) эсвэл сүүн шилний шинж (ground glass opacities) илэрчээ. Өвчтөнүүдийн дөрөвний нэг орчимд (26%) эрчимт эмчилгээ шаардлагатай болж байгаа бол эдгээрийн ихэнх нь өндөр настай, хавсарсан өвчтэй хүмүүс байна.Өгүүлэл нийтлэгдэх хугацаанд 138 өвчтөний 4,3% нь нас барсан.
БНХАУ-д эмнэлэгт хэвтсэн 1-ээс бага насны хүүхдүүдэд шинэ коронавирусын халдварын байдал
2019 оны 12 сарын 8-аас 2020 оны 2 сарын 6 өдрийн хугацаанд COVID-19 вирусын халдвар оношлогдож эмнэлэгт хэвтсэн бүх нярайг (28 хоногоос 1 хүртэлх насны хүүхдүүд) хамруулан үр дүнг тооцжээ.
Дээрх хугацаанд 1 сартайгаас 11 сартай, эмэгтэй 7, эрэгтэй 2 нийт 9 хүүхдэд COVID-19 оношлогдсон байна. Бүх хүүхэд эмнэлэгт хэвтсэн. Бээжинд 2, Хайнанд 2, Guangdong, Anhui, Shanghai, Zhejiang, Guizhou-д тус бүр 1 оношлогджээ.
Дөрвөн хүүхдэд халууралт, 2 хүүхэд амьсгалын дээд замын хөнгөн зовиуртай, 1 хүүхэд зовиургүй боловч гэр бүлийн хавьтлын өгүүлэмжээр илрүүлэг шинжилгээ хийхэд COVID-19 эерэг гарч, харин 2 хүүхдийн ар гэрээс асуум авах боломжгүй байжээ. Эмнэлэгт хэвтэн, оношлогдсон хугацаа 1-3 хоног байв.
Дээрх 9 хүүхдийн гэр бүлд багадаа 1 хүн COVID-19 оношлогдсон өгүүлэмжтэй байсан ба тухайн гишүүнд оношлогдсоны дараа хүүхдэд халдвар оношлогджээ. Эдгээрээс 7 хүүхдийн гэр бүлд Үхань-аас ирсэн эсвэл Үхань руу явж ирсэн хүн байсан бол 1 хүүхэд Үханьтай шууд хамааралгүй, 1 хүүхэд мэдээл авах боломжгүй байжээ. Одоогоор эрчимт эмчилгээнд орсон эсвэл зохиомол сэлгэцэл (механик вентиляци) шаардсан хүүхэд үгүй ба ямар нэг хүндрэл гараагүй байна.
Хэдийгээр хүүхдэд оношлогдсон тоо цөөн байна. Энэ нь хүүхэд өртөх эрсдэл бага эсвэл хөнгөн, зовиргүй хэлбэрээр өвчин үүссний улмаас бүрэн оношлогдохгүй байж бболох юм.
Нэгээс бага насны хүүхэд маск зүүх боломжгүй учраас тэдэнд өвөрмөц хамгаалалтын шаардлага гарч байна. Тиймээс насанд хүрэгчид маскаа зүүж, гараа угааж ариун цэврийг сахих, бага насны хүүхэдтэй ойртохгүй байх, хүүхдийн тоглоом, хоолны хэрэглэлийг ариутгах хэрэгтэй.
36-39 долоо хоногтой жирэмсэн эхчүүдэд Коронавирус халдварлалтын байдал
БНХАУ-ын Үхань хотод жирэмсэн 9 эмэгтэйд CoVID-19 вирусын халдвар оношлогдсон ч ихсээр эсвэл урагт вирус дамжсин халдварлалт нотлогдоогүй байна.
2019 шинэ коронвирус өвчин (COVID-19) нь уушгины аминд аюултай хатгалгаа өвчнөөр даамжирдэг амьсгалын замын халдварт өвчин юм. Томуугаар өвчилсөн жирэмсэн эмэгтэйн дархлаа харьцангуй дарангуйлагдаж, амьсгалын физиологи өөрчлөгддөг учраас өвчлөл, насбаралт ихэсдэг. Одоогоор БНХАУ-ын Үхань хотод жирэмсний 36-39 долоо хоногтой 9 эмэгтэй CoVID-19 вирусын халдварын улмаас уушгины хатгалгаа оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Жирэмсэн эхчүүдийн биеийн байдал төрөхөөс өмнөх хугацаанд сайн байсан. Жирэмсний даралт ихдэлттэй, манас таталтын урьдалтай тус бүр нэг эх, мөн дөрвөн эх дутуу төрсөн.
Бүх эмэгтэйчүүдэд COVID-19 эерэг ба дийлэнхид нь халуурах, ханиалгах зовиур илэрчээ. 8 эмэгтэйд КТГ-ийн шинжилгээгээр уушгинд вирусын хатгалгааны өөрчлөлт гарсан. Лабораторын шинжилгээгээр таван эмэгтэйд илэрхий лимфопени, 3 эмэгтэйд элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд ихэссэн хариу гарсан. Зохиомол сэлгэцэл (механик вентиляци) –д орсон жирэмсэн одоогоор үгүй. Бүх нярай кесар мэс заслаар төрсөн: Апгар 8-10 оноотой. 6 эхээс цуглуулсан вирус хүйн цус, эхийн сүү, шинэ нярайн залгиурын арчдас, ургийн шингэнд COVID-19 илрээгүй.
Урьдчилан сэргийлэлт
Одоогоор 2019-nCoV –ийн вакцин үгүй. ДЭМБ-аас мэдээлснээр вакцин гарахад багадаа 18 сарын хугацаа шаардлагатай байна.
Тиймээс хувь хүний урьдчилан сэргийлэлт чухал. Үүнд:
- Гараа савантай усаар угаах: Гараа нэг удаад 20 секундээс удаан хугацаагаар угаах.
- Хэрвээ савантай усаар угаах боломжгүй бол 60%-аас дээш спиртийн агууламжтай гар ариутгагч хэрэглэх
- Нүд, хамар, амандаа угаагаагүй гараараа хүрэхгүй байх
- Өвчтэй хүнтэй ойр харьцахгүй байх
- Хэрвээ та өвдсөн бол гэртээ байх
- Ханиаж, найтаахдаа ам, хамраа зөв дарах. Нус цэрээ ил задгай хаяхгүй байх
- Хүрсэн талбай, гадаргууг халдваргүйжүүлэх, цэвэрлэх
- Гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх
Ихэнх эмнэлэг, эмнэлгийн байгууллагууд халдваргүйжүүлэлтэндээ ашигладаг хлорхексидин, хлороксиленол короновирусын эсрэг үйлчилдэггүй.
Эх сурвалж:
- Kenneth McIntosh, MD “Coronaviruses” uptodate.com
- Catharine I. Paules, MD1 et al “Coronavirus Infections—More Than Just the Common Cold” JAMA. Published online January 23, 2020. doi:10.1001/jama.2020.0757
- WHO “SARS (Severe Acute Respiratory Syndrome)”
- WHO “Middle East respiratory syndrome coronavirus (MERS-CoV)”
- Qun Li, M.Med “Early Transmission Dynamics in Wuhan, China, of Novel Coronavirus–Infected Pneumonia” January 29, 2020 DOI: 10.1056/NEJMoa2001316
- Chaolin Huang “Clinical features of patients infected with 2019 novel coronavirus in Wuhan, China” January 24, 2020
- https://www.cdc.gov/
- Camilla Rothe, M.D. et al “Transmission of 2019-nCoV Infection from an Asymptomatic Contact in Germany” January 30, 2020
- Chen H et al. Clinical characteristics and intrauterine vertical transmission potential of COVID-19 infection in nine pregnant women: A retrospective review of medical records. Lancet 2020 Feb 12; [e-pub]. (https://doi.org/10.1016/S0140-6736(20)30360-3)
- Min Wei, MD1; Jingping Yuan, MD, PhD1; Yu Liu, PhD2; et al “Novel Coronavirus Infection in Hospitalized Infants Under 1 Year of Age in China” JAMA. Published online February 14, 2020. doi:10.1001/jama.2020.2131
- Wang D et al. Clinical characteristics of 138 hospitalized patients with 2019 novel coronavirus–infected pneumonia in Wuhan, China. JAMA 2020 Feb 7; [e-pub]. (https://doi.org/10.1001/jama.2020.1585)
- Zhou P et al. A pneumonia outbreak associated with a new coronavirus of probable bat origin. Nature 2020 Feb 3; [e-pub]. (https://doi.org/10.1038/s41586-020-2012-7)
- Alexander E. Gorbalenya et al “evere acute respiratory syndrome-related coronavirus: The species and its viruses – a statement of the Coronavirus Study Group” doi:https://doi.org/10.1101/2020.02.07.937862