HELLP хам шинжийн үед тохиолдох элэгний хүндрэл, түүний менежмент

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Элэгний гематом, шигдээсийг сэжиглэх нь — Ийлдсийн аминотрансфераза ферментүүд илэрхий ихэссэн байх нь хүндрээгүй HELLP хам шинжийн өвөрмөц өөрчлөлт биш ч, хэрэв тэдний хэмжээ ихэссэн байвал элэгний шигдээс, түүний хальсны доорх гематом эсвэл шалтгаан өөр эмгэг (жнь: вирусын гепатит) зэрэг өвчний талаар бодох хэрэгтэй.

Хэвлийн баруун дээд талд гэнэт хүчтэй өвдөх, мөр – хүзүүрүү дамжих, даралт огцом унах зэрэг гэнэтийн өөрчлөлтүүд элэгний шигдээс, гематом, эсвэл элэгний задрал зэргээс шалтгаалсан байж болох тул  КТ /комьпютер томографи/ эсвэл соронзон үелзүүрт дүрслэл (MRI) зэрэг дүрслэл оношилгооны сорилууд тэдгээр өвчнийг танихад тустай.

Нэгэн судалгаагаар, дээр дурдсан эмнэлзүйн шинжүүд илэрсэн, HELLP хам шинжтэй 33 эмэгтэйг дүрслэл оношилгооны аргаар шинжилхэд эмгэг өөрчлөлтийг 15 буюу 45% – д илрүүлж чадсан. Түгээмэл оношилогдсон эмгэг өөрчлөлтүүд нь Глиссоны хальсны доорх гематом, интерпаренхимийн цус алдалт зэрэг байжээ.

1

Зураг 1. КТ – ншинжилгээ: Хэвлийн дээд хэсгийн КТ шинжилгээний зураг. (А) зурагт элгийг дарсан том хэмжээтэй элэгний бүрхүүл хальсны доорх цусан хурааг сумаар заажээ. Зураг (В) – д элэгний баруун дэлбэнг бүхэлд нь зүүн дэлбэнг хэсэгчлэн хамарсан том хэмжээтэй зөв бус бүтэцтэй шингэний нэвчилт.

2

Зураг 2. КТ – н шинжилгээ: Элэгний баруун дэлбэнгийн ар хэсгээр шингэний нэвчилт үүссэн байна (сумны толгой). Мөн элэгний бүрхүүл хальсанд цусан хураа үүсчээ (сумаар заажээ). Дэлүү томорсон байна (тасархай сумаар заажээ).

Элэгний гематом ба задрал /rupture/ — HELLP хам шинжийн үед элэг задарч Глиссоны хальсан дор гематом үүсч хүндэрч болно. Элэг задарсан бол гистологид үүдэн вен орчимд цус алдалттай, фибриний хуримтлал болсон байхын зэрэгцээ нейтрофилийн нэвчилт болсон байх нь элэгний манас татлтыг (hepatic preeclampsia) санагдуулаг. Элгэний хальсанд үүссэн гематом бүрхүүл дотроо байх эсвэл задарч хэвлийн хөндийрүү юүлэгдэж болно. Манас таталт, HELLP хам шинжгүй үед элгэнд гематом үүсэх нь тун ховор.

Элэгний гематом үүссэн үед аюулхайд өвдөх, тромбоцитопени хүнд явцтай илрэх, мөр өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинжүүд онцгой илэрнэ. Хэрэв элэг задарвал, гематоперитонитийн улмаас хэвлий цардайж богино хугацаанд шок үүснэ. АсАТ дунд зэрэг ихсэх боловч 4000 – 5000IU/L болох нь ч бий. Элэгний гэмтлийг оношилоход  CT эсвэл MRI шинжилгээнүүд ЭХО – оос илүү нарийн илрүүлнэ.

3

Зураг 3. HELLP хам шинжтэй өвчтний МRI шинжилгээ: Зураг (A) – д T2 дүрслэлд 9 мм хэмжээтэй нягтрал ихтэй дүрслэл нь элэгний уйланхай эсвэл жижиг гэмтлийг заана. Зураг (B) – д T1 дүрслэлд элэгний бүрхүүл хальсанд үүссэн цус хуралттай (сумны толгой) холбоотой, нягтрал их ба бага бүрдэл бүхий дүрслэл нь тромбыг харуулж байна. Элэгний хальсны гематом нь элэгний гадаргууг хамарсан байх нь 10% – аас бага тохиолдоно.

Хэрвээ гематом бүрхүүлээс халиагүй, хальсан дотор агуулагдаж байгаа бол цус алдалтын улмаас үүссэн эзлэхүүний дутагдлыг шингэн нөхөж засахаас гадна шаардлагатай бол цус ч сэлбэнэ. Хэрвээ гематомын хэмжээ тогтвортой, лабораторийн үзүүлэлтүүд эргэн хэвийн байдалдаа шилжиж байвал өвчтнийг гэрт нь гаргаж эмнэлгээс гадуур хянаж болно. Гематом бүрэн шимэгдэж дуусахад хэдэн сар шаардагдаж болно.

Элэг задарсан ч цус хөдөлзүй харьцангуй тогтвортой байгаа бол нэгдүгээр сонголтын эмчилгээ нь элэгний артерийг арьсаар дамжуулан бөглөх /Percutaneous embolization/ юм. Хэрвээ цус хөдлөлзүй тогтворгүй, байнгын цус алдалттай, өвдөлт нэмэгдсээр байх, гематом томорсоор байгаа бол мэс засал эмчилгээ заалттай. Элэгний гэмтэл мэргэшсэн баг ажилбар гүйцэтгэнэ. Мэс засал эмчилгээнд гематомыг соруулах, гадагш урсгуур тавих, элэгний артерийг бөглөх, элэгний гэмтсэн хэсгийг тайрах зэрэг багтана. Эдгээр эмчилгээг хийгээд цус алдалт тогтохгүй бол рекомбинант фактор VIIa хийх, элэг шилжүүлэх зэрэг нь амжилттай болсон тохиолдлууд бүртгэгдсээр байна.

Элэгний шалтгаант даамжирсан хүндрэл үүсэхгүй бол өвчтөн амьд үлдэнэ.

Элэгний шигдээс — HELLP хам шинжийн үед элэгний шигдээс болох нь ховор боловч цус бүлэгнэлтийн байдалтай холбоотой, ялангуяа антифосфолипид хам шинжийн үед энэ хүндрэл үүснэ. Эмнэлзүйд АсАТ ихсэх (ихэвчлэн 1000 – 2000 IU/L эсвэл түүнээс их), хэвлийн баруун дээд хэсэгт өвдөх, халуурах шинж илрэхээс гадна цус алдалт ч тохиолдох боломжтой. Оношилгоог MRI эсвэл CT гэх мэт дүрслэл оношилгооны аргуудад тулгуурлан батлана.


Эх сурвалж: Uptodate.com Literature review current through: Mar 2016. | This topic last updated: Sep 14, 2015.