Анафилаксийн яаралтай менежмент
Анафилакси гэдэг бол амь насанд заналхийлсэн харшлын эсвэл хэт мэтрэгшилийн ноцтой хариу урвал юм. Эмчилгээний зорилго нь эрт оношилж адреналин эмчилгээг эрт авч амь насанд заналхийлсэн хүндрэл буюу шок амьсгал, зүрх – судасны өөрчлөлтөөс сэргийлэх явдал мөн.
Яаралтай менежментийн алгоритм:
Анафилаксийн үед амьсгал, зүрх судасны цочмог дутагдал үүсч хэдхэн минутын дотор нас барах боломжтой байдаг тул зөв үнэлгээ, оносон арга хэмжээ авах нь туйлын чухал. Анафилаксийн гарааны менежментийн тулгын чулууг дурдвал:
- Боломжтой бол харшил төрүүлэгч антигенийг зайлуулах (жнь: харшилын шалтгаан болж буй эм тариаг тарихаа зогсоох гэх мэт).
- Нэмэлт тусламж дууд.
- Адреналиныг булчинд тарь.
- Өвчтнийг дээш харуулан хэвтүүлээд хөлийг өргөх эсвэл бөөлжсөн эсвэл амьсгал дарангуйлагдсан бол хажуу тийш харуулж хөлийг өндөрсгөсөн байрлалд оруул. Өвчтөн жирэмсэн бол зүүн талаар нь хэвтүүлээрэй.
- Хүчилтөрөгчөөр амьсгалуул.
- Судсаар шингэн сэлбэ.
Ятрогенийн шалтгаантай анафилаксийн улмаас нас барсан 164 тохиолдолд хийсэн судалгаагаар эмнэлзүйн шинж илэрснээс хойш амьсгал, зүрх зогсох дундаж хугацаа 5 минут байжээ. Үүнээс, шавьжинд хатгуулсан бол 15 минут, хоолны шалтгаантай бол 30 минутын дараа нас баралтанд хүргэх амьсгал, зүрхний дутагдал тус тус үүсчээ.
Анхдагч үнэлгээ — Анхдагч үнэлгээ хийхэд хэд хэдэн чухал алхам гүйцэтгэх хэрэгтэй. Үүнд:
- Эхлээд, анхаарлаа амьсгалын зам, амьсгал, цусны эргэлт, тухайн өвчтний ухамсарт байдалд төвлөрүүлнэ. Арьсыг ч шалгахаа мартуузай.
- Гуяны гадна булчингийн дунд хэсэгт адреналин тарина. Хэрвээ эмнэлзүй хүнд бол адреналиныг судсаар тарина. Өвчтнийг хажуу тийш харуулж доод мөчдийг өндөрлөсөн / recumbent position/ байна. Энэ нь амин эрхтнүүдийн цусан хангамжийг боломжит дээд хэмжээгээр хангах зорилготой. Түүнчлэн энэ байрлал нь хүнд гипотензийн улмаас ховдлын дүүрэлт хангалтгүй болж лугшилтгүй зүрхний идэвхижил болдог “хоосон ховдлын хам шинж – empty ventricle syndrome” үүсэхээс сэргийлдэг юм. Энэ хам шинжийн үүссэн л бол хэдхэн секундын дотор зүрх зогсоно. Амьсгал дуталд орсон эсвэл бөөлжиж байгаа өвчтний өөрт тухтай байрлалд байлгаж болох ба доод мөчдийг өндөрлөсөн байна.
- 100% – ийн 8 – 10 литр хүчилтөрөгчийг нүүрний маскаар амьсгалуулна.
- Шингэн болон эмийн бодисыг биед хурдан оруулахын тулд том диаметртэй уян зүү (14 – 16 G хэмжээтэй нь насанд хүрэгчдэд хамгийн тохиромжтой) 2 ширхэгийг байршуулна.
- Хэвийн даралттай өвчтөнд изотоник (0.9%) уусмал 125 мл/цаг хурдтай тарьж венийн цусны эргэлтийн тогтвортой байдлыг хангана.
- Цусны даралт, зүрхний цохилт, амьсгалын тоо зэргийн электрон мониториор хянаж захын судасны хүчилтөрөгчийн ханалтийг пульс – оксиметрээр тухай бүр хэмжинэ.
Амьсгалын замын менежмент — Дээр дурдсанчлан, анафилакси бүхий өвчтөнд үзүүлэх яаралтай тусламжийн хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол амьсгалын замыг үнэлэх явдал билээ.
- Амьсгал зогссон эсвэл бачуурсан нь илэрхий байгаа бол интубацийг яаралтай тавина.
- Хэрвээ хэл, нүүр, хүзүү орчмын зөөлөн эд гэх мэт амьсгалын замын аль нэг хэсгийг хамарсан илэрхий хавагналттай бол интубаци тавих шаардлага гарч болно.
- Цөөн тохиолдолд, амьсгалын замыг чөлөөлөхийн тулд яаралтай крикотиройдотоми шаардагдаж болох юм.
- Хавангийн улмаас амьсгалын дээд замын анатомийн тодорхой цэгүүд тодорхойлогдохгүй байх тохиолдолд интубаци тавих нь төвөгтэй. Интубаци тавих гэж оролдоод бүтэлгүйтвэл амьсгалын замыг бүрэн бөглөж нас барах аюулд ч хүргэж болно. Тийм учраас, анафилаксийн үед тухайн эмнэлгийн хамгийн туршлагатай эмчээр амьсгалын замыг удирдуулах нь зохилтой. Үүний тулд, яаралтай тусламжийн эмч, эрчимт эмчилгээний эмч, мэдээгүйжүүлгийн эмч, чих – хамар – хоолойн эмч нарын багаар ажиллах тусламж амин чухал бөгөөд эдгээр мэргэжилтнүүд бүгд хүндрэлтэй амьсгалын замыг чөлөөлөх менежментэд үргэлж суралцаж, дадлагажиж байх хэрэгтэй. Эмнэлгүүдэд, ийм хүндрэлтэй нөхцөлд хэрхэн ажиллах талаар санамж бичиг, удирдамж заавал байх шаардлагатай.
Судсаар шингэн сэлбэх — Сэхээн амьдруулалтын үед шингэн сэлбэх шаардлага гарна гэж тооцоолон судсанд уян зүү байрлуулах хэрэгтэй. Анафилаксийн үед судасны нэвчимхий чанар нэмэгдэж их хэмжээний шингэний хуримтлал үүсдэг бөгөөд судсанд доторх шингэний эзлэхүүний 35% нь хэдхэн минутын дотор эсийн гаднах зайд шилждэг. Адреналин тарисаны дараа даралт нь нэмэгдэхгүй байгаа ямар ч өвчтнийг судсан доторх шингэнээ их алдсны улмаас судас агшаагч эмийн бодисыг хэрэглэсэн ч гипотензи тогтвортой илэрч байна гэж тооцоолох хэрэгтэй. Эдгээр өвчтөнд сэхээн амьдруулахаар их хэмжээний шингэн хийх шаардлагатай. Дараах зарчимуудыг баримталж шингэний эмчилгээ хийнэ. Үүнд:
- Ортостаз, гипотензи илэрсэн эсвэл булчинд адреналин тарьсан ч хүссэн үр дүн гарахгүй байгаа өвчтөнд сэхээн амьдруулах шингэн сэлбэлтийг (fluid resuscitation) хийнэ.
- Насанд хүрсэн хүмүүст эмчилгээний эхний минутуудад 1 – 2 литр физиологийн уусмалыг 5 – 10 мл/кг хурдтай тарина. Их хэмжээний шингэн (жнь:7 л – ээс ч их) шаадлагатай байх тохиолдол ч бий.
- Хүүхдүүдийн хувьд 20 мл/кг шингэн сэлбэх ба шаардлагатай бол 5 – 10 минут тутам давтаж болно. Их хэмжээний шингэн (100 мл/кг – аас ч их) сэлбэх шаардлага гарч болно.
- Физиологийн уусмалыг бусад шингэнүүдээс илүү хэрэглэх нь зөв. Учир нь бусад шингэнүүдэд сул талуу илүү их байдаг юм. Үүнд:
- Рингер Лактатын уусмал бодисын солилцооны хүчилшил үүсгэх боломжтой.
- Декстрозын уусмал цусны эргэлтээс богино хугацаанд эд завсрын зайд шилждэг.
- Коллойд уусмалууд (жнь: альбумин эсвэл гидрокиэтилийн цардуул) шоконд орсон өвчтний амийг аврахад давуу тал болохгүй ба илүү үнэтэй байдаг.
- Хэт их шингэн сэлбэсний хариу урвал гарахаас сэргийлж өвчтнийг монитороор болгоомжтой, байнгын хяналтанд байлгана.
Жирэмсэн эмэгтэй — Жирэмсэн хүмүүст анафилаксийн менежмент хийхэд анхаарах ёстой нэмэлт зүйлүүд бий. Жишээлбэл, төрлөгийн үед жирэмсэн амаржигч эхийг зүүн талаар байрлуулж, түргэн урсгалтай хүчилтөрөгчөөр амьсгалуулж, артерийн даралтыг хамгийн багадаа 90 мм.муб – аас дээш барих хэрэгтэй ба ургийг сайн хянах нь их чухал.
Эмийн эмчилгээ — Ямар эмийн бодисыг анафилаксийн үед хэрэглэх стандартчилж, баталж судалсан тохиолдол – хяналтын болон бусад төрлийн судалгаа хараахан хийгдээгүй байна. Адреналин бол анафилаксийн үед хэрэглэх хамгийн сайн судлагдсан эм. Уг эмийн бодисыг анафилаксийн үед ашиглаж болно гэсэн нотолгоог анафилаксийн тохиолдлын үед, амьтанд туршиж, тархварзүйн судалгаа хийж, нас баралтын судалгаа зэргийн үед ажиглалтын судалгаагаар баталсан болно. Н1 антигистаминыг анафилаксийн үед хэрэглэх нь тэднийг чонон хөрвөсийн үед хэрэглэхээс бета – 2 адренэргик агонист болон глюкокортикойдийг анафилаксийн үед хэрэглэх нь цочмог бачуурлын үед хэрэглэхээс илүү үр дүнтэй гэж батлагдаагүй.
Ирээдүйд, анафилаксийн үед глюкокортикойд болон Н1, Н2 антигистаминуудыг хэрэглэхэд ямар үр дүн гарахыг хяналтын судалгаагаар тогтоох боломжтой ч ёс зүйн үүднээс хяналтын бүлэгт адерналин хэрэглэсэн судалгааг хэзээ ч хийх боломжгүй билээ. Анафилаксийн үед хэдхэн минутын дотор нас бардаг ба адреналиныг хожимдож тарих нь үхэлтэй ямагт холбоотой байдаг.
Адреналин — Адреналин бол анафилаксийн үед хэрэглэх гол эмийн бодис. Түүний фармакологийн үйлдэл нь өөр ямар ч эмтэй харьцуулашгүйгээр анафилаксийн эмгэг жамын өөрчлөлтийг хамгийн сайн засч чаддаг ажээ. Адреналин шигүү мөхлөгт эсийн медиаторын чөлөөлөгдөлтийг бууруулаад зогсохгүй амьсгалын дээд ба доод замын бөглөрөл, зүрх – судасны коллапсаас урьдчилан сэргийлэх буюу түүнийг эргүүлдэг цорын ганц эмийн зүйл юм.
Эмчилгээний үйлдэл ба гаж нөлөө — Адреналины эмчилгээний үйлдэлд дараах зүйлүүд орно:
- Альфа – 1 адренэрги агонист үйлдэл – Судасны агшилт, захын судасны эсэргүүцлийг тус тус нэмэгдүүлж, салстын хаванг (жнь: амьсгалын дээд замд) бууруулна.
- Бета – 1 адренэрги агонист үйлдэл – Инотропи ба хронотропи үйлдэл нэмэгдүүлнэ.
- Бета – 2 адренэрги агонист үйлдэл – гуурсан хоолойг өргөсгөж, шигүү мөхлөгт эс ба базофиль эсээс үрэвслийн медиаторууд чөлөөлөгдөхийг бууруулна.
Адреналины гаж нөлөө:
- Бүх насны өвчтнүүдэд, адреналиныг эмчилгээний тунгаар хэрэглэхэд тайван бус болох, толгой өвдөх, толгой эргэх, зүрх дэлсэх, царай цонхийх, чичрэх гэх мэт хөнгөн зэргийн түр зуурын фармакологийн сөрөг үйлдэл ажиглагдана. Эдгээр шинжүүд нь гэнэтийн айдас эсвэл аюултай үйл явдлуудын үед эндогенийн адреналины үйлчлэлээр илэрдэг физиологийн хариу урвалтай төстэй шинжүүд билээ.
- Ховор тохиолдолд, ялангуяа тун илүүдсэн үед, адреналин нь ховдлын аритми, цээжний өвдөлт, миокардын шигдээс, уушгины хаван, цусны даралт цочмог ихсэх, гавлын доторх цус харвалт болох гэх мэт ноцтой хүндэрлүүдэд хүргэж болно.
Зүрхний үйл ажиллагааг мониториор байнга хянахгүй байгаа өвчтнүүдэд адреналиныг судсаар тарих буюу хэт хурдан тарихад ноцтой гаж нөлөө илэрч болно. Судсаар хийхдээ адреналиныг зохистой тунгаар /0.1 mg/mL эсвэл 0.01 mg/mL/ шингэлж аажим тариагүйгээс шалтгаалж гаж нөлөө илэрдэг юм.
- Адреналин тариагүй байсан ч анафилакси нь өөрөө цээжний өвдөлт, миокардын шигдээс, зүрхний аритми үүсгэх бүрэн боломжтой.
Тун ба тарих арга — Анафилаксийн үед гарааны эмчилгээнд хамгийн зохистой тунгаар адреналинийг тарих асуудал эмч нарын толгойг гашилгасан асуудал байдаг.
Булчинд тарих – Адреналиныг арьсан дор тарихаас илүү булчинд тарихыг зөвлөдөг. Учир нь адреналиныг булчинд тарихад түүний плазм болон эдийн концентраци богино хугацаанд тогтвортой нэмэгддэг байна. Адреналин зах зээлд янз бүрийн уусмал хэлбэрээр худалдаалагддаг ба эмнэлзүйд хэрэглэхдээ зөв уусмалд уусгаж хэрэглэхэд анхаарах хэрэгтэй. Булчинд тарих адреналины уусмалын харьцаа 1 мл бүрт 1 мг буюу 1:1000 байна.
- Насанд хүрэгчдэд, адреналиныг (1 mg per mL) нэг удаад 0,3 – 0,5 мг – аар гуяны булчингийн гадна дунд хэсэгт (гуяны хажуугийн өргөн булчин /vastus lateralis muscle/) тарина. Эмнэлзүйн туршилгад тулгуурлан энэ тунгаар 5 – 15 минутын зайтай давтан тариж болно.
- Нярай болон бага насны хүүхдүүдэд адреналиныг (1 mg per mL) 0,01 мг/кг тооцож тарина. Тийм учраас 1 мл – ийн тариур ашиглаж тунг зөв хэмжиж авна. Биеийн жин нь 50 кг – аас дээш том хүүхдүүдэд нэг удаад 0,5 мг – г ч хэрэглэж болно. Тарих талбай ба тунгийн давталт том хүнийнхтэй адилхан байна.
- Адреналиныг авто – тариураар (autoinjector) тариж болно. Авто – тариур нь адреналиныг 0,15 мг ба 0,3 мг хэмжээгээр агуулсан хоёрхон төрөл л байдаг. 25 кг – аас доош жинтэй хүүхдүүдэд 0,15 мг тунгаар тарина. Эмийн зах зээлд худалдаалагддаг авто – тариурын нэр ба тун:
– насанд хүрсэн бол Auvi-Q 0.3 mg, EpiPen 0.3 mg, Jext 0.3 mg болон Emerade 0.5 mg ба Adrenaclick.
– хүүхдийн тун : Auvi-Q 0.15 mg, EpiPen Jr 0.15 mg, Jext 0.15 mg болон Emerade 0.15 mg эсвэл 0.3 mg ба Adrenaclick.
- Тариурын зүү нь арьсан доорх өөхөн эдийг хангалттай нэвтэрч булчинд хүрч чадахуйц урт байх хэрэгтэй. Гэвч, бодит байдал дээр гуяны булчинд тарих нь зарим илүүдэл жинтэй хүмүүст боломжгүй байдаг. Ийм тохиолдолд адреналиныг хэрхэн хэрэглэж болох талаар хараахан судлаагүй байгаа ч хамгийн гол зарчим бол булчинд хүрэхээр хамгийн гүнд тариаг тарих явдал билээ.
Адреналиныг булчинд тарисаны дараах хариу урвал – Ихэнх өвчтнүүэд адреналины нэг удаагийн тунд эерэг хариу урвал өгдөг ба ялангуяа шинж тэмдэг дөнгөж эхлэж байх үед бол илүү үр дүнтэй байдаг. Хэрвээ нэмэлт тун шаардлагатай бол адреналины тунг ихэвчлэн нэг, ховор тохиолдолд хоёр удаа нэмэлт тунгаар (жнь: анафилакси хүнд явагдаж буй өвчтөн эсвэл яаралтай тусламжийн үйлчилгээг бүрэн авах боломжгүй өвчтөнд тун давтах нь элбэг) тарина. Ретроспектив судалгаагаар, анафилаксийн үед адреналины хоёр дахь тун шаардах тохиолдол 12 – 36% байжээ. Ажиглалтын кохорт судалгаагаар, өмнө нь анафилакси болж байсан өвчтнүүдэд харшилын шинжүүд тод илэрч байвал шинж тэмдгийг хянахын тулд адреналины хэд хэдэн тун тарих шаардлага гарч байжээ. Адреналиныг булчинд тариад тодорхой үр дүнд хүрээгүй өвчтнүүдэд ареналиныг судсаар авахаас өмнө судсаар шингэн сэлбэх талаар бодох хэрэгтэй.
Судсаар шингэн сэлбэх ба түүний заалт – Адреналиныг булчинд хэд хэдэн удаа тариад, сэхээн амьдруулах шингэн сэлбэлтийг хийгээд ч булчингийн цусан хангамж сайжрахгүй байх тохиолдол гипотензи гүнзгий илэрсэн эсвэл шоктой (толгой эргэх, дороо бие засах) өвчтнүүдэд илэрнэ.
- Иймэрхүү өвчтнүүдэд адреналинийг тохирох тунгаар титрлэж, электрон гемодинамикийн хяналтан дор судсаар УДААН тарина.
- Судсаар тарих нь илүүдэл тун үүсгэх хандлагатай байдаг ба үүнтэй холбоотой гаж нөлөө ч их илрэх болно. Яаралтай тусламжийн тасагт адреналинаар эмчлэгдсэн анафилакси бүхий 301 өвчтөнд хийсэн ажиглалтын судалгаагаар дөрвөн тохиолдолд илүүдэл тун үүсссэн нь бүгдээрээ адреналиныг судсаар тариулсан өвчтнүүд байжээ.
Adverse cardiovascular events were significantly more likely with IV bolus compared with slow IV infusion or intramuscular injection (4 of 30 versus 0 of 4 and 3 of 245, respectively).
Дээр дурдсанчлан, эмийн худалдааны зах зээлд адреналин олон төрлөөр бий. Тийм учраас, өвчтөнд илүүдэл тун үүсгэхгүйн тулд зөв уусмал сонгож анхааралтай байх хэрэгтэй. Адреналины уусмалыг ямар ч тохиолдолд ахин уусгаж хэрэглэх ёстой.
Uptodate – ийнхний хувьд насанд хүрэгчдэд мл уусмалд 4 микрограмм хуурай бодисыг уусгах ба (5% – 250 мл декстрозын уусмалд 1 мг – ийг уусгана) хүүхэд болон нярайд мл уусмалд 10 микрограмм хуурай бодис уусгана. (5% – 100 мл декстрозын уусмалд 1 мг – ийг уусгана).
Өвчний эхэн үед шингэн сэлбэх хурд:
- Насанд хүрэгсэдэд, адреналиныг судсаар тарих гарааны тун нь 2 – 10 микрограмм/минут байх ба автомат шахуургаар тарина. Цусны даралт зүрхний үйл ажиллагааг байнга хянана.
- Нярай болон хүүхдүүдэд, адреналинийг судсаар 0,1 – 1 микрограмм/кг/минут тунгаар автомат шахуургаар тарина. Цусны даралт зүрхний үйл ажиллагааг байнга хянана.
Үр дүн — Адреналиныг оройтож тарисанаас анафилаксийн шалтгаант нас баралтанд хүргэдэг нь зарим тохиолдлуудад батлагдсаар байна.
Хоолны шалтгаантай анафилаксийн урвал үүссэн амь насанд заналхийлсэн ба нас барсан тохиолдолд хийсэн судалгаагаар, нийт өвчтний зургаа нь анафилаксийн урвал илэрснээс хойш 1 – 5 минутын дотор нас баржээ. Эдгээр өвчтнүүдэд адреналины эхний тунг аваагүй байв. Үүнээс дүгнэхэд, өвчтнийг дутуу үнэлж, адреналиныг оройтож тарих нь нас барах эрсдэлтэйг харуулж байна.
Болгоомжтой байх нөхцлүүд — Анафилаксийн үед адреналиныг хэрэглэх туйлын эсрэг заалт ҮГҮЙ юм.
- Онолын хувьд адреналин эмчилгээний явцад эмийн гаж нөлөө илрэх өндөр эрсдэлтэй ч эрсдэл – ашиг тусын талаар шижилгээ хийх боломжгүй юм.
- Зүрх судасны хавсарсан өвчтэй: Анафилаксийн үед зүрх бай эрхтэн болох учир зүрхний талаас гаж нөлөө илэрч болзошүй тул хянамгай байх нь чухал. Эрүүл хүний зүрхний миокард болон титмийн артерийн дотор бүрхүүл шигүү мөхлөгт эс үзэгддэг. Титэм судасны өвчтэй хүмүүст шигүү мөхлөгт эсүүд атеросклерозын товруунд байрлаж атерогенезийн үүсэлд оролцдог. Анафилакси нь эмнэлзүйн далд явцтай титэм судасны өвчин, миокардын инфаркт/арритмийг сэдрээдэг ба адреналин хэрэглээгүй байсан ч дээрх эмнэлзүйн шинжүүд илэрч болно.
- Моноамин – оксидаза ингибитор (адреналины метаболизмийг саатуулдаг), гурван цагирагт – антидепрессантууд (адреналины үйлдэл эхлэх хугацаа үйлчлэлийг удаашруулдаг).
- Гавал тархины хагалгаа, аортын аневризм, хяналтгүй гипертиройдизм, даралт ихсэлт гэх мэт эмгэг өөрчлөлттэй хүмүүст адреналины гаж нөлөө илрэх эрсдэл туйлын өндөр.
- Сэтгэл дэмжих эмийн зүйл (жнь: анхаарал дутал хэт хөдөлгөөнтөх эмгэгийн үед хэрэглэдэг амфетаминууд, метилфенидат) хэрэглэж байгаа өвчтнүүдэд эсвэл кокайн хэрэглэдэг хүмүүст адреналины гаж нөлөө илрэх эрсдэл нэмэгдэнэ.
Бета – 2 хориглогч хэрэглэж буй өвчтнүүдэд глюкагон хэрэглэ — бета – хориглогчид хэрэглэж байгаа өвчтнүүд адреналин эмчилгээнт тэсвэржилттэй болсон байж болох тул рефрактор гипотензи, брадикарди үүсэх боломжтой. Ийм нөхцөлд, глюкагон хэрэглэнэ. Глюкагон нь бета – рецептроор дамжуулагдадгүй инотроп, хронотроп үйлдэл үзүүлдэг юм.
Насанд хүрэгчдэд 1 – 5 мг (хүүхдүүдэд 20 – 30 микрограмм/кг байх ба дээд тун 1 мг) тооцон судсаар 5 минутын турш тарина. Энэ тунг давтах эсвэл эхний тунгаас хойш 5 – 15 микрограмм/минут тооцон тариж болно. Судсаар хурдан таривал бөөлжилтийг идэвхжүүлдэг. Тийм учраас, амьсгалын замыг хамгаалах нь чухал билээ.
Хавсран хэрэглэх эмийн зүйл — Анафилаксийг адреналин эмчилгээтэй хавсарч хэрэглэж болох эмийн зүйлүүдэд Н1 антигистамин, Н2 антигистамин, гуурсан хоолой тэлэгч эмүүд, глюкокортикойдууд орно. Эдгээр эмийн бодисуудыг анафилаксийн гарааны эмчилгээнд хэрэглэхгүй. Учир нь эдгээр эмийн бодисууд амьсгалын дээд ба доод замын бөглөрөл, гипотензи, шок зэрэгт адреналиныг гүйцэж нөлөөлөхгүй.
H1 антигистамин — Адреналин нь анафилаксийн эмчилгээний гарааны бодис бөгөөд үүнтэй зэрэгцэх үйлчилгээтэй эм хараахан олоогүй байна. Анафилаксийн эмчилгээнд Н1 антигистамины нөлөөг судалсан судалгаа амжилтанд хүрээгүй юм. Гэвч, Н1 антигистаминууд анафилаксийн эмчилгээнд хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Антигистаминуудыг харшилын шинж тэмдгүүдийг дарах зорилгоор адреналинд хавсарч хэрэглэхийг зөвлөж байна.
Н1 антигистаминууд загатнаа, тууралтыг намдаана. Эдгээр эмийн зүйлүүд амьсгалын дээд ба доод замын бөглөрөл, гипотензи, шокийг ЗАСАХГҮЙ, мөн стандарт тунгаараа шигүү мөхлөгт ба базофиль эсээс ялгарах медиаторуудыг хориглохгүй. Үүнээс гадна, цетризин, димедрол гэх мэт антигистаминуудын үйлчилгээ 30 – 40 минутын дараа эхэлдэг тул яаралтай үел ач холбогдол багатай. Н1 антигистаминуудыг судсаар тарихал гипотензийг даамжруулдаг тал бий.
Н1 гистамины нэгдүгээр үеийн эм:
Насанд хүрэгчидэд, димедролыг судсаар 25 – 50 мг – аар хэрэглэх ба дээд тунг 400 мг/24 цаг хүртэл хэрэглэж болно.
40 кг – аас бага жинтэй хүүхдүүдэд димедролыг 1 мг/кг (дээд тун 40 мг) тооцож судсаар тарих ба өдрийн дээд тун 5 мг/кг буюу 200 мг/24 цаг байж болно.
Ууж хэрэглэдэг Н1 антигистамины хоёрдугаар үеийн эмүүд (жнь: цитризин) нь нэгдүгээр үеийн эмүүдээс (димедрол, хлорфенамин, гидроксизин, прометазин) илүү давуу талтай.
Хоёрдугаар үеийн Н1 антигистаминууд танин мэдэхүйг бууруулах, сэтгэц – хөдөлгөөний үйлд нөлөөлөа нь бага. Цитризинийг ууж хэрэглэхэд 30 – 40 минутын дараа үйлдэл эхлэнэ. Гэвч, хоёрдугаар үеийн Н1 антигистаминууд тарилга хэлбэрээр байдаггүй юм.
H2 антигистаминууд — Н1 антигистамин дээр Н2 антигистаминыг нэмж хэрэглэхэд харшилын шинжүүд буурахад нөлөөтэй.
Н2 антигистаминуудыг анафилаксийн эмчилгээнд хэрэглэх тохиолдол зарим үед гардаг ч тэдгээрийг анафилаксийн эмчилгээнд хэрэглэх судалгаа хийгдээгүй байна. Эдгээр эмийн зүйлүүд амьсгалын дээд ба доод замын бөглөрөл, гипотензи, шокийг ЗАСАХГҮЙ.
Хэрвээ эмчилгээнд хэрэглэхээр бол ранитидин (насанд хүрэгчдэд 50 мг), (хүүхдүүдэд 12.5 – 50 мг [1 мг/кг]) тунгаар тооцон 5% – ийн 20 мл уусмалд шингэлж судсаар 5 минутын турш тарина. Циметидинийг судсаар хурдан тарихад гипотензи үүсдэг.
Гуурсан хоолой өргөсгөдөг бэлдмэлүүд — Адреналинд засрахгүй байгаа бронхспазмыг албутерол гэх мэт гуурсан хоолой өргөсгөдөг эмүүдийг нүүрний маск эсвэл нейбулязор/компрессороор хэрэгцээний хирээр хэрэглэнэ. Адреналины хавсрах эмчилгээ болгож хэрэглэнэ. Бронхдилаторууд амьсгалын дээд замын салстын хаван бууруулахгүй, шокийг засахгүй. Эдгээр өөрчлөлтийг засахад адреналины альфа – 1 адренэрги нөлөө шаардлагатай байдаг юм.
Глюкокортикойдууд — Глюкокортикойдын эмчилгээний үйлдэл эхлэхэд хэдэн цаг шаардана. Тйим учраас, эдгээр эмүүд анафилаксийн эхэн үед илэрдэг өөрчлөлтүүдэд нөлөөлөхгүй. Эдгээрийг анафилаксийн зарим тохиолдолд илэрдэг хоёр үет анафилакси, сунжирсан анафилакси үүсэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэдэг. Хэдий тийм боловч, анафилаксийн эмчилгээд глюкокортикойдын нөлөөг батлах гэсэн судалгаа амжилтанд хүрээгүй.
Хэрвээ глюкокортикойдыг эмчилгээнд хэрэглэвэл, метилпреднизолоныг өдөрт 1 – 2 мг/кг – аар тунгаар хэрэглэхэд хангалттай. Хэрвээ глюкокортикойд эмчилгээнд хэрэглэсэн бол нэгээс хоёр хоногийн дотор эмчилгээг зогсоож болно. Учир нь хоёр үед анафилаксийн урвал бүгд 72 цагийн дотор л дахих магадлалтай байдаг билээ.
Эх сурвалж:
- uptodate.com “Anaphylaxis: Rapid recognition and treatment” Literature review current through: Jan 2016. | This topic last updated: Feb 08, 2016.
- Дэлхийн Харшилын Холбооны Анафилаксийн Үнэлгээ, Менежментийн Удирдамж – World Allergy Organization Guidelines for the Assessment and Management of Anaphylaxis”
оюунболд
hi goe hicheel ba bayarlalaa
01/07/2016 15:07