Насанд хүрэгчидийн сепсис хам шинж: Тархварзүй, тодорхойлолт, эмнэлзүй, оношилгоо
Танилцуулга — Сепсис бол халдварын эсрэг үрэвслийн урвал зохицуулагагүй өрнөснөөс шалтгаалсан физиологи, биологи, биохимийн хэвийн бус нөхцлөөр илэрдэг эмнэлзүйн хам шинж юм. Сепсис ба дархлааны хариу урвал нь олон эрхтэн дутлын хам шинж ба нас баралтад ч хүргэдэг юм.Энд сепсисийн тархалт, тодорхойлолт, эрсдэлт хүчин зүйл, эмнэлзүйн илрэл, оношилгоо, тавилангийн талаар өгүүлэх юм.
Тархварзүй
Давтамж — 1970 – аад оны сүүлч гэхэд АНУ – д жил бүр сепсисийн 164,000 тохиолдол бүртгэгддэг байжээ. Түүнээс хойш, сепсисийн тохиолдлын давтамж АНУ болон бусад орнуудад илэрхий нэмэгдэж байгааг дараах судалгаанууд харуулж байна:
- Өвчний түүхэнд хийсэн АНУ – н үндэсний архивын судалгаагаар 1979 – 2000 оны хооронд жилд сепсисийн 1,665,000 тохиолдол бүртгэгддэг нь тогтоогджээ.
- Хүнд амд суурилсан өөр нэгэн дагах судалгаагаар 1998 – 2000 оны хооронд сепсис болон сепсисийн шокийн тохиолдол 100,000 хүн амд 13 – аас 78 болтлоо нэмэгдсэн байгаа нь бүртгэгджээ.
- Олон Улсын архивт хийсэн ретроспектив судалгаагаар 1995 – 2015 оны хооронд дэлхий дахинд 100,000 хүн амд сепсисийн 437 тохиолдол байгаагаас хүнд сепсисийн тохиолдол 100,000 хүн амд 270 байжээ. Гэвч, энэхүү тоо баримтанд буурай хөгжилтэй орнуудын сепсисийн тохиолдлыг багтаагаагүй гэдгийг санах хэрэгтэй.
Сепсисийн тохиолдол нэмэгдэж байгааг ахимаг нас, дархлаа дарангуйлагдсан байдал, олон эмэнд дасалтай халдварын үр дагавар гэж үзэж байна.
Сепсисийн тохиолдол өвлийн цагаар нэмэгдэх хандлагатай байдаг нь амьсгалын замын халдварт өвчний тархалт нэмэгддэгтэй холбоотой байж болох юм.
Өндөр настангууд ≥65 настай хүмүүс сепсисийн нийт тохиолдлын ихэнхийг буюу 60 – 85% – г эзэлж байна. Дэлхийн хүн амын дундаж наслалт нэмэгдсээр буй энэ үед сепсисийн тохиолдол ирээдүйд ч өссөөр байж болохыг харуулж байна.
Эмгэг төрүүлэгчид — Цаг хугацааны туршид сепсисийг нөхцөлдүүлдэг халдварт организмууд өөрчлөгдсөөр байна. АНУ – н хувьд грам эерэг бактериуд сепсисийн түгээмэл шалтгаан болж байгаа ч грам сөрөг бактерийн шалтгаант сепсис ч цөөнгүй байгаа юм. Сүүлийн 10 жилд мөөгөнцрийн шалтгаант сепсисийн тохиолдол өссөөр байгаа ч бактерийн шалтгаант сепсис тэргүүлэх байрыг эзэлсэн хэвээр байна.
Өвчний хүндийн зэрэг — Өвчин хүнд явцтай өрнөх нь нэмэгдсээр байна. Нэгэн ретроспектив судалгаагаар, хамгийн багадаа нэг эрхтэн дутагдлаар илрэх сепсисийн тохиолдол 1993 – 2003 оны хооронд 26% – аас 44% болтол нэмэгджээ. Эрхтэн дутагдлын ноцтой хямралын хамгийн түгээмэл тохиолддог эмнэлзүйн илрэл нь амьсгалын цочмог дутлын хам шинж, бөөрний цочмог дутагдал, судсанд цус түгмэл бүлэгнэх хам шинж билээ.
Тодорхойлолт — Сепсис нь халдвараас эхлэн бактерэми болж улмаар сепсисээр дамжин сепсисийн шоконд хүрдэг хүндийн зэргээр бие биеэсээ нөхцөлдүүлэн оршдог эмнэлзүйн өөрчлөлт тул олон эрхтэн дутагдал, нас баралтанд хүргэж чаддаг. 1990 оны эхээс сепсис болон сепсисийн шокийн тодорхойлолт маш хурдацтай өөрчлөгдсөөр байна. Үрэвслийн системийн хариу урвалын хам шинжийг сепсисийн тодорхойлолтоос хассан. Учир нь энэ хариу урвал нь үргэлж халдвараас шалтгаалдаггүй билээ. Доор өгүүлэх сепсисийн тодорхойлолт нь Үндэсний Яаралтай Тусламжийн Нийгэмлэг, Европийн Эрчимт Эмчилгээний Анагаах Ухааний Нийгэмлэгийн санаа, чиг хандлагыг тусгасан болно. Хамгийн чухал нь, иймэрхүү тодорхойлолтууд халдварын шалтгаан, өвөрмөц шалгууруудыг агуулдаггүй тул сепсисийг оношилох туйлын шалгуур болохгүй гэдгийг санаарай.
Эрт үеийн сепсис — Халдвар болон бактерэми нь сепсисд хүргэж болох эрт үеийн халдварын хэлбэрүүд байх боломжтой. Гэвч, эрт үеийн сепсисийн албан ёсны тодорхойлолт байхгүй юм. Тодорхойлолтын талаас дутагдалтай зүйл байгаа ч эдгээр сэжигтэй шинжүүдийг хянаж байх нь ноцтой хүндэрлээс сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой.
Халдвар ба бактерэми — Ямар нэгэн халдвартай эсвэл бактерэмитэй бүх өвчтөн сепсисийн эрсдэлтэй бөгөөд сепсисийн үргэлжилсэн үе шатуудын эхний мөчлөг гэж ойлгох нь зүйтэй:
- Халдвар гэдэг нь хэвийн үед ариун байдаг биеийн эдүүд халдвар төрүүлэгчидэд өртөхийг хэлнэ.
- Бактерэми гэдэг нь амьд бактерууд цусанд агуулагдаж байгааг илэрхийлж байгаа юм.
Эрт үеийн сепсисийг таних нь — Цаашид сепсис үүсч магадгүй халдвартай өвчтнүүдийг эрт танихад туслах үүднээс боловсруулсан Үндэсний Яаралтай Тусламжийн Нийгэмлэг, Европийн Эрчимт Эмчилгээний Анагаах Ухааний Нийгэмлэгийн удирдамж нь сепсис – хамааралт нас баралтыг бууруулах гол арга билээ. Дээр дурдсан нийгэмлэгүүд 2016 онд сепсисээр нас барах өндөр эрсдэлтэй өвчтнүүдийг эрт таних үнэлгээний оноог боловсруулсан юм. Энэ онооны үнэлгээ нь Сепсис – хамааралт Эрхтэн Дутлын Үнэлгээний оноо /(Sepsis-related) Organ Failure Assessment score (SOFA)/ – ы нэг хувилбар бөгөөд түргэвчилсэн SOFA /quickSOFA (qSOFA)/ гэж нэрлэдэг. Энэхүү үнэлгээ нь эцэстээ нэгэн цэгт уулздаг ердөө гуравхан эмнэлзүйн бүрэлдэхүүнтэй: амьсгалын тоо ≥22/минут, ухаан санаа өөрчлөгдөх, артерийн систолийн даралт ≤100 мм.муб болох. Оноо ≥2 бол тавилан сайнгүйг илтгэнэ. Гэвч, энэхүү онооны систем нь өвчтнийг эмч хүлээн авч үзсэн тэр үеийн эмнэлзүйтэй жишин үзсэн үед үнэлгээ нь илүү тодорхой байна.
Сепсис — Үндэсний Яаралтай Тусламжийн Нийгэмлэг, Европийн Эрчимт Эмчилгээний Анагаах Ухааний Нийгэмлэгийн 2016 оны зорилтот хөтөлбөрт сепсисийг халдварын эсрэг эзэн биеийн дархлааны хариу урвал зохицуулгагүй идэвхжсэнээс шалтгаалсан эрхтний үйл ажиллагааны алдагдлаар илэрдэг амь насанд заналхийлсэн эмгэг байдал гэж тодорхойлжээ:
- Эрхтний дутагдал– Үндэсний Яаралтай Тусламжийн Нийгэмлэг, Европийн Эрчимт Эмчилгээний Анагаах Ухааний Нийгэмлэгийн 2016 оны зорилтот хөтөлбөрт SOFA оноо 2 ба түүнээс дээш болсон бол эрхтний үйл ажиллагааны хямрал гэж үзнэ хэмээн тодорхойлсон. Энэхүү онооны үнэлгээг дэлхийн олон арван эрчимт эмчилгээний тасагт сепсисийн сэжигтэй хэвтэн эмчлүүлсэн өвчтнүүдийн амин үзүүлэлтүүдийг электрон хяналтийн төхөөрөмжөөр хянан тэдгээрийг нэгтгэх замаар боловсруулсан билээ. Хэрвээ өвчтний биологийн шингэнд эмгэг төрөгч өсгвөрлөгдөж, антибиотик эмчилгээ хийлгэсэн бол тухайн эрчимт эмчилгээний тасгийн өвчтнийг халдварын эрсдэлтэй гэж сэжиглэнэ. Нас барах эрсдлийг тооцох чадвараар нь таамаглах оноонуудыг (SOFA, үрэвслийн эсрэг системийн хариу урвалын хам шинж /systemic inflammatory response syndrome [SIRS]/, Эрхтний Үйл ажиллагааны хямарлын Систем /logistic Organ Dysfunction System [LODS]/) өөр хооронд нь харьцуулжээ. Ингэхэд, сепсисийн сэжигтэй хүнд өвчтнүүдийн хувьд SOFA оноо нас баралтыг үнэлэх SIRS онооны системээс илүүтэй таамаглаж чадаж байв. Гэвч, SOFA ба LODS үнэлгээний аргуудын таамаглах чадвар ижил байсан ч, SOFA үнэлгээний системийг тооцоолоход илүү хялбар гэж үзэн эмнэлзүйн практикт ашиглаж байхыг дээрх нийгэмлэгүүдээс зөвлөж байна.
Анхаарах нь, SOFA оноо бол эрхтэн дутагдлын оноо юм. Энэхүү онооны систем нь сепсисийг оношилохгүй мөн тухайн өвчтний эрхтний үйл ажиллагааны хямрал халдвараас л шалтгаалсан гэж заахгүй билээ. Харин тухайн халдвараас болж өвчтөн нас барах өндөр эрсдэл байгааг илэрхийлдэг. Үүнээс гадна, энэхүү онооны системээр эмчилгээний төлөвлөгөөг боловсруулахгүй ба тухайн хүний өвөрмөц байдалд (жнь: нас) тулгуурласан нас барах эрсдлийг урьдчилан таамаглахгүй.
- Халдвар– Эмч нарт халдвар эсвэл өсгөвөрлөгдсөн эмгэг төрүүлэгч сепсис үүсгэх шалтгаан байж болзошгүй танихад туслах тодорхой удирдамж байхгүй. Бидний туршлагаас харахад, оношийг зөв тогтоохын тулд эмч нар халдварын сэжигтэй шинж тэмдэг, эмнэлзүйг анхааран үзэхээс гадна оношилгоондоо дүрс оношилгоо ба микробиологийн баримтуудыг бодитой тусган эмчилгээний үр дүнг ч харах хэрэгтэй.
Эдийн гипоперфуз (жнь: сүүний хүчил ихсэх, олигури буюу шээсний гарц багасах) эсвэл эрхтний дутагдал (жнь: креатинин нэмэгдэх, коагулопати) –тай бол хүнд сепсис /severe sepsis/ гэж нэрлэдэг байсныг 2016 оноос хэрэглэхээ больж байна. Харин дээрх өөрчлөлт илэрсэн өвчтнүүдэд сепсис эсвэл сепсисийн шок гэсэн нэр томъёо хэрэглэнэ.
Сепсисийн шок — Сепсисийн шок нь судас тэлэгдэлтийн эсвэл сөнөрөлтөт хэлбэрийн шок юм. Сепсисийн шокийг цусны эргэлтийн, эсийн, бодисын солилцооны эмгэг өөрчлөлтөөр илэрдэг нас баралтын эрсдлээр сепсисээс хамаагүй өндөр байдаг эмгэг нөхцөл гэж тодорхойлдог. Эмнэлзүйн хувьд, тухайн өвчтөн сепсисийн шалгууруудыг хангасан байхаас гадна сэхээн амьдруулах шингэн сэлбэлтэнд хангалтгүй хариу урвал өгч, артерийн дундаж даралтыг ≥65 мм.муб байлгахын тулд вазопрессорууд шаардсан, лактат >2 ммоль/L (>18 мг/dL) түвшинтэй байна. SOFA онооны таамаглалаар, дээрх шалгуурууд бүрдсэн сепсисийн шоктой хүмүүст нас барах эрсдэл шалгуур хангаагүй өвчтнүүдээс хавьгүй өндөр байна. (≥40% ба ≥10%t)
Бусад — Олон эрхтэн дутлын хам шинж /Multiple organ dysfunction syndrome (MODS)/ ба үрэвслийн системийн хариу уравлын хам шинж зэрэг нэршлийг эмнэлзүйн практит өргөн хэрэглэдэг ба эдгээрийг сепсисээс ялгах шаардлагатай.
Олон эрхтэн дутлын хам шинж /Multiple organ dysfunction syndrome (MODS)/ — гэдэг нь хүнд болон цочмог өвчний үед эрхтний давшингуй дутагдлыг илэрхийлдэг бөгөөд нэгэнт алдагдсан гемостазыг гаднаас нь заавал ч үгүй засаж хэвийн байдалд оруулах шаардлагатай байдаг. Энэ хам шинж нь халдварт (сепсис, сепсисийн шок) ба халдварт бус (жнь: панкреатит) ямар ч өвчний үеийн өвчний хүндийн зэргийн төгсгөлийн өөрчлөлт юм.
MODS – г анхдагч ба хоёрдогч гэж ангилж болох юм:
- Анхдагч MODS бол тодорхой цочмог өвчний үед эрхтэн дутал эрт үед илэрч энэ нь тухайн өвчинтэй шууд хамааралтай байна (жнь: рабдомиолизийн шалтгаант бөөрний дутагдал).
- Хоёрдогч MODS бол эрхтэн дутал нь тухайн өвчний шууд хариу урвал болохгүй ч эзэн биеийн хариу уравлын үр дагавар болж илэрнэ. (жнь: панкреатиттай өвчтөнд амьсгалын цочмог хямарлын хам шинж үүсэх).
Олон эрхтэн дутлын хам шинжийн олон улсад зөвшөөрөгдсөн шалгуур байхгүй. Дараах үзүүлэлтүүдээр тухайн эрхтний үйл ажиллагааг үнэлнэ:
- Амьсгал – Артерийн цусны хүчилтөрөгчийн парциал /ноогдвор/ даралт (PaO2)/амьсгалаар орсон хүчилтөрөгчийн хэмжээ (FiO2) хоорондын харьцаа.
- Цус хөдлөлзүй – Ялтас эсийн тоо
- Элэг – Ийлдсийн билирубин
- Бөөр – Ийлдсийн креатинин (шээсний гарц)
- Тархи – Глазгов комын оноо
- Зүрх – судас – Гипотензи ба вазопрессор хэрэглэх шаардлага
Ерөнхийдөө, хэдий чинээ олон эрхтэн тогтолцооны дутагдал байна төдий чиний нас барах эрсдэл төдий чинээ өндөр байна. Механик вентиляци шаардсан амьсгалын дутагдал нь нас баралтын хамгийн том эрсдэл болдог.
Үрэвслийн эсрэг системийн хариу урвалын хам шинж /Systemic Inflammatory Response Syndrome (SIRS)/ — Цөөнгүй эрдэмтэд халдварт өвчингүй байлаа ч эмнэлэгт хэвтэж буй олон өвчтөнд үрэвслийн эсрэг системийн хариу урвалын хам шинжийн шалгуур илэрдэг гэж үздэг болсноос хойш сепсистэй хүмүүсийг ялган танихад ашиглаж байсан үрэвслийн системийн хариу урвалын хам шинжийн шалгуурыг хэрэглэхээ больжээ.
SIRS – г үрэвслийн хариу урвал зохицуулгагүй болсныг илтгэх эмнэлзүйн хам шинж гэж үздэг. Өмнө нь температур, зүрхний цохилтын тоо, амьсгал, цагаан эсийн тоо зэрэг үзүүлэлтийн хоёр ба түүнээс дээшхи нь өөрчлөгдсөн бол уг хам шинж батлагддаг байжээ. Халдварт ба халдварт бус хэд хэдэн эмгэг нөхцлүүдийн үед SIRS тохиолдож болно. SIRS – тэй холбоотой илэрдэг сонгодог халдварт бус эмгэгүүдэд аутоиммуны өвчнүүд, нойр булчирхайн үрэвсэл, васкулит, тромбэмболизм, мэс заслын өвчнүүд багтдаг.
Эрсдэлт хүчин зүйл
- Эрчимт эмчилгээний тасагт хэвтэх– Эрчимт Эмчилгээний Тасгийн өвчтнүүдийн бараг 50% нь эмнэлгээс шалтгаалах халдварт өртдөг тул энэ бүхэн нь эргээд сепсис үүсэх өндөр эрсдэл болдог.
- Бактерэми– Бактерэми бүхий өвчтнүүдэд системийн халдвар үүсэх нь цөөнгүй. Нэгэн судалгаагаар 270 цусны өсгөврт хийсэн судалгаагаар өсгөвөр эерэг гарсан цусны 95% нь сепсис, сепсисийн шоктой холбоотой байжээ.
- Өндөр нас (≥65 нас)– Сепсисийн тохиолдол өндөр настай өвчтнүүдэд нэмэгддэг ба нас нь сепсисийн шалтгаант нас баралтын биеэ даасан хүчин зүйл болдог. Түүнчлэн, өндөр настай хүмүүс эмнэлэгт ирээд удалгүй нас бардаг ба амьд үлдлээ ч асаргаа сувилгаа, нөхөн сэргээх цогц эмчилгээ удаан хугацаагаар шаардагддаг.
- Дархлаа тогтолцоо дарангуйлагдах– Эзэн биеийн хамгаалах тогтолцоог доройтуулдаг хам өвчлөлүүд (жнь: хавдар, бөөрний дутагдал, элэгний дутагдал, ДОХ, аспленизм) болон дархлаа дарангуйлдаг эмүүд хэрэглэсэн байх нь сепсис, сепсисийн шоктой хүмүүст түгээмэл.
- Чихрийн шижин ба хорт хавдар– Чихрийн шижин болон зарим хорт хавдрын үед дархлаа тогтолцоо өөрчлөгдөж үүний үр дүнд сепсис үүсэх эрсдэл нэмэгдэж, эмнэлгийн дотоод халдварт өртөх эрсдэл ч дээрх өвчнүүдийн үед нэмэгддэг.
- Эмнэлгээс гадуурх уушгины хатгалгаа– өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн өвчтнүүдэд сепсис болон сепсисийн шок үүсэх эрсдэл өндөр байдаг.
- Өмнө нь эмнэлэгт хэвтсэн байдал– Эмнэлэгт хэвтсэн ялангуяа антибиотик эмчилгээ хийлгэсэн бол хүний микробиом өөрчилөгддөг. Өмнө нь эмнэлэгт хэвтсэн бол эмнэлгээс гарснаас хойшхи 90 хоногт сепсис үүсэх эрсдэл 3 дахин нэмэгддэг байна. Халдварт өвчний улмаас, ялангуяа Clostridium difficile халдвартай бол илүү өндөр эрсдэлтэй.
- Генетикийн хүчин зүйл– Туршилтын болон эмнэлзүйн судалгааны аль аль нь генетикийн хүчин зүйл халдварын эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг баталсан. Цөөн тохиолдолд, моногенийн гажиг нь өвөрмөц халдварт онцгой үүрэгтэй ч генетикийн хүчин зүйл нь ихэнхдээ генийн полиморфизм байна. Генетикийн судалгааны эхэн үед эсрэг бие нийлэгжүүлэлт гажих, Т эсүүд, фагоцит, байгалийн хядагч эсүүд, хавсрагын тогтолцооны дутагдалтай байх нь халдварт өртөх эхний алхам болдог гэдэгт анхаарлаа илүү хандуулсан юм. Харин сүүлийн үеийн судалгаагаар, анхдагч дархлаа тогтолцооны эмгэг төрүүлэгчийг таних чадвар суларснаас өвөрмөц бүлгийн микроорганизмуудын халдварт өртөмхий болох нөхцөл бүрэлддэг хэмээн үзэх болжээ.
Эмнэлзүйн илрэл — Сепсис сэжиглэгдсэн эсвэл оношилогдсон өвчтнүүдэд ихэнхдээ гипотензи, тахикарди, халуурах, лейкоцитоз болох шинжүүд илэрнэ. Хэрвээ эмнэлзүй хүнд бол шокийн шинж тэмдгүүд (жнь: арьс хүйтэн болох хөхрөх) ба эрхтэн дутлын шинжүүд (жнь: олигури, бөөр цочмог гэмтэх, ухамсарт ухаан өөрчлөгдөх) илэрнэ.
Анхаарах ёстой чухал зүйл бол дээрх эмнэлзүйн шинжүүд нь өвөрмөц биш нойр булчирхайн үрэвсэл амьсгалын цочмог хямарлын хам шинж гэх мэт бусад эмгэг нөхцлүүдийн үед ч ижилхэн тохиолдоно.
Шинж тэмдэг — Шинж тэмдэг өвөрмөц биш ч дараах зүйлсийг багтааж болох юм:
- Халдварын эх уурхай байгааг илэрхийлсэн өвөрмөц шинжүүд (жнь: ханиалгаж амьсгаадах нь уушгины хатгалгаа байж болзошгүйг, мэс заслын шархнаас идээт шүүдэс гарах нь буглаа байгааг заана гэх мэт)
- Артерийн даралт буурах (жнь: систолын даралт <90 мм.муб, артерийн дундаж даралт <70 мм.муб болох эсвэл систолийн даралт >40 мм.муб эсвэл тухайн хүний байх ёстой хэвийн түвшнээс хоёр дахин буурах)
- Температур >38.3ºC эсвэл <36ºC
- Зүрхний хэм >90 цохилт/мин эсвэл тухайн хүний байх ёстой хэвийн түвшнээс хоёр дахин буурах
- Амьсгал олшрох /Tachypnea/, амьсгалын тоо >20 удаа/мин
- Ухамсарт ухаан өөрчлөгдөх
- Гэдэс түгжрэх (гэдэсний хуржигнах чимээ үгүй болох, ихэвчлэн гэдэсний бичил эргэлтийн эцсийн шатны үед)
- Капиллярийн эргэн дүүрэлт удаашрах, цианоз буюу хөхрөх, арьс эрээнтэх (шокийг илэрхийлнэ)
Сепсисийн шинжүүдийг тогтоох арга: SEPSIS
- Shivering, fever or very cold – чичрүүдэс хүрч халуурах, жихүүдэс хүрэх
- Extreme pain or general discomfort – маш хүчтэй өвдөх, тавгүйрхэх
- Pale or discolored skin – арьс цонхийх, арьсны өнгө өөрчлөгдөх
- Sleepy, difficult to rouse, confused – унтаарах, комд орох
- I feel like I might die” – өвчтөн үхлүүт байх
- Short of breath – амьсгал түргэсэх
Лабораторийн өөрчлөлтүүд — Лабораторийн үзүүлэлт өөрчлөгдөх нь ч бас сепсисийн үед өвөрмөц биш юм. Дараах өөрчлөлтүүд илэрнэ:
- Лейкоцитоз (цагаан эсийн тоо [WBC] >12,000 microL–1) эсвэл лейкопени (WBC <4000 microL–1)
- Сепсис бүрэн илрээгүй үед WBC хэвийн тоологдох нь 10% хүртэл байдгийг анхаараарай.
- Гипергликеми (цусны сахар >140 mg/dL буюу 7.7 mmol/L) чихрийн шижин өвчингүй байхад.
- Ийлдсийн C – урвалж уураг байх ёстой хэвийн хэмжээнээс 2 дахин ихсэх
- Ийлдсийн прокалцитонин хэвийн хэмжээнээс 2 дахин ихсэх (хэмжих нь түгээмэл биш)
- Артерийн цусны гипоксиэми (артерийн хүчилтөрөгчийн даралт [PaO2]/амьсгалаар орсон хүчилтөрөгчийн даралт [FiO2] <300)
- Шээс цочмог хомсдох (сэхээн амьдруулах шингэн сэлбэлтийг 2 цагийн турш хангалттай хэмжээгээр сэлбэсэн ч шээсний гарц <0.5 мЛ/кг/цаг байх)
- Креатинин нэмэгдэх >0.5 мг/dL буюу 44.2 микромоль/L
- Бүлэгнэлтийн гажиг үүсэх (олон улсын хэвийн харьцаа /international normalized ratio [INR]/ >1.5 эсвэл идэвхжүүлсэн тромбопластины хугацаа /activated partial thromboplastin time [aPTT]/ >60 секунд)
- Тромбоцитопени (Ялтас эсийн тоо <100,000 microL–1)
- Гипербилирубинэми (ийлдсийн нийт билирубин >4 мг/dL буюу 70 микромоль/L)
- Гиперлактатэми (тухайн лабораторийн хэвийн дээд хэмжээнээс нэмэгдсэн)
- Бөөрний дээд булчирхайн дутагдал (жнь: гипонатриэми, гиперкалиэми), мөн эутиройд өвчний синдром /euthyroid sick syndrome/ сепсисийн үед тохиолдоно. Эутиройд синдром гэдэг нь өнчин тархи – гипоталамус – бамбайн булчирхайд ямар ч өвчингүй байхад бамбайн дааврууд захын судсанд өөрчлөлттэй гардаг эмгэг нөхцөл юм. /Ерөнхий санааг ихэд товчилсон тул дэлгэрүүлж уншаарай/
Дүрслэл оношилгоо — Халдварын тодорхой байрлалгүй (жнь: цээжний гэрлийн шинжилгээгээр уушгины хатгалгааг илрүүлэх, хэвлийд шингэн хуримтлагсан байгааг хэт авиа, КТ – аар харах гэх мэт) бол сепсисийг таних дүрс оношилгооны өвөрмөц арга байхгүй.
Микробиологи — Сепсис байж болзошгүй өвчтний биологийн шингэнд эмгэг төрүүлэгчийн өсгөврийг илрүүлэх нь сепсисийн оношийг батлах хамгийн тустай боловч онцгой шаардлагагүй. Учир нь сепсистэй өвчтнүүдийн 50% гаруйд өвөрмөц эмгэг төрүүлэгч өсгвөрлөгддөггүй тул сепсисийн оношилгооны шалгуурт нөлөөлөх чадамж бага байдагтай холбоотой.
Оношилгоо — Тухайн өвчтний эрхтэн дутагдал нь сепсисээс эсвэл хоёрдогчоор өөр эмгэг нөхцлөөс шалтгаалсан гэдгийг шууд танихад хязгаарлагдмал байдал үүсдэг. Тийм учраас, эмнэлзүй, лаборатор, дүрс оношилгоо, физиологи, микробиологийн баримтуудад нухацтай дүгнэлт хийж сепсис ба сепсисийн шокийг оношилно.
Эх сурвалж: Uptodate.com “Sepsis Syndrome in Adults: Epidemiology, Definition, Clinical Presentation, Diagnosis. “Literature review current through: Aug 2016. | This topic last updated: Sep 19, 2016.