Бодисын солилцооны хам шинж буюу Metabolic syndrome /боловсрол олгох/

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Бодисын солилцооны хам шинж, өөрөөр инсулин тэвчлийн хам шинж эсвэл Х хам шинж нь биеэ даасан өвчин биш харин эмнэлзүйн бүлэг шинжүүд юм. Эдгээр шинжүүдэд таргалалт, цусны даралт ихсэлт, цусны глюкоз ихсэлт, цусан дахь триглицеридийн хэмжээ их байх зэрэг орно. Эдгээр шинжүүд хавсарсанаар чихрийн шижин хэв шинж – 2, зүрхний өвчин үүсч буй болох эрсдлийг нэмэгдүүлдэг юм. Биеийн жин, цусан дахь глюкоз, холестрол, триглицеридийн түвшинг хэвийн хэмжээнд хадгалах нь зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдлээс ихээхэн хамгаална.

Бодисын солилцооны хам шинж гэж чухам юу вэ?

Бодисын солилцооны хам шинж бол бүлэг шинжүүд гэж дээр дурдсан билээ. Танд дээрх шинжүүд заавал бүгдээрээ илэрсэн байх албагүй. Гэвч, эдээр шинжүүдээс нэг нь л байхад бусад шинжүүд ч гэсэн дагалдаад илрэх магадлал тун өндөр юм шүү. Ихэнх мэргэжилтнүүд бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст доор дурдсан гурав ба түүнээс дээш шинж илэрдэг гэж тодорхойлдог. Үүнд:

  • Таргалалт, ялангуяа хэвлий орчмоор илүү таргалах (хэвлийн тойрог эрэгтэйчүүдэд 94 – 102 см, эмэгтэйчүүдэд 80 см – ээс их байх)
  • Өлөн үеийн глюкозын хэмжээ өндөр байх (100 – 125 mg/dL эсвэл 5.6 – 7 mmol/L)
  • Цусны даралт өндөр байх (130/85 ба түүнээс дээш) эсвэл даралт бууруулах эм хэрэглэдэг бол
  • Өлөн үеийн триглицеридийн хэмжээ өндөр байх (150 – 180 mg/dL эсвэл 1.7 mmol/L) эсвэл өндөр нягттай липидийн хэмжээ багасах (эрэгтэйчүүдэд 40 mg/dL буюу 1 mmol/L – ээс, эмэгтэйчүүдэд 50 mg/dL буюу 1.3 mmol/L – ээс тус тус багасах)
metabolic_syndrome

Бодисын солилцооны хам шинжийн үед илрэх өөрчлөлт

Бодисын солилцооны хам шинж хэр түгээмэл байдаг вэ?

Сүүлийн жилүүдэд “Бодисын солилцооны хам шинж” ихээхэн тархалттай болж ирлээ. 1999 – 2002 оны хооронд хийсэн судалгаагаар хүн амын 34% нь бодисын солилцооны хам шинжтэй гэж үнэлэгджээ. Энэ тоо цаашид улам нэмэгдэх магадлалтай юм. Учир нь 1988 – 1994 оны хооронд хийсэн судалгаагаар хүн амын 22% нь бодисын солилцооны хам шинжтэй байжээ.

Доор дурдсан хүчин зүйлүүд бодисын солилцооны хам шинж үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Үүнд:

  • Илүүдэл жин (Биеийн жингийн индекс 25 кг/м2 ба түүнээс дээш)
  • Цэвэршилт (эмэгтэйчүүдэд)
  • Өндөр нас
  • Тамхидалт
  • Нүүрс – ус ихтэй хоол хүнс хэрэглэх
  • Биеийн тамирын дасгал хөдөлгөөн бага хийх
  • Чихрийн шижин эсвэл бодисын солилцооны хам шинжийн удмын өгүүлэмжтэй байх

Бодисын солилцооны хам шинж эрүүл мэндэд нөлөөлөх нь

Чихрийн шижин  — Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст чихрийн шижин хэв шинж – 2 өвчин үүсэх нь түгээмэл. Биеийн жингээ хянах, дасгал хөдөлгөөн хийх гэх мэтээр амьдралын буруу хэв маягаа өөрчлөх нь чихрийн шижин өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх боломж олгоно.

Зүрх судасны өвчин  — Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст зүрх судасны өвчин үүсэх эрсдэл их. Уг хам шинжийн улмаас үүсэх зүрх судасны өвчинд титэм судасны өвчин, тархины судасны өвчин, цусны даралт ихсэх өвчин зэргийг багтааж ойлгож болно. Зүрхний шигдээс, тархинд цус харвах эсвэл цээжний өвдөлт зэрэг нь зүрх судасны өвчний хүндрэл юм.

Бодисын солилцооны хам шинжийг хэрхэн оношилох вэ?

Бодит үзлэг, өлөн үеийн глюкоз, холестрол, триглицеридийн шинжилгээнд тулгуурлан бодисын солилцооны хам шинжийг оношилно.

Бодисын солилцооны хам шинжийг хэрхэн эмчлэх вэ?

Бодисын солилцооны хам шинжийг эмчлэх үндсэн зорилт нь:

  • Биеийн жингээ бууруулах, дасгал хөдөлгөөн идэвхитэй хийх замаар суурь өөрчлөлтүүдийг багасгах буюу огт үгүй болгох (жнь: таргалалт, хөдөлгөөний дутагдал).
  • Биеийн жингээ бууруулаад, идэвхитэй хөдөлгөөн хийсээр байхад цусны даралт ихсэлт, холестролын хэмжээ өндөр байсаар байвал зүрх судасны өвчин үүсэх эрсдэлт хүчин зүйлийг анагаах.

Биеийн жингээ бууруулах  — Бодисын солилцооны хам шинжийг бууруулах үндсэн менежмент бол биеийн жинг бууруулах, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх явдал. Түүнчлэн, идэж буй хоол хүнс өөх, холестролын агууламж бага байх шаардлагатай.

  • Жимс жимсгэнэ, хүнсний ногоо, самар, оливийн тос хэрэглэх нь биеийн жин, цусны даралт, липидийн хэмжээг бууруулахад туслаад зогсохгүй инсулин тэвчил үүсэхийн эсрэг нөлөө үзүүлдэг.
  • Даралт Ихсэлтийг Зогсоох Хооллолтын Дэглэм, DASH (Dietary Approaches to Stop Hypertension) – ийн жорын хоол нь цусны даралт, илүүдэл жин, липид, өлөн үеийн глюкозын хэмжээг бууруулж чаддаг. Уг дэглэмээр, өдөрт 2400 мг – аас ихгүй натри, 4 – 5 нэгж жимс жимсгэнэ, 4 – 5 нэгж хүнсний ногоо, 2 -3 нэгж тослог багатай цагаан идээ хэрэглэхийн зэрэгцээ идэж буй бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийт өөх – тосны хэмжээ 25% – аас бага байх хэрэгтэй.

Идэвхитэй хөдөлгөөн  — Идэвхитэй дасгал хөдөлгөөн нь биеийн жинг бууруулах, хэвлийн тойргийг багасгах сайн нөлөөтэй. Мэргэжилтнүүд 7 хоногт, хамгийн багадаа 5 өдөрт нэг удаад 30 минутаас багагүй хугацаанд алхах, дугуй унах, гүйх гэх мэт дахин давтагдах боломжтой дасгал хөдөлгөөнийг биеийн ерөнхий байдалдаа тохируулан хийхийг зөвлөж байна.

Чихрийн шижин хэв шинж – 2 өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулах  — Биеийн жингээ бууруулах, (илүүдэл жинтэй эсвэл тарган бол), идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх нь чихрийн шижин өвчин үүсэх эрсдлийг бууруулна.

Холестролын хэмжээг багасгах  — бага нягттай липид (муу өөх тос) нь титэм судасны өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст бага нягттай липидийн хэмжээг 80 – 100 mg/dL түвшинд барихыг зөвлөдөг.

Хэрвээ хооллолтын дэглэм бариад, биеийн жингээ бууруулсан ч бага нягттай липидийн хэмжээ багасахгүй бол эмийн эмчилгээ хийхийг зөвлөдөг.

Цусны даралт бууруулах  — Цусны даралтын хэмжээг эрүүл түвшинд барих нь чухал бөгөөд, ялангуяа бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст бүр ч их ач холбогдолтой.

  • 140/90 бол цусны даралт өндөр байна гэсэн үг.
  • 120 – 139/80 – 89 бол даралт ихсэдтийн урьдал үе юм.

Зарим мэргэжилтнүүд цусны даралт 140/90  – ээс дээш бол эмийн эмчилгээг хийх, 130/80 – аас их бол эмийн эмчилгээ хийхийг бодолцож үзэхийг зөвлөсөн байдаг.

Хэрвээ хооллолтын дэглэм бариад, биеийн жингээ бууруулсан ч цусны даралт хангалттай буурахгүй бол нэг эсвэл хэд хэдэн эмийг хавсран хэрэглэж цусны даралтай бууруулахыг зөвлөдөг.

Тамхинаас татгалзах  — Тамхи татах нь зүрхний титэм судасны өвчин үүсэх эрсдлийг онцгой нэмэгдүүлээд зогсохгүй бусад эрхтэн тогтолцоонд тоймгүй их хөнөөл учруулдаг. Та болоод таны гэр бүлийн хүмүүс ТАМХИ ТАТДАГ БОЛ ДАРУЙХАН ЗОГСООХ хэрэгтэй.


Эх сурвалж:  Uptodate: The metabolic syndrome (Beyond the Basics)

1 Comment

  • Мөнгөнчимэг

    goy

    12/10/2016 00:16