Витамин Д – н дутагдал хэзээ үүсэх вэ?
Витамин Д дутагдлын шалтгаан — Витамин Д – н дутагдал нь хар арьстай, 3 эсвэл 6 сар хүрэхээс өмнө дан хөхний сүүгээр хооллоогүй, ялангуяа жирэмсэн үед эх витамин Д – н дутагдалтай байсан гэх мэт нэмэлт эрсдэлтэй бол түгээмэл тохиолдоно. Түүнчлэн, цагаан хоолтой, таталтын эсрэг болон ретровирусын эсрэг эм хэрэглэж байгаа, шимэгдэлтийн өвчтэй хүүхдүүдэд витамин Д дутагдал үүснэ. Өөр эрсдэлт хүчин зүйлүүдэд амьдарч буй бүс нутгийн өргөрөг, өвлийн улирал, нартай өдөр цөөн байх зэрэг багтана.
Нийлэгжил буурах — Нарны гэрэлд гаргах нь арьсны витамин Д – н нийлэгжилд маш чухал нөлөөтэй ч арьсны пигмент ихтэй хүүхдүүдэд меланин нь нарнаас хамгаалах байгалийн хориг гүйцэтгэдэг тул витамин Д – н нийлэгжилтийг бууруулдаг. Хэт ягаан туяа хамгийн их ялгардаг үе нь бага үд байдаг. Хавар, зун, намрын улиралд нарны гэрэлд 10 – 15 минут гаргах буюу 1000 – 1500 цаг (бага үдийн 10:00 ба үдээс хойшын 3:00) байлгах нь цагаан буюу шар арьст хүмүүсийн хувьд витамин Д нийлэгжихэд хангалттай нөхцөл болно. Гэвч, бор арьстнуудын хувьд 3 дахин, хар арьстнуудын дунд 6 – 10 дахин илүү наранд гарч байж витамин Д – г хангалттай хэмжээгээр нийлэгжүүлэх боломж бүрддэг.
Витамин Д – н дутагдал үүсэх нь арьсны пигмент буюу нөсөөнөөс хамаарч бүлэг бүрт ялгаатай байна. Жишээлбэл, Их Британи улсын судалгаанаас, Витамин Д – н дутагдал хар арьстай хүүхдүүдэд хамгийн өндөр, дараа нь Азийн Энэтхэгчүүдэд, тэгээд цагаан арьст хүүхдүүд гэсэн дараалалтай байжээ. Америк болон Канадад хийсэн судалгаанууд ч үүнтэй адилхан үр дүнтэй байв. Нэгэн судалгааны үр дүнд Бостон, Массачусетийн хар арьст өсвөр насныхны 36% – д нь 25(OH)D түвшин <15 нг/мЛ (37.5 nmol/L) байсан бол өөр судалгаагаар хар арьст хүүхдүүдийн 83 – 91% нь рахиттай байжээ. Гүрж гэх мэт нартай өдөр олонтой бүс нутагт ч бага насны хүүхдүүдийн 22% – д 25(OH)D түвшин <20 нг/мЛ (50 nmol/L) байсныг тэмдэглэжээ.
Оршин суугаа дэлхийн бүсийн өргөрөг болон улирлын байдал нь арьсны витамин Д нийлэгжилтэнд чухал нөлөө үзүүлдэг. Өндөр өргөрөгийн бүс нутагт өвлийн улиралд нарны гэрэл ташуу өнцгөөр тусч атмосферийг нэвтлэхийн тулд урт зам туулдаг. Үүний дүнд, 40° – аас бага өрөгрөгт өвлийн улиралд нарны хэт ягаан туяа газрын хөрсөнд бага буюу бараг тусч чаддаггүй. Тийм учир, зуны саруудад витамин Д – н дутагдао харьцангуй ховор ч гэсэн өвлийн саруудын төгсгөлд маш элбэг болдог. Дэлхийн хойд хагас бөмбөрцөгт, хоёр ба гуравдугаар сард витамин Д – н түвшин хамгийн бага хэмжээнд хүрнэ. Зуны улиралд ч гэсэн нарнаас хамгаалах зүйлс хэтрүүлэн хэрэглэснээр витамин Д –н түвшин тогтвортой бага хэмжээнд байх нөхцлийг бүрдүүлдэг. Иовад /Iowa (41°N)/ хийсэн судалгаагаар, өвлийн цагт хөхөөр хооллодог, витамин Д өгөөгүй нярай хүүхдүүдийн 78% – д 25(OH)D түвшин 11 нг/мЛ (27.5nmol/L) – ээс бага байсан бол зуны цагт ердөө 1% – д нь витамин Д – н түвшин ийм бага байжээ.
Нарны гэрлээс хамгаалдаг байгалийн хамгаалагч арьсны пигментээс гадна, хиймэл нарны шил, нарны туяаг хориглогчид нь витамин Д нийлэгжих чадамжийг 95% хүртэл бууруулдаг. Нарны хэт ягаан туяанд нөлөөлдөг бусад хүчин зүйлүүдэд далайн түвшин, үүлтэй өдрийн тоо ордог бөгөөд далайн түвшин өндөр, үүлтэй өдөр бага байх нь нарны гэрэл сайн тусах нөхцөл мөн. Удаан хугацаанд наранд гарахгүй байх нь ч витамин Д – н нийлэгжил буурах шалтгаан болно. Гэр эсвэл байшингаасаа цухуйхгүй, хүүхдийг наранд гаргахгүй байх нь витамин Д түвшин бага байх нөхцлийг заавал бүрдүүлдэг.
Хоол тэжээлээр бага хэмжээтэй авах — Витамин Д – н байгалийн буюу хоол хүнсний эх сурвалж нь тослог загас (salmon, mackerel, sardines), аварга загасны элэгний тос, элэг болон мах, өндөгний шар зэрэг болой. Эдгээр байгалийн хоол хүнснээс хэдхэнийг нь л хүүхдүүд хэрэглэдэг. Түүнчлэн, хөхний сүүнд агуулагдах витамин Д – н хэмжээ бага байдаг.
Байгалийн хоол хүнсний эх сурвалж ховор байдаг тул, витамин Д – г хоол хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүн, жүржийн жүүс, талх, буудайнд баяжуулан хэрэглэдэг. Америкт нярай хүүхдэд 40 – 100 ОУН витамин Д/100 ккал агуулагдаж байхаар (ихэвчлэн хамгийн багадаа 400 ОУН/литр) тооцдог ба сүү, жүүсэнд 400 ОУН/литр байхаар баяжуулдаг.
Эдгээр хэмжээнээс үл хамааран витамин Д – баяжуулсан сүү, бусад бүтээгдэхүүнүүдээс авах өдөр тутмын витамин Д хангалтгүй байх нь цөөнгүй. Үүнд нөлөөлдөг хүчин зүйлүүд:
- Нярай хүүхдүүдэд витамин Д – н нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй дан хөхөөр хооллолтыг дэмжих
- Бор хоолонд орсон хүүхдүүдэд витамин Д – р баяжуулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг хангалттай хэмжээгээр хэрэглэхгүй байх.
- Тухайн улс орон витамин Д – р баяжуулсан стандарт хоол хүнсний зохицуулгагүй байх.
Перинаталь хүчин зүйлүүд
Эхийн витамин Д – н дутагдал — Витамин Д нь эхээс урагт ихсээр дамжин хүрдэг ба эх витамин Д – н дутагдалтай бол нярай ч гэсэн витамин Д – н дутагдалтай төрнө. Витамин Д – н дутагдал нь хар арьст эмэгтэйчүүд, ялангуяа өндөр өргөрөгт амьдардаг, жирэмсний тээлт өвлийн саруудад явагдсан бол түгээмэл тохиолдож болно.
Дутуу төрөх — Дутуу төрсөн нярайд витамин Д – н хэмжээ онцгой бага байдаг. Учир нь эдгээр хүүхдүүдэд витамин Д – г эхийн ихсээр дамжуулан авах хугацаа богиносдог. Гурав дахь триместер витамин Д тээвэрлэгдэх чухал мөчлөг ба учир нь энэ үед ургийн яс кальцжихад эхийн бөөр ба ихэст 25(OH)D – н бодисын солилцоо эрчимжиж идэвхитэй 1,25(OH)2D хэлбэрт шилжих нь нэмэгддэг. Энэ үед эхийн витамин Д дутагдах нь урагт витамин Д дутагдал үүсэх үүд болох ба хүнд тохиололд ургийн рахит ч үүсдэг билээ.
Дан хөхний сүүгээр хооллох — Витамин Д – н хэмжээ хангалттай эхчүүдэд ч хөхний сүүн дэх витамин Д – н агууламж бага (15 – 50 ОУН/литр) байдаг тул наранд гаргадаггүй, витамин Д – н нэмэлт хэрэглэдэггүй дан хөхөөр хооллодог нярай өдөрт дунджаар 750 мл сүү уудаг гэж үзвэл өдөрт ердөө 10 – 40 ОУН/литр витамин Д – г авдаг гэсэн үг. Хар арьстай эхчүүдийн хөхний сүүнд витамин Д – н агууламж витамин Д дутагдлын бусад эрсдэлтэй харьцуулахад илүү бага байдаг. Хөхөөр хооллож буй нярай хүүхдүүдэд 25(OH)D – н түвшинг >20 нг/мЛ (50 nmol/L) хэмжээтэй байлгахын тулд нарны гэрэлд хамгийн багадаа нүв нүцгэнээр 30 минут/7 хоног байлгах шаардлагатай. Нарны гэрэлд байлгах дээрх хугацаа ба хэлбэр нь 6 сараас доош насны хүүхдүүдэд боломжгүй юм. Учир нь энэ насны хүүхдүүдэд дулаан алдалт хамгийн их байдагтай холбоотой.
Нэгэн судалгаагаар, 1986 – 2003 оны хооронд тохиолдсон рахиттай 4 – 54 сартай хүүхдүүдийн 166 хэвлэгдсэн тохиолдлын 96% – д хүүхэд дан хөхний сүүгээр хооллодог байсныг илрүүлжээ. Аляскад хийсэн өөр судалгаагаар, дан хөхөөр хооллосон нярай хүүхдүүдийн 98% – д 25(OH)D түвшин <10 нг/мЛ (25 nmol/L) байжээ. Гурав дахь баримтаар, жирэмсэн үедээ 600 ОУН/өдөр витамин Д бүхий сүү, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байсан эхчүүдийн 65%, төрүүлсэн нярай хүүхдүүдийн 50% – д 25(OH)D түвшин <30 нг/мЛ байжээ.
Нярайд тохирох тунгаар витамин Д уулгахад витамин Д – н дутагдал ховор үүсдэг ч хэрвээ нярай төрөх үедээ витамин Д дутагдалтай эхээс төрж угаасаа витамин Д – н нөөц бага, витамин Д – н тохирох тунг өгч чадаагүй бол витамин Д – н дутагдал үүснэ. Нэгэн судалгаагаар, тунг тохируулсан витамин Д – г нэмэлт өгсөн 0 – 5 насны рахиттай хүүхдүүдийн 50% – д гипокальцэмийн таталт тохиолджээ.
Таргалалт — Витамин Д нь өөх тосонд ихээр агуулагддаг ч таргалалт ба 25(OH)D түвшин хоёрын хооронд урвуу хамааралтай. Тарган хүмүүст витамин Д – н хэрэгцээ тохирсон биеийн жинтэй хүмүүсээс илүү их шаардлагатай байдаг.
Шимэгдэлтийн ба бусад өвчнүүд — Витамин Д шимэгдэх үйл явц нь хиломикронтой холбоотой байдаг тул өөх тосны шимэгдэлтийг хямраасан эмнэлзүйн нөхцлүүд нь ходоод гэдэснээс витамин Д шимэгдэлт хангалтгүй байх нөхцөл болдог. Тийм учраас, цилиакийн өвчин, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин, нойр булчирхайн гадна шүүрлийн дутагдал (цистик фиброз гэх мэт), цөс чулуужих, ходоод тайрах буюу бариатийн мэс засал зэргийн үед хүүхдэд рахит өвчин үүснэ.
Элэг ба бөөрний өвчин нь 25 – гидроксилжилт, 1 – гидроксилуилт зэрэгтэй холбоотой байдаг тул рахитын шалтгаан болно.
Эмийн бодис — зарим эмийн бодис витамин Д дутагдал үүсгэнэ:
- Таталтын эсрэг эм, ХДХВ – г эмчлэх ретровирусын эсрэг эмүүд 25(OH)D ба 1,25(OH)2D задарлыг нөхцөлдүүлэх замаар витамин Д – н дутагдалд хүргэнэ.
- Глюкокортикойдууд нарийн гэдэсний витамин Д – хамааралт кальцийн шимэгдэлтийг хориглогдог тул глюкокортикойд хэрэглэж буй өвчтнүүдэд витамин Д – н хэрэгцээ нэмэгддэг.
- Кетаконазол болон бусад мөөгөнцрийн эсрэ эмүүд нь 1 – гидроксилжилтийг хориглодог тул витамин Д – н хэрэгцээг нэмэгдүүлдэг.
Эх сурвалж: Uptodate.com “Vitamin D insufficiency and deficiency in children and adolescents”
Literature review current through: Sep 2016. | This topic last updated: May 27, 2016.