Миопи (ойрын хараат)
Миопи эсвэл ойрын хараат нь нүдний хугарлын гажиг буюу энэ нь нүд юмсыг тод харахын тулд гэрлийг зөв хугалж нэг фокус үүсгэж чадахгүй байхыг хэлнэ. Миопийн үед ойрын юмс тод харагдах боловч холын эд юмс бүрэлзэж харагдана.
Миопи нь удамшдаг бөгөөд ихэвчлэн 8-12 насны хүүхдүүдэд тохиолддог. Өсвөр насанд буюу хүүхдүүдийн өсөлт түргэн явагдах үед миопи даамжирдаг буюу зүүх шилний хэмжээ нэмэгддэг. Харин 20-40 насанд голдуу маш бага өөрчлөгддөг. Миопи нь насанд хүрэгчдэд ч тохиолдож болдог.
Миопийн эмчилгээ нь тохирсон буюу зөв тааруулсан хасах харааны шил эсвэл контакт шил зүүх юм. Хэрвээ -6.00 диоптер-с дээш харааны шил зүүдэг бол өндөр миопи гэж нэрлэнэ. Энэ үед нүдний угт байрлах торлог давхарга хуурах эрсдэлтэй учир тогтмол нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Мөн өндөр миопитай хүмүүст нүдний даралт ихдэх өвчин болон болрын цайлт үүсэх эрсдэл бусад хүмүүсээс их байдаг.
Миопийн даамжралыг бууруулах
Миопийн даамжралыг 100% зогсоох арга байдаггүй харин бууруулах олон аргууд байдаг.
Америкын Анагаахын нийгэмлэгийн судалгааны дүнд чөлөөт цагаа гадаа өнгөрүүлдэггүй 6 настай хүүхдүүдийн бараг 40%-д нь миопи үүссэн байна. Харин өдөр бүр бусад хүүхдүүдээс илүү 40 минут гадаа цагийг өнгөрүүлдэг хүүхдүүдийн 30%-д нь миопи үүссэн. Тэдгээр гадаа илүү цагийг өнгөрөөж буй хүүхдүүдийн зүүх шилний хэмжээ нь хүртэл бага гарсан байна.
Мөн Тайваний 16 сургуулийн 1-р ангийн 693 хүүхдүүдийн 276 нь долоо хоногт 11 цагийг гадаа нартай үед өнгөрүүлсэн бөгөөд энэ нь миопийн даамжралыг 54% бууруулсан байна. Иймээс нартай үед гадаа илүү цагийг өнгөрүүлэх нь миопийн даамжралыг бууруулж байна.
Эх сурвалж
- https://www.aao.org/editors-choice/sunlight-exposure-reduces-myopia-in-children
- https://www.aao.org/eye-health/news/40-minutes-outside-day-may-reduce-nearsightednes-3