Та хэзээ түргэн тусламж дуудах ёстой вэ?
Шаардлагагүй дуудлага 103 буюу Түргэн Тусламжийн тасагт их ирдэг.
Та 103 дугаарт хоолой сөөгөөд хэд хонолоо, мөрөн дээр хатиг гарсан, хумсаа хугалчихлаа, шөрмөс татлаа гэх мэт дуудлага ирдэг гэдгийг мэдэх үү?
Ихэнх хүмүүс эмнэлэгт 103 буюу түргэн тусламжийн машинаар очвол эмнэлгийн үйлчилгээг хурдан авна гэж боддог. Энэ бол нийгмийн дунд байдаг түгээмэл буруу ойлголт юм. Эмнэлэгт ирсэн бүх өвчтөн өөрсдөө эсвэл түргэний машинаар ирснээс үл хамааран, өвчлөлийн онцлогт тохирсон эмнэлгийн тусламж авдаг.
Түргэн тусламж бол амь аврах шаардлагын үүднээс ажилладаг болохоос дуудлагаар явдаг такси биш гэдгийг бүх нийтээр ойлгох ёстой юм. Шаардлагагүй үед түргэн тусламж дуудах нь өөр хэн нэгний амь насны үнэтэй ч байж болох юм. Өөрөөр хэлбэл, 3 хоног хоолой нь өвдөн өөрийн дураар янз бүрийн эм уучихаад “та нар тангараг өргөсөн эмч хүмүүс биз дээ, би эрхээ эдэлж дуудлага дуудаж байна. Яагаад ирдэггүй юм, хүний амь нас эндвэл та нарт хариуцлага тооцно” гэж загинаж 103 дуудаж байхтай чинь зэрэгцээд яг амь нас алдаж болох үнэхээр аюултай дуудлагыг хэн нэгэн 103 дугаарт залган сандарч байж болохыг хэлж байгаа юм.
Эмнэлгийн түргэн тусламж гэж юу вэ?
Эмнэлгийн түргэн тусламж гэдэг нь таны болон хэн нэгний амь нас, эрүүл мэндэд ноцтой эмгэг үүсгэж болзошгүй өвчин, осол гэмтлийн үед эмнэлгийн тусламж хүргэх үйл явцыг хэлдэг.
…“түргэн тусламжийн үйлчилгээ” гэж цочмог өвчин эмгэг, осол гэмтэл, хордлого, жирэмслэлт, төрөлтийн үед эмнэлгийн яаралтай анхны тусламжийг газар дээр нь болон тээвэрлэлтийн явцад үзүүлэн, эмнэлэгт хүргэх үйлчилгээг” Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 318 дугаар “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН СҮЛЖЭЭ” ХӨТӨЛБӨР – өөс.
Хэнд ч, хаана ч байсан гэнэтийн өвчлөл, осол тохиолдож болно. Тийм яаралтай тусламж шаардсан үед утасны дугаарыг амархан санаж байх үүднээс манай улс 103, АНУ 911, зарим орнуудад 000 гэх мэт хялбар дугаараар дуудлага авч түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг.
103 буюу эмнэлгийн түргэн тусламжийг хэзээ дуудах ёстой вэ?
103 буюу эмнэлгийн түргэн тусламж нь тухайн улсын эрүүл мэндийн системээс хамаарч түргэн тусламжийн эмч, түргэн тусламжаар мэргэшсэн сайн дурын ажилтан, парамедик буюу яаралтай тусламжаар тусгайлан бэлтгэгдсэн эмнэлгийн ажилтан, жолооч зэргээс бүрдэнэ. Эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай үед 103 дуудна. Манай улсын хувьд эмч мэргэжилтэй хүмүүс 103 буюу түргэн тусламжийн тасагт ажиллаж байна.
Эмнэлгийн түргэн тусламж шаардсан эмнэлзүйн нөхцлүүдэд маш хурц өвдөлт, хүнд осол гэмтэл, богино хугацаанд хүндэрч буй өвчлөлүүд багтана. Хэрвээ та 103 дуудах шаардлагатай гэж бодож байгаа бол эдгээр асуултанд хариулаарай:
- Энэхүү эмгэг байдал амь насанд аюултай юу?
- Эмнэлэг хүрэх явцад өвчин богино хугацаанд хүндрэх үү эсвэл эмнэлэгт хүрэхэд 30 минутаас илүү хугацаа шаардагдах уу?
- Хэрвээ осолд орсон хүн байвал түүнийг хөдөлгөхөд ноцтой хүндрэл гарч болзошгүй юу?
- Тухайн эмгэг нөхцөлд тусгайлсан багаж буюу яаралтай тусламжаар нарийн мэргэшсэн мэргэжилтэн шаардлагатай юу?
Хэрвээ эдгээр асуултуудын аль нэгт “ТИЙМ” гэсэн хариулт өгч байгаа бол 103 дуудаарай.
Хэрвээ би эргэлзэж байгаа бол яах вэ?
Хэрвээ та дээрх асуултанд тодорхой хариулж чадахгүй байгаа бол 103 дугаарт залган мэргэжлийн эмч буюу дуудлага хүлээн авагчаас зөвлөгөө аваарай. Энэ нь илүү аюулгүй бөгөөд дуудлага хүлээн авагч танд яаралтай тусламж шаардлагатай эсэхийг шийдэж өгнө. Хэрвээ тухайн байдал амь насанд аюулгүй /халуурах, хоолой өвдөх, ханиалгах гэх мэт/ бол 103 таныг харъяа эмнэлэг болон хүлээн авах хэсэгт ирж үзүүлэхийг зөвлөж болох юм.
Хэрвээ танд доор дурдсан зовиурууд илэрвэл 103 яаралтай дуудаарай:
- Амьсгалахад төвөгтэй байх, ялангуяа тайван байхад ч намдахгүй амьсгал бачуураад, боох гэж байгаа мэт санагдвал.
- Цээжээр хүчтэй өвдвөл.
- Зүрхний цохилт түргэсэх (120-150 ба түүнээс дээш болох), ялангуяа амьсгаадалттай хавсрах эсвэл ухаан алдах гэж байгаа юм шиг мэдрэмж төрвөл.
- Хэрвээ та ухаан алдсан эсвэл үхлүүт байдалтай хэн нэгэнтэй таарсан бол.
- Ярьж чадахгүй байх, хөших, биеийн аль нэг хэсэг суларсан бол.
- Гэнэт толгой эргэх, ухамсарт ухаан санааны байдал өөрчлөгдөх (самуурах, сонин зан авир гаргах, алхахад төвөгтэй байх)
- Гэнэт юм харахгүй болох буюу хараа өөрчлөгдвөл.
- Ам, хамар, үтрээ, шулуун гэдэснээс их хэмжээтэй цус гарвал.
- Ямар нэгэн шархнаас цус алдаж, шууд даралт үзүүлэхэд цус тогтохгүй байвал.
- Ясны ил хугарал эсвэл хөл хугарсан бол.
- Живсэн бол.
- Хахсан бол.
- Хүнд зэргийн түлэгдэлттэй бол.
- Харшилын урвал өгөх, ялангуяа амьсгалахад төвөгтэй байх.
- Өндөр халуурсан /38,5 градус Цельс ба түүнээс дээш/ буюу хөрсөн /34 градус Цельс ба түүнээс доош/ бол.
- Эмэнд хордсон буюу тунг хэтрүүлэн уусан бол.
- Анх удаа толгой маш хүчтэй өвдсөн бол.
- Хэн нэгэн өөрийн болон бусдын амийг хорлохоор завдсан бол.
Таныг дуудлагаа өгөхөд танд хэн хариу өгч, ямар мэдээллийг танаас хүсэх вэ?
Таныг 103 дугаарт дуудлага өгөхөд далагажсан мэргэжилтэн утсыг авах ба танд ямар тусламж шаардлагатайг тодруулах, танд тусламж хүргэхийн тулд хэд хэдэн асуулт асууна. Та 103 дугаарт холбогдсон бол дуудлага хүлээн авагч “дуудлагыг хүлээн авлаа” гэж хэлэх хүртэл утсаа таслалгүй асуултуудад хариулах ёстой. Танаас дараах асуултуудыг асууж болох юм:
- Юу болсон бэ, ямар шалтгааны улмаас дуудлага өгч байна?
- Гэрийн хаяг хаана вэ, танайд яаж очих вэ? (Хамгийн чухал хэсэг. Түргэн тусламж танайд богино хугацаанд очиход маш төвөгтэй байдаг тул хаягийн тодотголоо сайн зааж өгөөрэй)
- Дуудлага өгсөн хүний нэр, өвчтний нэр, нас, хүйс?
- Дуудлага өгсөн утасны дугаар?
- Иргэний харъяалал, өрхийн эмнэлэг?
Та 103 буюу Түргэн Тусламж дуудчихлаа, хүлээж байх зуураа та яах хэрэгтэй вэ?
- Дуудлага хүлээн авсан мэргэжилтний бүх асуултанд тодорхой хариул.
- Хэрвээ шархдсан бол цус алдаж буй газарт өөрт байгаа хувцас, боолтоор дарах хэрэгтэй.
- Хэрвээ шөнө бол гэрлээ асаагаарай. Энэ нь танайхыг олоход хялбар болгоно.
- Ер нь гэрийн хаяг эсвэл байгаа газрынхаа хаягийг маш тодорхой зааж өгөх нь чухал.
- Мөн манай улсын онцлогоос хамаарч дуудлага өгсөн бол хашааныхаа гадна хүлээгээд ч байж болно шүү дээ.
Хэрвээ та 103 буюу түргэн тусламжруу андуурч залгасан бол эсвэл худлаа дуудлага өгвөл яах вэ?
Хэрвээ та санамсаргүйгээр 103 дугаарт холбогдсон бол, утсаа шууд таслаж болохгүй, харин дуудлага хүлээн авагч мэргэжилтэнд бүх зүйл зүгээр санамсаргүйгээр дуудлага өгснөө хэлээрэй. Хэрвээ утсаа шууд тасалчихвал, таныг дуудлага өгсөнд тооцож танайхыг эрж хайх буюу цагдаад мэдэгдэх гэх мэт олон хүндрэл гарна.
Та 103 дуудахгүйгээр өөрсдөө эмнэлэг явчих нь илүү хурдан гэж бодож байна уу?
Эмнэлгийн яаралтай тусламжийн хувьд, гэнэтийн аюул учирсан үед /жнь: цээжээр хүчтэй өвдсөн, авто осолд орсон, өндрөөс унасан, гар хөлийн мэдээ алдсан гэх мэт/ шууд тээвэрлэхэд өвчтний эрүүл мэндэд илүү их хор хөнөөл учирч болно. Тийм учраас 103 дугаарт дуудлага өгөх нь чухал. Манай улсын хувьд 2 – 3 хоног өвдлөө, дуудлага өгье гэх мэт тохиолдол цөөнгүй. Энэ нь түргэн тусламж шаардах өвчлөл биш юм.
Түргэн тусламжийн хувьд эмнэлэг хүртэл хамгийн тохиромжтой эмчилгээ хийхийг зорьдог ба тийм тусламж үзүүлж чадваас тухайн өвчтний цаашдын тавиланд их чухал нөлөөтэй байдаг. Өөрөөр хэлбэл, эмчилгээг эмнэлэгт хүрэхээс өмнө эрт эхлэх боломжийг 103 – н эмч, ажилчид олгодог гэсэн үг.
Эх сурвалж:
- Ambulance Service of New South Wales, Australia.
- London Ambulance Service.
- Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 318 дугаар тогтоолын хавсралт “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН СҮЛЖЭЭ” ХӨТӨЛБӨР.