Хөхний сүүний шарлалт – /Breast milk jaundice/
Эхийн сүүгээр бойжиж буй гүйцэд төрсөн нярайн амьдралын эхний 7 хоногийн дараачаас цусны ийлдсэнд холбоот бус билирубин илэрхий ихэсч, 2 – 3 дахь долоо хоногт дээд хэмжээндээ буюу 10-30 mg/dL хүрдэг. Хэрвээ хөхөөр хооллох байдал үргэлжилсээр байвал, билирубины хэмжээ аажимаар буух боловч 3 – 10 долоо хоногийн дараа доод түвшинд хүрдэг. Үүний эсрэгээр, хөхөөр хөхүүлэлтийг зогсооход, ийлдсийн билирубины хэмжээ хурдтай багасч, хэдхэн өдрийн дотор хэвийн хэмжээндээ хүрдэг. Үүний дараагаар эргээд хөхөө хөхүүлэхэд билирубины дахин ихсэх тохиолдол тун ховор ажиглагддаг юм. Фототерапи эмчилгээ ч гэсэн үр дүнтэй байна. Хөхний сүүний шарлалттай нярайд түгээмэл тохиолдодгүй ч гэсэн керниктерус /kernicterus/ буюу билирубины энцефалопати үүсэх боломжтой. Хөхний сүүний шарлалтын шалтгааныг бүрэн тайлаагүй байгаа ч зарим эхийн хөхний сүүнд глюкуронидаза агуулагддаг нь эмгэг жамын чухал түлхүүр болоод байна.
Нярайн шарлалтын эмнэлзүй оношилгоо, гүйцэд болон хожуу дутуу төрсөн нярайн шарлалтын эмчилгээ, нярайн шарлалтын фото-эмчилгээ, болон билирубины солилцоог тусад нь сэдэв болгон оруулсан (тухайн унших сэдэв дээрээ дарна уу):
- Нярайн шарлалт
- Гүйцэд болон хожуу дутуу төрсөн нярайн холбоот бус гипербилирубинемийн эмчилгээ
- Билирубины метаболзим
- Нярайн шарлалтын фото-эмчилгээ
Хөхний сүүний шарлалтын шалтгааныг бүрэн тайлбарлаагүй байгаа ч доорх эрсдэлт хүчин зүйлүүд энэ эмгэг өөрчлөлтөнд нөлөөлдөг.
- Хөхний сүүнд агуулагдах прогестероны өвөрмөц метаболит (прегнан – 3 – альфа 20 бета – диол) нь уридин дифосфоглюкуроны хүчил, глюкуронил трансферазаг саатуулдаг.
- Эфиржээгүй чөлөөт тосны хүчилүүдийн концентраци нэмэгдэх нь элэгний глюкуронилтрансфераза энзимийг саатуулдаг.
- (1) Эхийн хөхний сүү болон хөхөөр хооллож буй нярайн гэдсэнд бета – глюкуронидаза энзимийн идэвх ихсэх, (2) Хөхөөр хооллож буй нярайн гэдэсний хэвийн бичил биетнүүдийн байршил оройтох зэргээс шалтгаалан гэдэс – элэгний эргэлтээр билирубин эргэн цусанд шимэгдэх нь ихсэх.
- Уридин дифосфоглюкуронил трансфераза энзимийн гажигтай байх
- Элэгний органик анион тээвэрлэгч уургийн мутацийн улмаас холбоот бус билирубиныг элгэнд авч чадахгүй байх.
- Хөхний сүүнд агуулагдах үрэвслийн цитокинууд, ялангуяа интерлейкин – 1 – бета (IL)-1 beta болон IL-6 хөхөөр хооллож буй нярайн шарлалтын үед ихэсдэг бөгөөд эдгээр цитокинууд нь цөс зогсонгшилд оруулаад зогсохгүй, билирубины шимэгдэл, бодисын солилцоо, түүний ялгаралтыг бууруулдаг нь тогтоогдсон.
- Хөхний сүүнд агуулагдах эпидермийн өсөлтийн хүчин зүйл – ЭӨФактор /epidermal growth factor (EGF)/ өндөр байх нь хөхний сүүний шарлалтанд нөлөөлдөг байж болзошгүй. ЭӨФактор шинэ төрсөн нярайн ходоод – гэдэсний замын өсөлт, пролифераци, хөгжил гүйцэлтэнд чухал нөлөөтэй ба энэ нь төрсний дараах амьдралын дасан зохицлын амин чухал хувирал билээ. Хөхний сүүний шарлалттай нярайд ЭӨФактор өндөр байдаг нь тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь ходоод – гэдэсний замын хөдөлгөөнийг удаашируулж, билирубины эргэн шимэгдэлтийг ихэсгэдэг механизмтай гэж үздэг.
- Хөхний сүүний шарлалттай нярайн ийлдсийн альфа – фето – протейн өндөр байдаг. Гэвч энэ өөрчлөлтийн үндсэн шалтгааныг тогтоогоогүй байна.
- Хөхний сүү нь нярайн гэдэсний хэвийн бичил биетнүүд байршихад чухал эх сурвалж болдог. Сүүлийн үеийн судалгаагаар хөхний сүүнд агуулагдах Бифидобактерийн зүйлүүд хөхний сүүний шарлалтын эсрэг нөлөөлдөг гэж таамаглаж байгаа боловч бүрэн тодорхойгүй байна.
Энэ хам шинжийг нярайн эрт үеийн шарлалтуудаас ялгах шаардлагатай бөгөөд хөхний сүүний шарлалтын үед холбоот бус гипербилирубинеми илэрхийн дээр, хөхөөр хооллож буй нярайн амьдралы эхний 7 хоногт тохиолддог юм. Эдгээр нярайн билирубины түвшин томъёолсон нярайтай харьцуулахад өндөр байдаг ч тухайн тохиолдолд хэвийн түвшин гэж ойлгож болохоор байдаг. Хөхний сүүгээр бойжиж буй нийт нярайн 13% – д амьдралын эхний 7 хоногт гипербилирубинеми (12 mg/dL) үүсдэг. Энэ нь хөхний сүүний ханамж бага байх буюу дегидратаци эсвэл илчлэгийн ханалт багатайгаас болдог. Хөхний сүүгээр бойжиж буй нярайд нэмэлтээр чихэртэй ус өгөх нь билирубины хэмжээ ихсэх шалтгаан болдог бөгөөд учир нь өндөр – илчлэгтэй хөхний сүүг бүрэн авч чадахаа больдог ажээ. Хөхний сүүгээ байнга хөхүүлэх (10/24 цаг), шөнө босч хөхүүлэх нь эрт үеийн хөхний сүүний шарлалтыг бууруулдаг. Хөхний сүүний шарлалт тохиолдсон ч, хөхөөр хооллолтыг боломжийн хэрээр үргэлжлүүлэх хэрэгтэй. Хөхний сүүгээр хөхүүлэлтийг түр зуур буюу 2 – 3 өдөр зогсоох нь ийлдсийн билирубины түвшинг бууруулахад чухал нөлөөтэй. Нэмж хэлэхэд, нярай хөхний сүүндээ цадахгүй, жингийн алдагдал их, нярайд усгүйжлийн шинжүүд илэрсэн бол хөхийг байнга хөхүүлж нэмэгдэл бүтээгдэхүүнээр дэмжих хэрэгтэй.
Эрүүл, гүйцэд төрсөн, эмгэг шарлалтын шалтгаангүй нярайд гипербилирубинемийн хүндийн зэргээс хамаарч доорх энгийн арга хэмжээг авдаг.
- Билрубины түвшин 12 mg/dL (170 µmol/L) – аас 17 mg/dL бол:
Хөхөөр хооллолтыг хоногт 8 – 12 удаа хөхүүлж, 12 – 24 цагийн хооронд ийлдсийн билирубиныг шалга. Энэ нь үр дүнтэй хөхүүлэлтийг сайжруулах, хөхний үүсэлтийг нэмэгдүүлэх, хөхний сүүний хуримтлал үр дүнтэй болох, нярайн хөхөө хөхөлтийг сайжруулдаг. Хөхөөр хооллолтыг зогсоохыг туйлын ховор тохиолдолд хэрэгжүүлэх ба ийлдсийн билирубины түвшин 20 mg/dL (340 µmol/L) хүрсэн тохиолдолд л хөхөөр хөхүүлэлтийг түр зуур зогсооно.
- Ийлдсийн билирубины түвшин 17-25 mg/dL (294-430 µmol/L) бол дээрх эмчилгээн дээр нэмээд фото эмчилгээ хийж болно. Энэ эмчилгээний арга нь Америкийн Хүүхдийн Академийн баримталдаг үндсэн параметр болдог.
- Билирубины хэмжээг хурдан хугацаанд бууруулах арга нь хөхөөр хөхүүлэлтийг 24 цаг зогсоох, үечлэлтэй хөхүүлэх, фото эмчилгээ хэрэглэж болдог ч хөхөөр хөхүүлэлтийг зогсоох нь шаардлагатай биш.
Эх сурвалж:
- Nelson’s Textbook of Pediatrics
- http://emedicine.medscape.com/article/973629-overview