Цус тогтоох эмчилгээнд Витамин К – г хэрэглэх нь
Витамин К нь цус рибосомын дараах хэлбэржилтэнд орсоноор цус бүлэгнэх тогтолцооны протромбин ба VII, IX, X хүчин зүйлийн биологийн идэвхийг сэдээдэг үйлчилгээ үзүүлдэг. Витамин К хамааралт цус бүлэгнэлтийн хүчин зүйлүүд буюу уургууд цус бүлэгнэх шат дараалсан урвалыг гүйцэтгэхийн тулд кальцийн ионтой (Ca2+) холбогдох чадвартай байх хэрэгтэй. Энэхүү чадварыг витамин К л нөхцөлдүүлдэг юм. Цус бүлэгнэлтийн хүчин зүйл болох II, VII, IX, X, төдийгүй Уураг S, Уураг С, Уураг Z зэргийн глутамины хүчилийн үлдэгдэл дээр карбоксил бүлэг холбодог элэгний энзим гамма – глутамил карбоксилазагийн идэвхижилд чухал оролцоотой ко – фактор болсоноор цус бүлэгнэлтийн уургууд (Ca2+) ионтой холбогдох чадвартай болж цаашдын урвал үргэлжилдэг ажээ. Энэхүү глутамины хүчлийн үлдэгдэл нь зөвхөн Витамин К – хамааралт Уургуудад /Vitamin K – dependent Protein (VKDPs)/ л танигддаг. Уураг Z нь эсийн мембраны фосфолипидийн холбоосыг идэвхжүүлж тромбины (протромбины идэвхитэй хэлбэр) үйлдлийг эхлүүлэхээс гадна бүлэгнэлтийн эсрэг үйлчилгээ ч үзүүлдэг. Уураг С ба Уураг S цус бүлэгнэх шаталсан урвалыг зохицуулж тэнцвэржүүлдэг. Витамин К – хамааралт бүлэгнэлтийн хүчин зүйлүүд элгэнд нийлэгждэг. Тиймээс, элэгний хүнд өвчтэй хүмүүст хяналтгүй цус алдалт үүсэх эрсдэл өндөр байдаг.
Витамин К нь тосонд уусдаг витамины бүлэгт хамаардаг ч, хүний биед маш бага хэмжээтэй нөөцлөгдөж, өдөр бүрийн хоол хүнсээр байнга авахгүй бол богинохон хугацаанд дутагдал үүсдэг амин дэм юм. Түүнийг нөөцлөх чадамж бага байдаг учраас, хүний бие махбод Витамин К – эпоксид эргэлтийн үйл ажиллагаагаар түүнийг ашигладаг. Витамин К – н энэ эргэлтээр хүний биеийн маш бага хэмжээтэй Витамин К – г уураг карбоксилжуулах урвалд олон дахин хэрэглэх боломж бүрдсэнээр хоол тэжээлээр авах түүний хэрэгцээг бууруулдаг.
Товчхондоо, витамин К гидрокюнон (ангижирсан хэлбэр) нь исэлдэж витамин К эпоксидод (исэлдсэн хэлбэрт) хувирна. Уг урвалын үр дүнд гамма – глутамилкарбоксилаза энзим витамин К – хамааралт уургуудын глутамины хүчилийн сонгомол үлдэгдлийг карбоксилжүүлдэг. Витамин К эпоксид (КО) – оос гидрокюнонд эргэх урвал К эпоксидоос К кюнонд, кюноноос витамин К гидрокюнонд (КН2) гэсэн дараалсан хоёр урвалаар хувирна. Энэ дараалсан урвалд витамин К оксидоредуктаза (VKOR) нь витамин эпоксидаза (KO) – аас витамин К кюнонд хувирахад оролцдог бол дараагийн урвалын редуктаза энзимийг хараахан тодорхой судлаагүй байна. Бүлэгнэлтийн эсрэг эмийн бодис болох варфарин витамин К оксидаза (VKOR) – н үйлдлийг хориглосоноор витамин К – ийн эргэлт үүсэлтийг зогсоодог байна.
Тосонд уусдаг витамины бүлэгт багтдаг бөгөөд ялангуяа ногоон навчит ургамлуудад илүү их хэмжээтэй агуулагдана. Хоол тэжээлээр авах ёстой витамины хэмжээ бага байдаг нь витамин К нь хүний гэдсэнд колончлон амьдрах нянгийн тусламжтай нэмэлтээр нийлэгждэгтэй холбоотой юм. Байгаль дээр үндсэн хоёр хэлбэрээр оршино: Витамин К1 болон К2. Витамин К1 (фитонадион – phytonadione) нь хүнсэнд агуулагдана. Витамин К2 (менакюнон – menaquinone) нь хүний эдэд агуулагддаг бөгөөд гэдэсний нянгийн оролцоотой нийлэгждэг байна.
Витамин К1, К2 – ийн хоол боловсруулах замаас шимэгдэх нь цөсний хүчилийн оролцоотой явагддаг.
Витамин К1 нь эмнэлзүйн хэрэглээнд амаар болон судсаар хэрэглэх хоёр хэлбэртэй. Үйлчилгээний үргэлжлэх хугацаа 6 цаг боловч варфарины илүүдэл эсвэл витамин К дутагдлын үед үйлчилгээний үргэлжлэх хугацаа 24 цаг хүртэл байх боломжтой.
Витамин К – г судсаар хэрэглэх үед аажим тарих шаардлагатай байдаг юм. Учир нь хэт хурдан тарисанаас шалтгаалж диспнеа, цээж ба ууцаар өвдөх зэрэг эмнэлзүйн гаж нөлөөнөөс гадна үхэлд ч хүргэх аюултай.
Витамин К – г судсаар эсвэл амаар хэрэглэх нь хамгийн сайн үр дүнтэй байдаг бөгөөд хэрэв арьсан дор таривал био – хүртэхүй нь эрс өөрчлөгддөг юм. Витамин К1 – ийг шинэ төрсөн бүх нярайд витамин К дутагдлын шалтгаант цус алдалтаас сэргийлж булчинд тарьдаг бөгөөд энэ нь ялангуяа дутуу төрсөн нярайд чухал нөлөөтэй. Усанд уусамтгай хэлбэр болох витамин К3 (менадион – menadione) – ийг эмчилгээний зориглгоор хэзээ ч хэрэглэж болохгүй. Ялангуяа варфарины тун илүүдсэн үед эмчилгээний үр дүн гардаггүй.
Витамин К – н дутагдал Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнд тохиолдох нь олонтаа. Учир нь ийм өвчтөн хоол тэжээлээр хангалтгүй байхаас гадна мэс ажилбар хийлгэсэн, цусаар шим тэжээл өгдөг, олон антибиотикийг тарьдаг, зарим өвчтөнд уреми илэрдэгтэй холбоотой байдаг юм. Элэгний хүнд дутагдлын улмаас уургийн нийлэгжил хямарч цус алдалтын диатез үүсдэг ба энэ нь витамин К – аар эмчлээд ч үр дүнгүй байдаг.
Витамин К хэрэглэхэд үр дүнтэй эмнэлзүйн тохиолдол:
- Шинэ төрсөн нярайд цус алдалтаас урьдчилан сэргийлэх: Витамин К1 – ийг амаар эсвэл булчинд тарьж хэрэглэхэд шинэ төрсөн нярайд цус алдах эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой.
- Цус бүлэгнэлтийн уураг протромбины түвшин буурсан хүмүүст цус алдалтыг эмчлэх ба урьдчилан сэргийлэх
- Витамин К – хамааралт цус бүлэгнэлтийн хүчин зүйлүүдийн дутагдлаас үүсдэг удамшлын цус гоождог эмгэг
4. Варфарин их хэрэглэсэнээс үүсэх гаж нөлөө: Витамин К – г арьсан дор тарихад үр дүн сайнгүй. Витамин К – ийн түвшин бага хүмүүст варфарин хэрэглэхээр бол витамин К – г хавсарган хэрэглэхэд цус бүлэгнэх хугацааг хэвийн түвшинд барихад тустай.
Витамин К – н шинжлэх ухааны судалгаагаар батлагдсан тун хэмжээ:
Витамин К – ийн хэрэглэх тун, хэмжээ:
Хүүхдэд өдөр бүр шаардагдах нь:
0-6 сар: 2 mcg/day
6-12 сар: 2.5 mcg/day
1-3 нас: 30 mcg/day
4-8 нас: 55 mcg/day
9-13 нас : 60 mcg/day
14-18 нас: 75 mcg/day
Шинэ төрсөн нярайн цус алдах эмгэг
Урьдчилан сэргийлэх: 0.5-1 мг – аар төрсний дараа 1 цагийн дотор булчинд тарина.
Эмчилгээний: 1 мг/тун/өдөр арьсан дор.
Насанд хүрсэн хүмүүст өдөр бүр шаардагдах нь:
Эрэгтэй: 120 mcg/өдөр
Эмэгтэй: 90 mcg/өдөр
Эмийн болон зарим хүчин зүйлийн нөлөөгөөр витамин К – ийн шимэгдэлт, нийлэгжилт хязгаарлагдсаны улмаас үүсэх ГИПОПРОТРОМБИНЭМИ:
2.5-10 мг – аар амаар, булчинд эсвэл арьсан дор хэрэглэнэ. Тунг 25 мг хүртэл нэмэгдүүлж болох бөгөөд ховор тохиолдолд 50 мг хүргэнэ. Дээрх тунг 12 – 48 цагийн зайтай давтаж болно.
Варфарины тун ихэдсэн үед:
- Варфарины 1 – 2 тунг алгасах эсвэл хэрэглэхийг зогсоох. INR – аар хянаж варфарины хэрэгцээг тодорхойл.
- INR 4.5-10, цус алдалтгүй: 2008 ACCP удирдамжаар витамин К1 – г (phytonadione) 1-2.5 мг – аар нэг удаа ууж хэрэглэхийг зөвлөж байсан бол 2012 ACCP удирдамжаар витамин К – г хэрэглэхгүй гэжээ.
- INR >10, цус алдалтгүй: 2008 ACCP удирдамжаар витамин К1 – г (phytonadione) 2.5 – 5 мг – аар нэг удаа ууж хэрэглэн INR – аар 24 – 48 цагийн дотор хянаж шаардлагатай бол витамин К – г хэрэглэхийг зөвлөж байсан бол 2012 ACCP удирдамжаар витамин К1 – н эхний тунг өгөхийг зөвлөсөн.
- Бага зэргийн цус алдалт, INR хэмжээ ихэссэн: 5-5 мг – аар ууж хэрэглэн, шаардлагатай бол 24 цагийн дараа тунг давтах
- Их хэмжээний цус алдлат, INR хэмжээ ихэссэн: Протромбины өтгөрүүлсэн бэлдмэл (PCC, Kcentra) хэрэглэж витамин К1 – г 5-10 мг – аар судсанд маш аажим тарина. (50 мл тарианы уусмалд найруулж 20 минутын турш тарина.
АНХААРАХ НЬ: Витамин К – н тун хэт ихдэх нь (жнь: 10 мг ба түүнээс дээш) долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар варфарины тэвчил үүсэх шалтгаан болж болно. Хэрэв тийм бол гепарин хэрэглэхийг бодолцож үзэх хэрэгтэй.
Тунг тохируулан тооцоолох нь:
Шаардлагатай үед ууж хэрэглэх тунг 12 – 48 цагийн зайтай, харин арьсан дор, булчинд, судсанд тарьж хэрэглэх бол тунг 6 – 8 цагийн зайтай давтана. Судсаар тарьж хэрэглэхдээ хурдыг 1 мг/минутаас хэтрүүлж болохгүй.
Эх сурвалж:
1. Кatzung Basic and Clinical Pharmocology 12th edition
2. reference.medscape.com/drug/vitamin-k-mephyton-vitamin-k1-phytonadione