103 буюу Түргэн тусламж хэзээ дуудах вэ? Хүүхдэд тохиолдох эмнэлзүйн яаралтай 7 тохиолдол
Хүүхдэд ямар өвчний үед түргэн тусламж буюу 103 дуудах ёстойг мэдэж байх нь чухал.
Хэрвээ хүүхдэд тань доорх шинжүүд илэрсэн бол цаг алдалгүй 103 дуудаарай:
- Амьсгал зогсох.
- Амьсгалахад төвөгтэй болох “цээжний доод хэсэг татагдах”.
- Ухаан алдах эсвэл эргэн тойронд юу болж байгааг ойлгохгүй буюу орчиндоо харьцаагүй болох.
- Дуудахад сэрэхгүй байх.
- Хүүхэд татах.
Хэрвээ доорх шинжүүд илэрвэл хүүхдээ эмнэлгийн хүлээн авах эсвэл харъяа өрхийн эмнэлэгтээ үзүүлээрэй.
- Парацетамол эсвэл ибупрофений тохиромжтой тунг уугаад халуун буурахгүй байвал.
- Амьсгаадах – хурдан, хяхтнасан амьсгалтай бол.
- Хэвлийгээр өвдсөн бол.
- Зүсэгдсэн шархны цус алдалт тогтохгүй эсвэл шарх том хэмжээтэй бол.
- Гар эсвэл хөл гэмтсэн, гар хөлөө хөдөлгөж чадахгүй байвал. .
- Эм эсвэл аливаа хүнсний бус шингэн, химийн бодис уусан бол.
Энд хүүхдийн практикт хамгийн түгээмэл тохиолддог эмнэлзүйн яаралтай шинжүүдийн талаар өгүүлэх юм. Үүнд:
- Амьсгалын хямрал
Амьсгалын хямрал гэдэг бол амьсгалахад төвөгтэй болж хангалттай хүчилтөрөгчийн хэрэгцээ хангагдаж чадахгүй байгаа эмнэлзүйн нөхцлийг хэлнэ. Шалтгаанд хахах, амьсгал бачуурах, халдвар буюу хатгалгаа зэрэг багтана. Амьсгал хямарлын шинжүүд нь ханиалгах, хяхтнах, хүчилсэн амьсгалтай болох (хамрын угалз сарталзах, цээж – хүзүүний булчингууд амьсгалд оролцох), хоржигнох буюу арьс хөхрөх зэрэг болой.
Хэзээ 103 дуудах вэ:
- Амьсгалын тоо минутанд 50 ба түүнээс дээш болох /2 сар хүртлэх нярайд 60 ба түүнээс дээш болох/
- Ам – хамрын гурвалжин хөхрөх
- Биеийн байдал сайжирахын оронд улам муудвал.
Хэрвээ дээр дурдсан эмнэлзүйн шинжүүд илэрч байвал 103 дуудаарай. Дуудлагаар очсон эмч таны хүүхдийг эмнэлэгт аюулгүй хүргэх болно.
- Яс хугарах
Яс хугарах нь хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолддог түргэн тусламж шаарддаг өвчлөл билээ. Эдгээр гэмтэл нь амь насанд халтай байх нь ховор боловч эмнэлэгт хүргэн эмчид үзүүлэх хэрэгтэй. Ерөнхийдөө бол, хүүхдийн тань яс хугарсан бол та өөрсдөө эмнэлэгт хүргэх хэрэгтэй.
Хэзээ 103 дуудах вэ?
- Өвдөлт маш их, та хүүхдээ тайвшруулж чадахгүй бол.
- Хугарсан яс арьсыг нэвт зүсэн гарч ирсэн бол.
- Ослын улмаас хүзүү эсвэл толгой гэмтсэн бол.
- Бөөлжилт ба суулгалт
Хэрвээ хүүхэд усгүйжилд орвол бөөлжилт ба суулгалт нь яаралтай дуудлага дуудах шалтгаан болж болно. Хэрвээ хүүхэд тань юу ч идэж ууж чадахгүй байх эсвэл завсаргүй суулгаж байвал нүд хонхойх, арьс салст хуурайших, шээсний гарц илэрхий багасах, хэвлийн арьсны хуниас удаан арилах гэх мэт шингэн их алдалтын шинжүүдийг хүүхэддээ шалгаж үзээрэй.
Хэзээ 103 дуудах вэ?
- Хүүхэд орчиндоо харьцаагүй болох буюу унтаарах.
- Хэвлийгээр хүчтэй өвдөж, өвдөлт намдахгүй байвал.
- Таталт
Нярай болон балчир хүүхдүүдийн биеийн температур богино хугацаанд нэмэгдэх нь халууралтын таталт үүсгэх тохиолдол цөөнгүй. Энэхүү таталтын хэлбэр нь 3 наснаас хойш илэрхий буурч, 5 наснаас хойш маш ховор тохиолддог. Эдгээр таталт нь эпилепситэй холбоотой байх нь ховор билээ.
Халуурахтай холбоотой үүссэн таталт богино хугацаанд үргэлжилдэг тул аюул багатай. Гэвч, хүүхэд өмнө нь халуурч таталт өгсөн, таталт өгөөд намдсан ч гэсэн эмчид үзүүлэх шаардлагатай.
Хэзээ 103 дуудах вэ?
- Таталт 3 минутын дотор намдахгүй бол.
- Хүүхдийн амьсгал бачуурах эсвэл царай нь хөхөрвөл.
- Өндрөөс унах
Өндрөөс унах нь толгой, нуруу, дотор эрхтэнд ноцтой гэмтэл учруулж болно. Хэрвээ хүүхдийн чинь толгой гэмтсэн бол хүүхдээсээ асуулт асуун ухамсартай зөв хариулж байгаа эсэхийг нягтлаарай. Ослын улмаас хүүхэд шоконд орж болох ба хэрвээ тийм бол хүүхдээ тэгш гадаргууд хэвтүүлэн дулаан хучаад түргэн тусламж дуудаарай.
Хэзээ 103 дуудах вэ?
- Хүүхэд нэг ба түүнээс олон бөөлжсөн бол.
- Ухаан алдсан бол.
- Гэмтсэн мөч нь хөших буюу чичирхийлж байгаа бол.
- Дотор эрхтэн нь гэмтсэн байж болзошгүй бол.
- Хүзүү эсвэл нуруундаа гэмтэл авсан бол.
Хүзүү, нуруу гэмтсэн бол хүүхдийг хөдөлгөж болохгүй. Түргэн тусламжаар очсон эмнэлгийн ажилчин нуруу, хүзүүнд чиг тавьж эмнэлэгт хүргэнэ.
- Иртэй зүйлээр зүсэгдэх, цус алдах
Хэрвээ хүүхдийн биеийн аль нэг хэсэг иртэй зүйлд гэмтэн цус алдаж байгаа бол шархыг цэвэр алчуур, хувцсаар шууд дараарай. Хэрвээ их хэмжээний цус алдаж байгаа бол энэхүү даралтыг 10 ба түүнээс дээш минут дарахад цус тогтоно. Цус алдалтыг тогтоохын тулд чангалуур бүү хэрэглээрэй. Хэрвээ шарханд оёдол тавих шаардлагатай, шарханд шилний хэлтэрхий гэх мэт гадны биет орсон бол эмнэлэг яваарай.
Хэзээ 103 дуудах вэ?
- Цус бүлэгнэлтийн суурь өвчтэй бол.
- Цус алдалтыг цэвэр даавуугаар дараад тогтохгүй бол.
- Аливаа бодист хордох
Хүүхэд эмийн зүйл уух эсвэл цэвэрлээгний бодис гэх мэт зүйлийг уух нь аюултай. Таны хамгийн түрүүнд хийх зүйл бол эмнэлгийн тусламж авах шаардлаг мөн. Хүүхдээ эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт цаг алдалгүй хүргээрэй. Хүүхдийнхээ уусан эмийн сав, цаас, угаалгын бодисын савыг хамт авч очоорой.
Хүүхэд тань яг эм уусан эсэхийг магадлаарай. Өмнө нь эмийг хэрэглэж дуусаад эмийн цаас үлдсэн байсан ч байх магадлалтай шүү дээ. Үлдсэн эм болон эмийн савыг авч очвол эмч нарт ямар эмийг хэр хэмжээгээр уусныг тооцоолох боломж олгоно. Хэрвээ эмийн сав баглааг хаясан бол эмийн нэрийг мэдэж байх нь чухал шүү.
Хэрвээ таны хүүхэд цэвэрлэгээний болон ахуйн химийн бодис уусан, ам уруулын хэсгээр цэврүүтсэн, хоолой сөөсөн бол сүү эсвэл цэвэр ус өгөх нь химийн бодисонд түлэгдэхийг бууруулж болох ба шууд л эмнэлэгт хүргэх нь хамгийн зөв алхам болно.
Эх сурвалж: London Ambulance Service