TORCH бүрдэл “Н” буюу Бэлгийн Энгийн Херпес Вирусын халдвар

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Энгийн херпес вирүс – 2 /ЭХВ/ (Бэлгийн хомхой) нь дэлхий нийтэд өргөн тархсан бэлгийн замаар дамждаг хамгийн түгээмэл халдварт өвчний нэг юм. Жирэмсэн үед вирус эхэд анхдагчаар халдварлах нь эхээс урагт халдвар дамжин эмнэлзүйн ноцтой өөрчлөлтөнд хүргэнэ. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархалт нэмэгдэхийн хирээр нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд энгийн херпес вирусын халдвар өндөр тохиолдон улмаар жирэмсэн үед эхээс урагт халдвар дамжин ургийн эрүүл мэндийн байдалд ихээхэн сөрөг нөлөө учруулж байна. Харин Энгийн херпес вирус хэв шинж – 1 нь бидний сайн мэдэх “хомхой долоох” гэж нэрлэдэг уруулын херпес өвчний шалтгаан болдог билээ (Дэлгэрүүлэн унших: Энгийн херпес вирусын халдвар ).

ТОRCH бүрдлийн ерөнхий ойлголт, Токсоплазм, Бусад халдварууд, Улаанууд, Цитомегаловирус, TORCH бүрдлийн оношилгоо тус бүрийн талаар тухайн нэр дээр нь дарж дэлгэрэнгүй уншаарай.

Жирэмсний сүүлийн хагаст бэлгийн замын херпес вирусын анхдагч халдварт өртөх нь жирэмслэхээс өмнө халдварт өртсөнөөс илүү шинэ төрсөн нярайд халдвар дамжих эрсдэлтэй. Нярайн энгийн херпес вирусын халдварын нэмэлт эрсдэлт хүчин зүйлүүдэд ургийн хуйхны электрод (foetal-scalp electrode – ургийн зүрхний бичлэгийг умай дотор хийх ажилбар) ашиглах, эхийн нас < 21 зэрэг багтана. Энгийн херпес Вирус – 2 бол ДНХ агуулсан, альфахерпесвирина бүлийн вирус юм. ЭХВ – 2 нь ихэнхдээ бүсэлхий – ахар сүүлний мэдрэлийн зангилаанд байрлана. ЭХВ – н хамгийн чухал халдварлалт нь жирэмсэн үед бэлгийн замаар халдварлах явдал юм.

Жирэмсэн эмэгтэйд тохиолдох ЭХВ – н анхдагч халдвар нь жирэмсэн биш эмэгтэйчүүдээс илүү хүнд өвчлөл үүсгэдэг. Ялангуяа, гингивостоматит, вульвовагинит гэх мэт түгмэл өвчинд хүргэдэг өөрчлөлт бий болно. Үүний үр дүнд, тухайн эмэгтэйд гепатит, энцефалит, тромбоцитопени, лейкопени, коагулопати зэрэг висцераль гялтан хальс хамарсан өвчлөлүүдтэй холбоотой арьсны цэврүү үүснэ. ЭХВ – н түгмэл халдвар нь жирэмсэн үед түгээмэл биш боловч нас баралт ойролцоогоор 50% хүрнэ. Ялангуяа, жирэмсний тээлтийн гурав дахь триместерт анхдагчаар салст – мембраны халдварт өртсөн бол түгмэл өвчин үүсэх эрсдэл нэмэгдэх төдийгүй төрөх замаар төрөхөд эхээс хүүхдэд ЭХВ – н халдвар дамжих боломжтой.

ЭХВ – н халдварын үед загатнах, мэдрэл дагаж өвдөх, чимчигнэх зэрэг өөрчлөлтүүд гарч болно. Бэлгийн херпес вирус мэдрэлийн зангилаа, аксонд далд хэлбэрээр байрлаж байгаад эмнэлзүйн ямар ч шинж тэмдэггүй бэлгийн салстад дахин гарч ирнэ (яг л уруулын херпес вирус мэт.орч). Энэ механизмыг шинж тэмдэггүй вирусын хамгаалалт гэж нэрлэдэг.

Шинж тэмдэггүй вирусын хамгаалалт нь ЭХВ – 2 – н хувьд илүү их тохиолддог. Бэлгийн херпес вирусын дахилтат халдвар нь нярайн халдварын хамгийн түгээмэл шалтгаан болох ба төрөх зам халдвартай байвал нярайд халдвар дамжих хамгийн дөхөм зам болно. Кесар хагалгаагаар нярайн халдварыг хангалттай хэмжээгээр бууруулж чадна.

Оношилгоо

Бэлгийн херпес вирусын эмнэлзүйн оношилгоог нарийвчлан тавихад төвөгтэй. Нэгдүгээрт, ЭХВ нь бэлгийн замын цэврүүгээр илэрдэг олон өвчнүүдийн нэг юм. Хамгийн чухал нь ихэнх хүмүүс өөрт илэрч буй эмнэлзүйн шинжүүдийг херпес вирусын халдвар гэж ухамсарладаггүйд оршино. Сонгодог цэврүү үүсэхгүй байж болох ба дахилт өгөхдөө өөр байрлалд гарч болно. Эмэгтэйчүүдэд халуурах, нэгхэн цэврүү үүсэх, арьс цуурах, шархлах, хэсэг газар улайх, хавагнах гэх мэт халдварын урьдал шинжүүд л илэрч болно. Херпес вирусын халдварыг өсгөвөрлөх болон ПГУ – ДНХ сорилын аль алинаар илрүүлж болно.

Эмчилгээ

Америкийн Эх барих, Эмэгтэйчүүдийн Конгрессийн зөвлөснөөр идэвхитэй дахилтат бэлгийн херпестэй эмэгтэйчүүдийг сайтар эмчлэх шаардлагатай.  Үүний тулд вирусын эсрэг эмчилгээг жирэмсний тээлтийн 36 долоо хоногтойгоос төрөх хүртэл хийнэ.

  • Валацикловерийг 500 мг – аар өдөрт 2 удаа уухаар эсвэл
  • Ацикловерийг 400 мг – аар өдөрт 3 удаа ууна.

Жирэмсний явцад ихсээр дамжин урагт халдварлах нь ховор.

Энгийн Херпес Вирусын эсрэг эмийн эмчилгээний сонголтуудыг хүргэж байна:

Бэлгийн Анхдагч халдвар

Бүх өвчтнүүдэд зөвлөнө. Хэрвээ шинж тэмдгүүд хэвээр байвал эмчилгээг 10 өдрөөс удаан хугацаанд хийж болно. Эмийн сонголт нь:

  • Ацикловер 200 мг – аар өдөрт 5 удаа 7 – 10 өдөр уух эсвэл
  • Ацикловер 400 мг – аар өдөрт 2 удаа 7 – 10 өдөр уух эсвэл
  • Фамцикловер 250 мг өдөрт 3 удаа 7 – 10 өдөр уух эсвэл
  • Валацикловер 1000 мг – аар өдөрт 2 удаа 7 – 10 өдөр уух эсвэл

Дахилтат халдварын үед

Эмчилгээг өвчний урьдал шинжүүдийн үед эсвэл цэврүү гарч эхэлснээс хойш 24 цагийн дотор хийнэ. Эмийн сонголт нь:

  • Ацикловер 400 мг – аар өдөрт 3 удаа 5 өдөр уух эсвэл
  • Ацикловер 800 мг – аар өдөрт 2 удаа 5 өдөр уух эсвэл
  • Aцикловер 800 мг – аар өдөрт 3 удаа 2 өдөр уух эсвэл
  • Фамцикловер 1000 мг – аар өдөрт 2 удаа нэг өдөр уух эсвэл
  • Фамцикловер 125 мг – аар өдөрт 2 удаа 5 өдөр уух эсвэл
  • Фамцикловер 500 мг – аар нэг удаа уугаад, 250 мг – аар өдөрт 2 удаа 2 өдөр уух
  • Валацикловер 500 мг – аар өдөрт 2 удаа 3 өдөр уух эсвэл
  • Валацикловер 1000 мг – аар өдөрт 1 удаа 5 өдөр уух

ХДХВ – н халдвартай эсвэл дархлаа дарангуйлагдсан хүмүүст давтан халдвар үүсвэл:

  • Ацикловер 400 мг – аар өдөрт 3 удаа 5 – 10 өдөр уух эсвэл
  • Фамцикловер 500 мг – аар өдөрт 2 удаа 5 – 10 өдөр уух эсвэл
  • Валацикловер 1000 мг – аар өдөрт 2 удаа 5 – 10 өдөр уух

Энгийн Херпес Вирусын халдварын хүнд тохиолдлууд:

  • ЭХВ – н тархмал халдвартай буюу дархлаа дарангуйлагдсан өвчтнүүдэд: Ацикловерийг 5 – 10 мг/кг тунгаар эмнэлзүйн сайжрал ажиглагдах хүртэл 8 цагийн зайтай 2 – 7 өдөр судсаар тариад, вирусын эсрэг эмчилгээг хамгийн багадаа дээр өгүүлсэн тунгаар 10 хоног хүртэл ууна.
  • ЭХВ – н менингоэнцефалит: Ацикловерийг 10 – 20 мг/кг тунгаар 8 цагаар судсаар тарих ба эмчилгээг 14 – 21 өдөр үргэлжлүүлнэ.
  • Нярайн ЭХВ – н халдвар: Ацикловер 20 мг/кг тунгаар 8 цагаар судсаар тарих ба 14 – 21 хоног үргэлжлүүлнэ.

Энгийн Херпес Вирусын анхдагч халдвар жирэсний тээлтийн эхний триместерт тохиолдсон бол зулбах, амьгүй төрөх, жирэмсний сүүл хэсэгт халдварлагдсан бол дутуу төрөх эсвэл өсөлт саатах гэх мэт эмэгтэйчүүдийн эмгэг үүсгэнэ. Хамгийн аюултай эрсдэл бол төрөх үеийн халдвар бөгөөд энэ тохиолдолд херпетикменингит (херпес вирусын менингит) үүснэ. Төрөх замаар төрөх үед энэхүү халдварын давтамж 34 – 80% тохиолдоно. Бэлгийн замын цэврүүт өөрчлөлттэй эсвэл бэлгийн уруул өвдөх гэх мэт халдварын урьдал шинжүүдтэй бүх төрөх эмэгтэйчүүдийг кесар хагалгаагаар төрүүлнэ.


Эх сурвалж:

  1. Davidson’s Principles & Practice of MEDICINE -21st edition
  2. Novak’s Textbook of Obstetrics – 10th edition
  3. TORCH Infections in Pregnancy – Veena Gupta – Jaypee Publication – 2nd edition.
  4. William’s Textbook of Obstetrics – 23rd edition
  5. Article on Torch infections in Pregnancy – THE BRITISH MEDICAL JOURNAL (BMJ)
  6. Article on TORCH INFECTIONS in Pregnancy – AMERICAN COLLEGE OF OBSTETRICS & GYNAECOLOGY (ACOG)
  7. emedicine.medscape.com – оос эмчилгээний сонголтуудыг авлаа.