Хүний толгойн бөөсний халдвар: эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Үндсэн ойлголт

Бөөсний багийн шимэгчид нь сүүн тэжээлтэн, хүний цусыг сорж шимэгчлэн амьдардаг. Биеийн аль хэсэгт шимэгчлэн амьдарч буйгаас хамаарч хүнд бөөсний багийн 3 зүйл шимэгчлэн амьдарч болно. Үүнд:

  • Pediculus humanus capitis (толгойн бөөс),
  • Pediculus humanus corporis (бие болоод хувцасны бөөс),
  • Pthirus pubis (умдагны бөөс).

Бөөсний халдвар хүнээс хүнд хавьтлын замаар хавдарлана. Мөн дотуур хувцас, үсний сам, малгайгаа дамжуулан хэрэглэхэд халдвар дамжих боломжтой. Харин үсэрч, нисч чаддагүй. Халдвар тараадагүй гэж үздэг. Нохой, муур, бусад тэжээвэр амьтад хүний бөөсийг тээж халдвар дамжуулахгүй.

Зураг 1: Бөөс Электрон микроскоп Эх сурвалж: CDC

Нас бие гүйцсэн бөөс эзэн биегүй 55 цаг хүртэл хугацаагаар амьдрах чадвартай ч үхэхээсээ өмнө шингэнээ алдаж амьдрах чадваргүй болох боломжтой.

Толгойн бөөс

  • Баг: Бөөс
  • Зүйл: Толгойн бөөс

Тархалт ба халдварлалт

Толгойн бөөсний халдвар нь нийтлэг бөгөөд бүх насныхан, нийгэм-эдийн засгийн аль ч давхаргын хүн ам өртдөг, дэлхий дахинд эндеми тархалттай халдвар юм. Насны хувьд 5-11 насны хүүхдүүдэд хамгийн элбэг харин хар арьстнуудад ховор тохиолддог. Хөгжсөн орнуудад тархалт 1-3% байдаг ч бага сургуулийн насны хүүхдүүдийн дунд 25-аас дээш хувьд тохиолдох боломжтой. Нэгдсэн улсад халдварын тархалт ихсэх хандлагатай байна. Мөн Нэгдсэн Улсад сургуулийн өмнөх, бага сургуулийн насны хүүхдүүд, түүний гэр бүлийнхэн ба асрагчдад толгойн бөөс хамгийн өргөн тохиолддог байна. Толгойн бөөс өвчин дамжуулдаг эсэх нь тодорхойгүй ч, загатнаснаас маажиж шарх, шалбархай үүсгэн хоёрдогч бактерийн халдвар үүсэх нь бий. Халдвар дамжихад хувь хүн эсвэл орчны цэвэрч нямбай байдал хамаардагүй.

Толгой толгойгоороо шууд хүрэлцэхэд толгойн бөөс дамжина. Сургууль, гэр гэх мэт хаана ч хүүхдүүд тоглож байхдаа толгой толгойгоороо шууд хүрэлцэж бөөсний халдвар авах нь нийтлэг. Мөн ховор хэдий ч

  • малгай, ороолт, цамц, дүрэмт хувцас, үсний боолт гэх мэт хувцсаа дамжуулан өмсөж хэрэглэхэд
  • дотуур хувцас, үсний сам, гарын арчуур
  • халдвартай хүнтэй саяхан хүрэлцсан ор хөнжил, буйдан, дэр, хивс дэвсгэр зэргээр халдвартай хүнээс бусдад бөөс дамжин халдварлана.

Биологи ба амьдралын мөчлөг

Толгойн бөөс буюу Pediculus humanus capitis нь Psocodea-н төрөл багтдаг, зөвхөн хүн эзэн бие нь болдог эктопаразит юм. Толгойн хуйханд, биеийн хэм амьдрахад таатай нөхцөл болдог бөгөөд хоногт хэд хэдэн удаа цусаар хооллодог.

Толгойн бөөсний амьдралын мөчлөг өндөг, авгалдай, бие гүйцсэн гэсэн 3 үе шаттай.

  1. Өндөг үе (Eggs): Нас бие гүйцсэн эм бөөснөөс гарсан өндгийг хуурс гэнэ. Ихэнхдээ хуйхны хаг, үсний угт байрлах тул ихэнхдээ олж харахад төвөгтэй. Хуурс нь 0,3-0,8 мм хэмжээтэй, өндгөн хэлбэртэй, шар, цагаан шаргал өнгөтэй. Бөөсний хуурс үе шат ойролцоогоор 1 долоо хоног (6-9 хоног) үргэлжилнэ.

Зураг 2: Толгойн бөөсний гуужаагүй хуурс (өндөг). Эх сурвалж: NEJM

  1. Авгалдай үе (Nymphs): Өндөгнөөс авгалдай гарна. Хуурс илүү харагдахуйц бүдэг шар өнгөтэй болж үсний угт наалдана. Авгалдай бие гүйцсэн бөөсний толгой шиг харагдах буюу 1-2 мм урттай. Хуурс ба хуйх хоорондох зайгаар насыг нь тогтоож болно (1 сард 1см холдоно). Авгалдай ойролцоогоор 7 хонож гуужсанаар нас бие гүйцсэн бөөс болно.

    Зураг 3: Бөөсний амьдралын мөчлөг. Эх сурвалж: CDC

  2. Бие гүйцсэн үе (Adults): 3 үе шатыг дамжин нийтдээ дунджаар 9-12 хоногийн дараа бие гүйцсэн бөөс болох ба энэ нь гүнжидийн үрийн хэмжээний буюу 3-4 мм хэмжээтэй, 6 хөлтэй (3 хос), бор шаргалаас цагаан саарал өнгөтэй. Хар үстэй хүнд илүү бараан өнгийн бөөс оршино. Эм бөөс эрээсээ том ба өдөрт 8 хүртэл хуурс ялгаруулах чадвартай. Нэг хүний толгойд өдөрт 30 хүртэл тооны бие гүйцсэн бөөс шимэгчлэн амьдрах боломжтой ч ихэнхдээ 10-аас цөөн байдаг. Бие гүйцсэн бөөс амьдрахын тулд өдөрт хэд хэдэн удаа цусаар хооллох шаардлагатай, харин хооллохгүй буюу эзэн биегүй бол 1-2 хоногийн дотор үхнэ.

Зураг 4: Бие гүйцсэн бөөс. Эх сурвалж: NEJM

Өвчлөл

Толгойн бөөс ямар нэг өвчин дамжуулдаг эсэх нь тодорхойгүй ба эрүүл мэндэд аюултай гэж үздэггүй. Халдвар нь ялангуяа эхэн үедээ шинж тэмдэг илэрдэггүй талтай. Энэхүү шимэгч цус сорж хооллох үед түүний шүлс ялгаралт идэвхижснээр эзэн биед харшлын урвал үүсгэж загатнуулдаг. Тиймээс хамгийн нийтлэг зовиур нь загатнаа юм. Загатналт 4-6 долоо хоног илэрч болно.

Бусад зовиурт дараах багтана:

  • үсэнд ямар нэг зүйл хэдлэх мэдрэмж төрөх
  • уцаарлах, нойр алдагдах
  • маажсанаас үүдэлтэй хуйханд шарх үүсэх, эдгээр шарханд хоёрдогч халдвар орж идээлэх

Оношилгоо

Толгойн бөөсний халдварын онош элбэг андуурагддаг. Тиймээс  сэжигтэй хүний толгойноос амьд авгалдай, эсвэл бие гүйцсэн бөөс олж оношийг батлах нь хамгийн сайн арга юм. Хуурс маш жижиг, хөдөлгөөн хурдантай, гэрлээс цугтах тул олоход хэцүү.

Зураг 5. Үзлэгийн байдал. Эх сурвалж: CDC

0,2-0,3 мм-ийн завсартай нарийн шүдтэй самаар үс, хуйхыг самнаж амьд бөөс олж болно.

Хуурс ихэвчлэн шилэн хүзүү, чихний ар хэсгийн үсэнд илүүтэй олддог. Хуурс үсний угт хуйхнаас 6,5 мм –н дотор бэхлэгдсэн байдаг ч энэ нь оношилгоонд ач холбогдол бага.

Гэхдээ авгалдай, бие гүйцсэн бөөс олдохгүй, харин бүх хуурс хуйхнаас 6,5 мм-ээс хол зайд олдож байвал эмчилгээ шаардлагагүй байдаг.

Эмчилгээ ба Зөвлөгөө

Идэвхитэй халдвар оношлогдсон хүнд эмчилгээ зөвлөнө. Гэр бүлийн бүх гишүүдийг, бусад ойр дотны хүмүүсийг шалгаж, идэвхитэй халдвар нотлогдсон хүмүүсийг ижил хугацаанд нэгэн зэрэг эмчлэх хэрэгтэй. Зарим мэргэжилтнүүд идэвхитэй халдвартай хүнтэй нэг оронд унтдаг хүмүүст таамаг (профилактик) эмчилгээ хийхийг зөвлөдөг. Эмчилгээ хийснээс хэд хоногийн дараа амьд бөөс дахин илэрвэл илүү хүчтэй эмийн бодисоор давтан эмчилнэ.

  • Тосон, үсний түрхлэг, цацлага эмчилгээний хамт эмийн эмчилгээ хавсарч хэрэглэж болох ч бусад нэмэлт буюу эмийн бус эмчилгээ шаардлагагүй.
  • Бөөс, түүний өндөг 53,5°C (128.3°F) –аас дээш халуунд 5 минут болоход үхдэг тул малгай, ороолт гэх мэт хувцсаа угаалгын машинд угааж халуун ус эсвэл халуун агаарын урсгалаар 5-10 минут хатааж дахин хэрэглэнэ.
  • Угаах боломжгүй хувцасыг хуванцар уутанд 2 долоо хоног байлгах эсвэл хуурай хими цэвэрлэгээгээр цэвэрлэнэ.

Халдвартай хүний эмчилгээ: Жороор олгодог, жоргүй олгодог эмийн бодисоор эмчилнэ. Эмчилгээ дараах үе шаттай:

  1. Эмчилгээний бодисыг түрхэхийн өмнө толботох эсвэл норох хувцсаа тайлах эсэхийг сануулж, толгойг угаалгана.
  2. Бөөсний эмийг (өөрөөр педикулицид гэдэг) түрхэх ба зааврыг дага. Эмийн бодисыг хуйх, үсэнд хангалттай сайтар түрхэнэ.

Санамж: Бөөсний эсрэг эмийн бодистой хамт эсвэл хэрэглэхийн өмнө бөөсний эсрэг үйлдэлтэй шампунь хэрэглэхийг хориглоно. Бөөсний эсрэг бодисыг түрхэсний дараа 2 хоног үсээ угаахгүй.

  • Эмчилгээний дараа цэвэр хувцас өмсөнө
  • Эмчилгээнээс 8-12 цагийн дараа цөөн тооны боос илэрсэн ч хөдөлгөөний идэвхи өмнөхөөсөө буурсан байвал дахин эмчилгээ шаардлагагүй. Эмийн бодисонд бөөс удаан үхэх боломжтой. Нарийн шүдэт самаар самнаж үснээс үхсэн эсвэл амьд бөөс гарч ирж байна уу тогтоо.
  • Хэрвээ эмчилгээнээс 8-12 цагийн дараа бөөс үхээгүй буюу эмчилгээний өмнөх шигээ хөдөлгөөний идэвхитэй байвал эмчдээ мэдэгдэж өөр педикулицид хэрэглэх шаардлагатай.
  • Үсний угаас бөөс, хуурсыг самаар шүүрдэх хэрэгтэй.
  • Эмчилгээ бүрийн дараа 2-3 хоног үс хуйхыг шалгаж, нарийн ширхэгт самаар самнана.
  • Давтан эмчилгээний зорилго нь шинэ өндөг үүсгэхээс өмнө амьд үлдсэн бөөснүүдийг устгах юм. Зарим эмийг хэрэглэж буй үед эхний эмчилгээний дараа амьд бөөс илэрч байвал ойролцоогоор нэг долоо хоног тогтмол хийхийг зөвлөдөг (7-9 хоног, эмээс хамаарна). Линдан шампунь-ийг давтан эмчилгээнд хэрэглэхийг зөвлөдөгүй.

Бөөсний эсрэг шүршлэг хэрэглэхээс татгалзаарай. Учир нь амьсгалаар орох эсвэл арьсаар шимэгдэж хортой нөлөө үзүүлж болзошгүй.

Жоргүй олгодог эмүүд

  1. Пиретрин: пиперонил бутоксидтой хавсарсан. Хрисантемум цэцэгнээс гаргаж авсан пиретройд экстракт юм. Үүнийг шууд хэрэглэхэд үр дүнтэй, аюулгүй. Амьд бөөсийг үхүүлэх үйлдэлтэй ч хуурсанд үйлчилдэгүй. Тиймээс эхний эмчилгээний дараа шинээр бие гүйцсэн бөөсийг өндөглөхөөс нь өмнө давтан хэрэглэнэ. 2-оос дээш насныханд хэрэглэнэ.
  2. Перметрин түрхлэг 1%: Байгалийн пиретринтэй ижил ба нийлэг пиретройд юм. Толгойн бөөсний эмчилгээнд Нэгдсэн Улсын Хүнс, Эмийн Захиргаанд зөвшөөрөгдсөн. Шууд хэрэглэхэд аюулгүй, үр дүнтэй. Перметринийг эхний эмчилгээнд хэрэглэсний дараа хэд хоног үргэлжлүүлэн түрхэнэ. Шинээр бие гүйцсэн бөөс үүсмэгц өндөглөхөөс нь өмнө хэрэглэхэд тохиромжтой ба энэ хугацаа эхний эмчилгээний дараах 9дэх хоног юм. 2-оос дээш насныханд хэрэглэнэ.

Жороор олгодог эмүүд

Альфабетийн төрлийн дараах эмүүд нь толгойн бөөсний эмчилгээнд Нэгдсэн Улсын Хүнс, Эмийн Захираанаас зөвшөөрөгдсөн ба зөвхөн жороор олгогддог.

  1. Бензил спиртийн түрхлэг 5%: Ароматик спирт бөгөөд шууд хэрэглэхэд үр дүнтэй аюулгүй. Эхний эмчилгээнээс хоёрдахь эмчилгээг 7 хоногийн зайтай хийнэ. 6 сараас дээш насныханд хэрэглэнэ. Харин 60-аас дээш насныханд хэрэглэхэд аюулгүй эсэх нь батлагдаагүй. Арьсыг цочроож болзошгүй.
  2. Ивермектиний түрхлэг 0,5%: 6 сараас дээш насныхны толгойн бөөсний эмчилгээнд 2012 онд зөвшөөрөгдсөн. Бөөсний өндгийг устгадагүй ч хуурс амьдрахыг саатуулдаг. Хуурай үсэнд нэг удаа түрхэхэд үр дүн сайтай. Мөн шахмал хэлбэрээр ууж хэрэглэх боломжтой. Үүнийг 20 гаруй оронд өтний халдварт хэрэглэж байна. Бөөсний халдварын эмчилгээнд Нэгдсэн Улсад зөвшөөрөгдөөгүй байгаа ч толгойн бөөсний эмчилгээнд 200 микрогр/кг эсвэл 400 микрогр/кг тунгаар нэг удаа, 9-10 хоногийн дараа давтан тунг хэрэглэхэд үр дүн сайтай. Шахмалыг жирэмсэн, 15 кг-аас бага насныханд хэрэглэхгүй.
  3. Малатионы түрхлэг 0,5%: Органофосфат юм. Нэгдсэн улсад Хүнс, Эмийн Захиргаа толгойн бөөсний эмчилгээнд зөвшөөрсөн. Шууд хэрэглэхэд аюулгүй, үр дүнтэй. Амьд бөөсийг үхүүлэхээс гадна өндөгийг үхүүлэх үйлдэлтэй. Эхний эмчилгээнээс 7-9 хоногийн дараа хоёрдахь эмчилгээг хийнэ. 6-аас дээш насныханд хэрэглэнэ. Арьсыг цочроож болзошгүй. Малатион нь шатамхай тул эмчилгээний үед тамхи татах, цахилгаан халаагуур (үс хатаагч гэх мэт) хэрэглэхийг хориглоно.
  4. Спинозад 0,9% хэсэг газрын суспенз: Үүнийг хөрсний бактериас гаргаж авдаг. Хүнс, Эмийн Захиргаа толгойн бөөсний эмчилгээнд зөвшөөрсөн. Амьд бөөс төдийгүй гуужаагүй авгалдайнд үйлчилдэг тул хоёрдах эмчилгээ шаардлагагүй. Шууд хэрэглэхэд үр дүнтэй, аюулгүй. Хэрвээ эхний эмчилгээний дараа амьд бөөс илэрвэл эхний эмчилгээнээс 7 хоногийн дараа давтан эмчилгээг хийнэ.

        Эмчилгээний хоёрдугаар сонголт

  • Линдан шампунь: Энэ нь органохлорид юм. Америкын Хүүхдийн Академаас хэрэглэхийг зөвлөхөө больсон. Харин линдан шампуний 1%-н уусмалыг Хүнс, Эмийн Захиргаа толгойнд бөөсний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн ч эхний сонголтоор хэрэглэхийг зөвлөдөггүй. Хэт их хэрэглэхэд, буруу ашигласнаас эсвэл залгиснаас тархи, мэдрэлийн бусад хэсэг хордох аюултай. Тиймээс хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй ба давтан хэрэглэж болохгүй.

Эх сурвалж:


  • Richard J. Roberts, M.B., B.S., D.C.H., M.P.H “Head Lice” Clinical Practice N Engl J Med 2002; 346:1645-1650
  • Centers for Disease Control and Prevention-Parasites-Lice-Head Lice