Үүдэн венийн хий

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

72 настай эрэгтэй, сүүлийн 11 цагийн турш хүйс орчмоор өвдөнө, унгахгүй гэсэн өгүүлэмжтэй ЯТТ-т хандав.

Тэрээр архаг лимфоцит лейкеми (ибрутиниб ууж байсан), чихрийн шижин хэв шинж 2, элэгний В вирусын архаг халдвартай. Зүрхний цохилт 155 удаа/минут, артерийн даралт 83/52 мм.муб, бодит үзлэгт хэвлийн тархмал эмзэглэлтэй, баруун дээд квадратад илүү хүнд өвдөлттэй. Эхний лабораторын шинжилгээнд цагаан эс 22,570/мм3 (лавлагаа 4000-10000), артерийн цусны рН 7,27 (лавлагаа 7,35-7,45), лактатын түвшин 8 ммол/л (72 мг/дл) (лавлагаа 0,5-1,7 ммол/л) [4,5-15,3 мг/дл].

Зураг №1

Хэвлийн компьютерт томографиар үүдэн венд их хэмжээний хий илэрсэн нь бүдүүн гэдэсний цус хомсрол байх боломжтойг харуулсан. Өөрөөр хэлбэл үүдэн венийн хий нь бүдүүн гэдэсний цус хомсролын үед хамгийн их тохиолддог ба өвчтөний тавилан мууг илтгэдэг. Бусад шалтгаанд бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин, халдвар, судсан дотуурх ажилбар орно. Өвчтөн шингэн сэлбэх, өргөн хүрээний антибиотик, вазопрессор эмчилгээ хийж эхлэн, яаралтай лапаротоми төлөвлөсөн. Гэвч өвчтөний эмнэлзүйн байдал хурдан доройтож эмнэлэгт ирснээс 2 цагийн дараа насбарсан.

Элэгний үүдэн венийн хийн тухай товч ойлголт

Элэгний үүдэн венийн хий (ЭҮВХ)-г буюу үүний дүрс оношилгооны шинжийг Волфе, Эвентс нар нарийн бүдүүн гэдэсний үхжилт үрэвсэлтэй (necrotizing enterocolitis) нярайд анх тодорхойлсон. Энэхүү шинж нь хөнгөнөөс эхлээд яаралтай мэс засал шаардлагатай аминд заналхийлсэн өвчний үед илэрч болно.

Шалтгаануудаас дурдвал:

  • Нарийн бүдүүн гэдэсний үхжилт үрэвсэл
  • Бүдүүн гэдэсний цус хомсрол (72%)
  • Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин (4%)
  • Кроны өвчин (4%)
  • Хэвлийн буглаа (6%)
  • Нарийн гэдэсний түгжрэл (3%)
  • Ходоодны шарх (3%)
  • Дивертикулит (ховор)
  • Бөөрний архаг дутагдал
  • Чихрийн шижин
  • Даралт ихдэлт
  • Элэг шилжүүлэн суулгалт
  • Хими эмчилгээ
  • Цочмог панкреатит
  • Цочмог аппендицит
  • Биеийн гаднаас шоктой литотрипси…

гэх мэт эдгээр шалтгааны үед ЭҮВХ илэрсэн бол насбаралт 56-90% байдаг.

Эмгэг үйлзүй

Эмгэгжам нь бүрэн тайлбарлагдаагүй ч 1) микробоос хий үүсэх, 2) гэдэсний ханаар хий шимэгдэх гэсэн 2 таамаг давамгайлж байна.

Микробийн бодисын солилцооны үед хэрхэн хий үүсч ЭҮВХ –г бий болгож буй нь тодорхойгүй. Элгэнд тархсан бактеремийн улмаас элгэнд байран хий үүсэх боломжтой ч энэ нь ховор. Харин үжлийн флебит, чацархайд бүрэлдсэн буглааны хий судсанд тархаж үүдэн тогтолцоонд хий хурч болох талтай ч эдгээр таамаглалыг дэмжих судалгааны ажил цөөн байна.

Лиебман, Киношита нарын багийнхан гэдэсний цус хомсрол, салстын гэмтэл, гэдэсний хөндийн даралт ихсэлт нөлөөлдөг гэж үзсэн. Энэхүү таамаглалаар гэдэсний дотоод даралт ихсэхийн зэрэгцээ хучуур эсийн хоригийн үйл ажиллагаа буурахад бичил вен рүү гэдэсний хөндийн хий ордог ажээ. Тэгхээр бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчтэй хүнд колоноскопи хийх, бургуй тавих нь гэдэсний хөндийн даралтыг ихэсгэж гэмтэцтэй салстаар хий орох эрсдэлийг ихэсгэдэг байна.

Зураг №2. Босоо байрлалд авсан хэвлийн тойм гэрлийн шинжилгээнд гэдэсний гогцоо өргөссөн, элэгний үүдэн венд хий илэрсэн байна.
Зураг №3. Акисиаль, корональ тэнхлэгээр авсан КТГ-ийн зурганд элэгний үүдэн венээр тархсан хий гарчээ.
Зураг №4. Аксиаль, сагитталь тэнхлэгээр авсан КТГ зурагт элэгний зүүн дэлбэнд үүдэн венээр тархсан бага хэмжээний хий гарчээ.

Элэгний үүдэн венийн хийн АВС менежментийн алгоритм

Зураг №5. Элэгний үүдэн венд хийтэй өвчтөний менежментэд санал болгож буй хэвлийн тойм гэрлийн шинжилгээ, КТГ-д суурилсан АВС алгоритм

Эх сурвалж:


  • Ming Cui, M.D., and Xin Lu, M.D. “Portal Venous Gas”  N Engl J Med 2018; 379:e37
  • Bassam Abboud, Jad El Hachem, Thierry Yazbeck, and Corinne Doumit  “Hepatic portal venous gas: Physiopathology, etiology, prognosis and treatment” World J Gastroenterol. 2009 Aug 7; 15(29): 3585–3590.
  • Aaron L. Nelson, MD, PhDTimothy M. Millington, MDDushyant Sahani, MD; et al “Hepatic Portal Venous Gas The ABCs of Management”  Arch Surg. 2009;144(6):575-581