Нулимс ялгаруулах болон дамжуулах замын анатоми

Нүд судлал
Battuya
Spread the love
Нулимсны дамжуулах замын анатоми

Нулимс дамжуулах замын эхлэл болох нулимсны цэг нь дээд болон доод зовхины хамар талд байрлана. Диаметр нь 0.3мм бөгөөд хэвийндээ нүдний алимруу бага зэрэг эргэсэн байрлалтай байна. Дээд зовхины нулимсны цэг нь дотор булангаас 6мм-т, доод зовхины нулимсны цэг нь 6.5мм-т байрлана.

Нулимсны цэгээс цааш ампулын хэсэг байрлана. Энэ нь зовхитой перпендикуляр буюу босоо байрласан, өргөссөн хэсэг бөгөөд 2мм үргэлжилнэ.

Нулимсны сувганцар нь ампулаас цааш 8-10мм хөндлөн үргэлжилнэ. Дотоод диаметр нь 0.5-1мм бөгөөд эвэршдэггүй, муцин боловсруулдаггүй олон давхар хавтгай хучуур эсээс тогтоно.

Хүн амын 90%-д цааш нулимсны нэгдсэн сувагт нийлнэ. 3-5мм урт үргэлжилнэ.

Нулимсны ерөнхий сувгаас нулимсны хүүдийрүү шилжих хэсэгт Розенмюллерийн хавхлаг байрлана. Энэ нь салстын хуниас бөгөөд нулимсны хүүдийнээс буцаж нулимс урсахаас сэргийлнэ. Нулимсны хүүдий нь нулимсны хонхорт байрлана. Нулимсны хонхрыг нулимсны яс болон хоншоор ясны духны сэртэн бүрдүүлдэг. Нулимсны хүүдий нь дотор булангийн шөрмөс(medial canthal tendon)-с дээшээ 4мм, доошоо 10мм орчим үргэлжлэх бөгөөд дунд жимийн харалдаа байрладаг. Нулимсны хүүдийн ойролцоо мэс засал хийх үед a.angularis-г гэмтээхээс сэргийлэх хэрэгтэй. A.angularis нь дотор булангийн өнцгөөс хамар талд 7-8мм-н зайтай байдаг.

Цааш хамар нулимсны суваг болон үргэлжлэх бөгөөд доод жимд нээгдэнэ. Энэ хэсэгт салстын хуниас болох Хаснерын хавхлага байрлах бөгөөд хэсэгчлэн хаасан байдаг. Хамар нулимсны суваг нь 12-18мм урттай. Хамрын нүхнээс Хаснерын хавхлага хүртэл насанд хүрсэн хүнд 30-35мм байдаг.

Нулимс үүсэлт 0.8-1.2µл/мин хурдтай явагддаг бөгөөд нулимсны замын нэг удаагийн бүрэн цикл нь 258мсек үргэлжилнэ.

Нулимсны булчирхайн анатоми

Нулимсны булчирхай нь гадаад шүүрлийн булчирхай бөгөөд нулимсны булчирхайн хонхорт ухархайн дээд гадна квадратад байрлана. Зовхи өргөгч булчингийн апоневрозоор ухархайн болон зовхины хэсэгт хуваагдана. 8-12 нулимсны цорго мөгөөрсний шанаа талын ирмэгээс 5 мм зайд дээд кул-де-сак зайд нээгдэнэ. Нулимсны ялгаруулах цорго нь нулимсны булчирхайн зовхины хэсгээр дамжин өнгөрөх учраас зовхины хэсгийг тайрснаар булчирхайн шүүрэл тэр чигээрээ багасдаг.

Нүдний гадаргуугийн цочрол нь нулимсны ялгаралтыг нэмэгдүүлдэг. Гурвалсан мэдрэлийн нүдний салаа нь нулимсны булчирхайг мэдрэлжүүлэх бөгөөд рефлексийн нулимс ялгаралтанд оролцдог. Мөн нүүрний мэдрэлийн салаа нь нулимсны булчирхайг мэдрэлжүүлэх бөгөөд сэтгэл хөдлөлийн нулимс ялгаралтанд оролцдог.

Нулимсны нэмэлт Краузын болон Вольфрингийн булчирхайнууд нь зовхины шилжих нугалааны (fornix) гүнд болон мөгөөрсний дээд ирмэгийн яг дээр нь тус тус байрлана. Суурь нулимс ялгаралтанд оролцдог гэж үздэг.


Эх сурвалж:


  1. BCSC section 7, Orbit eyelids and Lacrimal system, 2017
  2. William P.Chen, Oculoplastic surgery, The essentials, 2001