Сүрьеэ гэж юу вэ?
Сүрьеэ (tuberculosis (TB)) нь халдвартай хүн найтаах, ханиахад агаар дуслаар бусдад халдварлаж, эн тэргүүнд уушгийг өвчлүүлдэг нийгмийн халдварт (хүнээс хүнд дамждаг) өвчин юм.
Энэхүү өвчний үүсгэгч нь Mycobacterium tuberculosis хэмээх нян. Танд болон таны ойр дотны хүмүүст бага зэргийн халууралт, тогтмол цэртэй ханиалга, шөнө хөлрөлт, тодорхойгүй турах гэх мэт шинжүүд илэрвэл сүрьеэгийн эмчид үзүүлэхийг зөвлөе. Учир юу гэвэл сүрьеэгийн эхний сэжүүр нь эдгээр шинжүүд юм.
Цаг алдалгүй бүрэн эмчлүүлээгүйгээс уушгинаас бусад яс, хэвлийн хөндийн эрхтэнүүд гэх мэт олон эрхтэнийг өвчлүүлэх боломжтой.
Сүрьеэгийн ангилал
- Идэвхтэй сүрьеэ (Active TB): Өвчтөнд зовиурууд илэрч, Сүрьеэгийн сорил эерэг тодорхойлогдохыг хэлнэ.
- Далд сүрьеэ (Latent TB): Сүрьеэгийн арьсны сорил эсвэл цусны шинжилгээгээр эерэг ч зовиур илрэхгүй байхыг хэлнэ. Энэ тохиолдолд тухайн хүн сүрьеэгийн нянгийн халдвартай ч нян нь идэвхигүй хэлбэрт орших тул бусдад халдвар тараадаггүй.
- Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (Multidrug-resistant TB (MDR-TB)): Сүрьеэгийн нянгийн эсрэг эмүүдэд үр дүн өгдөггүй (олон эмэнд тэсвэржсэн) идэвхтэй сүрьеэг хэлнэ.
Сүрьеэгээр өвчлөхөд хүргэж болзошгүй эрсдэлт хүчин зүйлс юу вэ?
- Дархлаа дутмагшил эсвэл сулрал тухайлбал: Чихрийн шижин, ДОХ/ХДХВ
- Сүрьеэгийн тархалт өндөртэй бүс нутагт амьдрах эсвэл аялах
- Эрүүл мэндийн тусламж эсвэл дүрвэгсдийн байгууламжид ажиллах
- Хүн амын нягтаршил ихтэй бүс, агааржуулалт муутай нийтийн унаагаар зорчих,барилга, байгууламжид амьдрах
- Тамхидалт нь сүрьеэгээр өвчлөх, сүрьеэгээр насбарах эрсдэлийг маш их ихэсгэдэг
Сүрьеэгийн сэжигтэй тохиолдлыг хэрхэн шинжилж, оношилдог вэ?
- Сүрьеэгийн арьсны сорил: Арьсанд сорил тавьж оношлох арга. Арьсанд тарьсан сорилонд дархлаа хэрхэн хариу урвал үзүүлж буйгаар оношилдог. Сорилыг тарьснаас 48-72 цагийн дараа үнэлэх ба хэрвээ сорил эерэг гарвал сүрьеэгийн халдвартай байж болзошгүй гэж үзнэ.
- Цээжний гэрлийн шинжилгээ (рентген) –ээр идэвхтэй ба идэвхигүй сүрьеэг ялгах боломжтой.
- Цусны шинжилгээгээр зөвхөн сүрьеэгийн халдварын үед дархлааны эсээс ялгардаг бодисыг (цитокин) шинжилнэ.
Хэрхэн эмчилдэг вэ?
- Нянгийн эсрэг хэд хэдэн эмийг сүрьеэг эмчлэхэд ашигладаг.
- Сүрьеэгийн эсрэг эмчилгээ 6 сар үргэлжлэх ба тухайн хугацаанд халдвар судлалын эмч, сүрьеэ судлалын эмч, болон бусад төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтанд байна.
- Сүрьеэгийн аль ч хэлбэрийг бүрэн эмчилснээр тухайн өвчтөний эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй бусдад халдвар тархахаас сэргийлнэ.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Өндөр эрсдэлтэй нөхцөлд эрүүл мэндийн тусламж үзүүлж буй тохиолдолд зохих аюулгүй байдлыг дагах нь зүйтэй. Үүнд сүрьеэгийн халдвараас сэргийлэхэд зориулсан тусгай маск зүүх багтана.
- Далд сүрьеэ оношлогдсон тохиолдолд сүрьеэгийн идэвхигүй нянг устгах эм хэрэглэж, идэвхтэй сүрьеэ үүсэхээс сэргийлэх боломжтой.
- Сүрьеэгийн тархалт өндөртэй улсад сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин (bacille Calmette-Guérin) хэрэглэж байна.
Эх сурвалж:
- JAMA. 2013;309(9):938. doi:10.1001/2012.jama.10804
- Centers for Disease Control and Prevention www.cdc.gov/tb
- National Institute of Allergy and Infectious Diseases http://www.niaid.nih.gov/topics/tuberculosis/Pages/Default.aspx
- World Health Organization www.who.int/mediacentre /factsheets/fs104/en