Хүүхэн харааны урвалууд

Нүд судлал
Battuya
Spread the love

Хүүхэн харааны анатоми

Хүүхэн хараа нь солонгон бүрхүүлийн дунд байрлах бөгөөд нүдрүү орох гэрлийн хэмжээг тохируулдаг. Хүүхэн хараа хэвийн үед 3-4мм хэмжээтэй байна.

Хүүхэн хараа нь өргөсгөгч болон нарийсгагч булчингуудын тусламжтайгаар хэмжээгээ өөрчилдөг.

Хүүхэн хараа өргөсгөгч цацраг булчин нь симпатикын гурван түвшиний нейроны замаар зохицуулагдана.

  1. Төвийн  – C8 – Th12 хооронд байна. Гипоталамусын хойд хэсгээс уруудаж – тархины багана – нугасны интермедиолатерал эвэр – Цилиоспиналь төв (ciliospinal center of Budge)
  2. Зангилааны өмнөх. Цилиоспиналь төвөөс – Хүзүүний дээд зангилаа.
  3. Зангилааны дараах. Гүрээний дотор артеритай өгсөөд каверноз синуст 5-р мэдрэлийн харааны салаатай нэгдэнэ – n.long ciliaris, n.nasociliaris цааш – цилиарын бие, хүүхэн хараа өргөсгөх булчин

Хүүхэн хараа нарийсгагч цагираг булчин нь парасимпатикын замаар зохицуулагдана.

Эдингер Вестфалын бөөмийн парасимпатикын ширхгүүд 3-р хос мэдрэлтэй хамт уруудаж, каверноз синуст салаалж доод салаатай хамт ухархайд орно. Цилиарын зангилааны ширхгүүдтэй синапс үүсгээд богино цилиарын мэдрэл болж хүүхэн хараа нарийсгагч булчинд очно.

Хүүхэн харааны урвалууд

Хүүхэн харааны дараах урвалуудыг шалгадаг.

  • Гэрлийн урвал (шууд)
  • Хам урвал
  • Ойрын урвал

Хүүхэн харааны гэрлийн урвалыг шалгахдаа гэрлийг нэг нүдрүү тусгаж тухайн нүдний хүүхэн хараа агших хэмжээ болон хурдыг шалгана. Дараа нь нэг нүдрүү гэрэл тусгахад нөгөө нүдний хүүхэн хараа адилхан агшиж байгаа эсэхийг шалгана. Үүнийг хүүхэн харааны хам урвал гэнэ. 2 нүдний хүүхэн харааны шууд болон хам урвалын хүүхэн харааны агшилт болон буцаж өргөсөх нь адилхан байх ёстой. Хэрвээ хараагүй нүдэнд гэрэлд тусгавал 2 нүдний гэрлийн урвал адилхан муу байдаг бол нөгөө нүдэнд гэрэлд тусгахад 2 нүдний гэрлийн урвал адилхан сайн байна. Нэг нүд хараагүй үед анизокори (2 нүдний хүүхэн харааны хэмжээ өөр байх) үүсэхгүй.

Хүүхэн харааны шууд болон хам урвал

Хүүхэн харааны ойрын рефлексийг дунд зэргийн гэрэлтэй өрөөнд үзнэ. Ойрын зайнд тодорхой байруу харуулна (өөрийнх нь эрхий хурууны хумсыг харуулж болно). Хүүхэн хараа нарийсч, дотогшлох хөдөлгөөн хийнэ.

Аргил Робертсоны хүүхэн хараа – Хүүхэн харааны гэрлийн урвал байхгүй боловч ойрын урвал хэвийн байхыг хэлнэ. Мэдрэлийн тэмбүүгийн үед илэрдэг.

Relative afferent pupillary defect (RAPD) – хүүхэн харааны харьцангуй өгсөх замын гэмтэл байгаа эсэхийг шалгахдаа гэрлийг сэлгүүлэн 2 нүдэнд тусгахад хүүхэн харааны урвал жигд биш байвал эерэг гэж үзнэ. Шинжлүүлэгч бүдэг гэрэлтэй өрөөнд холын зайд байрлах ямар нэг зүйлрүү харсан байна. Шинжлэгч нэг нүдэнд 2-3 секунд гэрлийг тусгасны дараа нөгөө нүдэнд мөн 2-3 секунд тусгаж энэ үйлдлийг 4-5 удаа давтана.

Хүүхэн харааны харьцангуй өгсөх замын гэмтэл илэрсэн байдал

Ном зүй

  1. BCSC section 2, Fundamental and Principles of Ophthalmology, 2017
  2. BCSC section 5, Neuro-Ophthalmology, 2017