Пульс – оксиметр
Пульс – оксиметрийг мэс заслын тасаг, сэхээн амьдруулах тасаг төдийгүй ердийн тасгуудад ч түгээмэл хэрэглэдэг болжээ. Пульс – оксиметр эмнэлэгийн практикт нэвтэрхээс өмнө, гипоксиг үнэлэхийн тулд эмч нар артерийн судсанд хатгалт хийж цусны хийн анализ хийдэг байв. Харин пульс – оксиметрийн арга нь хатгалтын бус аргаар артериалын хүчилтөрөгчийн ханалтыг хялбар аргаар тогтмол хянах боломж олгож байгаа юм. Пульс – оксиметрийг хэрэглэхэд хялбар боловч, эмч пульс – оксиметрийн ажиллагааны үндсэн зарчмийг ойлгож, түүнд бичигдэх үзүүлэлтүүдэд зөв дүгнэлт өгч чаддаг байх шаардлагатай.
Тодорхойлолт
Цусан дахь хүчилтөрөгч нь уусамтгай болон гемоглобинтой холбоотой гэсэн үндсэн 2 хэлбэртэй байдаг. Гемоглобин нь хүчилтөрөгчийг өөртөө холбон тээвэрлэх үйл ажиллагааны чадвартай ба чадваргүй байдалтай байж болно. Үйл ажилланааны чадвартай гемоглобин нь хүчилтөрөгчийг холбон, тээвэрлэдэг бөгөөд хүчилтөрөгчтэй холбогдсон бол оксигемоглобин, хүчилтөрөчийг хийн солилцоонд оруулж хүчилтөрөгчийн хэмжээ нь багассан бол деоксигемоглобин гэж нэрлэдэг. Үйл ажиллагааны бус гемоглобин нь хүчилтөрөгчийг холбон тээвэрлэх чадваргүй бөгөөд карбоксигемоглобин, метгемоглобин хэлбэртэй байдаг. Карбоксигемоглобин гэдэг нь гемоглобин угаарын хий /- СО/ – тэй холбогдсон байна. Харин метгемоглобин гэдэг нь гемоглобин төмрийг Fe3+, эсвэл ангижирсан төмрийн ион Fe2+ агуулсан хэлбэртэй байна гэсэн үг. Артерийн цусанд ууссан хүчилтөрөгчийн даралтын хэмжээг PaO2, харин гемаглобинтой холбогдсон хүчилтөрөгчийн хэмжээг SaO2 гэсэн үзүүлэлтүүд тус тус илэрхийлдэг. Захын цусны хүчилтөрөгчийн ханалтыг пульс – оксиметрээр хэмжсэн бол SpO2 гэж нэрлэнэ.
Заалт
Пульс – оксиметрийг гипокси тохиолдох боломжтой бүхий л тохиолдолуудад хэрэглэж болно. Тухайлбал, мэс ажилбарын өрөө, сэхээн амьдруулах тасаг, мэдээгүйжүүлгийн дараах тасаг, яаралтай тусламжийн тасаг, түргэн тусламжийн машин, эмнэлэгийн төрөл бүрийн ажилбар хийдэг лабораторууд, төрөх тасаг, ердийн ортой тасгуудад ч хэрэглэж болно. Пульс – оксиметрийг эмнэлэгийн практикт хэрэглэх болсноор цусны хийн шинжилгээ /blood gas analyses/ – г хийх шаардлагыг бууруулж, хүчилтөрөгчөөр амьсгалуулах, эсвэл механик вентилаци шаардлагтай өвчтөнүүдэд амьсгалсан хүчилтөрөгчийн титрийг(fraction of inspired oxygen – FiO2) үзэх боломж олгож байгаа юм. Түүнчлэн, уушиг – зүрхний өвчнүүдийг хянахад пульс – оксиметр чухал ач холбогдолтой.
Эсрэг заалт
Пульс – оксиметрийн эсрэг заалт байдаггүй. Хянаж буй бүх өвчтөнд төдийгүй эрүүл хүнд ч хэрэглэх боломжтой.
Пульс – оксиметрийн үйл ажиллагааны зарчим
Пульс – оксиметр захын мэдрүүл /peripheral probe/ ба микропроцессор нэгж /microprocessor unit/ гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Захын мэдрүүл фотодетектор /photodetector/ болон туяа – цацруулагч 2 ширхэг диод /light-emitting diodes/ – оос бүрдэнэ. Гэрэл – ялгаруулагч диодууд тус бүр өөр долгионтой туяа ялгаруулна. Диодоос ялгарсан туяаг хүний биеийн эд шингээх ба хэдий хэмжээтэй шингээснийг фотодетектор илрүүлдэг.
Энэ мэдээллийг ашиглан, микропроцессор оксигемоглобин, диоксигемоглобины концентрацийг хэдий хэмжээтэй байгааг үнэлдэг. Түүнчлэн, оксигемоглобины эзлэх хувийг тооцоолж, захын судасны пульс ба зүрхний хэм хоёрын лугшилтын хамаарлыг дүйцүүлэн артерийн судсанд агуулагдах гемоглобины хүчилтөрөгчийн ханалтыг харуулдаг.
Хүчилтөрөгчөөр баяжсан болон хүчилтөрөгчөө чөлөөлсөн гемоглобинууд улаан / red / ба хэт улаан туяаг /infrared light/ өөр өөрөөр шингээдэг байдал нь пульс – оксиметрийн ажиллагааны үндсэн зарчим юм. Гэрэл – ялгаруулагч диодуудын нэг нь 660 нм долгионтой улаан туяа ялгаруулах ба энэ туяаг деоксигемоглобин, оксигемоглобиноос илүү хэмжээтэй шингээдэг. Нөгөө нэг диод нь 940 нм спектртэй хэт улаан туяа ялгаруулах ба энэ туяаг оксигемоглобин, деоксигемоглобиноос илүү хэмжээтэй шингээдэг. Микропроцессор нь диодоос ялгарах туяаг хүний биеийн эд хэрхэн шингээснийг шинжилж, оксигемоглобин ба деоксигемоглобины концентрацийг тогтоодог. Оксигемоглобин ба деоксигемоглобины концентрацийн харьцаанаас оксигемоглобины концентрацийг нарийвчлан илрүүлж SpO2 хэмжээгээр илэрхийлнэ.
Захын мэдрүүлийн байрлал нь фотодетектор ба туяа – ялгаруулагч иодууд өөд өөдөөсөө харж, тэдгээрийн хоорондуур хүний эд орж байхаар хэлбэртэй байдаг. Фотодиодууд нь лугшилт болон сулралтын үедээ цусны урсгалын туяаны шингээлт ямар байгааг бичихийн тулд нэг секундэд хэдэн зуу дахин асч, унтарч байдаг. Лугшилтын үед, артерийн цус, түүнийг хүрээлсэн эдүүд, венийн цус туяаг шингээдэг байхад сулралтын үед, зөвхөн хүрээлсэн эдүүд болон венийн цус туяаг шингээдэг. Микропроцессийн нэгж нь лугшилтын болон сулралтын үед туяаны шингээлтийг харьцуулан артерийн цусны туяаны шингээлтийг ялган танисны дүнд SpO2 – н концентрацийг тогтоодог юм.
Мэдээллийн боловсруулалт – Data Interpretation
Пульс – оксиметр тооны болон чанарын үзүүлэлт аль алийг нь илэрхийлж чадна. Чанарын үзүүлэлт нь пульс – оксиметрээс гарах дуугаар илэрхийлэгдэх бөгөөд энэ дуу нь хүчилтөрөгчийн ханалттай хамааралтай байна. Өндөр далайцтай дуу гарах нь хүчилтөрөгчийн ханалт сайн байгааг илтгэж байгаа бол нам далайц нь хүчилтөрөгчийн ханалтын дутагдал болж байгааг сэрэмжлүүлэх дохио болдог. Харин чанарын үзүүлэлт нь лугшилтын хүч болон артерийн цусны урсгалын хоорондын харьцаагаар илэрхийлэгдэнэ. Дэлгэцэнд харагдах тоо нь SpO2 болон зүрхний хэмнэлийг харуулдаг.
Пульс – оксиметрийн хэрэглээ
Пульс – оксиметрийг хүний биеийн цусан хангамж сайтай, өвчтөнд тав тухтай, гүйцэтгэхэд хялбар газруудад байршуулан хэмжих нь тохиромжтой. Чихний омог, хурууны өндөгт пульс – оксиметрийг түлхүү хэрэглэдэг. Гэвч, захын цусны урсгал бага байгаа үед хөлийн хуруу, хацар, хамар, хэл зэрэг бусад газруудад хүчилтөрөгчийн ханалтыг хэмжиж болно.
Насанд хүрэгчдэд, пульс – оксиметрийг биеийн аль ч хэсэгт үзэж болдог байхад шинэ төрсөн нярайд зүрхний төрөлхийн эмгэгийг оношлохын тулд SpO2 – г хэмждэг бөгөөд баруун гарын бугалганд үзэх нь тохиромжтой. Учир нь шинэ төрсөн зарим нярайд артерозын цорго бөглөрөөгүйн улмаас баруун гарын цусны урсгал нэмэгдсэн байдаг бөгөөд хүчилтөрөгчийн ханалт нь ч илүү их байдаг ажээ.
Өвчтөнд тохирсон пульс – оксиметрийг сонгох нь чухал. Хэрвээ пульс – оксиметрийн хэмжээ шинжлүүлж байгаа хүний эдтэй яв цав тохирохгүй бол туяа – ялгаруулагч диодууд фотодетектортой зөв дэс дараалалаар үйлчилж чаддаггүй. Үүний улмаас шинжилгээний хариу буруу гарах эрсдэлтэй. Жишээлбэл, хүүхдийн хуруунд том хэмжээтэй пульс – оксиметр байрлуулвал диодоос ялгарах туяа хурууны эдийг бүрэн дайрахгүй гарах магадлалтай.
Харин, хэт жижиг буюу хурууг барьсан пульс – оксиметр хэрэглэвэл венийн лугшилт /venous pulsations/ ч тохиолдож болно.
Венийн лугшилт нь шинжилгээг бодитой дүгнэхэд саад болж, хариуг худлаа гаргахад нөлөөлдөг. Наалдамхай мэдрэгчэй пульс – оксиметр хөдөлгөөнийг багасгаж илүү нарийвчлалтай мэдээлэл хүлээн авах боломж олгодог.
Пульс – оксиметрийн шинжилгээг хийх явцад учирч болох ерөнхий бэрхшээлүүд
Пульс – оксиметрийг хэрэглэхэд хялбар ч, шинжилэх явцад буруу мэдээллүүд өгөх боломжтой. Хамгийн түгээмэл тохиолддог асуудал бол пульс – оксиметрээр шинжлэх явцдаа хөдөлгөөнтэй байлгах явдал юм. Иймэрхүү тохиолдолууд, өвчтөн чичрүүдэстэй байх, түүнийг тээврийн хэрэгслээр тээж явах зэрэг үед гардаг юм. Энэ үед, диодоос ялгарах туяа нэгэн жигд биш болсоор шинжилгээний хариу буруу гарах боломжтой байдгыг эмч хүн мартаж болохгүй. Үүнтэй адилаар, SpO2 – ийн хэмжээ 80% – аас бага болоход пульс – оксиметрийн нарийвчлал буурдаг гэдгийг мартаж болохгүй. Хурц гэрэл, тухайлбал мэс заслын чийдэн нь туяаны цацрагт гадны нөлөө үзүүлж буруу хариу гаргахад хүргэж болно. Цахилгаан соронзон туяа, тухайлбал MRI шинжилгээний үед мөн пульс – оксиметрийн хэвийн ажиллагаа алдагаж болно. MRI шинжилгээ хийлгэж байгаа өвчтөнд MRI – зориулалт пульс – оксиметрийг ашиглах ёстой. Хэрвээ пульс – оксиметрийг дутуу эсвэл буруу эдэд шинжилвэл туяа – ялгаруулагч диодуудын эдээр нэвтрэх байдал хямрах эсвэл фотодетектортойгоо харилцан үйлчилж чадахгүйн улмаас хэт өндөр буюу хэт нам SpO2 гарах эрсдэлтэй. Мөн судсанд метилен хөх, иодын төрлийн тодосгогч бодис хийсэн үед улаан болон хэт улаан туяаг шингээх эдийн шингээлт өөрчдөгдөж буруу хариу гарахад нөлөөлж болно.
Хумсны лак 660 нм, 940 нм туяаг өөртөө шингээж буруу хариу гарахад нөлөөлдөг. Тийм учраас, хумсны дээрх янз бүрийн гоо сайхны зүйлийг арилгуулж байж шинжилгээг хийх хэрэгтэй.
Үйл ажиллагааны чадваргүй гемоглобин шинжилгээний хариунд нөлөөлж болно. 940 нм туяаг карбоксигемоглобин маш бага хэмжээгээр өөртөө шингээж байдаг боловч SpO2 – т нөлөөлж чаддаггүй. Гэвч, 660 нм спектртэй туяаг оксигемоглобинтой адил хэмжээгээр шингээдэг юм. Пульс – оксиметр карбоксигемоглобин болон оксигемоглобины хоорондын ялгааг нарийвчлан илрүүлж чаддаггүй учир бодит SaO2 бага үед ч хэвийн буюу хэвийнд ойрхон SpO2 хэмжээг үзүүлэх боломжтой.
Метгемоглобин 940 нм спектртэй туяаг деоксигемоглобин ба оксигемоглобиноос илүү хэмжээгээр шингээдэг мөртлөө 660 нм спектрийн туяаг деоксигемоглобинтой ижил хэмжээтэй шингээдэг. Энэ тохиолдолд, пульс – оксиметр метгемоглобин болон деоксигемоглобиныг хооронд нь ялгаж чаддаггүй учир SaO2 үзүүлэлт хуурамчаар бага хэмжээтэй гарна.
Сүүлийн үеийн пульс – оксиметрууд 8 янзын долгионтой туяа ялгаруулах чадвартай болсон учир карбоксигемоглобин болон метгемоглобиныг өөр хооронд нь ялгах чадвартай болж байгаа юм.
Захын судасны агчил, цус хомсрол, шокийн үед SpO2 алдаатай гарч болно. Захын цусны урсгал буурсан үед пульс – оксиметр судасны лугшилт болон сулралтыг таньж чаддаггүй учир алдаатай хариу гардаг. Улаан эсийн тоо буурсан, цус багадалттай өвчтөнд пульс – оксиметрийн хариу хэвийн гардагийг мартаж болохгүй. Цус багадалт илэрхий өвчтөнд, хүчилтөрөгчийн ханалт хэвийн байж болдог. Гэвч, хүчилтөрөгчийн хэмжээ хангалттай байхад түүнийг тээвэрлэх гемоглобин хангалтгүй байх тохиолдол бий. Эцэст нь, пульс – оксиметр нь өвчтөний амьсгалыг шууд бус аргаар дүгнэх арга юм. Хүчилтөрөгчөөр амьсгалж байгаа өвчтөнд SpO2 хуурамч хэвийн хэмжээтэй гарах ба өвчтөн гиперкарби болсоны дараа SpO2 унадаг юм.
Сүүлийн үеийн пульс – оксиметрууд хөдөлгөөн – хамааралт алдааг багасгах гэх мэт сайжруулсан алгоритмтэй үйлдвэрлэгдэж байна. Үүнээс гадна, олон төрлийн долгион ялгаруулах болсноор гемоглобин, метгемоглобин, карбоксигемоглобины хэмжээг тус бүрээр нь илэрхийлэх боломжтой болж байна.
Хүндрэл
Хэдийгээр пульс – оксиметр нь харьцангуй эрсдэл багатай багаж боловч зарим нэг эрсдэл дагуулж байдаг. Хэрвээ, туяа цацруулагч хэт их халсан бол хэмжилт хийсэн эдэд түлэгдэл үүсч болно. Хэрвээ пульс – оксиметрийн хэтэрхий бариу байрлуулж удаан хугацаагаар хэрэглэсэн бол тэр хэсэгт цус хомсрол үүсч үхжил ч үүсэх аюултай. Эвэрлэгийн гэмтлийн улмаас хагалгаанд орсон өвчтөн унтуулгаас сэрээд пульс – оксиметртэй хуруугаараа нүдээ нухвал эвэрлэгийг шалбалах аюултай. Сэхээн амьдруулах тасагт өвчтөнд удаан хугацаагаар пульс – оксиметрийг байрлуулснаар хуруу хөших, үеэрээ чөлөөтэй хөдөлгөх боломжгүй болох эрсдэлтэй. Хэдийгээр, дээрх эрсдэлүүд гарч болно гэж үздэг ч маш ховор тохиолдоно. Ийм хүндрэл бараг гардаггүй.
Дүгнэлт
Пульс – оксиметрийг зөв ашиглаж чадвал хүний амь насыг авархад чухал хэрэгтэй багаж билээ. Эмч бүр өдөр тутмын үйл ажиллагаандаа энэ төхөөрөмжийг ашиглаж зөв дүгнэлт хийснээр эмчийн ажилыг ихээхэн хөнгөвчлөх юм. Товчхондоо бол, пульс – оксиметр эмчид маш их хэрэгтэй өвчтөнийг богино хугацаанд зөв хянаж чадах гарын доорх багаж нь байх ёстой болжээ.
altaa
Ta buhend amjilt husie.Sain medeeleliig gargaj olont zov medeelel ogoh bolomjiig neej b.
04/11/2014 12:10
Myagmarsuren
Баярлалаа.
06/11/2014 13:57
Tovshoo
яг хэдээс доош болсон үед гипокси гэж үзэх вэ.
17/11/2014 15:46
Myagmarsuren
Сайн байна уу? SpO2 90 – ээс доош болвол гипокси гэж үзэх хэрэгтэй.
17/11/2014 23:32
Zaya
Sp02 90ээс доош хувьтай хүчилтөрөгч дутагдаж бвал хамрын гуурс , энгийн амны хошуувч эсвэл venturi maskаар хүчилтөрөгч өгөхдөө хэдэн литр агаар өгөхөө яаж тооцох вэ
Хамрын гуурсаар 1л агаар өгөхөд spo2 4%р шууд нэмэгдээд spo2 90%аас шууд 94 болохгүй биз дээ
Тэр хүний цусан дахь хүчилтөрөгтэй холбогдсон гемоглобиноос хамаарна гэхээр ABGAын үр дүн , оксиметрын заалт хэвийн гартал өвчтөний амьсгал хэвийн болох хүртэл өгөх ёстой юу?
21/08/2016 16:26