Батганы бусад хэлбэрүүд (Acne variants)
Батга нь олон хэлбэртэй байдаг. Тухайлбал өсвөр насны дараа үүсэх батга, түргэн явцтай батга, конглобата батга, механик батга гэх мэт байдаг. Эдгээр батганууд нь өөрсдийн гэсэн онцлогтой , эмчилгээ нь ч мөн ялгаатай байдаг.
Өсвөр насны үеийн дараа үүсэх батга (Post-adolescent acne)
25-аас дээш насны эмэгтэйчүүдэд үрэвсэлт батга илүүтэйгээр тохиолддог ба сарын тэмдэг ирэхийн өмнөх долоо хоногт их өвчин эмзэглэлтэй, гүн байрласан зангилаат гүвдрүү (papulonodules) нүүрний доод хэсэг болон хүзүү хэсэгт гардаг. Ойролцоогоор эдгээр эмэгтэйчүүдийн 1/3-д нь гиперандрогенизмийн бусад шинжүүд илэрч байдаг, гэвч андрогений түвшнээс үл хамааран даавар эмчилгээ энэ үед үр дүнтэй байдаг. Комедон хэлбэр давамгайлсан насанд хүрэгчдийн батганы үед тамхи таталт нь энэ хэлбэрийн батганы илрэлд хамааралтай байдаг байна.
Түргэн явцтай батга (Acne fulminans)
Түргэн явцтай батга (acne fulminans) нь батганы хүнд хэлбэр бөгөөд зангилаат өөрчлөлт гэнэт үүсдэг онцлогтой ба системийн өөрчлөлттэй хавсран илэрдэг. 13-16 насны эрэгтэй хүүхдүүдэд тохиолддог ба нийтлэг бус тохиолддог хэлбэр юм. Хөнгөнөөс дунд явцтай батгатай өвчтөнүүдэд олон тоогоор байрласан микрокомедонууд нь гэнэт задарч, үрэвсэж эхэлдэг. Эдгээр нь түргэн хугацаанд хоорондоо нийлж, өвдөлт ихтэй, шүүсэрхэг, хөвсгөр хөрзөнтэй цусархаг тавыг үүсгэдэг.
Нүүр, хүзүү, цээж, нуруу ба гарын бүх хэсэг өртдөг. Тууралт нь идээлэх хандлагатай ба сорви үүсгэдэг. Арьсны тууралт нь ясны остеолитик өөрчлөттэй хавсардаг (osteolytic bone lesions). Эгэм, өвчүү нь голчлон өртдөг хэсэг болдог ба мөн шагай, бугалга, ууц, ташааны үеүдийг хамардаг. Системийн өөрчлөлтөнд халуурах, үеэр өвдөх, булчингаар өвдөх, элэг дэлүүний томрол болон бие сульдах зэрэг багтдаг. Түргэн явцтай батга нь (acne fulminans) үений уутны үрэвсэл (synovitis), батга (acne), идээт цэврүүнцэрт тууралт (pustulosis), хэт ясжил (hyperostosis), ясны үрэвсэл (osteitis) гэх хам шинжтэй хамааралтай байдаг (SAPHO). Түргэн явцтай батга (acne fulminans) нь зангилаат улайралтай(erythema nodosum) хавсран илэрдэг. Лабораторийн шинжилгээнд олон янзын өөрчлөлт илэрдэг ба үүнд СОЭ уртсах, протеинури, лейкоцитоз, болон цус багадалт зэрэг багтдаг. Лабораторийн шинжилгээ нь оношлогоонд шаардлагатай бус гэвч эмнэлзүйн үе шат болон эмчилгээний үр дүнг үнэлэхэд хэрэглэгддэг.
Түргэн явцтай батга (acne fulminans)-ны эмчилгээнд ихэвчлэн кортикостероид болон изотретиноин уулгах нь багтдаг ба ихэвчлэн эмчилгээ эхлэх үед болон хурц үрэвсэл намдсаны дараах үед бага тунгаар уулгадаг. Өвөрмөц тохиолдолд изотретиноин эмчилгээ хийж байх эхний хэдэн долоо хоногийн хугацаанд түргэн явцтай батга (acne fulminans) төст тууралт гардаг, үүнээс сэргийлэхийн тулд изотретиноиныг бага тунгаар эхлүүлдэг. Энэ өвчний нэмэлт эмчилгээнд хэсгийн кортокостероид, антибиотик уухаар, TNF-α болон дархлаа дарангуйлагч (жш: azathioprine)-ийг хэрэглэдэг. Дапсон (Dapsone) нь зангилаат улайралтай(erythema nodosum) хавсарсан тохиолдолд хэрэглэхад үр дүнтэй байдаг.
Конглобата батга болон үүнтэй төстэй өөрчлөлтүүд (Acne conglobate and associated conditions)
Конглобата батга нь зангилаат хүүдийт батганы (nodulocystic acne) хүнд хэлбэр бөгөөд гэнэт задардаг гэхдээ системийн өөрчлөлт илэрдэггүй онцлогтой. Фолликулыг бүхэлд нь бөглөдөг хүнд явцтай батганы төрөл ба үрэвсэл гүнзгийрэн хуйхны целлюлит, мөн идээлсэний улмаас гидраденитийг үүсгэдэг.
Идээт артрит (sterile pyogenic arthritis), дермийн үхжилт өөрчлөлт (pyoderma gangrenosum), конглобата батга эдгээр нь аутосомийн доминантаар удамшдаг аутоүрэвсэлт өвчин болох PAPA хам шинжтэй хамааралтай тохиолддог, энэ эмгэгийн шалтгаан нь пролин-серин-треонин фосфотазагийн харилцан үйлчлэлийн уураг 1(proline-serine-threonine phosphatase interacting protein 1 PSTPIP1), мөн CD2 антиген-холбогч уураг 1(CD2 antigen-binding protein 1(CD2BP1)-ийн генийн мутацитай холбоотой. CD2BP1-ийн гажиг нь үрэвслийн эсрэг хариу урвалыг нөхцөлдүүлж байдаг физиологийн сигналыг дарангуйлдаг бөгөөд актины шинэчлэлтэнд үүрэг гүйцэтгэдэг ба пирин уурагтай харилцан үйлчлэлцэлд ордог. Конглобата батга-ийн гурвал, идээт гидраденит, пиодермийн үхжилт өөрчлөлтүүд нь мөн PAPA хам шинжээс тусдаа тохиолдож болдог. Зангилаат хөндийт батга болон хэвлийн үрэвсэлт өвчнин нь хоорондоо хамааралтай байдаг нь ажиглагдсан, энэ тохиолдолд батганы эмчилгээ тухайлбал тетрациклин, изотретиноиныг хэрэглэдэг.
Нүүрний хатуу хаван (solid facial edema)
Энгийн батганы ховор тохиолддог, өвөрмөц хүндрэл нь нүүрний хатуу хаван юм (Morbihan’s disease). Эмнэлзүйд нүүрний дундаж шугам болон хацраар зөөлөн эдийн хаван үүссэн байдаг.
Эритематай хавсарсан ой мод хэлбэрийн хатуу нэвчдэс үүсдэг. Нүүрний хатуу хавангийн эмгэг жамыг архаг үрэвслийн явцад үүссэн фиброз( шигүү мөхлөгт эсийн нөлөөт) болон тунгалгийн зангилааны урсгалын дутагдалтай хамааралтай гэж үздэг, мөн ихрүүдэд шинж тэмдэг ижил илэрдэгээр нь генетикиийн хүчин зүйл нөлөөлж байна гэж үзэж байна.Ягаан батга болон Melkersson-Rosenthal хам шинжтэй өвчтөнүүдэд ижил өөрчлөлт илэрдэг. Нүүрний хатуу хаван аяндаа үүсэх нь ховор байдаг. Эмчилгээнд изотретиноин ( өдөрт 0.2-1 мг/кг), дангаар нь эсвэл кетотифентэй хавсруулан (өдөрт 1-2 мг), эсвэл преднизолон (өдөрт 10-30 мг) 4-5 сарын турш хэрэглэдэг.
Механик батга (Acne mechanica)
Тос, үсний булчирхайн нэгж нь механик хүчин зүйл болон үрэлтийн улмаас бөглөрч хоёрдогчоор батга гарахыг механик батга гэнэ. Үүний үр дүнд комедо бүрэлдэн хэлбэрждэг. Үрэлт үүсгэдэг механик хүчин зүйлд дуулга, эрүүний боолт, татуургатай бүс, хүзүүвч зэрэг багтдаг. Механик батганы сонгодог жишээ нь хийлчийн хүзүү бөгөөд хүзүүний гадна хэсэгт хийл байрладаг газарт олон дахин гэмтэл учирсаны улмаас ширшил, хэт нөсөөжилтөт хөрзөн комедонтой хавсарсан байдаг. Механик батганы хамарсан талбай нь шугаман болон геометрийн дүрс үүсгэн тархдаг. Эмчилгээний гол зорилго нь сэдээгч хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байдаг.
Зулгархайт батга (Acne excoriee des jeunes filles)
Зулгархайт батга гэх нэршлийг таамаглаж өгсөн байдаг ба энэ батга нь анхдагчаар залуу эмэгтэйчүүдэд тохиолддог. Энгийн комедон болон үрэвсэлт гүвдрүү нь системчилж зулгархайтай хэсгээр гардаг, улайсан тавнаас сорви үүсдэг. Өөрөөс шалтгаалан шугамт улайлт үүсдэг (өөрөө маажиж, урсаны улмаас) ба сэтгэцийн өөрчлөлт хавсран илэрдэг. Хувь хүнд сэтгэлийн түгшүүр, хэтэрхий их албадлага эсвэл бие хүний эмгэг зэрэг нь энэ өвчинд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Сэтгэл гутралын эсрэг эм эсвэл сэтгэл засах эмчилгээг эдгээр өвчтөнд хэрэглэдэг.
Эмийн шалтгаант батга (Drug induced acne)
Олон янзын эмийн гаж нөлөөний улмаас батга эсвэл батга төст тууралт гардаг.
Эмийн шалтгаант батганы үед ихэвчлэн гэнэт, нэгэн төрлийн үрэвсэлт гүвдрүүт болон идээт цэврүүнцэрт тууралт гардаг ,
эсрэгээрээ энгийн батганы үед янз бүрийн морфологи элементтэй тууралт үүсдэг.
Өндөр тунгаар кортикостероидыг уухаар болон тариагаар хэрэглэх үед ихэвчлэн нуруу болон цээж хэсгээр батга төст тууралт тархмал гардаг. Нүүрэн дээр хэсэг газрын кортикостероид хэрэглэхэд тохирохгүй байгаа тохиолдолд мөн стероидын шалтгаант батга (мөн ягаан батга) үүсдэг. Кортикостероидын бие дэх тархалт ихсэх үед улайсан суурин дээр үрэвсэлт гүвдрүүт болон идээт цэврүүнцэрт тууралт үүссэн байдаг. Кортикостероидын хэрэглээг зогсоосон ч гэсэн “стероид хамааралт” тууралт удаан хугацаагаар үргэлжилсээр байдаг. Ийм тохиолдолд эмчилгээний түүхээс үзэхэд яг стероид эм хэрэглээгүй тохиолдол ч байдаг. Тйимээс эмчилгээ хийгдэж байсан бүхий л түүхийг судлах хэрэгтэй болдог, үүнд хийлгэж байсан эмчилгээ, нэмэлт тэжээл мөн түүнчлэн эмчилгээний процедур, нөлөөт хүчин зүйл зэргийг судлах хэрэгтэй болдог, эдгээр нөлөөлдөг эм, бүтээгдэхүүнүүдийг хүснэгт 1 харууллаа.
Мэргэжлийн шалтгаант батга , гоо сайхны бүтээгдэхүүний болон үсний будагны шалтгаант батга (Occupational acne, acne cosmetic )
Усанд уусдаггүй, фолликул бөглөдөг бодистой харьцдаг орчинд ажилладаг үед мэргэжлийн шалтгаант батга үүсдэг. Эдгээр бодисуудад модны тос, газрын тостой холбоотой бүтээгдэхүүнүүд, хлоржуулсан гидрокарбонатууд, давирхайн тос зэрэг нь багтдаг. Эмнэлзүйд комедон давамгайлсан байдаг ба олон тооны гүвдрүү, идээт цэврүүнцэр болон цистик буюу хүүдийт хэлбэрийн тууралтууд тархсан байдаг, ялангуяа эдгээр бодисуудаар бүрхэгдсэн гадаргууд гардаг. Анхдагчаар нүүрэн дээр комедонт батга гардаг ( хаалттай батга илүү давамгайлдаг), мөн фолликул бөглөдөг гоо сайхны бүтээгдэхүүн (acne cosmetica) эсвэл үс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн (pomade acne, favors forehead and temples) үед батга гардаг.
Хлоракне (Chloracne)
Хлоракне нь мэргэжлийн шалтгаант батганы нэршил бөгөөд хлоржуулсан ароматик гидрокарбонатын улмаас үүсдэг, энэ бодистой харилцан үйлчлэлцэж хэдэн долоо хоногийн дараагаар тууралт нь үүсэж идэвхждэг. Нүүрний чих уруудсан хэсэг болон эрүү, хүзүү мөн суга, цавь хэсгээр жижигхэн цистик буюу хүүдийт гүвдрүү болон зангилаа гардаг, мөн өгзөг, их бие хэсгээр янз бүрийн тархалттай гарч болдог. Цистик буюу хүүдийт тууралт нь сорви болж эдгэрдэг, энэ өвчин нь хэдэн жилийн хугацаанд үе үе дахидаг. Эдгээр нөлөөлдөг хүчин зүйлүүдэд цахилгаан дамжуулах утас, цахилгааны бүрээс, шавжны хор, мөөгөнцөр устгагч, ургамлын хор, мод хамгаалагч зэрэг бүтээгдэхүүнд агуулагддаг: полихлоржуулсан нафтален, бифенил, дибензофуран болон дибензодиоксин, полибронжсон нафтален, бифенилүүд, тетрахлороазобене болон тетрахлороазоксибензене зэрэг бодисууд болдог.
Энэ өвчний үеийн менежмент нь ажлын нөхцөлд химийн хүчин зүйлтэй харилцан үйлчлэлцэхээс сэргийлэх нь гол зорилго болдог. Эмийн эмчилгээнд хэсгийн болон уухаар ретиноид хэрэглэдэг.
Нярайн батга (Neonatal acne, neonatal cephalic pustulosis)
Эрүүл төрсөн нярайн 20% ба түүнээс дээш хувьд нь нярайн батга тохиолддог. Тууралт нь ихэвчлэн амьдралын эхний 2 долоо хоног болон эхний 3 сард ерөнхийдөө үүсдэг. Жижиг, үрэвссэн гүвдрүүт-идээт цэврүүнцэрт тууралт(комедон илэрдэггүй) хацар, хамрын нум хэсгээр анхдагчаар гардаг ч дух, эрүү, хүзүү болон биеийн дээд хэсгийг хамарч болдог.
Нярайн батганы эмгэг жам нь маргаантай байдаг. Зарим судлаачид шалтгааныг нь Malassezia spp (жш: sympodialis, fufur)-ийн эсрэг үүссэн үрэвслийн хариу урвал гэж үздэг, иймээс нэрийг нь “нярайн толгойн идээт цэврүүнцэр- neonatal cephalic pustulosis” гэж нэрлэх нь бий. Эмнэлзүйн шинж тэмдгээс үндэслэн эмчилгээнд хэсгийн имидазолууд ( жш: кетоконазол 2%) –ийг хэрэглэдэг. Нярай үед тосны булчирхайн идэвхижил болон тосны хэт их ялгарал үүсэх нь өвчинд мөн нөлөөлдөг. Амьдралын эхний хэдэн сарын дараагаар тосны ялгаралт багассаны улмаас нярайн батганд өртөх өртөмхий байдал нь хязгаарлагддаг байна. Гэсэн хэдий ч хэсгийн имидазол нь эмчилгээнд үр дүнтэй байдаг.
Нялхсын батга(Infantile acne)
Хэрвээ батга 3-12 сартай хүүхдэд ( заримдаа 18-24 сар) тохиолдвол нялхсын гэсэн ангилалд оруулдаг.
Нярайн батганаас эсрэгээрээ комедон давамгайлан илэрдэг мөн цэгчилсэн сорви үүсдэг байна. Зарим тохиолдолд идээт зангилаа болон гүн байрласан цистик буюу хүүдийт тууралт гардаг. Нялхсын батганы эмгэг жам нь андрогений нийлэгжилттэй хамааралтайгаар идэвхжиж үүсдэг. Эрэгтэй хүүхдүүдэд амьдралын эхний 6-12 сарын хугацаанд тестостерон дааврын нийлэгжилт ихэссэний улмаас LH-лютейнжүүлэгч дааврын хэмжээг нэмэгдүүлдэг ( бэлгийн бойжлын үеийн хэмжээтэй тэнцүү ) мөн эрэгтэй болон эмэгтэй хүүхдүүдийн хоёуланд нь бөөрний дээд булчирхайнаас DHEA-дигидроэпиандростероний нийлэгжилт нэмэгдэж, түвшин нь ихэсдэг. Андрогений түвшин нь 12 сараас багасаж, хэвийн хэмжээнд хүрдэг ба адренергийн доод түвшинд хүрдэг.
Ховор тохиолдолд нялхсын батга нь бэлгийн бойжилт хүртэл тогтвортой үргэлжилж болдог. Эмчилгээний эхний эгнээнд хэсгийн ретиноид (жш: третиноин, адапален) болон бензоилпероксидийг хэрэглэдэг. Антибиотикийг (эритромицин, азитромицин) үрэвсэл хүндэрсэн өвчтөнүүдэд уухаар хэрэглэхэд үр дүнтэй байдаг, мөн изотретиноиныг зангилаат хүүдийт эсвэл эмчилгээнд тэсвэртэй батганы үед хэрэглэдэг.
Дотоод шүүрлийн хэвийн бус байдал (Endocrinologic abnormalities)
Хэдийгээр батгатай ихэнх өвчтөнүүдэд дотоод шүүрлийн өөрчлөлт мэдэгдэхүйц хэмжээгээр өөрчлөгддөггүй ч, гирсутизм буюу хэт их үсжилттэй эсвэл сарын тэмдгийн алдагдалтай эмэгтэйчүүдэд гиперандрогенизм их тохиолддог, түүнчлэн хүүхдүүдэд 2-7 насны хооронд батгаших хандлага байдаг. Эдгээр өвчтөнүүдэд батга нь ихэвчлэн хүнд явцтай эсвэл эмчлэгдэхдээ түвэгтэй байдаг, мөн гэнэт батгашилт тохиолддог. Гиперандрогенизмтай эмэгтэй болон хүүхдүүдэд илрэх бусад шинж тэмдэгүүдэд дуу хоолой ширүүн болох, булчинлаг болох, андрогений үс халзрал, хэлүү томрох, бэлгийн дур хүсэл нэмэгдэх зэрэг болно. HAIR-AN хам шинжийн гиперандрогенизм нь инсулинд тэсвэртэй байдал болон акантоз нигриканс (acanthosis nigricans)-тай хавсарсан байдаг. Эдгээр өвчтөнүүд нь чихрийн шижин болон зүрх судасны өвчинд өртөх өндөр магадлалтай байдаг.
Асуумж болон бодит үзлэгийг сайн хийсний үр дүнд гипеандрогенизмтай өвчтөнүүдийг илрүүлдэг, мөн өвчтөнүүдийн нас болон бэлгийн бойжилт нь оношлогоонд чухал хүчин зүйл болдог. Гиперандрогенизмтай бэлгийн бойжилтын өмнөх охид, хөвгүүд болон бэлгийн бойжилтын дараах эмэгтэйчүүдэд үнэлгээг зохистой хийх хэрэгтэй байдаг. Жирэмснээс хамгаалах эм ууж байгаа өвчтөнүүдэд лабораторийн шинжилгээ хийх шаардлагагүй байдаг. Эм уугаагүй тохиолдолд анхдагчаар сийвэнгийн чөлөөт болон нийт тестостерон, DHEAS-дигидроэпиандростерон сульфат мөн 17-гидроксипрогестеронийг үздэг. Гиперкортисолизмын шинж тэмдгүүд илэрсэн өвчтөнүүдэд өглөөн цагаар(AM) сийвэнгийн кортизолийн түвшинг үздэг ба бэлгийн бойжилтоос өмнөх насны хүүхдүүдэд рентгенд гар болон бугуйны ясжилтын хэмжээг үздэг.
Гиперандрогенизмийн үед гормоны нийлэгжилтийн эмгэгийг ойлгох нь чухал байдаг. Жишээлбэл, сийвэнгийн DHEAS-дигидроэпиандростерон сульфат эсвэл 17-гидроксипрогестероний түвшин нь андрогений нийлэгжилт ихсэж байгааг илтгэдэг. Эдээр дааврын түвшин ихсэх нь шалтгааныг илрүүлэхэд чухал нөлөөтэй байдаг. DHEAS-дигидроэпиандростеронсульфатийн хэмжээ 4000-8000 нг/мл эсвэл 17-гидроксипрогестероний хэмжээ >3нг/мл үед төрөлхийн бөөрний дээд булчирхайн гиперплазийг илтгэдэг. Бөөрний дээд булчирхайн энзимийн дутагдалд ихэвчлэн 21-гидроксилаз эсвэл 11- гидроксилаз багтдаг. Эдгээр энзимүүдийн хүнд хэлбэрийн дутагдал нь нялхас үед илүү тохиолддог бол хагас буюу бүрэн бус дутагдал нь өсвөр насныханд илүү илэрдэг. Хэрвээ сийвэнгийн DHEAS-дигидроэпиандростеронсульфатийн хэмжээ >8000 нг/мл эсвэл тестостероны түвшин ихсээгүй байгаа тохиолдолд бөөрний дээд булчирхайн хавдар сэжиглэгддэг.
Хэрвээ тестостероны хэмжээ (чөлөөт болон нийт) ихэссэн, DHEAS-дигидроэпиандростеронсульфатийн хэмжээ харьцангуй хэвийн тохиолдолд, өндгөвчний үйл ажиллагаанд өөрчлөлттэй байдаг. Өндгөвчний олон уйланхайжих хам шинж (Polycystic ovary syndrome PCOS) нь тестостероны өсөлттэй хамааралтай байдаг, энэ үед тестостероны хэмжээ 100-200 ng/dl хооронд хэлбэлздэг. Мөн энэ үед LH/FSH-ийн харьцаа ихэсдэг нь ажиглагдсан. Өндгөвчний олон уйланхайжих хам шинжийн үед (Polycystic ovary syndrome PCOS) сарын тэмдгийн алдагдал, үсжилт (hirsutusm), таргалалт, инсулинд тэсвэртэй байдал болон жирэмслэлтийн тохиолдол нь багасдаг. Сийвэнгийн тестостероны хэмжээ 200 ng/dl-ээс ихэссэн тохиолдолд өндгөвчний хавдрыг сэжиглэдэг.
Эх сурвалж: Jean L Bolognia MD, Joseph L Jorizzo MD, Julie V Schaffer MD “Dermatology” third edition 2012 ADNEXAL DISEASES SECTION,Acne Vulgaris