Хоёр харах (хоёрдол) зовиуртай өвчтөнүүдэд үзлэг хийх 4 алхам
Хоёр харж байгаа зовиуртай өвчтөн бүрт анхааралтай үзлэг хийж ялган оношлох хэрэгтэй. Хоёрдол нь буруу харааны шил зүүснээс илэрч болох ч амь насанд аюултай шигдээс ч байх боломжтой. Тиймээс шинээр илэрч байгаа хоёр харж байна гэсэн зовиуртай өвчтөнд дараах 4 алхмын дагуу үзлэг хийнэ.
1. Үнэхээр хоёр харж байна уу?
Өвчтөн юмсыг хоёр болгож харж байгаа эсэхийг үнэлнэ. Заримдаа өвчтөний хараа нь бүрэлзсэн эсвэл дүрс гажуудсан үед хоёр харж байна гэж хэлдэг. Мөн астигматизмын (шилний нэг төрлийн гажиг) үед дүрс татагдаж сунасан мэт харагддаг. Болрын цайлтын үед гэрэл тойрсон хүрээ харагддаг нь мөн хоёр харж байгаа мэт өвчтөнд санагддаг. Гэвч болрын цайлт ихэвчлэн аажим явагддаг боловч зарим тохиолдолд хурдан явагдаж шинж тэмдэг харьцангуй түргэн илэрдэг. Өвчтөн хоёр харж байгаа эсэхийг тодруулахын тулд дараах асуултуудыг асууна.
- Хоёр тусдаа дүрс харж байна уу?
- Хэрвээ тийм бол энэ 2 дүрс нь хөндлөн, босоо, ташуу аль чиглэлд хоёр харагдаж байна вэ?
- Нэг нүдээ таглах үед хоёр харж байгаа нь арилж байна уу?
- Хэрвээ нэг нүдээ таглахад хоёр харж байгаа нь арилж байвал хоёр нүдний хоёрдол гэж нэрлэнэ. Тиймээс зовхи, хүүхэн хараа, нүдний булчингуудыг үнэлэх шаардлагатай.
- Хэрвээ нэг нүдээ таглахад хоёр харж байвал нэг нүдний хоёрдол гэж нэрлэнэ. Эвэрлэг, болор, шилэнцрийн эмгэг байгаа эсэхийг оношилно. Нэг нүдний хоёрдол нь ихэвчлэн амь насанд аюултай өвчинтэй холбоогүй байдаг.
- Аль нэг тийш харахад хоёр харах зовиур нэмэгдэж байна уу?
- Хэрвээ аль нэг чиглэлд хоёрдол ихэсч байвал ихэвчлэн нүдний булчинтай холбоотой байдаг. Хэрвээ дээшээ харахад ихэсч байвал гэмтлийн улмаас булчин хавчуулагдсан эсэхийг үгүйсгэх хэрэгтэй. Бөөм хоорондын нүдний сааны (internuclear ophthalmoplegia) үед хөндлөн чиглэлд хоёрдол үүсдэг бөгөөд хөгшин хүмүүст цус хомсролын улмаас, залуу хүмүүст миелингүйжих өвчний шалтгаантай байдаг.
- Хоёрдол үүсэхдээ гэнэт үүсч байнгын ажиглагдаж байгаа юу?
- Гэнэт үүссэн байнгын хоёрдол нь ихэвчлэн бусад эрхтэн тогтолцооны өвчний шалтгаантай байдаг. Аль нэг тархины хос мэдрэлийн саа дангаараа тохиолдох үед хоёрдол нь гэнэт үүсч тогтмол байдаг. Энэ эмгэг нь яаралтай эмгэг биш ч гэсэн судасны өвчин хавсарсан хүмүүст мэдрэлийн дүрс оношилгооны шинжилгээ хийх хэрэгтэй. Бусад шалтгаанд каверноз синусийн эмгэг орох бөгөөд тархины олон хос мэдрэлийг хамардаг. Нүүрний өвдөлт эсвэл мэдээ алдах зовиур нэмэлтээр илэрвэл каверноз синусийн эмгэг байх магадлалыг ихэсгэнэ. Нүд бүлтийх (проптоз), эписклер болон салстын судас өргөсөх нь мөн каверноз синусийн эмгэгийг илтгэх нэмэлт шинж тэмдэг болдог.
Хоёрдолын зарим нийтлэг шалтгаанууд
2. Зовхи, хүүхэн хараа болон нүдний гадна булчингуудыг үнэлэх
Зовхи
Хоёрдол болон нэг нүдний зовхины буулт хамт илрэх нь тархины 3-р хос мэдрэлийн шалтгаантай байж болно. Хүнд зэргийн зовхины буулт нь хоёр харах зовиурыг далдалдаг. Хүүхэн харааны өөрчлөлтгүй хоёр нүдний зовхины буулт нь, ялангуяа зовхины буултын хэмжээ нь өөр өөр бөгөөд амрахад сайжирдаг бол миастени грависын шинж юм. Харин эсрэгээрээ зовхины ретракц (татах) болон лагофтальм үүссэн үед бамбайн шалтгаант нүдний эмгэгийг бодох хэрэгтэй. Нэг нүдний зовхины буулттай хамт тэр талдаа хүүхэн хараа нь нарийн бол Горнерын хам шинж байж болно. Симпатикийн мэдрэлийн ширхгүүд нь гүрээний дотор артерийн хажуугаар явдаг бөгөөд гүрээний дотор артерийн диссекцийн үед өвдөлттэй Горнерийн хам шинж илэрнэ. Гүрээний дотор артерийн диссекц нь хоёр харах эсвэл түр зуур нэг нүдний хараа алдах зовиураар илэрч болно.
Хүүхэн хараа
Хүүхэн хараа хамарсан 3-р мэдрэлийн саа нь хоёр харах шалтгаануудын хамгийн аюултай шалтгаан юм. Нэг нүдний хүүхэн хараа өргөсч 3-р мэдрэлийн саа үүсэх нь цус хомсролоос илүү дарагдлын шалтгаантай байдаг. Ийм өвчтөнүүдэд яаралтай мэдрэлийн дүрс оношлогооны шинжилгээ болон ангиографи хийж аневризмыг ялган оношлох шаардлагатай. Хавдар мөн хүүхэн харааны өнгөц байрлах ширхгүүдийг дарах боломжтой учраас хүүхэн хараа өргөссөн хоёрдол илэрсэн өвчтөнүүдэд үргэлж мэдрэлийн дүрс оношилгооны шинжилгээ хийх хэрэгтэй.
Нүдний гадна булчингууд
Нүдний гадна булчингийн хөдөлгөөнийг шалгах нь гэмтэл болон бамбайн нүдний эмгэгийн улмаас булчингийн хөдөлгөөн хязгаарлагдсан эсэхийг оншилно. Хэрвээ өөр өөр чиглэлд хоёр нүдний хөдөлгөөн ялгаатай (комитант) байвал өөр өөр чиглэлд хоёрдолын хэмжээ ч мөн өөр байна. Комитант бус байвал булчингийн сааны шалтгаантай байх нь элбэг байдаг.
3. Аюултай тохиолдлуудыг ялган оношлох
Гэнэт эхэлсэн байнгын хоёр харах зовиур нь нэмэгдэж байгаа бол төв мэдрэлийн тогтолцооны цус хомсрол болон гэмтлийн шалтгаантай байх боломжтой. Бусад зовиурууд болох хүүхэн харааны өөрчлөлт, тархины хос мэдрэлүүдийн өөрчлөлт илэрвэл амь насанд аюултай байх эрсдэлтэй.
Дараах зовиурууд илэрч байгаа эсэхийг асуух хэрэгтэй.
- Толгой өвдөх
- Булчин сулрах
- Нүүр унжих
- Хэл яриа ээдрэх
- Ухаан санаа самуурах
- Тэнцвэр алдагдах
- Нүд эсвэл нүүрний өвдөлт
- Хүзүү өвдөх
Тархины хос мэдрэлүүдийг шалгах нь амь насанд аюултай өвчнийг ялган оношлох болон хоёр харж байгаа шалтгааныг ялгахад тустай. Аюултай шинж тэмдгүүд нь харааны чадал, нүүрний мэдрэхүй болон нүүрний булчингийн хүч тус тус буурах юм.
Хоёрдол илэрдэг 2 аюултай эмгэг:
- Хоёрдолтой хамт хүүхэн хараа ижил биш байх
MRI, CT/CTA яаралтай хийж ямар нэгэн масс эсвэл аневризм байгаа эсэхийг оношлох
- Хоёрдолтой хамт тархины олон хос мэдрэлийг хамарсан өөрчлөлт илрэх
Эмгэгт өртсөн тархины хос мэдрэлүүд нь тархины өөрчлөлтөнд орсон хэсгийг баримжаалахад тусална. Аль нэг тархины хос мэдрэлийн эмгэг дангаараа тохиолдвол ихэвчлэн цус хомсролын шалтгаантай (чихрийн шижин, артерийн гипертенз) байдаг боловч олон мэдрэлүүдийг хамрах нь хавдар эсвэл шигдээс гэх мэт амь насанд аюултай өвчний шалтгаантай байдаг. Каверноз синусийн эмгэгийн үед олон мэдрэл мөн хамардаг нь синусээр мэдрэлүүд явахдаа ойролцоо байрладгаас болдог. Артер венийн фистул, каверноз синусийн хавдар болон аневризмийн үед хоёрдол илэрдэг.
4. Хамгийн нийтлэг шалтгааныг бод
Амь насанд аюултай өвчнүүдийг үгүйсгэсний дараа хамгийн боломжтой шалтгаан дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрвээ өвчтөн шил зүүдэг бол зөвхөн шилээ зүүсэн үед зовиур илэрч байгаа эсэхийг асууна. Хэрвээ өвчтөнд зөвхөн ойрыг харах үед хоёр харагддаг бол конвергенцийн алдагдлыг бодох хэрэгтэй. Энэ эмгэг нь бүх насныханд тохиолддог. Өвчтөнд ихэвчлэн ойрын зайд ажил хийсний дараа зовиур илэрдэг. Энэ төрлийн хоёрдол нь үе үе илрэх бөгөөд ядрах үед зовиур ихэснэ.
Хоёр харах зовиуртай өвчтөнүүдэд нүдний асуумжийг сайн авах хэрэгтэй. Хүүхэд насандаа хяларын мэс засалд орсон эсвэл хаалт эмчилгээ хийж байсан бол заримдаа дахих тохиолдол байдаг. Мөн ээнэгшлээ алдаж буй фориагийн үед фузи алдагдаж хоёрдол үүсдэг. Энэ тохиолдолд призмтэй шил зүүх үед заримдаа эмчлэгддэг. Эдгээр өвчтөнүүд үе үе хоёр харагддаг гэж зовиурлах боловч яваандаа хоёрдол нь нэмэгддэг.
Ном зүй
Medscape ophthalmology