Парвовирус В19 –ийн халдвар
67 настай эмэгтэй, 6 долоо хоногийн өмнөөс амьсгаадаж эхлэсэн ба улам хэцүү болж байгаа гэсэн зовиуртай яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн. Тэрээр 8 жилийн өмнө уушги шилжүүлэн суулгуулсан өгүүлэмжтэй. Микофенолат мофетил, такролимус ууж дархлаа дарангуйлдаг. Лабораторийн шинжилгээгээр гемоглобин 6,9 г/дл (лавламж 11,9-17,2 г/дл) бүхий нормоцит цус багадалт илрэв. 6 долоо хоногийн өмнө гемоглобины түвшин 12,7 г/дл байсан. Цагаан эс, ялтас эсийн тоо хэвийн. Ретикулоцитын индекс 0% байсан тул улаан эсийн аплази эсвэл апластик цус багадалт сэжиглэсэн.
Ясны чөмгөний хатгалтаар дээж авч шинжлэхэд гранулопоэз ба мегакариопоэз хэвийн, харин эритропоэз буурсан байв. Мөн суурьлаг, хоосовч бүхий цитоплазм, нягтралтгүй хроматин, мөн том, интрануклеар бүхий ягаан өнгөөр будагдсан вирус агуулсан аварга проэритробластууд илэрсэн. Эдгээр хариунд үндэслэн парвовирус В19 халдварыг таамаглахад, полимераз-гинжин урвалын шинжилгээгээр батлагдсан. Өвчтөнд улаан эс сэлбэж, венийн судсаар иммуноглобулин эмчилгээ хийсэн. Эмнэлгээс гарахад гемоглобин өссөн байсан бол 6 сарын дараа цус багадалт бүрэн арилсан.
Парвовирус В19 халдварын товч ойлголт
Жижиг, дан утаслаг ДНХ агуулсан, липидэн бүрхүүлгүй. Ясны чөмгөнд өсөж буй эритройд прогенитор эс, ургийн элэг, ургийн хүй, захын цусанд Р-антигенийхаа тусламжтай хурдан халдварлаж өсдөг.
Парвовирус В19 халдвартай ихэнх хүмүүст эмнэлзүй илэрдэггүй буюу хөнгөн, өвөрмөц, ханиад төст зовиур илэрдэг ч хэд хэдэн өвчинтэй хамааралтай байдаг. Энэхүү халдвартай хүүхдэд илэрдэг сонгомол шинж бол халдварын улайралт болох (erythema infectiosum) “алгадуулсан хацарны шинж (slapped-cheek)” нэг буюу 2 хацар дээр илэрнэ. Вирусын халдварлах чадвар маш өндөр ба амсгал дуслаар халдварлана. Харин тууралт илэрснээр халдварлахаа болино.
Цочмог ба байнгын артропати, гүвдрүү, улайралт шархлаа (purpuric eruptions) гар хөл дээр гарах ба үүнийг “бээлий, оймсны хам шинж” гэнэ.
Парвовирус В19 халдвар улаан эсийн төлжилтийг цочмогоор зогсоосноор түр зуурын төлжилгүйдлийн хямрал, улаан эсийн архаг төлжилгүйдэл, аминд аюултай ургийн хаван (hydrops fetalis), төрөлхийн цус багадалт үүсгэдэг. Ялангуяа төмөр дутагдлын цус багадалттай, ДОХ-той, хадуур эст цус багадалт, талласеми, сфероцитоз гэх мэт өвчний улмаас улаан эсийн амьдрах хугацаа багассан өвчтөнүүдэд илүү тохиолдох хандлагатай. Хэрвээ халдварын улайралт илэрсэн бол эмнэлзүйн оношийг лабораторийн шинжилгээгүй тавих боломжтой. Лабораторын шинжилгээ хийх бол дархлаа дарангуйлагдах өвчингүй хүмүүст иммуноглобулин М шинжлэхийг зөвлөдөг, харин төлжилгүйдлийн хямралтай, дархлаа дарангуйлагдсан өвчтөнүүдэд вирусын ДНХ шинжилгээ хийнэ. Эмчилгээнд шаардлагатай бол цус сэлбэх, венийн судсаар иммуноглобулин тарина. Ихэнх өвчтөн бүрэн эдгэрдэг.
Эх сурвалж:
- Marika Mende, M.D., and Katja Sockel, M.D. “Parvovirus B19 infection” N Engl J Med 2018; 379:2361
- JESSICA T. SERVEY at al “Clinical Presentations of Parvovirus B19 Infection” American Academy of Family Physicians 2017
- “Parvovirus B19 Infection” by Mayo Clinic Staff