С – урвалж уураг (CRP)
Цочмог үрэвсэлтэй өвчтөний ийлдсэнд пневмококкийн бүрхүүлийн карбогидрат (“c” carbohydrate ) эсрэгбиетэй урвалд орж буй уураг байгааг 1930 онд Тиллет, Францис нар нээснээр С-урвалж уураг буюу CRP гэж нэрлэсэн.
CRP нь элгэнд нийлэгждэг пентамер бүтэцтэй уураг ба үрэвслийн үед нийлэгжил ихэсдэг.
Халдварт ба халдварт бус цочмог, архаг үрэвсэлт өвчнүүд С-урвалж уураг ихсэх шалтгаан болдог. С урвалж уургийн түвшин бусад шалтгааны үед дунд зэргээр нэмэгддэг. Мөн гэмтлийн үед ихэснэ. Гэхдээ халдвар С-урвалж уургийг илэрхий ихэсгэдэг.
Үрэвслийн цочмог үед CRP генийн транскрипцийг интерлейкин-6 идэвжхүүлснээр С-урвалж уураг нийлэгжиж, ялгардаг. Гэвч тогтолцооны чонон яр гэх мэт өвчний үед апоптозоор үхсэн эс, эсийн үлдэгдлийг зайлуулах үрэвслийн үед С-урвалж уургийн зохицуулга алдагдсан байдаг. Амьтан дээрх судалгаагаар цулцангийн үрэвслийн үед уушгинд уураг хурах, цулцан нейтрофилоор гэмтэхийг бууруулж зарим хамгаалах үүрэгтэй байгааг тогтоосон.
С-урвалж уураг нь үрэвслийг идэвхжүүлэгч ба үрэвслийн эсрэг аль аль үүргийг гүйцэтгэдэг. Гадны эмгэгтөрүүлэгч ба гэмтсэн эсэд илчлэгдсэн фосфохолинтой холбогдож түүнийг таних, мөн хавсаргыг идэвхжүүлэх, фагоцит эсүүдтэй Fc рецептороор холбогдож эсийн сэг, гэмтсэн ба апоптозод орсон эс, гадны биетийг устгахад гол үүрэг гүйцэтгэнэ.
Шинжилгээний дээж авах
Захын хураагуур судаснаас цусны дээж авч С-урвалж уургийг шинжилнэ. Өвчтөний эмийн хэрэглээг асууж, шаардлагатай бол эмийг түр зогсоож болно. Харин шинжилгээ өгөхдөө өлөн байх шаардлагагүй. Шинжилгээ авахад тусгай ажилбар шаардагддагүй ба ердөө захын судсанд хатгалт хийж багахан хэмжээний цусны дээж авна. Ажилбартай холбоотой хатгасан талбайгаас бага хэмжээний цус гарах, хөхрөх, хөндүүрлэх зовиур гарч болох ба маш ховор тохиолдолд хатгалтын талбай халдварлагдах хүндрэл гардаг.
Үений шингэн гэх мэт биеийн бусад шингэнд үзэж болох ч чухал биш.
Заалт
Архаг ба цочмог үрэвсэлт өвчнүүд (системийн чонон яр, ревматойд артрит гэх мэт), халдварын үед эмчийн заалтаар гүйцэтгэнэ. Зүрх-судасны өвчлөлийн үед өндөр мэдрэг-С урвалж уураг (hs-CRP)-ийг үздэг ч чихрийн шижин, нойргүйдэл, сэтгэлийн дарамт, үрэвслийн үед мөн ихэсдэг.
Шинжилгээг унших
Лаборатор бүрийн багажнаас хамаарч босго үзүүлэлт өөр байдаг. Ерөнхийдөө мг/дл эсхүл мг/Л гэсэн нэгжээр хэмжинэ. Өндөр-өвөрмөц С-урвалж уургийг үргэлж мг/Л-ээр хэмждэг. С-урвалж уургийн түвшин 0,3-1 мг/дл байвал хөнгөн зэргийн ихсэл гэж үзэх ба чихрийн шижин, даралт ихсэлт, периодонтит, амьдралын хэв маягийн алдагдалтай, тамхичин, бусад үрэвсэлт бус нөхцлүүдэд тохиолддог. Хэрвээ 1 мг/дл-ээс их байвал ач холбогдол бүхий үрэвсэл эсвэл халдвар буйг илэрхийлдэг. Харин 10 мг/дл-ээс их байх нь нянгийн цочмог халдвартай хамааралтай. Халдварын үед улаан эсийн тунах хурдтай хурьцуулбал С-урвалж уургийн түвшин илүү хурдан ихсэж, багасаж хэлбэлздэг бол аутоиммуни өвчний үед адил нэмэгддэг.
Зүрх судасны өвчний эрсдэлийн үнэлгээгээр өндөр мэдрэг-С урвалж уургийн түвшин:
- 1 мг/дл-ээс бага бол зүрх судасны өвчлөлийн эрсдэл бага
- 1мг/дл- 3 мг/дл бол зүрх судасны өвчлөлийн эрсдэл дунд
- 3 мг/дл-ээс их бол зүрх судасны өвчлөлийн эрсдэл өндөр
гэж үздэг.
Шинжилгээний хариунд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс
Зарим эмүүд тухайлбал Үрэвслийн эсрэг стеройд бус эмүүд С-урвалж уургийн түвшинг хуурамч бага гарахад хүргэнэ. Статинууд мөн хуурамч бага гаргадаг нь тодорхой болсон. Хэрвээ ямар нэг гэмтэл авсны эсвэл өвчин туссны дараа зүрх судасны эрсдлийн шинжилгээнд өндөр мэдрэг-С урвалж уураг үзүүлбэл хуурамч өндөр гарч болно. Магнийн нэмэлт бэлдмэл хэрэглэж байгаа үед С-урвалж уургийн түвшин бага байдаг.
Эх сурвалж:
- Shangwei Z, Yingqi W, Jiang X, Zhongyin W, Juan J, Dafang C, Yonghua H, Wei G. Serum High-Sensitive C-Reactive Protein Level and CRP Genetic Polymorphisms Are Associated with Abdominal Aortic Aneurysm. Ann Vasc Surg. 2017 Nov;45:186-192. [PubMed]
- Simental-Mendia LE, Sahebkar A, Rodriguez-Moran M, Zambrano-Galvan G, Guerrero-Romero F. Effect of Magnesium Supplementation on Plasma C-reactive Protein Concentrations: A Systematic Review and Meta-Analysis of Randomized Controlled Trials. Curr. Pharm. Des. 2017;23(31):4678-4686. [PubMed]
- Zhang YB, Yin Z, Han X, Wang Q, Zhang Z, Geng J. Association of circulating high-sensitivity C-reactive protein with late recurrence after ischemic stroke. Neuroreport. 2017 Jul 05;28(10):598-603. [PubMed]
- Bianchi ME. DAMPs, PAMPs and alarmins: all we need to know about danger. J. Leukoc. Biol. 2007 Jan;81(1):1-5. [PubMed]
- Casas JP, Shah T, Hingorani AD, Danesh J, Pepys MB. C-reactive protein and coronary heart disease: a critical review. J. Intern. Med. 2008 Oct;264(4):295-314. [PubMed]
- Vanderschueren S, Deeren D, Knockaert DC, Bobbaers H, Bossuyt X, Peetermans W. Extremely elevated C-reactive protein. Eur. J. Intern. Med. 2006 Oct;17(6):430-3. [PubMed]
- Kushner I. The phenomenon of the acute phase response. Ann. N. Y. Acad. Sci. 1982;389:39-48. [PubMed]
- Volanakis JE. Human C-reactive protein: expression, structure, and function. Mol. Immunol. 2001 Aug;38(2-3):189-97. [PubMed]
- Ahmed N, Thorley R, Xia D, Samols D, Webster RO. Transgenic mice expressing rabbit C-reactive protein exhibit diminished chemotactic factor-induced alveolitis. Am. J. Respir. Crit. Care Med. 1996 Mar;153(3):1141-7. [PubMed]