Түрүү булчирхайн томролын тархварзүй ба эмгэг жам

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Түрүү булчирхайн томрол /Benign prostatic hyperplasia (BPH)/ бол ахимаг насны эрчүүдийн дунд түгээмэл тохиолддог, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг эмгэг боловч энэ өвчний улмаас амь нас эрсдэх нь бараг үгүй юм. ДЭМБ – ын 1980 онд хийсэн судалгаагаар хөгжингүй орнуудад нас баралтын тохиолдол 0,5 – 1,5:100,000 байжээ.

Энэ өвчний тархалт өндөр, оношилгоо амархан, эмийн эмчилгээний аргууд сайн судлагдсан тул ийм өвчтэй эрчүүдийн менежментийг хувь хүний онцлогт тохируулан гүйцэтгэх боломжтой.

Тархварзүй — 21 – 30 настай эрүүл эрэгтэйн түрүү булчирхайн жин дунджаар 20 гр байдаг бөгөөд тухайн хүнд түрүү булчирхайн томрол үүсэхгүй л бол жин нь бараг өөрчлөгдөхгүй. Гэвч, энэ өвчний тархалт өндөр тул 50 наснаас хойш түрүү булчирхайн жин нэмэгдсэн байдгыг аутопсийн шинжилгээ харуулдаг.

Гистологийн хувьд түрүү булчирхайн гиперплази гэж оношилогдох нь 31 – 40 насанд 8%, 51 – 60 насанд 40 – 50%, 80 – аас дээш насанд 80% хүртэл нэмэгддэг ажээ.

The Olmsted County судалгаагаар шээсний доод замын өөрчлөлтийн тархалт амьдралын 50, 60, 70, 80 дахь жилүүдэд 26%, 33%, 41%, 46% тус тус тохиолддогыг илрүүлжээ. Олон нийтэд – тулгуурласан 55 – 74 насны, түрүү булчирхайн хорт хавдаргүй 502 эрчүүдэд түрүү булчирхайн эзлэхүүн 30 мл – ээс дээш, Олон Улсын Түрүү булчирхайн Шинж тэмдэгийн Оноог /International Prostate Symptom Score (IPSS)/ ашиглан дүгнэсэн судалгаагаар түрүү булчирхайн томрол 19% байсан байна. Гэвч, оношилгооны шалгуурыг:

  • Түрүү булчирхайн эзлэхүүн 30 мл – ээс их
  • Олон Улсын Түрүү булчирхайн Шинж тэмдэгийн Оноо өндөр
  • Шээсний урсан гарах дээд хурд 10 мл/сек – ээс доош
  • Шээсний дараах – үлдэгдэл эзлэхүүн 50 мл – ээс дээш байх гэж өөрчлөхөд түрүү булчирхайн томролын тархалт ердөө 4% байхаар байжээ.
ipss-table1

Зураг 1. Олон Улсын Түрүү булчирхайн Шинж тэмдэгийн Оноог /International Prostate Symptom Score (IPSS)/

Эрсдэлт хүчин зүйл  — нас дагаж гарах харьцангуй эрсдэлт хүчин зүйл нь түрүү булчирхайн гол эрсдэл. Японд өндөр наслалттай холбоотой түрүү булчирхайн томрол өндөр хувьтай байдаг байна.

Массачусет Эрэгтэйн наслалтын судалгаагаар, цусны чөлөөт PSA өндөр, зүрхний өвчтэй, бета – хориглогч хэрэглэдэх нь түрүү булчирхай томрох эрсдлийг нэмэгдүүлж байсан бол тамхи татах (1 – 20  ширхэг/ өдөрт), биеийн тамираар идэвхитэй хичээллэх нь түрүү булчирхай томрох эрсдлийг бууруулж байжээ. Нийт авч буй өөхний илчлэг, сексийн идэвх, архины хэрэглээ, БЖИ, бэлхүүс – ташааны харьцаа /waist-hip-ratio/, хэвлийн эргэн тойрны хэмжээ, диастолын даралт, чихрийн шижин, ийлдсийн андроген, эстрогений түвшин нь түрүү булчирхай томрох эрсдлийг өөрчлөхгүй байжээ. Өөр нэгэн судалгаагаар, диастолын даралт өндөр байх нь шээсний доод замын эмгэгтэй холбоотой нь харагдсан бол таргалалт, глюкозын илүүдэл, чихрийн шижин, адипонектины түвшин нь түрүү булчирхайн томролтой холбоотой байгаа нь тогтоогджээ. Харин архиын хэрэглээ, дасгал хөдөлгөөн нь шээсний доод замын эмгэг үүсэх эрсдлийг багасгаж байсан байна. Нэгэн судалгаагаар, удамшилдаа давсагны хавдартай байсан бол түрүү булчирхай томрох эрсдэл нэмэгддэг ба түрүү булчирхайн хорт хавдар хамааралгүйг илрүүлжээ.

Бусад судалгаанууд түрүү булчирхайн томрол ба дааврын түвшний хооронд хамааралтай гэж үздэг. Ийлдсийн тестостерон, эстрадиолын түвшин өндөр байх нь цаашид түрүү булчирхай томрох эрсдэл нэмэгдэж байгааг Түрүү булчирхайн Хорт хавдраас Сэргийлэх эмнэлзүйн судалгаагаар тогтоожээ.

Цирроз ба түрүү булчирхай томрол өвчний хооронд сул хамааралтай байжээ. Циррозтой эрчүүдэд шээсний доод замын эмгэгийн оноо бага, түрүү булчирхайн эзлэхүүн жижиг, ийлдсийн эстрадиолын хэмжээ тестостероноос өндөр харьцаатай тодорхойлогддог. Циррозтой ихэнх эрчүүд архаг архичид байдаг. Архины хэрэглээ, ялангуяа хэтрүүлэн хэрэглэх нь (3 ба түүнээс дээш стандарт уулт/ өдөрт) андрогены түвшинг бууруулдаг ба энэ нь түрүү булчирхай томрох эрсдлийг багасгадаг байх боломжтой.

Анатомийн хувьд илэрхий ялгаатай ч шээсний эмгэг үүсэх нь насжилттай холбоотой хүйс хамаарахгүй гардаг өөрчлөлт билээ.

Шээсний доод замын эмгэгтэй эрчүүдэд үрийн шингэн гадагшлуулах үйл хямрах нь түгээмэл. Шээсний доод замын эмгэгтэй 10,000 эрэгтэйд хийсэн судалгаагаар 62% нь үрийн шингэнээ гадагшлуулах хямралтай байжээ.

Гистологи  — Түрүү булчирхайн томрол нь анхдагчаар түрүү булчирхайн шээсний сүвийн эргэн тойрны эсвэл шилжих бүсийн орчимд үүсч хөгжинө. Гиперплази бүхий зангилаа, стромын бүрдэл, бага хэмжээний эпитель эс, талстууд, булчирхайн бүрдэл илэрнэ.  Иммуногистохимийн судалгаагаар, стромын бүрдэл – 62%, эпитель – 15%, булчирхайлаг бүтэц – 23%, строма –  – эпитель харьцаа  4,6 байжээ. Зарим судалгаагаар, түрүү булчирхайн томорсон эдүүдэд үрэвслийн процесс ч тодорхойлогддогыг илрүүлжээ.

Эмгэг жам  — Ахимаг нас, Лейдигийн эс /Leydig cells/ – ийн үйл ажиллагаа ихсэх нь Түрүү булчирхайн Томрол үүсэхэд амин чухал нөлөөтэй. Тийм ч учраас, 40 наснаас өмнө гипогонадизм оношилогдож андрогенээр эмчлээгүй эрчүүдэд түрүү булчирхайн томрол туйлын ховор байдаг юм. Молекул, эсийн түвшний судалгаагаар түрүү булчирхай томроход хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг болохыг тогтоосон. Гэвч, түрүү булчирхай томрох эмгэг жам одоог хүртэл бүрэн тайлбарлагдаагүй л байна.

Андроген  — Нохойд хийсэн судалгаагаар андроген нь түрүү булчирхайн томролыг идэвхжүүлж байжээ. Түүнчлэн, түрүү булчирхайн томролыг эмээр эмчилхэд түүний түвшин буурч байсан байна.

Түрүү булчирхайн хэмжээнээс хамаарахгүйгээр түрүү булчирхайн эдийн дигидротестостероны концентраци ерөнхий нэг түвшинд байдаг. Тиймээс, түрүү булчирхай дотор явагдах тестостероноос дигидротестостеронд шилжих хувирал нэмэгдэх нь түрүү булчирхай томрох шалтгаан болохгүй. Хэдий тийм ч, түрүү булчирхайн эдийн андрогений рецептор өөрчлөгдөх нь эмгэг жамд нөлөөлдөг байна. Эдгээр рецепторууд хэвийн түрүү булчирхайн эпительд байрладаг боловч гиперплази бүхий түрүү булчирхайн эдэд гетероген (эпитель ба стромын эсүүдэд) тархалттай болдог. Энэ нь молекулын түвшинд түрүү булчирхай томрох шалтгааны үүд хаалга гэж үздэг юм.

Эцэст нь, түрүү булчирхай томроход тестостерон ба дигидротестостерон нөлөөтэй боловч шууд шалтгаан болж чадахгүй гэдэг нь нотлогдсон.

Эстроген  — Мөн л нохойнд хийсэн судалгаагаар эстрогенийг их хэмжээгээр тарихад түрүү булчирхай томорч байжээ. Энэ нь эстроген андрогений рецепторыг идэвхжүүлж байгаагаар тайлбарлагдаж байна. Ахимаг насны эрчүүдэд эстрогены түвшин өндөр тодорхойлогддог нь ч түрүү булчирхай томроход эстроген нөлөөлдөг болохыг илтгэж байгаа ч шууд шалтгаан нь бас л болохгүй. Эстроген түрүү булчирхай томролд нөлөөлдөг гэсэн таамаглалыг үгүйсгэсэн судалгаа ч байдаг. Уг судалгаагаар эстрогений эсрэг эмчилгээ хийхэд түүний ийлдсийн түвшин илэрхий буурсан ч түрүү булчирхай томролын эмнэлзүйн шинжүүд намжихгүй байжээ.

Стромын өсөлтийн хүчин зүйлийн зохицуулгын хямрал /Dysregulation of stromal growth factors/  — Түрүү булчирхайн томрол бол стромын өвчин. Тийм ч учраас, строма нь түрүү булчирхайн эпителийн пролифераци, гиперплазийг идэвхжүүлэх чадавхитай. Андрогены оролцоотой, шээс – бэлгийн замын мезенхимийн эдүүд түрүү булчирхайн эпителийг ялгаралыг нөхцөлдүүлдэг. Эсрэгээрээ, стромад андрогены рецепторын үйл ажиллагаа дутагдалтай байх нь түрүү булчирхайн эпителийн ялгаралыг өдөөдөггүй байна. Эдгээр ажиглалт нь строма түрүү булчирхайн томролд чухал нөлөөтэйг харуулж байгаа юм.

Түрүү булчирхайн томрол тохиолдох нь түрүү булчирхайн эдүүд үр хөврөл – төст байдалтай байдаг ба энэ нь зарим өсөлтийн хүчин зүйлүүдэд ер бусын мэдрэг байдагтай холбоотой гэсэн таамаглалууд бий. Үнэхээр, зарим өсөлтийн хүчин зүйлүүдийн концентраци түрүү булчирхайн томролын үед ажиглагддаг. Тогтвортой өсөлттэй байдаг нь фибробластын өсөлтийн хүчин зүйл, инсулин – төст өсөлтийн хүчин зүйл – 2, TGF – бетта зэрэг юм. Лабораторийн “In vitro” судалгаагаар эпидермийн өөсөлтийн хүчин зүйл, TGF – альфа, фибробластын өсөлтийн зарим хүчин зүйлүүд, инсулин – төст өсөлтийн хүчин зүйл – 1 ба 2 зэрэг нь түрүү булчирхайн томролыг саатуулж байгааг тогтоожээ. Гэвч, эдгээр хүчин зүйлүүдийн ихэнх нь стромын эсийн өсөлтийг идэвхжүүлдэг. Тохиолдол – хяналтын судалгаагаар, Инсулин – төст хүчин зүйлийг холбогч уураг – 3 /Insulin-like growth factor binding protein-3 (IGFBP3)/ түрүү булчирхайн томрол тэр тусмаа эмнэлзүйн хүнд илрэлтэй шууд хамааралтай байсан бол IGF-1:IGFBP3 нь түрүү булчирхай томрох эрсдэлтэй эерэг хамааралтай байжээ. Т лимфоцит, макрофаг нь эсийн пролиферацийн идэвхижилд чухал үүрэгтэй оролцдог.

Эсийн үхэл буурах /Decreased cell death/  — Стромын эсийн амьдралын хугацаа 30 гаруй жил, эпитель эсийнх 2 жил гардаг. Эдгээр ажиглалт нь түрүү булчирхайн эдийн гиперплазийн үед тогтмол харагддаг тул эсийн үхэл бага байх нь түрүү булчирхайн гиперплази ба томролд голлох нөлөөтэйг илэрхийлж байна. Интерлейкин – 2, bcl-2 эсрэг дархлааны хариу урвал идэвхжих нь түрүү булчирхайн эпителийн апоптозыг бууруулдаг.

Урьдал эс олшрох /Increased stem cells/  — Харханд хийсэн судалгаагаар эх эсийн хэмжээ их байх нь түрүү булчирхайн эпителийн суурин эсийг нэмэгдүүлж түрүү булчирхайн томрох шалтгаан болж байгааг харуулсан ч хүнд ямар байдаг нь тодорхойгүй байна.

Генетикийн нөхцөл — 40 – 70 насны 2119 хүнд хийсэн судалгаагаар 21% нь түрүү булчирхай томролын удмын өгүүлэмжтэй байжээ. Нэгдүгээр үедээ удамшлын өгүүлэмжтэй байх нь түрүү булчирхайн томрох эрсдлийг 4 дахин нэмэгдүүлдэг байна. Түрүү булчирхай томрох эмгэг нь аутосомын доминантаар удамшдаг байж болзошгүй гэж үздэг.

Нэгэн судалгаагаар, түрүү булчирхайн эзлэхүүнд тулгуурлан < 60 mL, > 60 mL бүхий хоёр бүлэг болгон генийн экспрэссийг шинжилхэд 227 генийн экспрэссээр өөр хоорондоо ялгаатай байжээ. Үүнд өсөлтийн хүчин зүйлийн генүүд, эсийн циклийн генүүд, апоптозын генүүд, үрэвслийн генүүд, андроген – зохицуулах генүүд багтаж байжээ.


Эх сурвалж:  Epidemiology and pathogenesis of benign prostatic hyperplasia | This topic last updated: Feb 11, 2012.