Түрүү булчирхайн томролын эмнэлзүй, оношилгоо
Түрүү булчирхайн эмнэлзүй нь өвчтний амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг, сэтгэл санааны хямралд хүргэдэг төвөгтэй асуудал юм.
Эмнэлзүйн илрэл — Шээх давтамж өөрчлөгдөх, шөнө шээх /никтури/, шээс удаан гарах, шээс гарахгүй байх, шээсний урсгалын хүч багасах гэх мэт шээсний доод замын шинжүүд нь түрүү булчирхайн томролын эмнэлзүй болно.
Эдгээр шинжүүд аажуухан илэрч, хэдэн жилийн турш аажимаар нэмэгдсээр байна. Гэвч, эдгээр шинжийг зөвхөн Түрүү булчирхай Томрох өвчний үед илэрдэг гэж ойлгож болохгүйг анхаараарай. Цаашилбал, эмнэлзүйн илрэл ба шулуун гэдэсний үзлэг эсвэл трансректаль хэт авиан шинжилгээгээр илрүүлсэн түрүү булчирхайн томролын хэмжээ хоёр хоорондоо хамааралгүй байх нь ч бий. Энэ нь ихэвчлэн насжилттай холбоотой шулуун гэдэсний үзлэгээр тодорхойлогддоггүй түрүү булчирхайн шилжилтийн бүсд томрол болдогоос давсагны үйл ажиллагаа өөрчлөгддөгтэй холбоотой байж болзошгүй юм.
Оношилгоо — Түрүү булчирхайн томролын шалтгаантай илэрч байгаа эмнэлзүйн шинж мөн гэж үзэхийн өмнө эмнэлзүйд ижилхэн шинжээр илэрдэг бусад өвчнүүдийг ялган оношилох үүднээс өвчний түүх, бодит үзлэг, зарим тусгай сорилыг заавал гүйцэтгэх хэрэгтэй. Түрүү булчирхайн томролтой ижил эмнэлзүйн илрэлтэй зарим өвчнүүд:
- Шээсний сүвний нарийсал
- Давсагны хүзүүний контрактур
- Түрүү булчирхайн карцинома
- Давсагны карцинома
- Давсагны чулуу
- Шээсний замын өвчин ба простатит
- Мэдрэлийн шалтгаантай давсагны өөрчлөлтүүд
Өвчний түүх — Өвчний түүх сайн цуглуулах нь ямар ч өвчний үед оношилгооны чухал мэдээлэл болдог. Шээсний өөрчлөлт бүхий өвчтнүүдээс дараах зүйлийг тодруулж асуух нь чухал:
- Чихрийн шижин өвчинтэй эсэхийг асуух. Уг өвчин шөнө шээхийг нэмэгдүүлэх ба түрүү булчирхай томорлын эрсдэлт хүчин зүйл
- Мэдрэлийн талаас эмгэг байгаа эсэх. Мэдрэлийн шалтгаантай давсагны үйл ажиллагаа өөрчлөгдсөн байгаа эсэхийг тогтоох.
- Сексийн үйлийн хямрал, энэ нь шээсний доод замын шинжүүдтэй хамааралтай эсэх
- Биеийн суурь эрүүл мэнд, чийрэгжилт, мэс ажилбаруудын талаар
- Шээс цустай эсвэл шээхэд өвдөж байвал давсагны хавдар эсэл чулуу байгааг илтгэж болох юм.
- Шээсний сүв, давсагт гэмтэл авч байсан эсэх, уретрит, шээсний сүвд ямар нэгэн ажилбар хийлгэж байсан эсэх
- Түрүү булчирхайн томрол ба хорт хавдрын удамшлын өгүүлэмж
- Давсагны үйл ажиллагааг өөрчлөх боломжтой эмийн эмчилгээ (анти – холинэргик эмүүд) эсвэл урсгалын эсэргүүцэл нэмэгдүүлдэг эмүүд (симпатомиметик эмүүд)
Америкийн Урологийн Нийгэмлэгийн онооны шалгуур /American Urologic Association symptom score/ — Уг шалгуураар түрүү булчирхайн томролын зэргийг тогтоохоос биш ялган оношилохгүй. Энэ нь үндсэн 7 асуултаас бүрдэнэ: шээх давтамж, шөнийн шээс, шээсний урсгалын хүч сул, шээж байхад шээс үе үе тасалдах, шээсний дараа шээс үлдсэн юм шиг санагдах, шээсээ барихгүй өмдөндөө дусаах, шээс хүрээд байгаа боловч шээс гарахгүй байх зэрэг болно. Шинж бүрийг 0 (илэрдэггүй) – оос 5 (бараг үргэлж илэрдэг) хүртлэх оноогоор дүгнэнэ. Хэрэв нийт оноо 0 – 7 бол хөнгөн, 8 – 19 бол дунд зэрэг, 20 – 35 бол хүнд зэргийн түрүү булчирхайн томрол гэж үзнэ.
Олон улсын Түрүү булчирхайн Шинжийн Оноо /The International Prostate Symptom Score (IPSS)/ – оор дээрхтэй адилхан асуулт асуудаг ба нэмээд өвчин – өвөрмөц амьдралын чанар шалгах 1 асуулт байдаг. Энэ нь “Хэрвээ та одоо илэрч буй шээсний асуудалтай амьдралынхаа турш байна гэвэл танд ямар санагдах вэ?” Онооноос гадна энэ асуултанд хэрхэн хариулсанаас хамаарч цаашдын эмчилгээг сонгох болдог.
Бодит үзлэг — Түрүү булчирхайн хэмжээг үнэлэхийн тулд шулуун гэдсээр хурууны үзлэг хийнэ. (түрүү булчирхайн хэвийн хэмжээ 7 – 16 гр, дунджаар 11 гр орчим байна.) Үзлэг хийхэд түрүү булчирхайн тогтоц өөрчлөгдсөн, хатуурал, асимметри, эмзэглэл байх нь түрүү булчирхайн хорт хавдар байх сэжигтэй шинж болно.
Шинжилгээ — Америкийн Урологийн Нийгэмлэгээс шээсний доод замын шинжтэй өвчтнүүдэд шээсний ерөнхий шинжилгээ, ийлдсийн түрүү булчирхай өвөрмөц антиген (Prostate Spesific Antigen /PSA/) – г заавал үзэж байхыг зөвлөдөг. Түүнчлэн, кретинин, бөөрний үйл ажиллагааг үнэлсэн сорилуудыг хийж болно.
Шээсний ерөнхий шинжилгээ — Шээсэнд халдвар цус байгаа эсэхийг тогтоохын тулд хийнэ. Эдгээр нь давсагны хавдар, чулууг сэжиглэх эхлэл болж болох юм. Түрүү булчирхай томорсон үед шээсний шинжилгээнд заавал илрэх өвөрмөц шинж байхгүй.
Түрүү булчирхай өвөрмөц антиген /Serum prostate specific antigen/ — Түрүү булчирхайн хавдар шээсний бөглөрлийн хам шинж үүсгэж болно. Гэвч илэрч буй шинжүүд шууд түрүү булчирхайн хорт хавдрыг заахгүй. PSA үзэх нь түрүү булчирхайн томролтой хүмүүст хорт хавдар байгаа эсэхийг оношилох ач холбогдолтой. 50 – 69 насны хүмүүст Түрүү булчирхайн Томролын эсрэг эмчилгээ хийхээс өмнө шинжилвэл зохилтой.
- PSA – н өвөрмөц чанар бага. Түрүү булчирхай томорсон хүмүүст ийлдсийн PSA ба түрүү булчирхайн эзлэхүүн log-шулуун хамааралтай. Ийлдсийн чөлөөт PSA түвшинг тодорхойлох нь илүү ач холбогдолтой. Нийт PSA түвшин ба түрүү булчирхайн томрол нь нас дагаж хоёул ихэсдэг тул оношилгооны ач холбогдол бага байдаг ажээ.
- Ийлдсийн PSA хэт өндөр байх нь хавдраас гадна түрүү булчирхайн ямар нэгэн эмгэг байгааг харуулна.
- Түрүү булчирхайн хорт хавдартай зарим хүмүүст ийлдсийн түрүү булчирхайн өвөрмөц антигенийн /prostatic specific antigen (PSA)/ концентраци 4.0 ng/mL байдаг.
Хийж болох нэмэлт шинжилгээнүүд — Түрүү булчирхайн томролыг оношилохын тулд нэмэлт хэд хэдэн шинжилгээ хийж болно. Үүнд: шээсний урсгалын дээд хурд, шээсний дараах давсагны үлдэгдэл эзлэхүүн, шээсний эсийн шинжилгээ зэрэг нь түрүү булчирхай томорсон ихэнх өвчтнүүдэд шаардлагатай.
Шээсний урсгалын дээд хурд /Maximal urinary flow rate/ — 15 мл/секундээс дээш бол шээсний замд ямар нэг саадгүй, харин 15 мл/секундээс бага бол түрүү булчирхай эсвэл шээсний замын бөглөрөлтөд өвчин байна гэж сэжиглэх боловч давсагны декомпенсацитай холбоотой урсгалын хурд буурдаг тул шууд оношилгооны ач холбогдолтой гэж үзэхгүй. Урсгалын хурдын олон янз байдлыг бууруулахын тулд давсагны эзлэхүүнийг 150 мл – ээс дээш үед уг шинжилгээг гүйцэтгэнэ. Шээхээс өмнөх давсагны эзлэхүүн > 250 мл бол давсагны скан шинжилгээгээр эзлэхүүн 150 мл – ээс дээш гэж тогтоох боломжтой болдог. Түрүү булчирхайн томролтой өвчтнүүдийн шээсний урсгалын хурд 10 мл/секундээс бага бол мэс заслын эмчилгээгээр сэргэх нь илүү сайн байдаг. Урофлоуметрийг Европийн удирдамжаар зөвлөсөн байдаг.
Шээсний дараах үлдэгдэл эзлэхүүн /Post-void residual urine volume/ — Үлдэгднл шээсний эзлэхүүнийг катетер, радиологийн арга, хэт авиан шинжилгээгээр хэмжих боломжтой. Давсагны сканнер энэхүү байдлыг илүү хялбар болгосон юм. Эрүүл хүнд шээсний үлдэгдэл эзлэхүүн 12 мл – ээс бага байдаг. Үлдэгдэл шээсний эзлэхүүн их байх нь томорсон түрүү булчирхайнаас шалтгаалахаас гадна халдвар, давсагны декомпенсацийн урьдал нөхцөл байж болно.
Шээсний цитологи /Urine cytology/ — Шээсний замын цоцролын хам шинж түлхүү илэрч буй эрчүүдэд шээсний цитологийн шинжилгээ хийх нь ач холбогдолтой. Ялангуяа, хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл болдог тамхидалтын түүхтэй хүнд бүр ч илүү ач холбогдолтой.
Эх сурвалж: Clinical manifestations and diagnostic evaluation of benign prostatic hyperplasia | This topic last updated: Mar 18, 2013.