Халууралтын таталт (Febrile seizures, ICD-10 Code: R56.0)

Bayarbat
Spread the love

Халууралтын таталт нь төв мэдрэлийн эрхтэн тогтолцооны халдвар, бодисын солилцооны эмгэг (Жишээ нь: менингит, энцефалит, цочмог электролитийн дисбаланс)-ээс хамаарахгүйгээр биеийн хэм ихэвчлэн 38 °C (>100.4 °F) түүнээс дээш нэмэгдэж улмаар таталт үүсдэг. Зарим тохиолдолд вирүсийн халдварын үед таталт илэрдэг. Биеийн хэм хэр зэрэг ихэссэнээс таталт үүсэх нь хамаарах боловч халууралтыг хүүхдийн бие махбод хэрхэн мэдэрч байгаагаас өндөр халуураагүй үед ч таталт үүсч болно. Мөн зарим хүүхдийн гэр бүлд халууралтын улмаас таталт илэрсэн хүн байдаг. Судлаачид халууралтын таталттай хүүхдэд дараах хэдэн ген илэрдгийг тогтоожээ. Үүнд:

husnegt

Хүснэгт 1. Генийн код

Халууралтын таталт хүүхдэд тохиолдох таталтын түгээмэл хэлбэр бөгөөд ихэвчлэн 5 минут хүртэл үргэлжлэх ба 60 минутын дараа хэвийн байдалд бүрэн ордог. Нийт хүүхдийн 2-5 % (Япон, Энэтхэгт 5-10%),  насны хувьд 6 сараас 5 насанд тэр дундаа 18 сартай хүүхдэд хамгийн элбэг, хөвгүүдэд охидоос илүү тохиолддог.

Халууралтын таталт 3 хэлбэртэй.

  1. Энгийн халууралтын таталт – биеийн бүх хэсэгт таталт илэрч, 15 минут хүртэл үргэлжилнэ. 24 цагийн дотор таталт дахин илрээгүй.
  2. Нийлмэл халууралтын таталт – биеийн аль нэг хэсэгт таталт илэрч, 15 минутаас удаан үргэлжлэх ба 30 минутын дотор олон дахин таталт илрэх эсвэл 24 цагийн дотор дахин татна.
  3. Халууралтын эпилепсийн байдал – таталт 30 минутаас удаан хугацаанд үргэлжилнэ. Нийт халууралтын таталтын 5% тохиолдоно. Энэ үед жинхэнэ эпилепсийн таталт, халууралтаар илэрдэг тархины цочмог үрэвсэлт эмгэгүүд (менингит, энцефалит)-ээс ялган оношилно.

Оношилгоонд халууралтаар илрэх тархины хүнд эмгэгийг үгүйсгэх, хэрэв үгүйсгэсэн бол цусны дэлгэрэнгүй шинжилгээ, тархины цахилгаан бичлэг, КТГ, МРТ зэрэг шинжилгээг хүүхдэд заавал хийх шаардлагагүй.

Халууралтын таталтын үед авах арга хэмжээ

Хэрэв хүүхэд анх удаа халууралтын таталт илэрч байгаа бол таталтын үед үзүүлэх анхны тусламжийг үзүүлэх хэрэгтэй. Хэрэв хүүхэд 10 минутаас удаан хугацаанд таталт илэрсэн бол шулуун гэдсээр диазепам (0.2-0.4 мг/кг)-ыг эмнэлэгээс гадуур нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой. Харин эмнэлэгт судсаар диазепам (0.1-0.2 мг/кг, дээд тун 5 мг)-ыг хэрэглэнэ (Pediatric Dosage Handbook, 15th Edition, page#2072). Хүүхдийн халууныг бууруулах зорилгоор парацетамол 10-15 мг/кг (хүүхдэд хоногийн дээд тун 40-60 мг/кг, <1000 мг. Pediatric Dosage Handbook, 15th Edition, page#42) тунгаар 6-8 цагийн зайтай уух эсвэл дээрх тунгаар шулуун гэдэсний лаагаар хэрэглэх, ибупрофен (нурофен) 6 сараас 12 настай хүүхдэд 5мг/кг, биеийн хэм 39 градусаас их үед 10 мг/кг тунгаар 6-8 цаг тутам (хоногийн дээд тун 40 мг/кг) ууна (Pediatric Dosage Handbook, 15th Edition, page#902). Халуун бууруулах эмчилгээ нь хүүхэд дахин татахаас урьдчилан сэргийлэхгүйг анхаар.

Халууралтын таталтаас урьдчилан сэргийлэх удаан хугацааны эмчилгээ шаардлагатай. Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр фенобарбитал, валпроины хүчил зэрэг эмийг хэрэглэнэ. Мөн уухаар, шулуун гэдсээр диазепам (1 мг/кг/хоногт хоногийн тунг 3 хувааж 8 цагийн зайтай, халууралтын эхний шинж илэрснээс халууралт арилсны дараа 24 цаг хүртэл ууна. Pediatric Dosage Handbook, 15th Edition, page#540) хэрэглэж болно. Харин өдөр бүр карбамазепин, фенитоин эсвэл халуун бууруулах эм дангаар хэрэглэх нь халууралтын таталтын дахихаас урьдчилан сэргийлэхгүй.

National Institutes of Health (NIH)-ийн харилцан зөвшилцлийн бичигт анх удаа халууралтын таталт илэрсний дараа удаан хугацаанд таталтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг дараах тохиолдолд зөвлөсөн. Үүнд:

  1. Хэвийн бус мэдрэлийн хөгжил эсвэл хэвийн бус мэдрэлийн шинж тэмдэг, шинжилгээний өөрчлөлтийг илрүүлэх
  2. Нийлмэл халууралтын таталтын үндсэн шинж тэмдэг:Олон дахин татах
  3. Мэдрэлийн хэвийн бус түр зуурын эсвэл тогтвортой өөрчлөлт илрэх
  4. Таталт 15 минутаас удаан үргэлжлэх
  5. Гэр бүлд (удамд) халууралтын бус таталт (эпилепси)-тай хүн байх

Мөн дараах тохиолдолд:

  1. Хүүхэд олон дахин татсан
  2. Хүүхдийн нас 12 сар хүрээгүй бол удаан хугацаанд таталтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

Удаан хугацаанд өдөр бүр фенобарбитал, валпроины хүчил, диазепам хэрэглэх нь эрсдэлгүй ч гэсэн фенобарбитал бие хүний өөрчлөлт (жишээ нь: хэт хөдөлгөөнтөх, ууртай болох), нойрны эмгэг, хэт мэдрэгшил (харшлын урвал, Стивен-Жонсоны хамшинж) үүсч болно. Зарим судалгаанд фенобарбитол хүүхдийн сурах, үйлдэх чадварт сөргөөр нөлөөлнө гэжээ. Валпроины хүчил элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагаанд нөлөөлж, мөн ялтас эс цөөрөх, нойр булчирхайн үрэвсэл, ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах, биеийн жин нэмэгдэх эсвэл буурч болно. Харин диазепам орчиндоо идэвхгүй болох, тайвшруулах, унтаархах, хөдөлгөөний эвсэл алдагдахад хүргэнэ.

Хүүхдийн энгийн халууралтын таталтын үед дахин татах эрсдэл маш бага. АНУ-ын Хүүхдийн Анагаахын Академийн судалгаанд эрүүл 6 сараас 5 нас хүртэлх хүүхдэд таталтын эсрэг эмчилгээг хийхэд энгийн халууралтын таталттай хүүхдэд дахин татахаас урьдчилан сэргийлжээ. Үүнд таталтын эсрэг эмийг  удаан хугацаанд (сүүлийн таталтаас хойш 1 ба 2 жил) фенобарбиталыг цусан дахь агууламж >15 мкг/мл байхаар хэрэглэсэн байна. Валпроины хүчил элэг хордуулах нөлөөтэй тул хүүхдэд аль болох хэрэглэхгүй. Харин диазепамыг шулуун гэдсээр (уусмал эсвэл лаагаар) хэрэглэхэд халууралтын таталтын дахилтаас урьдчилан сэргийлэх үйлдэл фенобарбиталтай адил байжээ. Судалгаанд шулуун гэдсээр хэрэглэдэг уусмалын эмийн хэлбэрийг (Diastat диазепамын 2.5 ба 5мг/мл-ийн уусмал, 10%-ийн этилийн спирт, бензоатын давс, 1.5%-ийн бензилийн спирт агуулсан)  ашигласан  бөгөөд зарим эмнэлэгүүд буруу аргаар диазепамыг хэрэглэж, судсаар тарьдаг (ампултай 5мг/мл) диазепамыг шулуун гэдсээр хэрэглэсэн. Тарианы ампултай диазепам нь судсаар тарихад зориулсан тусгай шүүлтүүрээр шүүж ампулд савласан байдаг. Харин уухаар хэрэглэхдээ тунг зөв тогтоох хэрэгтэй.

Rosman нарын Double-blind, эмнэлзүйн туршилт судалгаанд халууралтын таталттай хүүхдэд диазепамыг 0.33 мг/кг тунгаар 8 цагаар уулгахад таталт дахихаас сэргийлжээ.  Uhari нарын судалгаагаар диазепамыг бага тунгаар 0.2 мг/кг тунгаар хэрэглэхэд үр дүнгүй байжээ.

Энгийн халууралтын таталттай хүүхдийн 40% дараагийн 2 жилд таталт илэрч болох ба хүүхдийн нас бага байх нөлөөлдөг.

Эх сурвалж:

  1. American Academy of Pediatrics, Committee on Quility Improvement, Subcommittee on Febrile Seizures, “Practice Parameter: Long-Term Treatment of the Child with Simple Febrie Seizures”, Pediatrics, 1999, 103(6):1307-9.
  2. Baumann RJ, “”Prevention and Management of Febrile Seizures”, Paediatr Drugs, 2001, 3(8):585-92.
  3. Baumann RJ and Duffner PK, “Treatment of Children with Simple Febrile Seizures: The AAP Practice Parameter”, Pediatr Neurol, 2000, 23:11-7.
  4. Berg AT, Shinnar S, Hauser WA, et al, “Predictors of Recurrent Febrile Seizures: A Meta-Analytic Review”, J Pediatr, 1990, 116(3):329-37.
  5. Graves, RC with Oehler, K and Tingle, LE (Jan 15, 2012). “Febrile seizures: risks, evaluation, and prognosis”. American family physician 85 (2): 149–53.
  6. Rosman NP, Colton T, Labazzo J, et al, “A Controlled Trial of Diazepam Administration During Febrile Illnesses to Prevent Recurrence of Febrile Seizures”, N EngJ Med, 1993, 329(2):79-84.
  7. Shinnar S an Glauser TA, “Febrile Seizures”, J Child Neurol, 2002, 17:S44-52.
  8. Srinivasan J Wallace KA, and Scheffer IE, “Febrile Seizures” Australian Family Physician, 2005, 34(12):1021-5.
  9. Uhari M, Rantala H, Vainionpaa L, et al, “Effect of Acetaminophen and of low Intermittent Doses of Diazepam on Prevention of Recurrences of Febrile Seizures”, J Pediatr, 1995, 126(6):991-5.
  10. Vestergaard M, Pedersen MG, Ostergaard JR, Pedersen CB, Olsen J, Christensen J (August 2008). “Death in children with febrile seizures: a population-based cohort study”. Lancet 372 (9637): 457–63.

1 Comment

  • oyuka

    Ene ndad ystoi hergetei medeelel bla. Mi huu tatalt ugdug emch nart uzuulher oligtoi medeelel uguhgui tailbrlaad ch ughgui blhoor oilgolt bhgui yha medhgui hetsuu sangdsan.ene medeelel ih tuslalaaa bayrlalaa.

    24/08/2016 14:02