Бугуйн сувгийн хам шинж /Carpal tunnel syndrome/
Бугуйн сувгийн хам шинж нь голчийн мэдрэл гэмтсэнтэй холбоотой бугуй, сарвуунд гардаг эмгэг өөрчлөлт юм.
Бугуйн суваг /carpal tunnel/ нь гарын алганы суурь хэсэгт байрласан анатомийн чухал бүтэц юм. Алганы ясуудыг холбож нум хэлбэр үүсгэн байрласан бугуйн сувгаар 9 ширхэг нугалагч булчингийн шөрмөс, голчийн мэдрэл /n. medianus/ дамжина. Голчийн мэдрэл нь эрхий хуруу, II хуруу, III хурууг тус тус мэдрэлжүүлэхээс гадна IV хурууны талыг мэдрэлжүүлнэ. Бугуйн суваг нь алганы суурийн дунд 1/3 – т завь ясны төвгөр, эрхий хурууны ёзоорт байрлах трапец ясыг хамран хүрээлж байх бөгөөд дэгээт яс IV хурууны тэнхлэгийн дагуу тэмтрэгдэнэ.
Бугуйн сувгийн хам шинжийн шалтгаан
Яг сувгийн хам шинж үүсгэх тодорхой шалтгаан байхгүй. Харин энэ хам шинж үүсэх эрсдэлт хүчин зүйл цөөнгүй байдаг. Сувгийн хэмжээ багасах, сувгаар дамжих бүтцүүдийн хэмжээ ихсэх /шөрмөсүүдийг хүрээлсэн туслах бүтцүүдийн хаван гэх мэт/ зэргээс голчийн мэдрэл /n. medianus/ дарагдаж болно. Голчийн мэдрэл дарагдсанаас бугуйн хөндлөн холбоос /transverse carpal ligament/ – руу нөлөөлж эрхий хурууны тенарын атрофи, эрхий хурууг нугалах богино булчин, эрхий хурууг эсрэг хөдөлгөх булчин, эрхий хурууг холдуулах богино булчингуудын сулрал болгоод зогсохгүй голчийн мэдрэлээр мэдрэлждэг шивнүүрүүдийн мэдрэлийн алдагдал үүсдэг байна.
Тархварзүй
- Амеркийн нэгдсэн улсын насанд хүрэгчидийн 3% уг эмгэгт өртсөн.
- Эмэгтэй : эрэгтэй = 3:1
- Эмнэлзүйд : 30% – гарын парестези, 10% – үндсэн эмнэлзүй илрэл, 3,5% – мэдрүүлийн хэвийн бус илрэл байдлаар илэрдэг ажээ.
Эрсдэлт хүчин зүйл
Ихэнх тохиолдолд ямар шалтгааны улмаас голчийн мэдрэл /n.medianus/ дарагддаг болох нь тодорхойгүй байдаг ч бугуйн сувгийн хам шинж үүсэх хэд хэдэн өндөр эрсдэлүүд байдаг. Үүнд:
- Удамшил
- Биеийн ерөнхий эмгэгүүд. Чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэг гэх мэт
- Жирэмслэлт
- Бугуйн гэмтэл
- Ажлын өвөрмөц онцлог
Удамшил
Судлаачид бугуйн сувгийн хам шинж үүсэхэд генетикийн ямар нэг хамаарал байж болохыг илрүүлжээ. Сувгийн хам шинжтэй дөрвөн хүн тутмын нэгт цусан төрлийн холбоотой хүмүүс уг эмгэг үүссэн байжээ. Уг эмгэг яаж, яагаад удамшдаг болох нь бүрэн тайлагдаагүй байна.
Эрүүл мэндийн ерөнхий байдал
Биеийн архаг өвчинтэй хүмүүс сувгийн хам шинж үүсэх эрсдэл өндөр байдаг. Үүнд:
- Чихрийн шижин хэв шинж 1 ба 2: цусан дахь сахарын хэмжээ удаан хугацааны турш их байх
- Ревматойд артрит : үе үрэвсэх, дархлааны механизмаар үрэвслийн өөрчлөлтөд орох
- Тулай : артритийн нэг хэлбэрийн эмгэг бөгөөд нэг ба олон үенд өвдөлт, хавдалт үүсдэг
- Бамбай булчирхайн дутмагшил
- Таргалалт : ялангуяа залуу хүмүүст
- Биеийн ерөнхий хавганшил
Маш ховор тохиолдолд, тухайн хүний бугуйн суваг нарийхан байх, эсвэл сувгаар дайран өнгөрөх шөрмөс судаснуудын өөрчлөлтөөс шалтгаалж сувгийн хам шинж үүсдэг.
Жирэмслэлт
Бүрэн тайлбарлаж чадаагүй ч жирэмсэн хүмүүст сувгийн хам шинж элбэг тохиолддог байна. Гэвч, төрсөний дараа ихэнх тохиолдолд эмгэг өөрчлөлт арилдаг ажээ. Жирэмсэн үедээ сувгийн хам шинж үүсч байсан эмэгтэйчүүдэд цаашид энэ эмгэг өөрчлөлт үүсэх хандлага бий эсэх нь тодорхойгүй. Түүнчлэн, цэвэршилтийн насны эмэгтэйчүүд, хөхний хорт хавдрын эсрэг эм ууж байгаа эмэгтэйчүдэд сувгийн хам шинж элбэг үүсдэг.
Гэмтэл
Сувгийн хам шинж гарны гэмтлийн үед тохиолддог. Гэмдлийн улмаас шөрмөс сунах, хугарал үүсч голчийн мэдрэл хавангаар дарагдах, хугарсан яс, гэмтсэн холбоосын эмгэг байрлал зэрэг ньголчийн мэдрэлд даралт өгдөг.
Ажлын онцлог
Зарим нэг ажлын нөхцөл сувгийн хам шинж үүсэхэд нөлөөлдөг. Эдгээрт хүчтэй атгалт шаардлагатай ажил, бугуйг олон дахин нугалдаг ажил, чичиргээ зэрэг орно. Жишээ нь:
- Хөгжмийн зэмсгээр тоглох
- Жижиг угсралтын ажил
- Гар ажиллагаа шаардсан ажлууд
- Чичиргээ ихтэй багажууд, тухайлбал цахилгаан хөрөө гэх мэт
- Компьютерийн хулганаар удаан ажиллах
- Ширээн дээр тохойгоо бүрэн тавилгүй их зүйл бичих
- Компьютерт удаан хугацаагаар юм шивэх
Энэ мэт олон зүйл байгаа боловч ажил хамааралт сувгийн хам шинж үнэхээр үүсч буй эсэхийг цаашид судлах шаардлагатай.
Сувгийн хам шинжийн шинж тэмдэг
Үндсэн шинж тэмдгүүд нь голчийн мэдрэл /n.medianus/ – н гэмтлээс болж үүсдэг. Голчийн мэдрэл нь бугуйн сувгаар дамжин гараад эрхий хурууны хөдөлгөөнийг зохицуулахаас гадна шивнүүрийн I, II, III, ба IV хурууны хагасыг мэдрэлжүүлнэ.
Сувгийн хам шинжийн шинж тэмдэг нь аажимаар нэмэгдэх ба шөнө дунд эсвэл өглөө эрт улам нэмэгдэнэ.
Үндсэн 3 шинж:
- Чимчигнэх /tingling/
- Хөших /numbness/
- Өвдөлт /pain/
Эдгээр шинж тэмдгүүд дээр өгүүлсэн мэдрэлжүүлэх зурвасын дагуу гардаг. Гэвч дээрх шинжүүд тухайн талбайгаасаа хальж ч болно. Эдгээр шинжүүд нэг ба хоёр гарт тохиолдож болох ч ихэнх тохиолдолд хоёр гарыг хамардаг. Сувгийн хам шинжтэй өвчтөн аливаа зүйлийг барьж чадахгүй байна, товчоо товчилж чадахгүй байна гэх мэт гараа ашиглаж хийх энгийн үйлдлүүдийг хийхэд төвөгтэй болдог.
Сувгийн хам шинжийн үед илэрдэг бусад шинжүүдэд:
- Битүү өвдөлт, гар, шуу, мөрөөр эвгүй
- Халуу оргих, хатгах мэдрэмж /парастези/ – зүүгээр хатгаж байгаа юм шиг мэдрэгддэг
- Арьс хуурайших, гарын алга хөлрөх, гарын арьсны өнгө өөрчлөгдөнө
- Хүрэлцэх мэдрэхүй буурна /гипостези/
- Эрхий хурууны нугалах, халдуулах хөдөлгөөн суларна
- Эрхий хурууны булчингуудын хатингаршил, сулрал үүснэ
Сувгийн хам шинжийн эдгээр шинжүүд эмгэгтэй гарыг ашиглах үед нэмэгдэх нь цөөнгүй. Гар болон бугуйны давталттай хөдөлгөөн нь шинж тэмдгийг нэмэгдүүлж гарын албадмал байрлалд удаан байлгах хүндрэл ч үүсгэж болно. Сувгийн хам шинжийн хүнд зэргийн үед шуу, мөрлүү дамжсан өвдөлт үүснэ.
Сувгийн хам шинжийн оношилгоо
Дээр дурдсан зовиурыг тодруулж асууна. Бугуйн хэсэг, гарны хөдөлгөөн, түүнийг ашигах байдлыг харж ажиглана. Эрхий хурууны эргэн тойрны булчингуудын сулралын шинж байгаа эсэхт үнэлгээ өгнө.
Бодит үзлэг
Тинелийн шинж шалгах сорил /Tinel’s sign test/
Бугуйн дотор талд голчийн мэдрэл дээр тогшино. Хэрвээ өвчтөнд чимчигнэх, хөших, зүүгээр хатгаж байгаа мэт болох зэрэг мэдрэмж өгвөл сувгийн хам шинж байж болзошгүй гэж үзнэ.
Фаленгийн шинж шалгах сорил /Phalen’s sign test/
Ширээ гэх мэт хавтгай гадаргуу дээр 2 гараа тохойгоор нь тавьж байрлуулсаны тохойгоор аажим нугална. Дараа нь бугуйгаа нугалж хооронд нь нийлүүлж барина. Энэ байрлалаа 60 секунд барина. Хэрвээ энэ хугацаанд шивнүүрүүдэд чимчигнэх, хөших, өвдөлт илэрвэл сувгийн хам шинж байж магадгүй гэж үзнэ.
Хоёр – цэгт ялгах сорил /Two – point discrimination test/
Энэ сорилыг сувгийн хам шинж хүнд явцтай байна гэж сэжиглэж байгаа тохиолдолд хийнэ. Сувгийн хам шинж хөнгөн явцтай бол төдийлөн илэрдэггүй. Өвчтөний нүдийг аниулаад гарын алга ба шивнүүрт 2 цэг дээр нэгэн зэрэг цаасны үдээс ч юмуу жижиг зүйлээр хүрэхэд хэвийн үед 0,5 см зайтай байгааг 2 тусдаа байна гэж мэдэрдэг бол, сувгийн хам шинжийн хүнд явцтай бол нэг л цэг дээр хүрэлцэж байна гэж мэдэрнэ.
Цусны шинжилгээ
Сувгийн хам шинжтэй холбоотой доорх эмгэгүүдийг илрүүлэхийн тулд цусны шинжилгээ хийнэ.
- Чихрийн шижин
- Ревматойд артрит
- Гипотиройдизм
Мэдрэлийн дамжуулалтын шинжилгээ /Nerve conduction study/
Уг шинжилгээгээр мэдрэлийн сигнал ямар хурдтай дамжиж байгааг хэмжинэ. Шинжилгээний явцад гар ба бугуйнд электрод байрлуулж шинжилнэ.
Электромиографи /Electromyography/
Уг шинжилгээгээр мэдрэлийн сэрэлд булчин хэрхэн хариу үзүүлж байгааг болон мэдрэлийн гэмтэл байгаа эсэхийг илрүүлнэ. Шинжилгээг хийхдээ нарийн зүүг булчинд хатгах ба энэ нь булчинд үүсэх сэрлийг илрүүлнэ. Гэхдээ уг шинжилгээг мэдрэлийн дамжуулалтын шинжилгээ хийлгэсэн бол хийлгэх шаардлагагүй гэж үздэг. Энэ 2 шинжилгээгээр голчийн мэдрэлийн дарагдал, гэмтлийн байдлыг тогтооно.
Дүрс оношилгооны шинжилгээ /Imaging study/ : шаардлагатай бол хийж болно. Өндөр ач холбогдолтой биш.
Ялган оношилгоо:
- Тендонит
- Чихрийн шижингийн нейропати
- Теносиновит
- Kienbock’s disease
- Тохойн дээрх голчийн мэдрэлийн дарагдал зэрэг өвчнүүдээс ялган оношилно.
Сувгийн хам шинжийн эмчилгээ
Эмчилгээ сувгийн хам шинжийн хүндийн зэрэг, явц, хугацаанаас хамаарна. Зарим тохиолдолд, сувгийн хам шинж эмчилгээ шаардахгүйгээр хэдэн сарын дараа сайжирдаг. Унтах үедээ дарахгүй байх, бугуйндаа зөөлөн иллэг массаж хийх зэрэг нь эерэг нөлөөтэй. Хэрвээ ревматойд артрит зэрэг ерөнхий өвчинтэй бол уг өвчнийг нь эмчилнэ. Мөн сувгийн хам шинж тогтвортой илэрсээр байвал голчийн мэдрэлийг дарагдлаас чөлөөлөх эмчилгээ хийнэ.
Мэс заслын бус эмчилгээ
Сувгийн хам шинж зөөлөн явцтай бол чигтэй боолт, кортикостеройд тарилга хийхийг зөвөлдөг. Стеройд бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэхэл ямар үр дүн гардагийг баталсан судалгаа хомс байна.
Бугуйн чигтэй боолт: Унтах үед нь байрлалыг тогтвортой байлгахын туулд бугуйн чигтэй боолт хийнэ. Чигтэй боолт хийснээр голчийн мэдрэлд даралт нэмдэг байрлал буюу бугуйг нугалах хөдөлгөөнийг хязгаарлана. Үр дүн 4 долоо хоногийн дотор гарвал сайн гэж үзнэ.
Кортикостеройд: Үрэвсэл намдаах үйлчилгээг нь ашиглана. Бугуйн чигтэй боолт үр дүнгүй бол кортикостеройд хэрэглэхийг зөвлөнө. Шахмалаар ууж болох боловч шууд бугуйруугаа тариулах нь үр дүнтэй. Нэг удаа л тариулахыг зөвлөнө. Үр дүн сайн бол дахисан тохиолдолд давтан хийж болно.
10 – 20 мг лидокайныг 20 – 40 мг метилпреднизолоны ацетатаар /өөр стеройд ижил тунгаар авч болно/ найруулж бугуйн нугалаасанд тарина. Тарилга хийсний дараа чигтэй боолт хийх нь үр дүнтэй.
Бугуйн сувгийг чөлөөлөх мэс засал /Carpal tunnel release surgery/
Сувгийн хам шинж хүнд явцтай үед мэс засал хийнэ. Шинж тэмдэг 6 сараас дээш хугацаанд үргэлжилсэн, мэс заслын бус эмчилгээгээр үр дүн гараагүй тохиолдолд заалттай. Амбултороор хийх боломжтой хагалгааны нэг юм. Энэ хагалгаагаар хэсгийн мэдээгүйжүүлэлтийн дор бугуйн сувгийн холбоосыг тасалж голчийн мэдрэлд үүсч буй даралтыг бууруулна. Сүүлийн үед сувгийг чөлөөлөх дурангийн хагалгаа /Keyhole operation/ хөгжиж байна. 2 хагалгааны үр дүн ижилхэн байдаг. Бугуйн сувгийг чөлөөлөх мэс засал нь ихэнх тохиолдолд үр дүн сайтай байдаг. Судалгаагаар мэс засалд орсон 6000 тохиолдлын 50% нь бүрэн амжиллтай, 25% нь зовиурууд арилсан гэсэн үр дүн гарчээ. Цөөн тохиолдолд хагалгааны хүндрэл гарч болох юм.
Тэмдэглэгдэж байсан хүндэрлүүд:
- халдвар
- хагалгаа үр дүнгүй байх
- цус алдалт
- мэдрэл гэмтээх
- сорвижилт
- бугуйн тогтвортой өвдөлт
- ховор тохиолдолд, хагалгаагаар бүрэн эдгээд хэсэг хугацааны дараа дахиж болно.
- Хэсгийн бүрдэл өвчний хам шинж /complex regional pain syndrome/ – ховор тохиолдолд нэг мөчийг хамран өвдөлт үүсэх
Нөхөн сэргээх эмчилгээ
Мэс заслын дараа 2 өдрийн турш ариун боолттой байлгана. Энэ хугацаанд сойлго хийж хавдах, хөших байдал үүсэхээс сэргийлнэ. Түүнчлэн, мөр, тохойн үе, сарвуугаар хөдөлгөж контрактур үүсэхээс сэргийлнэ.
Үүний тулд:
- Гарын хуруунуудыг нугалах, тэнийлгэх хөдөлгөөнийг тодохой завсарлагатай тогтмол хийнэ
- Гарыг өргөсөн байдал сойлго хийнэ. Ялангуяа шөнийн цагаар. /Үрэвсэл намдаах зорилгоор/
- Бүрэн эдгэхээс өмнө хүнд зүйл өргөж болохгүй
- Чийг авахаас болгоомжил
- Тохирсон хөнгөн ажил хийх
Урьдчилан сэргийлэх дасгалууд
Эх сурвалж
Энэхүү мэдээлэл хамгийн сүүлд 2015 оны 3 сарын 4-нд шинэчлэгдэв.
Ашигласан материал:
- Carpal tunnel syndrome | University of Maryland Medical Center
- http://www.ninds.nih.gov/disorders/carpal_tunnel/detail_carpal_tunnel.htm
- http://www.nhs.uk/conditions/Carpal-tunnel-syndrome/Pages/Whatisit.aspx
- http://www.healthline.com/health/carpal-tunnel-wrist-exercises#4
мөөгий
haana uzuuleh be, hariu uguurei, bayrallaa
03/08/2016 09:47