TORCH бүрдэл, “О” буюу бусад халдварт өвчний оношилгоо, эмчилгээ

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

TORCH бүрдлийн “O” буюу бусад халдварууд болох Варицелла зоостер, Парвовирус – В19, Тэмбүү, Коксаки вирус, Листерозын оношилгоо, эмчилгээний талаар энэхүү мэдээлэлд хүргэж байна.

Варицелла зоостер

Варицелла Зоостер вирус нь херпес вирусын бүлд хамаарагдана. Өөрөөр Chickenpox гэж нэрлэх нь ч бий. Энэ нь цочмог, анхдагч халдварт өвчин юм. Бид энэхүү үүсгэгчээр нөхцөлддөг өвчнийг Салхин цэцэг гэж нэрлэдэг билээ. Өвчний нууц үе 15 өдөр бөгөөд тууралт гарахаас 2 өдрийн өмнө ба тууралтаас хойшхи 5 өдрийн хугацаанд халдвар дамждаг. Анх удаагаа Варицелла зоостер вирусын халдвар авч салхин цэцэг өвчин туссан бол уг вирус нугасны арын зангилаанд байрлан хэдэн жилээр далд хэлбэрт шилжинэ. Эзэн биеийн дархлаа өөрчлөгдмөгц дахин идэвхжиж бүслүүр үлд гэх мэт мэдрэл дагасан цэврүүт тууралт гардаг.

Варицелла зоостер вирус маш их халдвартай, хүүхдүүдийг давамгайлан өвчлүүлдэг, агаар дусал болон шууд хавьтлаар дамждаг халдварт өвчин юм. Хүн амын 90% нь нөхөн үржихүйн наснаас өмнө уг өвчнөөр өвдсөн байдаг тул ихэнх эмэгтэйчүүдэд жирэмсэн болохоос өмнө дархлал тогтсон байдаг. Жирэмсэн хүнд халдварлагдах тохиолдол 0.7/1000.

Эмнэлзүйн илрэл

Салст болон арьсанд цэврүүт тууралт гарна. Тууралт нь халууралттай заавал холбоотой байна. Өөрөөр хэлбэл шинээр тууралт нэмэгдэх тутам халууралт ч ихэсдэг. Тууралт нь 24 цагийн дотор толбоноос гүвдрүүт тууралтанд шилжиж дараа нь цэврүү болж улмаар идээт тууралтад хувирах нь бий. Гэвч тууралт бүр заавал дээрх хувиралд орох албагүй. Тууралтын олон хэлбэр харагддаг учир олон хэвшинжит тууралтат өвчин гэж үздэг.

Жирэмсний тээлтийн эхний 20 дахь долоо хоногийн дотор варицелла вирусын халдварт өртөх нь ВАРИЦЕЛЛА ЭМБРИОПАТИ – н шалтгаан болно. Өөрөөр төрөлхийн варицелла хам шинж гэж нэрлэдэг ба ойролцоогоор ургийн 1 – 2% – д арьсны тууралт, мөчдийн дутуу хөгжил юм уу хатингаршил /контрактур/ үүсэхээс гадна нүд, төв мэдрэлийн тогтолцоог хамарсан өөрчлөлтүүд илэрнэ. Хэрвээ нярайд халдвар дамжсан бол тавилан сайнгүй.

Оношилгоо

Эмнэлзүйгээр шууд оношилох боломжтой. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл оношийг эсрэг төрүүлэгч илрүүлэх шинжилгээ /Шууд Дархан Туяаруулагч арга/, PCR эсвэл цэврүүнээс эмгэг төрүүлэгч вирусыг өсгөврөлөн батална.

Оношилгоонд хэт авиан шинжилгээ, СРТ /MRI/ – г хэрэглэх ба эдгээр шинжилгээгээр ургийн ус бага /оligohydramnios/, умайд ургийн өсөлт саатах, цэврүүжих /hydrops/, мөчдийн хэлбэр алдагдах, микроцефали зэрэг шинжүүд илэрнэ. Гэвч, төрөлхийн варицелла хам шинжийн тохиолдол туйлын бага байдаг. Учир нь эхийн цусан дахь эсрэг биеүүд уг вирусыг ихсээр нэвтрэн урагт халдварлахаас хамгаалдаг юм. 1994 онд Эндерс болон түүний судалгааны багийнхан Варицелла Зоостер вирусын халдвартай 366 эхээс төрсөн нярайд халдварын эмнэлзүйн ямар ч нотолгоо байгүй байгааг тогтоосон юм.

Эмчилгээ

Ацикловер (800 мг – р өдөрт 5 удаа 4 цагийн зайтай 7 хоногийн турш уух) эсвэл ацизщзловерийг 5 мг/кг тунгаар 8 цагийн зайтай өвчтний биеийн байдал сайжиртал судсаар тарих буюу бүлэг – С – д багтах вирусын эсрэг бэлдмэлүүдийг варицелла зоостерийн эмчилгээнд хэрэглэнэ. Ацикловерийг уух нь шинж тэмдэг, өвчний эрч, үргэлжлэх хугацааг илэрхий бууруулдаг нь тогтоогдсон. Олон судалгаагаар, жирэмсэн үед ацикловер хэрэглэх нь аюулгүй болох нь батлагдсан. 1993 онд Өвчний Хяналтын Төвөөс гаргасан мэдээллээр өвчтөнд жирэмсний эхний 3 сард ацикловер хэрэглэх нь ургийн гаж хөгжил үүсгэх ямар ч эрсдэлгүй болохыг мэдэгджээ. Шинээр бүтээгдсэн валацикловер, фамцикловер зэрэг эмүүдийн биохүртэхүй илүү сайн байхын зэрэгцээ бага давтамжит тунгаар ацикловерийн хэмжээний үр дүнд хүрдэг нь тогтоогдоод байна.

Парвовирус B – 19

Парвовирус В – 19 нь дан утаслаг ДНХ агуулсан вирус бөгөөд хурдтай хуваагддаг эсүүд ялангуяа эритробластад түлхүү халдварлана. Халдварын ихэнх тохиолдолд эмнэлзүйн шинжгүй байна. Нууц хугацаа 14 – 21 хоног.

Эмнэлзүй

Бага зэргийн халууралт, Coryzal Symptoms, өвөрмөц шинж “алгадуулсан хацарны тууралт – “Slapped-cheek rash”, эритропоэзийн хэвийн үйл ажиллагаа хямарч хөнгөн цус багадалт ба полиартропати илэрнэ. Жирэмсний эхний хоёр триместерт ихсээр дамжин урагт халдварлах ба ургийн ясны чөмгөнд гол эмгэг учруулна. Дархлааны бус (Резус хамааралт биш) ургийн цэврүүшилийн /өөрөөр ураг хавагнах гэж хэлж болох юм/ /HYDROPS FETALIS/ 10 – 15% – н шалтгаан болно.

Эмчилгээ

Халдвар нь ихэнхдээ өвчтөнд хязгаарлагдмал байна. Аритритийн шинж тэмдгийн өвдөлтийг намдаахын тулд өвдөлт намдаах эм хэрэглэх шаардлага гарч болно. Жирэмсэн эмэгтэйчүүд Парвовирус В – 19 халдвартай хүнтай хамт байхаас зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ халдварт өртсөн бол оношийг тодруулахын тулд серологийн шинжилгээ хийнэ. Ердийн иммуноглобулинаар идэвхгүй урьдчилан сэргийлэлт хийхийг зөвлөдөг. Жирэмсэн эмэгтэйг хэт авиан шинжилгээгээр байнга хянах ба ураг хавагнах шинж илэрвэл Fetal Transfusion – ээр эмчлэх боломжтой.

Тэмбүү

Тэмбүү өвчний үүсгэгч нь арьс эсвэл салстаар нэвтрэн ордог эрчлээс хэлбэртэй, грам сөрөг, агааргүйтэн цайвар трепонем паллидум -TREPONEMA PALLIDUM юм. Насанд хүрэгчдийн хувьд уг халдвар ихэвчлэн бэлгийн замаар дамждаг боловч үнсэлцэх, цус сэлбэх, арьс салстын гэмтсэн хэсгээр дамжих боломжтой гэж үздэг. Халдвар далд хэлбэртэй байж болох ч эмнэлзүйн шинжүүд хэзээ ч илэрч болно. Бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг жирэмсний хяналтын эхний үзлэгээр тэбүүгийн серологийн шинжилгээнд хамруулна. Эрсдэлтэй жирэмсэн эхчүүдийг жирэмсний тээлтийн 28 – 30 долоо хоногтойд тэмбүүг илрүүлэх нарийн шинжилгээнд хамруулна.

Төрөлхийн тэмбүү

Төрөхийн өмнөх үеийн хяналтыг сайжруулж хэвшсэн бүс нутагт төрөлхийн тэмбүү тохиолдох нь ховор. Жирэмсний тээлтийн хугацаа 4 сар хүрснээс хойшхи трепонемийн халдвар нь урагт янз бүрийн нөлөө үзүүлнэ. Үүнд:

  1. Зулбах эсвэл амьгүй төрөх
  2. Тэмбүүтэй хүүхэд төрөх (элэг дэлүү томорсон, арьсаар дүүрэн том цэврүүт тууралттай, уушгины хатгалгаатай маш хүнд өвчтэй)
  3. Халдварын далд хэлбэртэй төрсөн хүүхдүүдэд эмнэлзүй илрэхгүй, биеийн байдал сайн байх боловч хожмын төрөлхийн тэмбүү үүсч хөгжинө.

Оношилгоо

Ердийн хатуу яр, дагалдах шинжүүдийг сайн ажигласнаар оношилоход төвөггүй. Дараах эмгэг төрүүлэгч өвөрмөц – шинжилгээнүүдийг хийж болно. Үүнд:

  • Treponemal antigen-based enzyme immuno assay (EIA) for IgG and IgM
  • Pallidum haemagglutination assay (TPHA)
  • Pallidum Particle agglutination assay (TPPA)
  • Fluorescent treponemal antibody-absorbed (FTA- ABS) test

/Шинжилгээнүүдийн талаар “Халдварт өвчин судлал” номоос дэлгэрүүлэн уншиж болно/

Эмчилгээ

Эрт үеийн далд хэлбэрийн шатанд: 2.4 сая нэгж Бензатин Пенициллин Ж – г булчинд нэг удаа тариад хожуу далд шатанд: 2.4 сая нэгж Бензатин Пенициллин Ж – г 3 удаа 7 хоногийн зайтай булчинд тарина.

Хэрвээ пенициллинд харшилтай бол эритромицин стеаратийг 500 мг өдөрт 4 удаа 15 – 30 хоног өгч болох ч уг бэлдмэл ихсийг муу нэвтэрдэг. Тэмбүү өвчин батлагдсан бол эмчилгээг эрт эхэлж, бүрэн эмчлэх зарчмыг баримтална. Тэмбүүгийн эсрэг эмчилгээг хамгийн багадаа төрөхөөс 30 хоногийн өмнө хийсэн эсвэл RPR титр 4 дахин буурсан бол хангалттай болсон гэж үзнэ.

Шинэ төрсөн нярайг Пенициллин Ж – г 100,000 – 150,000 eд/кг тооцон хоногт 2 – 3 хувааж булчин эсвэл судсанд 10 – 14 хоног тарина. Үүний зэрэгцээ эхийг хамт эмчлэхийг бодолцох хэрэгтэй. Түүнчлэн, цефтриаксоныг 250 мг – аар булчинд 10 хоног тарихад олон тохиолдолд амжилттай эмчилгээ болж байжээ.

Тэмбүүгийн сорил эерэг гарсан бүх эмэгтэйчүүдэд ХДХВ илрүүлэх шинжилгээ хийнэ.

Коксаки вирусын халдвар

Коксаки вирус нь дан утаслаг РНХ агуулсан Пикорнавиридае бүлгийн вирус. Эхийн биед сөрөг нөлөө үзүүлэхгүй боловч урагт амь насанд заналхийлэх эсвэл төрөлхийн гаж хөгжил үүсгэх эрсдэл дагуулна. Халдварлагдсан хүний биологийн шингэнүүдэд их агуулагдаж хүнээс хүнд халдвар дамжина. Ургийн эндэгдлийн шалтгаан нь ихсийн үрэвсэл, хориоамнионитээс үүдсэн вирэмийн улмаас гепатит, миокардит, энцефаломиелит болсноос шалтгаална. Ургийн шингэн эсвэл нярайн нугасны шингэнээс коксаки вирусыг өсгөвөрлөж болно. Полимеразийн гинжин урвалаар вирусыг 66 – 90% хүртэл илрүүлэх боломжтой. Томуу төст хам шинж, тууралт, суулгалт, хоолой сөөх шинжүүд илэрнэ. Өвчин хүндэрсэн бол менингит, энцефалит, цээжний хүчтэй өвдөлт, миоперикардит үүсч болно.

Эмчилгээ

Коксаки вирусыг устгах өвөрмөц эмийн бодис байхгүй. Гэвч, хүний биеийн дархлал тогтолцоо нь уг вирусыг бүрэн устгах чадамжтай. Зарим эх сурвалжууд иммуноглобулиныг судсаар тарихад ач холбогдолтой гэж мэдээлж байна. Миокардит зэрэг бусад эрхтэн тогтолцооны эмчилгээ нь дэмжих эмчилгээ болно.

Листериоз /LISTEROSIS/

 Хамгийн сүүлийн үеийн тархварзүйн судалгаагаар нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 4% – д  умайн хүзүүнд Листериа Моноцитоген гэх грам эерэг нянгийн халдвар байна гэж илрүүлжээ. Халдартай эхээс ихсээр дамжин урагт халдвар дамжиж болно. Ийм халдвартай өвчтөнд томуу төст хам шинж, дутуу төрөх, ургийн ус хүрэн өнгөтэй болох, халуурах, булчин өвдөх, хориоамнионит үүсч улмаар зулбана. Халдвартай эхээс төрсөн нярайд ихэс эсвэл төрөх үед халдвар дамжин идээт менингитийн улмаас өвчлөл, эндэгдэл өндөр тохиолдоно.

Оношилгоо

Оношилгоог цус ба тархи нугасны шингэнд эмгэг төрүүлэгчийг өсгөвөрлөх, эерэг туяаруулагч эсрэг биеийг илрүүлэх сорил /positive fluoroscent antibody test/ хийх, ходоодны агуулагдахуунаас эмгэг төрүүлэгчийг өсгөвөрлөж болно.

Эмчилгээ

Хамгийн үр дүнтэй эмчилгээ бол аминопенициллинууд (АМОКСИЦИЛЛИН/АМПИЦИЛЛИН) + АМИНОГЛИКОЗИД. Ампициллин 100 – 200 мг/кг тунгаар 14 хоног, мэнэнтэй бол 300 мг/кг тунгаар 14 – 21 хоног, гентамицинийг 5 мг/кг тунгаар 12 цагаар 1 долоо хоног тарина.

Пенициллинд харшилтай өвчтнүүдэд Сульфаметоксазол/Триметоприн (Sulfamethoxazole/Trimethoprim) хавсран хэрэглэнэ.

Жирэмсэн эхчүүд түүхий, дутуу боловсруулсан тахиа, загасны мах, хүнсний ногоо, зөөлөн бяслаг зэргийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.


Эх сурвалж:

    • Davidson’s Principles & Practice of MEDICINE -21st edition
    • Novak’s Textbook of Obstetrics – 10th edition
    • TORCH Infections in Pregnancy – Veena Gupta – Jaypee Publication – 2nd edition.
    • William’s Textbook of Obstetrics – 23rd edition
    • Article on Torch infections in Pregnancy – THE BRITISH MEDICAL JOURNAL (BMJ)
  • Article on TORCH INFECTIONS in Pregnancy – AMERICAN COLLEGE OF OBSTETRICS & GYNAECOLOGY (ACOG)