Могойд хазуулсан үеийн дарагдлын хам шинж ба булчингийн хальс зүсэх ажилбар
Бид Компартмент синдромыг дарагдлын хам шинж, фасциотомийг булчингийн хальс зүсэх ажилбар гэж мэддэг билээ. Могойд хазуулсан тохиолдолд эмчилгээний зорилгоор мэс заслын эмч нар булчингийн хальс зүсэх ажилбарыг түгээмэл хийдэг юм. Булчингийн хальс зүсэх энэхүү ажилбарыг дарагдлын хам шинжээс “урьдчилан сэргийлэх” зорилгоор хэзээ ч хийж болохгүйг анхаараарай.
Могойд хазуулсан мөчний хөдөлгөөн алдагдаж, чинэрсэн хавантай, хүйтэн, судасны лугшилт тэмтрэгдэхээ больсон, ялангуяа энэ өөрчлөлт алганы шөрмөсний зай, шилбэний өмнөд булчингийн зайг хамарсан байвал мэс заслын эмч нарт дотоод дарагдлын даралт нэмэгдсэн байж магадгүй сэжүүрийг өгнө. Хальсны хооронд буй булчин хавагнаснаар эдийн даралт нэмэгдэж зэргэлдээх судаснуудыг даран цус хомсрол үүсгэнэ. Гэвч, могойд хазуулсан өвчтөнд дарагдлын хам шинжийг илрүүлэх нь төвөгтэй байдаг тул шаардлагагүй, аюултай, хүндрэл дагуулсан фасциотомийн мэс ажилбарыг мэс заслын эмч нар хийсээр байна.
Дарагдлын хам шинжийн эмнэлзүйн шинжүүд:
- Тодорхойлохын аргагүй хүчтэй өвдөлт.
- Хальс хоорондын булчингийн сулрал.
- Хальс хоорондын булчингийн өвдөлт эсвэл идэвхигүй суналт.
- Хэсэг газрын мэдрэхүй сулрах.
- Тэмтрэхэд булчин хоорондын зайд илэрхий чинэрэлт мэдэгдэх.
Артерийн лугшилтыг тэмтэрч мэдрэх эсвэл хэт авиан шинжилгээгээр лугшилт байгааг тогтоох нь удаан дарагдлын хам шинжийн цус хомсролын өөрчлөлт байхгүй гэсэн баталгааг өгөхгүй. Хальс хоорондын зайн даралтыг хэмжих хамгийн бодит арга бол манометр эсвэл даралт хувиргагчинд холбосон тусгай гуурсыг булчингийн ховил хооронд оруулж даралтыг шууд хэмжих явдал юм. Гэмтлийн практикт, хальс хоорондын даралт 40 мм.муб – аас (хүүхдэд арай бага) илүү гарвал цус хомсролын шалтгаант үхжил үүсэх эрсдэлтэй гэж үздэг (жнь: Волкманний цус хомсрол /Volkmann’s ischaemia/ буюу тахилзуурын өмнөд дарагдлын хам шинж).
Гэлээ гэхдээ, фасциотоми хийснээр хор гүйсэн булчинг сэргээж чадахгүй байж болно. Амьтны судалгаанаас харахад, хор ихээр гүйж хавагнан дарагдлын хам шинж үүссэн булчин могойн хорын нөлөөгөөр аль хэдийнээ эргэлтгүйгээр гэмтсэн байдаг (Garfin et al., 1984). Ямар ч тохиолдолд, гемостазын тогтвортой байдлыг хангах хүртэл фасциотомийг төлөвлөж болохгүй, үгүй бол өвчтөн цус алдалтаар нас барж ч магадгүй юм. Могойн хорны ерөндөг нь цус бүлэгнэлтийн эмгэгийг эргүүлэхээс гадна мөчид ихээр хавагнахыг бууруулахад тустай (Rojnuckarin et al., 2006). Кортикостеройдууд хэсэг газрын хоронд нөлөөлөхгүй, харин ч гаж нөлөө илэрч болзошгүй тул хэрэглэхээс зайлсхийгээрэй. (Reid et al., 1963; Nuchprayoon et al., 2008)
Могойн хорны ерөндөг нь булчин гэмтэхээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга мөн.
Могойд хазуулсан мөчдөд фасциотоми хийх шалгуур:
- Цус хөдлөлзүйн өөрчлөлтүүдийг зассан (цус бүлэгнүүлэх хүчин зүйлүүдтэй хавсарсан эсвэл хавсраагүй байдлаар могойн хорны ерөндөг хэрэглэсэн)
- Дарагдлын хам шинж үүссэн нь эмнэлзүйгээр нотлогдсон
- Хальс хоорондын даралт >40 мм.муб (насанд хүрэгсэдэд)
Эх сурвалж: WHO. Regional Office for South-East Asia “Guidelines for the management of snake-bites”