Яс сийрэгжилтийн урьдчилан сэргийлэлт, эмчилгээний тойм
Остеопороз нь ясны эмгэг нимгэрэлт, зөөлрөл болон амархан хугарах шалтгаан болдог нийтлэг асуудал билээ. Эмэгтэйчүүдийн бэлгийн даавар болох эстроген нь ясны нягт эд хадгалагдахад гол үүрэгтэй оролцдог бөгөөд цэвэршилтийн дараа энэхүү даавар хамгийн бага төвшинд хүрдэг нь яс сийрэгжих өндөр эрсдлийг дагуулдаг.
Бидний аз болоход ясны нягт эд нэмэгдэхэд буюу хадгалагдахад тусалснаар энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлж эмчлэх боломжтой юм. Хэрвээ ясны сийрэгжилтэнд нэгэнт өртөгдсөн байгаа бол яаралтай ясны эдийн алдагдлын хэмжээ болон ясныхаа хугарах эрсдлийг тодорхойлуулах нь чухал. Учир юу гэвэл эмчилгээ хийлгэснээр цаашид ясны эд улам алдагдахыг бууруулах эсвэл ясны эдийг нэмэгдүүлэх боломжтой.
Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх
Ясны сийрэгжилтийн урьдчилан сэргийлэлтийн хамгийн чухал эмчилгээний ихэнх нь хэрэглэж буй хоол хүнс, дасгал хөдөлгөөн, болон тамхи татахгүй байх багтдаг.
Хоол хүнс – Ясны сийрэгжилтийн урьдчилан сэргийлэлт болон эмчилгээний хамгийн оновчтой хоол хүнсэнд хангалттай хэмжээний уураг болон калори төдийгүй ясны зохистой үүсэлт болон нягтыг хадгалахад тусалж байдаг орлуулагдашгүй чухал калци болон витамин Д-г хамгийн тохиромжтой хэмжээгээр хэрэглэх багтдаг.
Калцийн хэрэглээ – Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүд болон эрэгэйчүүд өдөр тутам хоолоор болон ууж буй шингэн дээр нэмэгдээд нэмэлт тэжээлээр багадаа 1000 мг калци хэрэглэж байх хэрэгтэй. Цэвэршилтийн дараах (цэвэршсэн) эмэгтэйчүүд өдөр тутам 1200 мг калци (хоол хүнсэн дээр нэмэлт тэжээлээр нийтдээ) хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ өдөр тутам 2000 мг-аас илүү хэмжээгээр хэрэглэхэд сөрөг үр дагавар илэрч болзошгүй тул өдөрт 2000 мг-аас ихгүй хэрэглэх нь зүйтэй.
Калцийн хэрэглээний үндсэн эх сурвалж болдог хоол хүнсэнд сүү болон сүүн бүтээгдэхүүнүүд тухайлбал бяслаг, тараг, хүнсний ногоон өнгөтэй ногоонууд, тухайлбал навчит байцаа (kale) болон брокколи (broccoli) (хүснэгт 1) зэрэг багтдаг. Хоол тэжээл дэх калцийн хэрэглээгээ хэмжих энгийн арга бол өдөр бүр хэрэглэж буй сүү, сүүн бүтээгдэхүүний 1 аяганд 300 мг калци агуулагддагийг ашиглах юм. Нэг аяга нь сүү (236 мл) 8 oz (oz – эзэлхүүний нэгж) буюу тараг (224 гр), хатуу (шахсан) бяслаг 1 oz (28 гр) буюу цэвэр бяслаг 16 oz (448 гр) болно.
Калцийн нэмэлт тэжээлүүдийг (калцийн карбонат эсвэл калцийн цитрат) хэрэглэхийг хоол тэжээлээрээ калци хангалттай авч чаддагүй эмэгтэйчүүдэд санал болгох боломжтой (хүсэгт 2). Калцийн нэмэлт тэжээлий, өдөрт 500 мг-аас их тунгаар хэрэглэх бол тунг 2 хувааж хэрэглэх нь зүйтэй (ж нь: өглөө болон орой).
Та энэхүү линкээр орж калцийн наснаас хамаарсан өдөр тутмын хэрэглээний хэмжээ болон зарим хүнсэнд агуулагдах калцийн хэмжээг харах боломжтой: http://www.ucsfhealth.org/education/calcium_content_of_selected_foods/
Витамин Д –ийн хэрэглээ – Витамин Д-г 70-аас дээш настай эрэгтэйчүүд болон цэвэршилтийн дараах эмэгтэйчүүд өдөр бүр 800 ОУН хэрэглэхийг зөвлөдөг. Калци хангалттай хэрэглэдэг (дээрх хэмжээгээр) настай эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдэд ясны хугарлыг болон ясны нягт алдагдлыг бууруулдаг. Хэдийгээр ясны сийрэгжилттэй залуу эрэгтэйчүүд эсвэл цэвэршилтийн өмнөх эмэгтэйчүүдэд хамгийн оновчтой хэрэглээ нь тодорхойгүй ч ерөнхийдөө 600 ОУН витамин Д хэрэглэхийг санал болгодог. Витамин Д –ээр баяжуулсан сүү хоол хүнсээр авах витамийн Д –ийн эн тэргүүний эх сурвалж бөгөөд энэ нь ойролцоогоор 8 oz (236 мл) тутамд 100 ОУН витамин Д агуулдаг. Өөр нэг сайн эх сурвалж бол яргай загас (salmon) бөгөөд 3,5 oz (98 г) тутамд ойролцоогоор 600 ОУН витамин Д-г агуулдаг. Мэргэжилтнүүд ясны сийрэгжилттэй бүх өвчтнүүдийг өдөр бүр багадаа 600-800 ОУН витамин Д хэрэглэхийг зөвлөдөг.
Өдөр тутмын калцийн хэрэглээгээ хэрэглэж буй хүнсээрээ та хянаж, тооцоолох боломжтой (зураг №1).
Уургийн хэрэглээ – Уургийн хэрэглээг ихэнх хүмүүст хангалттай хэмжээгээр хэрэглэхийг зөвлөх боломжтой. Энэ нь ялангуяа аль хэдийн яс сийрэгжилт оношлогдцон хүнд ясны сийрэгжилтийн хугарал тохиолдсон бол илүү чухал юм.
Архи, каффейн, буюу давсны хэрэглээ – Архины хэт их хэрэглээ (стандарт уултаас өдөрт 2 буюу түүнээс илүү хэрэглэдэг) нь тэжээлийн дутагдал, унах эрсдэл нэмэгддэг тул яс хугарах эрсдэл нэмэгддэг тиймээс эдгээрээс зайлсхийж байх нь зүйтэй.
Каффейн болон Давсны хэрэглээх хязгаарлах нь калци хангалттай хэрэглэдэг ихэнх хүмүүст ясны нягт бууралтаас урьдчилан сэргийлэлтэн ач холбогдолгүй.
Дасгал хөдөлгөөн – Дасгал хөдөлгөөн нь цэвэршилтийн өмнөх эмэгтэйчүүдэд ясны нягтын хэмжээг сайжруулдаг тул хугарах эрсдлийг бууруулдаг бол цэвэршсний дараа эмэгтэйчүүдэд ясны нягт хадгалагдахад тусалдаг. Цаашлаад дасгал хөдөлгөөн хийснээр булчингийн чадамж буурч унах эрсдлээс хамгаалах боломжтой. Биеийн хүчиний идэвхтэй байдал нь настай эмэгтэйчүүдэд булчингийн хүчийг нэмэгдүүлсний дүнд түнхний хугарлын эрсдлийг бууруулдаг. Тиймээс дасгал хөдөлгөөнийг зөв идэвхтэй хийх нь юугаар ч орлуулагдашгүй чухал юм. Ихэнх мэргэжилтнүүд 7 хоногт багадаа 3 удаа, нэг удаадаа багадаа 30 минут дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зөвлөдөг. Дасгал хөдөлгөөний ач тустай нь байдал нь дасгал хөдөлгөөнөө зогсооход хурдан хугацаанд үгйү болдог. Тиймээс жигд буюу байнга удаан хугацаанд үргэлжлүүлэн боломжит чадлаа нэмэгдүүлж хийж байх нь зүйтэй.
Тамхидалт – Тамхи нь ясны нягт алдагдлыг хурасгадаг нь судалгаагаар батлагдсан учраас эрүүл ястай байхын тулд тамхинаас гарахыг хүчтэй зөвлөдөг. Судалгаагаар өдөрт нэг хайрцаг тамхи татдаг насанд хүрсэн эмэгтэйчүүд цэвэршихэд ясны нягт 5-10%-аар буурч, энэ нь хугарах эрсдлийг нэмэгдүүлж байгааг тогтоожээ.
Унах буюу ойчих – Өндөр настай хүнд яс сийрэгжилтийн улмаас яс хугарах эрсдлийг уналт ач холбогдол бүхий нэмэгдүүлдэг. Ойчихоос урьдчилан сэргийлснээр хугарлын эрсдлийг буурулдаг чаддаг юм. Тиймээс гэртээ ойчуулах эрсдэлт бүхий зүйлсийн тухайлбал шалан дээрх кабелийн утас, сандал болон бусад зүйлсийг холдуулж явах замаа чөлөөтэй байлгах, гадуур явж байхдаа мөс, гулгамтгай шал болон шат, ирмэгээс зайдуу явах, гадуур ганцаараа явахаас зайлсхийх хэрэгтэй. Харааны чадлаа нүдний эмчээр үнэлүүлэх нь мөн ач тустай.
Ясны сийрэгжилтийг үүсгэх эрсдэлтэй эмүүд – Зарим эмүүдийг ямар нэг өвчний улмаас өндөр тунгаар болон/эсвэл удаан хугацаанд эмчилгээнд хэрэглэхэд ясны нягт алдагдлыг ихэсгэдэг. Эдгээр эмийн хэрэглээг хянаж, боломжтой бол зогсоох эсвэл тунг бууруулснаар байдлыг сайжруулж болдог. Эдгээр эмэнд:
- Глюкокортикойд эмүүд (ж нь: преднизон)
- Гепарин, энэхүү эмийг цус бүлэгнэлтийг бууруулах зорилгоор эмчилгээ болон урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг
- Эпилепсийн эсрэг эмүүд (ж нь: фенитойн, карбамазепин, примидон болон фенобарбитал)
Дээрх мэдээлэлд эмийн бус эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтийг багтаасан билээ. Тэгвэл хэн оношлогоо хийлгэх нь зүйтэй, хэнд эмч эмийн буюу даавар эмчилгээ хийх шаардлагатай талаар дор товч тусгая.
Ясны сийрэгжилтэнд эрэгтэйчүүдээс илүүтэй эмэгтэйчүүдэд тохиолддог, бөгөөд цэвэршилтийн дараа илүү нийтлэг оношлогддог. Эмнэлзүйд багадаа 65 насандаа ясны нягтаа хэмжүүлж илрүүлэг шинжилгээнд орохыг зөвлөдөг. Харин яс хугарах нэг буюу түүнээс олон эрсдэлт хүчин зүйлтэй бол 65-аас өмнөх насандаа илрүүлэг шинжилгээнд хамрагдахыг зөвлөдөг.
Яс хугарах эрсдэлт хүчин зүйлс
Ясны нягтыг үзэх шинжилгээнд эрт хамрагдахад хүргэдэг болон яс хугарах эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлсэд дараах жагсаалт багтана:
- Тамхи татдаг
- Удаан хугацаанд стеройд эм хэрэглэсэн (тухайлбал преднизон)
- Биеийн жин бага (58 кг-аас бага)
- Ревматойд артриттай
- Өөрийн эсвэл аав ээжийнх нь яс гэмтлийн бус эсвэл багахан гэмтлийн улмаас хугарч байсан өгүүлэмжтэй (суух биеийн жингээр эсвэл түүнээс зөөлөн унаснаас яс хугарсан эсвэл цуурсан)
- Архи хэтрүүлэн хэрэглэдэг (өдөрт 3 буюу түүнээс олон аяга уудаг)
- Яс сийрэгжилт үүсгэдэг эмгэгтэй тухайлбал чихрийн шижин, эмчлэгдээгүй бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэссэн эмгэг (гипертиройдизм), бамбайн дэргэдэх булчирхайн хэт идэвхжил (гиперпаратиройдизм), эрт цэвэршилт (45 наснаас өмнө), архаг тэжээлийн алдагдал буюу шимэгдлийн алдагдал (малабсорбци), архаг элэгний эмгэгүүд
Оношлогооны сайн аргууд:
Dual-energy x-ray absorptiometry (DXA) — Энэ нь мэргэжилтнүүдийн дунд ясны нягтыг шинжлэхэд хамгийн найдвартай бөгөөд бүрэн тусалдагаараа хүлээн зөвшөөрөгдсөн арга юм. Энэхүү аргаар шинжлэхдээ шинжилэх гэж буй бай ясны талбайд хамгийн бага туяа ашиглан тухайн ясны нягтыг хэмждэг (тухайлбал нуруу, түнх, болон гар гэх мэт). Энэхүү арга яс сийрэгжилт бүхий хэсгийн хугарал тохиолдох эсэхийг урьдчилан таамаглах, ийнхүү таамагласнаар эмчилгээг төлөвлөж эмчлэх болон эмчилгээний үр дүнг хянахад ашиглабал зохимжтой юм.
Quantitative computerized tomography – Энэхүү арга нь компьтерт томографийн нэг хэлбэр бөгөөд нурууны ясны нягтыг нарийн хэмжих боломжийг олгодог. Энэхүү шинжилгээ нь үнэтэй, өндөр туяа шаардагддаг учраас ховор ашиглагддаг ч DXA –д хоёрдогч сонголт болох боломжтой.
Ультрасонографи буюу ЭХО – Эхо-оор өсгийн ясны нягтыг хэмжихэд хэрэглэдэг. Үүгээр ясны хугарлын эрсдлийг тодорхойлох боломжтой. Гэхдээ DXA-ээс чанарын хувьд бага учир ясны хугарлын эрсдлийг таамаглах буюу яс сийрэгжилтийг оношлоход ясны эхо-г хэрэглэхийг зөвлөдөггүй. Хэрвээ DXA боломжгүй нөхцөлд ясны нягтыг хэмжих боломжит арга нь ясны ЭХО юм.
Яс сийрэгжилтийн эмийн эмчилгээ
Ясны нягт алдагдлын үеийн эмийн бус эмчилгээг дээр хэлэлцүүлсэн билээ. Тэгвэл эмийн буюу даавар эмчилгээг хэнд хийх вэ, хэнийг яс сийрэгжилтийн эрсдэлтэй гэх вэ?.
Яс сийрэгжилтийн эмийн эмчилгээг хэнд хийх вэ?
Хугарлын өндөр эрсдэлтэй хүмүүст эмийн эмчилгээ хамгийн өндөр ач тустай байдаг. Нэгдсэн Улсын Ясны Сийрэгжилтийн Үндэсний Сангаас нурууны эсвэл түнхний ясны хугарлын эсвэл яс нь сийрэгжсэн (T үнэлгээ ≤-2.5) өгүүлэмжтэй цэвэршилтийн дараах эмэгтэйчүүд болон 50-аас дээш насны эрэгтэйчүүдийг яс сийрэгжилтийн эмийн эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг. Т үнэлгээг доор тайлбарласан.
Мөн Яс Сийрэгжилтийн Үндэсний Сангаас остеопенитэй (Т үнэлгээ -1.0 ба -2.5 хооронд) болон түнхний буюу яс сийрэгжилт хамааралт хугарлын 10 жилийн эрсдэл ≥3 буюу 20%-аас дээш тус тус үнэлэгдвэл эмийн эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн. Хугарлын туйлын эрсдлийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Хугарлын Эрсдлийг Үнэлэгч Хэрэгслээр тооцоолж олно (www.shef.ac.uk/FRAX/ энэхүү холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу).
Дээрх шалгууруудаар эмийн эмчилгээг зөвлөж байгаа ч шалгуур руу ороогүй хүн эмийн эмчилгээ хийлгэхэд эмчилгээний ач тусыг хүртэх болно. Тэгхээр эмийн хэрэглээний тухай эцсийн шийдвэрийг өвчтөн болон тусламж үзүүлэгч хамтран гаргах нь зүйтэй.
Т үнэлгээг ясны нягтыг хэмжигч багажаар хэмжин гаргадаг. Энэхүү багаж нь үйлчлүүлэгчид зовиур үүсгэдэггүй, хэрэглэхэд хялбар төдийгүй зөөвөрлөж явах боломжтой байдаг. Ясны нягтын алдагдлыг доорх байдлаар ангилдаг:
Ясны хэвийн нягт: Т үнэлгээ +1 ба -1 хооронд байвал таны ясны нягт хэвийн гэсэн үг юм. Эдгээр хүмүүст яс сийрэгжилтийн эмчилгээ шаардлагагүй боловч дээрх мэдээлэлд зөвлөсний дагуу хоол хүнс зөв хэрэглэх, хөдөлгөөн хийх болон витамин Д, калцийг зохистой хэмжээгээр хэрэглэснээр яс сийрэгжилтээс сэргийлэх бүрэн боломжтой.
Ясны нягт бага (остеопени) – Энэ үед ясны нягт хэвийн хэмжээнээс буурсан боловч яс сийрэгжилтийн төвшин хүртэл буураагүйг илтгэдэг. Өөрөөр хэлбэл яс сийрэгжилт ба эрүүл ясны нягтын заврсын үе юм. Энэ үед Т үнэлгээ -1.1 ба -2.4 хооронд байна. Хэрвээ энэ шатанд урьдчилан сэргийлэлтийн сайтар хийх эсвэл эмчилгээ хийлгэхгүй бол яс сийрэгжилт үүсэх эрсдэл өндөр байна. Зарим өвчтөнд эмийн эмчилгээ ч хийх боломжтой.
Яс сийрэгжилт – Ясны нягтын шинжилгээгээр -2.5 буюу түүнээс бага үнэлгээ авбал яс сийрэгжилт гэж үзнэ. Энэ үед ясны нягт нилээд буурсан байх тул яс хугарах эрсдэл өндөр байдаг. Өөрөөр хэлбэл яс амархан хугардаг болох тул эмийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай.
Цэвэршилтийн өмнөх эмэгтэйн эмчилгээ – Цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйн ясны хугарлын эрсдэл болон ясны нягт хоорондын хамаарал сайн тодорхойлогдоогүй. Ясны нягт багатай цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйд хугарлын эрсдэл багахан нэмэгдсэн байх боломжтой. Тиймээс энэ насныханад ясны нягт үзснээр дангаар нь яс сийрэгжилт гэсэн онош тавихад хэрэглэхгүй байх нь зүйтэй тул бусад шинжилгээнүүдээр үнэлүүлэхийг ерөнхийдөө зөвлөх хэрэгтэй.
Бифосфонатууд – Бифосфонатууд нь ясны задрал болон зайлуулагдалтыг (эргэн шимэгдэлт) удаашруулдаг эмүүд юм. Эдгээр эмүүдийг цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилтийн урьдчилан сийрэгжилт болон эмчилгээнд өргөн хэрэглэж байна.
Эдгээр эмүүдийг 8 oz-ийн аяга дүүрэн ус (хийжүүлээгүй) –тай хамт өглөө өлөн ходоодон дээрээ ууна. Дараах хүмүүс түр хүлээх хэрэгтэй:
- Хооллох эсвэл ямар нэг өөр эмч хэрэглэхийн өмнө багадаа хагас цаг (алендронат (fosamax) болон ризедронат (actonel)-тай бол)
- Хооллох эсвэл өөр ямар нэг эм уухын өмнө багадаа нэг цаг (ибандронат (boniva)-тай бол)
Энэхүү зааврыг баримтлахад эм шимэгдсэн байдаг бөгөөд мөн гаж нөлөө болон ноцтой хүндрэлийн эрсдлийг бууруулна.
Ризедронатын гэдсэнд тохируулан давхаргажуулсан удаан ялгардаг хэлбэрийг хэрэглэх боломжтой. Энэ ризедронат нь өглөөний цайны дараа даруй 4 дусал төдий усаар даруулан уудгаараа хурдан ялгардаг ризедронат болон бусад амаар уудаг бифосфонатуудаас ялгаатай. Сөргөөний эрсдлийг хамгийн бага байлгахын тулд бифосфонатыг амаар уусны дараа багадаа 30 минут босоо (эгц суугаа) байх хэрэгтэй.
Бифосфонатуудын сөрөг нөлөө – Ихэнх хүмүүст бифосфонат эмээс хамаарсан ямар нэг ноцтой сөрөг нөлөө илрээд байдаггүй. Гэсэн хэдий ч хэрэглэх зааврыг нягт дагах нь чухал юм. Эмийг хэрэглэсний дараах зөвлөсөн хүлээх хугацаанаас өмнө хооллох эсвэл хэвтэх нь ходоодны хямралын эрсдлийн нэмэгдүүлдэг.
Шүдний инвазив ажилбар шаардлагатай хүмүүст бифосфонатуудын хэрэглээх тухайд асуудал гарч байна. Учир нь бифосфонат хэрэглэсэн хүмүүст эрүүний ясны судасгүй үхжил буюу остеонекроз үүссэн. Энэхүү асуудлын эрсдэл яс сийрэгжилтийн урьдчилан сэргийлэлт болон эмчилгээнд биофосфонат хэрэглэж буй хүмүүст маш бага. Гэсэн хэдий ч хавдрын эмчилгээнд бифосфонатыг өндөр тунгаар венд тарьж хэрэглэж буй хүмүүст энэхүү асуудал үл ялиг өндөр эрсдэлтэй байдаг.
Ихэнх хүмүүст шүдэнд инвазив ажилбар (ж нь: шүдний экстракци эсвэл суулгац) хийлгэхийн өмнө бифосфонатыг зогсоох шаардлагатай гэж мэргэжилтнүүд үздэггүй. Гэхдээ хавдрын эмчилгээнд бифосфонатыг хэрэглэж буй хүмүүс шүдэндээ инвазив ажилбар хийлгэхээр төлөвлөж байгаа бол эмээ зогсоох эсэхийг эмчтэйгээ зөвлөлдөх нь зүйтэй.
Алендронат – Нурууны нугалмын болон түнхний хугарлын эрсдэлийг бууруулдаг, ба нурууны нугалмын хугаралтай хамааралтай жингийн алдагдлыг бууруулдаг. Энэхүү эмийн өдөрт нэг удаа уудаг эсвэл долоо хоногт 1 удаа уудаг хэлбэрүүдийг хэрэглэх боломжтой.
Ризедринат – Нурууны нугалмын болон түнхний хугарлын эрсдлийг бууруулдаг. Ризидронат (Actonel) нь ясны сийрэгжилтийн эмчилгээ болон сэргийлэлт ал алинд нь зөвшөөрөгдсөн. Үүнийг өдөрт нэг, долоо хоногт нэг, сард нэг удаа хэрэглэх боломжтой.
Ибандронат – Ясны жингийн алдагдал болон нугалмын хугарлын эрсдлийг бууруулдаг хэдий ч түнхний хугарлын эрсдлийг бууруулдаг нь нотлогдоогүй. Ибандронатыг яс сийрэгжилтийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэж болно. Өдөрт эсвэл сард нэг удаа уух шахмал хэлбэрээр байдаг. Мөн гурван сард нэг удаа венд тарьдаг тарилга хэлбэр байдаг.
Золедроник хүчил – Жилд нэг удаа венд тарьдаг бөгөөд яс сийрэгжилтийн эмчилгээнд хэрэглэх боломжтой. Энэхүү эмийг 15 минутаас илүү хугацаанд венд тарих нь зохимж сайн. Жилд нэг удаа венд тарьснаар ясны нягтыг сайжруулж, нугалмын болон түнхний хугарлын эрсдлийг бууруулдаг ба саяхан түнх хугарсан өндөр эрсдэлтэй өвчтөнд хугарал дахих эрсдлийг бууруулдаг [1].
Сөрөг нөлөө – Золедроникийн хүчлийн сөрөг нөлөөнд: эхний тунг тарьснаас 24-72 цагийн дотор томуу-төст эмнэлзүй илрэх багтдаг. Энэ нь бага зэрэг халуурах, булчин болон үеэр өвдөр байдлаар илэрнэ. Халууралт нь ерөнхийдөө эмийн эмчилгээнд (ацетаминофен) буурч байдал сайжирдаг. Тунг тарьсны дараа хэв шинжит байдлаар дээрх эмнэлзүй хөнгөн илэрдэг.
Золедроникийн хүчлийг бифосфонат амаар уух боломжгүй хүмүүст хоёрдогч сонголт болгон хэрэглэдэг. Гэхдээ эмчилгээний үргэлжлэх хугацаа болон удаан хугацаанд аюулгүй (3-аас дээш жил) эсэх нь тодорхойгүй байна.
“Эстроген-төст” эмүүд – Үндсэн эмүүд буюу эстроген рецептор сонгомол зохицуулагч (SERMS) нь ясанд эстроген төст үйлдэл үзүүлдэг. Эдгээр эмүүд цэвэршилтийн дараа ясны нягт алдагдахаас хамгаалдаг. Мөн SERM-үүд өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд хөхний хавдрын эрсдлийг бууруулдаг. Одоогоор боломжтой SERM-д ралоксифен (Evista) болон тамоксифен багтаж байна. Ралоксифенийг яс сийрэгжилтийн эмчилгээ болон сэргийлэлтэнд хэрэглэдэг хэдий ч бифосфонат эсвэл эстрогенээс ясны алдагдлыг сэргийлэх нөлөө үл ялиг бага байж болзошгүй. Тамоксифеныг дахилтын эрсдлийг бууруулахын тулд хөхний хавдартай, эсвэл хэзээ ч хөхний хавдар тусаж байгаагүй ч тусах өндөр эрсдэлтэй эмэгтэйд өгдөг.
SERM-үүдийг цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдэд зөвлөдөггүй.
Эстроген/прогестин эмчилгээ – Өнгөрсөнд эстроген эсвэл эстроген-прогестин эмчилээ цэвэршилтийн дараах ясны сийрэгжилтээс сэргийлэх хамгийн сайн арга гэж үзэж байсан тул эмчилгээнд хамгийн элбэг хэрэглэж байсан. Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэндийн Санаачилга томоохон эмнэлзүйн туршилтаар мэдээлэлд эстроген-прогестин хавсарсан эмчилгээ түнхний болон нугалмын хугарлын эрсдлийг 34%-аар бууруулдгийг тогтоосон. Эстрогенийг дангаар нь хэрэглэхэд хугарлын эрсдлийг ижил бууруулж байсан нь харагдсан.
Эстроген нь цэвэршилтийн эмнэлзүйг хянах нэмэлт давуу талтай байдаг. Гэхдээ Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэндийн Санаачилгаас эстроген дээр прогестиныг хамт хэрэглэхэд зүрхний титэм судасны өвчний эрсдлийг бууруулдагүйг тогтоосон, мөн хөхний хавдрын, харвалтын, болон цус бүлэгнэлтийн эрсдлийг үл ялиг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон.
Тиймээс эстрогенийг цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилтийн урьдчилан сэргийлэлт эсвэл эмчилгээнд хэрэглэхийг зөвлөдөггүй. Гэхдээ зарим эмэгтэйчүүдэд эстроген байнга хэрэглэдэг үүнд: цэвэршилтийн эмнэлзүй байнга илэрч байгаа, яс сийрэгжилтийн бусад эмчилгээг хэрэглэх боломжгүй эмэгтэйчүүдэд ясны нягт алдагдахаас хамгаалахад хэрэглэдэг, энэ үед ясны сийрэгжилтээс сэргийлэх нэмэлт эм шаардлагагүй.
Эстроген үүсгэх боломжгүй өндгөвчтэй залуу насны эмэгтэйчүүдэд яс сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх эсвэл эмчлэх зорилгоор хэрэглэхэд илүү зохимжтой байх боломжтой. Энэхүү эмчилгээг арьсны наалт эсвэл амаар уух тухайлбал жирэмсэлтийг хянахад хэрэглэхэд шахмалаар хийж болно.
Калцитонин – Калцитонин нь бамбай булчирхайнаас ялгарч бие махбод дах калцийн хэмжээг зохицуулахад бамбайн дэргэдэх булчирхайн даавартай хамт оролцдог даавар билээ. Калцитонин нь нуруунаас бусад ясыг сайжруулдаг эсэх нь тодорхойгүй учраас бусад эмүүдийг илүүтэй зөвлөж байна. Гэхдээ өвдөлтийг хөнгөвчлөх нөлөөтэй тул нурууны нугалмын хугарлын үеийн цочмог эхлэлтэй, гэнэтийн өвдөлтөнд эхний сонголтын эмчилгээнд хэрэглэх боломжтой юм.
Калцитониныг хамрын цацлага эсвэл тарилга хэлбэрээр хэрэглэх боломжтой (арьсан дор). Тарилга нь илүүтэй дотор муухайралт болон улайлтыг үүсгэдэг тул хамрын цацлагыг илүүтэй хэрэглүүлдэг.
Деносумаб – Деносумаб нь ясыг задалдаг эсийн үүсэлтэнд оролцдог хүчин зүйлийн (RANKL) эсрэг гаргаж авсан эсрэгбие юм. Энэ эм нь ясны минераль нягтыг сайжруулж, ясны сийрэгжилттэй цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдийн ясны хугарлыг бууруулдаг. Үүнийг 6 сард нэг удаа арьсан дор тарьж хэрэглэдэг. Деносумаб нь ерөнхийдөө зохимж сайтай хэдий ч сөрөг нөлөө үүнд: арьсны халдвар (целлцлит) болон экзема илэрдэг. Цусны калцийн хэмжээ түр зуур хөнгөн зэргээр бууруулдаг нь тэмдэглэгдсэн байдаг боловч энэ нь бөөрний үйл ажиллагаа сайтай, калци болон витамин Д хангалттай өвчтөнд асуудал биш юм.
Энэ нь хамгийн сүүлийн үеийн эм учраас удаан хугацааны аюулгүй байдлын мэдээлэл байхгүй. Деносумабыг бифосфонат венд тариад болон уухад үр дүнгүй эсвэл хэрэглэх эсрэг заалттай өвчтөнд хоёрдогч сонголтоор хэрэглэдэг. Харин цусан дах калцийн хэмжээ багатай хүнд хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Бамбайн дэргэдэх булчирхайн даавар (БаДэБД)- БаДэБД нь ясны үүсэлтийг сэдээдэг давтагдашгүй, ганц эм юм. Бусад эмүүд ясны эргэн шимэгдэлтийг бууруулдгийг дээр дурьдсан билээ. Эмнэлзүйн туршилтаар БаДэБД эмчилгээ цэвэршилтийн дараах эмэгтэй болон эрэгтэйн ясны сийрэгжилтийн эмчилгээ болон сэргийлэлтэнд аль алинд нь үр нөлөөтэй гэж үзэж байна. Энэ эмийг өдөр бүр тарих шаардлагатай бас үнэтэй тул хүнд зэргийн түнхний эсвэл нугалмын ясны сийрэгжилттэй өвчтөнд хоёрдогч сонголтоор хэрэглэдэг (Т үнэлгээ score <-2.5 ба ясны сийрэгжилт хамааралт хугаралтай).
Энэ нь өдөр бүрийн тарилга хэлбэрээр байдаг, хүнд зэргийн ясны сийрэгжилтэнд 2 жилийн эмчилгээ хийх нь зөвшөөрөгдсөн. Бусад ямар ч эмчилгээнээс нугалмын ясны нягт бий болоход болон нугалмын хугарлын эрсдлийг бууруулахдаа илүү үр нөлөөтэй байдаг.
Цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдэд БаДэБД зөвлөхгүй.
Эмчилгээний хяналт – Оношилгоо дэд сэдвийг харна уу.
Эх сурвалж:
- Lyles KW, Colón-Emeric CS, Magaziner JS, et al. Zoledronic acid and clinical fractures and mortality after hip fracture. N Engl J Med 2007; 357:1799.
- Delmas PD, Bjarnason NH, Mitlak BH, et al. Effects of raloxifene on bone mineral density, serum cholesterol concentrations, and uterine endometrium in postmenopausal women. N Engl J Med 1997; 337:1641.
- Rossouw JE, Anderson GL, Prentice RL, et al. Risks and benefits of estrogen plus progestin in healthy postmenopausal women: principal results From the Women’s Health Initiative randomized controlled trial. JAMA 2002; 288:321.
- Fulton JP. New guidelines for the prevention and treatment of osteoporosis. National Osteoporosis Foundation. Med Health R I 1999; 82:110.
- Gregg EW, Cauley JA, Seeley DG, et al. Physical activity and osteoporotic fracture risk in older women. Study of Osteoporotic Fractures Research Group. Ann Intern Med 1998; 129:81.
- Harold N Rosen, MD et al. Osteoporosis prevention and treatment. Uptodate May 2015
- NIH Consensus conference. Optimal calcium intake. NIH Consensus Development Panel on Optimal Calcium Intake. JAMA 1994; 272:1942.