Түрүү булчирхайн мэс засал эмчилгээ
Түрүү булчирхайн хоргүй томрол нь эрчүүдийн дунд нас дагаж гардаг өөрчлөлт юм. Энэ өвчин нь амьдралын чанарт нөлөөлж эмийн эмчилгээнээс эхлээд мэс засал эмчилгээ хүртэл шаардах шээсний хам шинж үүсгэнэ.
Шээсний сүвээр дамжуулан түрүү булчирхайг авах нь түрүү булчирхай томорсон эрчүүдэд хийгдэх үндсэн эмчилгээ байсаар ирлээ. Одоо ч гэсэн үнэ цэнээ алдаагүй байгаа бөгөөд стандарт эмчилгээ хэвээрээ байгаа юм. Гэвч, өвчний тархалт өндөр байдгаас эмчилгээний шинэ аргууд боловсруулагдсаар байгаа юм.
Микробын эсрэг урьдчилан сэргийлэлт — Шээсний сүвээр дамжуулан түрүү булчирхайг авах/ transurethral resection of the prostate/ болон бусад шээс – бэлгийн замын ажилбаруудад заавал микробын эсрэг урьдчилан сэргийлэх эмчилгээ авна.
Түрүү булчирхай томролын үед мэс заслын эмчилгээ хийх нь эмнэлзүй, эмчилгээний үед гарч болох эрсдэл, үр дүнгээс ихээхэн хамаарна.
Шээсний сүвээр дамжуулан түрүү булчирхайг авах /Transurethral resection of the prostate (TURP) / — ажилбарыг нугасны мэдээгүйжүүлэг эсвэл ерөнхий унтуулгын дор гүйцэтгэнэ. Ажилбар гүйцэтгэхэд 60 – 90 минут шаардагдах ба эмнэлэгт 24 цаг ажиглаад эмнэлэгээс гаргаж болно.
Ресектоскопи бүхий дуранг давсагруу оруулна.
Дурангаар түрүү булчирхайн аденомаг тайрч давсагт унагана. Энэ ажилбарыг аденомаг түүж дуустал үргэлжлүүлнэ. Мэс ажилбарын төгсгөлд эдийн хэсэг бүрийг давсагнаас зайлуулж дараа нь цус алдалтыг цахилгаанаар түлж зогсооно.
Түрүү булчирхайн эдийг авсны дараа тэр хэсэгт зөвхөн капсулаар хүрээлэгдсэн том хонхор үлдэх ба энэ нь 6 – 12 долоо хоногийн дараа эпитель эсээр төлжинө. Хонхор бүрэн эпительжиж дуусах хүртэл өвчтөнд цус алдах эрсдэл байсаар байна. Тиймээс, өвчтөн 6 долоо хоногийн турш бэлгийн харьцаанд орохгүй байх хэрэгтэй.
Үр дүн ба аюулгүй байдал — TURP эмчилгээ нь олон жилийн турш түрүү булчирхай томорсон эрчүүдийн гол эмчилгээ байсаар ирсэн. Энэ ажилбарыг хийсний дараа олон хүмүүст шинж тэмдэг буурч, шээсний урсгалын дээд хурд нэмэгддэг.
Гэвч, уг ажилбарыг гүйцэтгэх заалт нарийн биш, хүндрэл түгээмэл байдаг. Энэ байдал нь хүлээх болон ажилбарыг хийх хоорондын үр дүнг харьцуулсан нэгэн томоохон судалгаа хийх шалтгаан болсон юм. Түрүү булчирхай томролын эмнэлзүйн дунд зэргийн илрэлтэй 556 хүнээс 280 – г мэс заслаар эмчлэх төлөвлөгөө гаргасанаас 249 хүнд 2 долоо хоногийн дотор мэс ажилбар гүйцэтгэж үлдсэн 307 хүнд хүлээх тактик баримталж 2,8 жил хяналт хийсэн судалгааны дүн:
- Шинж тэмдгийн оноо мэс ажилбар хийсэн бүлэгт 14.6 – 4.9, харин хүлээсэн бүлэгт 14.6 – 9.1 болтол буурсан байв. Энэ нь өвчтөн түрүү булчирхайн томролын эмнэлзүйд аажим дасан зохицдогыг харуулж байна.
- Давсагны үлдэгдэл эзлэхүүн мэс ажилбар хийсэн бүлэгт 60 мл, ажигласан бүлэгт 41 мл – ээр буурсан ба шээсний урсгалын дээд хурд ажилбар хийлгэсэн бүлэгт 6 мл/сек, ажигласан хүмүүст 0,4 мл/сек болж нэмэгдсэн байжээ.
- Эмчилгээ үр дүнгүй болох (нас барах, шээс хаагдах, давсагны үлдэгдэл эзлэхүүн 350 мл – ээс их болох, давсагны чулуу үүсэх) нь ажилбар хийсэн бүлэгт 8%, хүлээх тактик баримталсан бүлэгт 17% байв. Хүлээх тактик баримталсан бүлгийн 24% нь ажиглалтын хугацаанд мэс засал эмчилгээ хийлгэсэн бол 5 жилийн дараа 36% нь ажилбар хийлгэжээ. Нас баралт ажилбар хийлгэсэн хүмүүст 13, хүлээх тактик баримталсан бүлэгт 10 байв.
- TURP хийсний улмаас нас барсан тохиолдолгүй ч 9% -д ажилбараас хойшхи 30 хоногт ямар нэг хүндрэл үүсчээ. Үүнд: катетер тавих 4%, түрүү булчирхайн капсул цоорох 2%, цус сэлбэх шаардлага бүхий цус алдалт 1%, шээсний замын халдвар 1%, тромбофлебит 0,4% тус тус тохиолджээ.
- Мэс ажилбарын хожмын хүндрэлүүд: Давсагны хүзүүнд контрактур үүсэх 4%, шээсний сүв нарийсах 4%, бөглөрөл үүсч TURP даван хийх 3% тус тус үүсчээ. Бүлэг бүрийн 4 хүнд (2%) тогтвортой бэлгийн сулрал үүссэн. Бусад тохиолдолд бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт илрээгүй байна. Гэвч, TURP хийлгэсэн ихэнх эрчүүдэд үрийн шингэн ретроград хэлбэрээр гадагшилах байдал тохиолдсон байна.
Эдгээр дүгнэлтээс харахад TURP эмчилгээ нь хүлээх тактиз баримтлахаас илүү өндөр үр дүнтэй нь тодорхой харагдаж байгаа боловч хүлээх тактикийг хэзээ ч үгүйсгэж болохгүй.
Лазер простатэктоми /Laser prostatectomy/ — Хэт авиан шинжилгээ ба дурангийн хяналтанд лазер простатэктоми хийх аргууд хөгжсөн. TURP ба лазер просатэктомиг харьцуулсан судалгааг 1898 өвчтөнд хийж харахад:
- Шээсний хам шинжийн засрал лазер простатэктоми хийхэд 59 – 68%, TURP хийхэд 63 – 77% байжээ.
- Шээсний урсгалын дээд хурд нэмэгдэх нь лазер ажилбарын үед 56 – 119% байсан бол I TURP хийсэн тохиолдолд 96 – 127% байв.
- Цус сэлбэх шаардлага лазераар эмчлүүлсэн өвчтнүүдэд 1% – аас бага, TURP бол 7%, нарийсал үүсэх нь лазер эмчилгээ хийсэн тохиолдолд 4%, TURP бол 8%, мөн эмнэлэгт хэвтэх хугацаа лазер эмчилгээ хийлгэсэн үед 1 – 2 өдрөөр бага байжээ.
- Ажилбар давтан гүйцэтгэх шаардлаг лазер эмчилгээний үед 5%, TURP бол 1% байжээ.
Түрүү булчирхайг фотоселекцээр ууршуулах /Рhotoselective vaporization of prostatic tissue (PVP)/ — Өндөр хүчтэй (potassium titanyl phosphate) ашигладаг өөр нэгэн лазер эмчилгээний технологи юм. Энэ техник нь түрүү булчирхайн эдийг ууршуулж TURP – тай адилхан хөндий үүсгэдэг.
PVP гүйцэтгэхэд TURP – ээс удаан хугацаа шаардагдах боловч цус алдалт онцгой бага байдаг. Гэвч, цус алдах эрсдэлтэй гэж тооцон өвчтнөө хянах хэрэгтэй. Үр дүнгийн хувьд ч TURP – тай адилхан ба эмнэлэгийн ор хоног богино, катетер тавих хугацаа ч бага гэх мэт сайн талтай.
PVP – г хэсгийн бол нугасны мэдээ алдуулалтын дор амбулаториор гүйцэтгэх боломжтой.
PVP – г дараах хүмүүст хийхэд илүү зохимжтой:
- Цус бүлэгнэлтийн эмгэгтэй
- Ерөнхий мэдээгүйжүүлгийг тэвчих боломжгүй хүмүүст
PVP – н гол сул тал нь хугацаа их шаарддаг явдал. Мөн түрүү булчирхайн эдийг авах хэмжээ нь TURP – ээс бага байдаг тул түрүү булчирхай дундаас дээш томорсон бол TURP эмчилгээг сонгох хэрэгтэй.
Шээсний сүвээр дамжуулан түрүү булчирхайг зүсэх /Transurethral incision of the prostate (TIP)/ — Түрүү булчирхайн эдийг авахгүйгээр түрүү булчирхайд дагуу зүслэг хийш шээсний сүв, давсагны хүзүүг чөлөөлөх мэс ажилбар юм. Дурангийн хяналтан дор түрүү булирхайд шээсний сүв, давсагны хүзүүг дагасан хоёр гүнзгийн зүслэг хийнэ. Цус алдалтыг цахилгаанаар түлж тогтооно.
TIP – г богино хугацааны ерөнхий унтуулга эсвэл нугасны мэдээгүйжүүлгийн дор гүйцэтгэх ба 24 цагийн турш эмнэлэгт хэвтүүлэн хянана.
Түрүү булчирхай төдийлөн томроогүй, ихэвчлэн хоёрдогчоор тохиолдсон давсагны сулрах үйл ажиллагаа алдарсан өвчтнүүдэд уг ажилбарыг гүйцэтгэхэд тохиромжтой.
Электро – ууршуулалт /Electrovaporizatio (TVP)/ — цахилгаан энергиэр эдийг ууршуулах арга. Шээсний урсгалыг саатуулж буй шээсний сүв орчмын түрүү булчирхайн эдийг зайлуулахад энэ арга хэрэгтэй. Эдийг гэмтээдэггүй, цус алдалт үүсгэдэггүйгээрээ TURP – ээс давуу.
Нээлттэй простатэктомия /Open prostatectomy/ — Америкийн Нэгдсэн улсад түрүү булчирхайн томролын менежментэд нээлттэй простатэктоми 5% хүрэхгүй хувь эзэлж байна. гэвч, бусад орнуудад түгээмэл байдаг. Түрүү булчирхайн хэмжээ 50 гр – аас дээг, мэс ажилбар даах биеийн ерөнхий эрүүл мэнд сайтай хүмүүст нээлттэй простатэктоми хийнэ. Зарим судалгаагаар үр дүн, хүндрэлийн хувьд TURP эмчилгээнээс давуу талтай гэж үздэг ч нарийн нотлогдоогүй.
Жижиг ажилбарууд
Түрүү булчирхайг шээсний сүвээр дамжуулан зүүгээр түлэх /Transurethral needle ablation of the prostate (TUNA)/ — Хэсэг газрын мэдээгүйжүүлгийн дор гүйцэтгэдэг жижиг ажилбар. Шээсний урсгал сайжрах, хам шинжийн оноо буурдаг нь нотлогдсон. TURP эмчилгээтэй харьцуулахад эхний 4 жил TURP эмчилгээ илүү үр дүнтэй мэт харагдаж байвч 5 дахь жилээс үр дүн адилхан болдог нь судалгаанаас харагджээ. Мөн гаж нөлөө бага юм. TUNA ба TURP өөр хооронд харьцуулахад: ретроград үрийн шингэний ялгаралт (0 ба 41%), үрийн шингэн ялгаралтын хямрал (3 ба 21%), шээс хяналтгүй гарах (3 ба 21%), шээсний сүвийн нарийсал (2 ба 7%) тус тус байжээ. Харин дахин эмчилгээ шаардах нь TUNA хийлгэсэн үед 14%, TURP хийлгэсэн үед 2% байв.
Бага долгионт термотерапи /Microwave thermotherapy/ — Түрүү булчирхайн эдийг 45ºC (113ºF) – аас бага халуунааар халааж шээсний хам шинжийг бууруулдаг өөр нэг мэс ажилбар.
Шээсний сүвээр /transurethrally (TUMT)/ эсвэл шулуун гэдсээр дамжуулан /transrectally (TRMT)/ хийх түрүү булчирхайд хүрдэг, хэсгийн мэдээгүйжүүлэг болон өвдөлт намдаах эм уусны дараа амбулаториор гүйцэтгэдэг хялбар арга. Зөв хийхгүй бол орчны эдийг түлж эмнэлзүйд төвөгтэй бадал үүсгэнэ.
TURP ба TUMT хооронд харьцуулсан судалгаагаар шээсний хам шинж засрах нь TUMT – ийн хувьд илүү буюу 65% ба 77%, мөн шээсний урсгалын хурд нэмэгдэх нь 70% ба 119% тус тус илүү үр дүнтэй байжээ. Харин дахин эмчилгээ шаардах нь хамаагүй өндөр гарсан байна.
Шээсний сүвд тэлэг ч байрлуулах /Urethral stents/ — Шээсний сүвд тэлэгч байрлуулах нь үр дүнтэй аюулгүй арга юм. Шээс хаагдсан 13 хүнд өөрөө тэлдэг металл тэлэгчийг шээсний сүвэнд байрлуулмагц 11 өвчтний шээсний урсгалын хурд 8 мл/секундээр нэмэгдэж байв. Гэвч, хяналт хийсэн 37 сарын дотор 6 өвчтөнд давсагны чулуу үүссэн байна. энэ аргыг урологийн ихэнх эмч нар хэрэглэдэг бөгөөд стентийн орчмоор мөхлөгөнцөрт эд ургаж хоёрдогчоор шээсний бөглөрөл үүсгэх эрсдэлтэй ба хэрэв ийм өөрчлөлт гарсан бол стентийг авахад төвөгтэй байдал үүсч холбогдох хүндэрлүүд гардаг.
Ботулины хор /Botulinum toxin/ — нь түрүү булчирхай томролттой холбоотой шээсний хам шинжийг бууруулдаг боловч Америкийн Хоол, Хүнсний Нийгэмлэгээс эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Ботулины хор нь ургал мэдрэл ба нейромускуляр холбооны ацетилхолины чөлөөлөгдөлтийг хориглосоноор үйлдэл нь илэрдэг юм. Хархны түрүү булчирхайд тарихад түрүү булчирхай хатингаршиж, сөнөрөлтөт өөрчлөлтөнд орж байжээ.
Эх сурвалж: Uptodate.com Surgical and other invasive therapies of benign prostatic hyperplasia | This topic last updated: Nov 26, 2012.